Нураагч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
22 минут 1 секунд
Нураагч

Нураагч

нийтлэсэн Admin

enhee01224_700x700

Нураах нь бүтээхээс мянга дахин амар байдаг

Ф.Ницше

Аливааг нураахаар төрсөн хүн гэж байх юм. Эхлүүлэнгүүтээ нураах, заримдаа эхлүүлэхээсээ ч өмнө нураах авъяастай нэгэн “сод” хүмүүн монголд байна. Түүнийг магтан дуулсу. Ингэхдээ би шинэ зүйл нэгээхнийг ч хэлэхгүй бөгөөд зөвхөн баримт, эх сурвалжид тулгуурлан өмнө гарсан зүйлсийг нэхэн сануулах л болно.

Нураагчийн товч цадиг

   М.Энхсайхан энэ жил нас сүүдэр жарыг зооглож байна. Нэгэн жарны амьдралдаа тэр олон зүйлийг “бахархалтайгаар” нураажээ.

Анх тэр 1973 онд Нэгдүгээр дунд сургуулиас улсын математикийн олимпиадад оролцсон багийн ариун зорилтыг нурааж, ганцаараа үлдээд улмаар унгарт болсон Олон улсын математикийн олимпиадад ганцаар оролцон хүрэл медаль хүртэв. Уг нь багш нь багаараа олон улсад өрсөлдөх зорилт дэвшүүлсэн ч шавь М.Энхсайхан ганцаар тодрох замыг сонгон, багшийн итгэлийг нураажээ.

Нураах замнал үргэлжилсээр 1990 онд ирэхэд М.Энхсайхан өөрийн удирдаж асан Зах зээл судлалын хүрээлэнгийн амыг барив. Хажуугаар нь намаа нураахыг оролдсон байдаг. МАХН-ын шилдэг 25 эрдэмтний бүлэг гэж юм байгуулан намаа задлах нураахыг эрмэлзсэн ч газар авалгүй, бүлэг өөрөө нурж ихэнх нь Сэргэн мандлын нам байгуулан тарсан билээ. Харин тэр МҮДН-ыг бараадсан юм.

1998 он хүртэл цөөн тооны жижиг зүйлс нураасан ч хамгийн том нураалт нь Ардчилсан Холбоо эвслийн 4 Засгийн газрыг унагасан явдал болсон ажгуу. Энэ үеийн нураалтууд дотроос онцлууштай нь Эгийн голын УЦС-ын төсөл билээ. 250 сая долларын төслийг хэрэгжүүлэх гэж монголчууд байдгаараа хичээж байсан. М.Энхсайхан Ерөнхий сайдаа Ц.Элбэгдоржид алдсныхаа өширхөлд зориулан унагаж орхисныг бүгд санаж байгаа.  Тэр төсөл хэрэгжсэн бол өдийд монгол улс эрчим хүчний гачаалгүй сууж байх байлаа. Мань нураагч Малайзын Ерөнхий сайдыг хулхидаж байгаад, чехийн бүү мэд жижигхээн компанийг тендерт шалгаруулснаар төсөл бүрэн нурсан билээ. Энэ талаар дэлгэрэнүй мэдэхийг хүсвэл нэрт нийтлэлч Баабарын “98 оныг″ уншина биз.

Ужгирсан хэрүүл, тэмцлийн дүнд 2003 онд Ардчилсан намын дарга болж сонгуульд ИЗНН, Эх орон намтай эвсэл болон орсон ч 2005 оны сүүлээр эвслээ нураав. Эвслээ нурааж, намаа хаяж явсан түүний араас Э.Бат – Үүл “Бид ч нэг юм гай гамшгаас саллаа. Одоо МАХН яана даа” хэмээн хөөрхийлж байж. (эх сурвалж: assa.mn/content/18520.shtml?a=politics) Энэ нураалтын үр  дүнд нь Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж Засгийн газартайгаа ахин нурсан.

Үүний өмнөхөн 2005 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайхан зөрүүдлэсээр байгаад нэр дэвшээд унаж байв. Түүнийг нураасан хүн нь цуут Н.Энхбаяр байлаа. Энэ талаар нураагч өөрөө “Шулуухан хэлэхэд надад “хужаа” гэдэг цолыг Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа өгсөн юм” (эх сурвалж: factnews.mn/52v) гэж ярьсан нь бий. Н.Энхбаяр сонгуулийн сурталчилгааны үеэр М.Энхсайханыг гамгүй нүдсэн бөгөөд тэр үеийн сонины шарласан хуудаснаас бохир сурталчилгааных нь мэдээллүүд олдоно. Н.Энхбаяр өөрийнх нь мэдэлд орсон “Зууны мэдээ” сонины 2005 оны тавдугаар сарын 30 -ны дугаар дээр ингэж бичүүлсэн байх юм. “М.Энхсайхан саяхан сонгуулийнхаа ажлаар Халх голд очоод өвөөгийнхөө төрсөн газрыг хаана байдгийг нь нутгийн хөгшдөөс асуужээ. Гэтэл хэлсэн газар нь хилийн цаана байдаг болж таарав. Сандрахдаа М.Энхсайхан “За, та нар аавын маань төрсөн газрыг “зөв”олохыг бодоорой” гэж хэлээд буцсан байна. Бараг л хилийн дээснээс наашлуулахыг бодоорой ухааны юм ярьсан гэж нутгийнхан ярилаа. Ээж нь хятад цустай, эмэг эх, өвөө нь цэвэр цусны хятад хүн байсан гэсэн яриа ч чих дэлсэв. 40 мянгатад амьдардаг байхдаа жижигхэн М.Энхсайхан маань эмээгээ салхилуулах гэж багагүй зовдог байсан гэдэг. Хятад уламжлалаар лянхуа хөлтэй(жижигрүүлэн хатаасан) болсон эмээ нь хөл дээрээ тогтож ядан ач хүү Энхсайханыг түшин алхахад байрныхан хачирхсан хүйтэн харцаар нь дагуулан харна. Хятад гэхээр толгойтой үс өрвийдөг байсан тэр үед хөөрхий жаал хүүг яаж чичилж байсан нь ойлгомжтой. “Энхсайханых гэртээ хятадын тагнуул нуудаг″ гэж нэг тэнэг жаал орилоход байрны багачууд түүн лүү элс шороо цацан дээрэлхэх үе ч байжээ” Энэ бол монголд л байж болох аймшигтай бохир сурталчилгаа. Гомдох ч багадмаар бүдүүлэг дайралт байлаа. Гэтэл хачирхалтай нь нураагч гомдсонгүй, харин ч сонгуулийн дүн гарсан орой Н.Энбаярт баяр хүргэн утасдаж, сайхан амрахыг хүссэн байдаг.

Үүнийхээ дараачаас нураагч Үндэсний удирдагчтай ойртон нөхөрлөж, ууланд хамт авиран, Н.Энхбаярыг шүтэн биширсэн шүлэг хүртэл тэрлэж байсан нь улс төрийн утга зохиолын санд байраа эзлэсэн байх аа. Ид шүтэж байх үедээ өгсөн ярилцлага нь байна “… өөрийнхөө хүчээр монголд лидер болж тодорч чадаж байгаа хүн өнөөдөр Н.Энхбаяраас өөр байхгүй. … Ц.Элбэгдорж Ардчилсан намдаа л лидер байх … би Н.Энхбаярыг хамаагүй илүү гэж үнэлнэ. Угаасаа дотоод ертөнцтэй, хүмүүжилтэй, итгэл үнэмшилтэй байсан учраас тэрийгээ авсан боловсролтойгоо уялдуулж өөрийгөө сайн хөгжүүлж чадсан байж магадгүй. Надад бол Ц.Элбэгдорж маань юу сонссон тэрийгээ хуулаад л ярьчихдаг, тэрнийхээ ар талд монголын эрх ашигт нийцэж байна уу, монголын уламжлалт соёлд таарч байна уу гэх мэт гүнзгий асуудлуудыг ор тас хаячихаад давхичихдаг асар том учир дутагдалтай хүн” (эх сурвалж: ganchimeg.niitlelch.mn/content/404.shtml) Энэ бол нураагчийн хийсэн асар чухал дүгнэлт! Тэр энэ дүгнэлтэндээ тулгуурлан цаашдын улс төрөө хийж ирсэн байдаг.

Нураагч энэ үедээ жижиг боловч чухал нураалтууд хийсний нэг нь гэргий Э.Шүрэнцэцэгтэй хамтран босгосон анхны амьдралаа нураасан явдал байв.

Хуучирсан мэдээллүүдийг эргэн харж байхад энэ үедээ нураагч шинэ түнш ивээгчтэй болсон бололтой юм. “Н.Энхбаяртай нягт хамтран ажиллах болсон М.Энхсайхан нь 2005 он буюу Оюу толгойн тухай ид яригдаж эхлэхээс эхлэн ил тодоор өрнийн дайсан болж хувирлаа. Тэрбээр тухайн үедээ Хятадын Ерөнхий сайдын орлогч асан By И авгайн бараг өргөмөл хүү болсон юм. Хятадад М.Энхсайханыг очиход дөрвөн бие хамгаалагч гаргаж хамт яваа багаас нь тусгаарладаг байсан нь Монголын түүхэнд хэнд ч таарч байгаагүй том хүндлэл юм. М.Энхсайхан уугуул намаасаа салж парламентын бус жижиг намтай болсон ч Хятадад албан ёсоор уригдсаар. Төрийн эргэлт хийнэ, Үндсэн хуулийн бус замаар эрх авна, хувьсгал хийнэ гэж улаан цайм зарлан заналхийлж байгааг нь хятадууд мэдэхгүй байна гэж үгүй л дээ. Хятадын улсын мэдлийн онцгой том 50 компани байдаг. Энд Тавантолгойд орох сонирхолтой «Шенхуа», «Эрдэнэс Таван толгой»-д зээл олгосон «Чайналко» багтана. (эх сурвалж: biznetwork.mn/topic/show/38217) Яагаад энэ мэдээллийг онцолж байгаа гэхээр одоо нурааж байгаа ажлынх нь утгыг тайлах түлхүүрүүд энд байгаа юм. Түр орхиод цадигаа үргэлжлүүлье.

Үндэсний удирдагчтай тогтоосон нураагчийн нягт харилцаа Н.Энхбаярыг дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн үед нуран унахаар юм болсон. Учир нь – Та Н.Энхбаярыг хариуцлага хүлээх ёстой гэж боддог уу. Эсвэл түүнийг хэлмэгдүүлж байна уу? гэсэн сурвалжлагчийн асуултад М.Энхсайхан “Хэлмэгдүүлэлт гэж би хэлж чадахгүй. Яагаад гэвэл шүүх ил тод ажилласан” гээд хариулчихжээ. (эх сурвалж: vip76.mn/content/14300) Цолмон ажаа мэдээж уурлаж, бухимдсан. Харин үерхэл хүйтэн хөндий ч гэсэн үргэлжлэв.

2012 оны сонгуулиар Ардчилсан нам хоёрын хооронд ялалт байгуулсан нь нураагчийг төрд ахин залах суурь болсон билээ. Сонгогдоогүй, албан тушаалгүй үлдсэн М.Энхсайханыг МТЗ-ын газрын даргаар томилсон ч хамаг төслийг нураах, хятадуудад саймшрах шинж үзүүлсний улмаас яаран ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрээр сайдын зөвлөлийн хурал дээр илтэд хятадын эрх ашгийг баримталсан үгс хэлсэн нь олон нийтэд ил болгон тараагдсан нь буй. Хусагдсан нураагч Засгийн газрыг ч нурааж мэдэх авир үзүүлж эхлэсэнд Н.Алтанхуяг тайвшруулах зорилгоор Тавантолгойн ЦС-ын төслийг хариуцууллаа.  Ингэж явахдаа нураагч нээх гоё үг олсон нь одоо мань мэт давтдаг “мега төсөл” ажгуу. Мега төсөл гэж тоть шиг давтсных нь дараачаас зарим нэг хүмүүс түүнийг мега гар гэж бодоход хүрсэн ч байж мэдэх юм. Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийг унагаж, ЕС болмогцоо нураагчийг мега төсөл хариуцсан Монгол улсын сайд гэх цоо шинэ албанд томилов. Үүгээр нураагчийн товч цадиг одоо цагт тулж ирсэн тул сүүлийн үеийн нураалтын ажил руу нь шилжицгээе.

Нураагчийн ёрлол

Мега төсөл хариуцсан сайд болоод хийсэн гол ажил нь ТТ-н менежментийг авч явах компанийг шалгаруулах тендер байлаа. Шалгаруулалтын дараахнаас нураагч энэ төсөл нурна хэмээх ёрлолыг байнга, давтамжтайгаар тараах болсон. “Мега төсөл баялгийг сүйтгэгч, мега төслийн гуравны хоёр нь бүтэлгүй болон дампуурдаг, мега төсөл үндэсний аюулгүй байдлыг хэврэгшүүлдэг″ гэх мэт үгсийг өөрөө болохоор сэрэмжлүүлэг гэж тайлбарладаг ч амны билгээр ярих дуртай монгол хүнд бол ёрлол болон сонсогддог.  Болсон бүх явдал, мэдээллийг товчлоод, Тавантолгой төслийг анхнаас нь нураах замаар оруулсан асуудал дээр нь тогтож бичье.

Саяхан УИХ-д М.Энхсайханы танилцуулсан презентаци дээр ТТ-н оператор компанийн бүтэц гэсэн схем байна. Түүн дээр анхаарал татахаар хэд хэдэн зүйл буй. Нэгд, консорциум ньХөрөнгө оруулалт, Төслийн удирдлага, Дэд бүтэц, Олборлолт, Үйлдвэрлэл, Тээвэрлэлт, Борлуулалт бүгдийг хариуцна гэж заажээ. Үүгээр бол консорциум нь оператор компаниас давсан эрх мэдэл, оролцоотой болох шинжтэй. Одоо ТТ-н баруун зүүн Цанхид гадаад, дотоодын оператор компаниуд ажиллаж байгаа бөгөөд тэд зөвхөн олборлох үйл ажиллагаанд л оролцдог.

Нөгөө талаар олборлохоос өгсүүлээд тээвэрлэх, худалдах, худалдан авах ажил нь бүгд Шенхуагийн хийх зүйл болчихоор бидэнд ашиг гэж юм олдох уу? Өөрөө өөр лүүгээ зөөж аваачна, тэгээд өөртөө зарна. Үнийг тэд өөрөө тогтооно. Ямар ч ашиг гарсангүй гээд бүх зардал, баримтаа үзүүлээд суухад бид юм олж долоох уу?

 Одоо илүү нарийн зүйл рүү оръё. Консорциумыг 3 оролцогчтой гэж зарласан ч хөрөнгө оруулалтын хэмжээ гэдэг заалт дээр ММС 51 хувь, Шенхуа 49 хувь гэж М.Энхсайхан өөрийн гараар цагаан дээр хараар бичжээ. Тэгэхээр 2 л оролцогчтой юм байна.

rwrw

Сумитомо тээр дор байна. Нүүрсний борлуулалт хийх охин компанийн 30 хувийг эзэмшнэ гэжээ. Сумитомогийн монголын салбарт ажилладаг нэрээ хэлэхийг хүсээгүй ажилтан бидэнд мэдээлэхдээ “манай компани үнэн хэрэгтээ энэ төсөлд ямар ч хамаагүй болсон. Нэрээ л ашиглуулж байгаа. Гол нь ММС гэж Кайманы аралд бүртгэлтэй компанийн санхүүгийн мэдээлэл ил тод биш байгаа учраас япончууд итгэж чадахгүйд хүрсэн” гэлээ. Эндээс гуравдагч хөршийн оролцоо байхгүй, эсвэл маш өчүүхэн, ямар ч ач холбогдолгүй болсон нь ойлгогдно.

Мөн үндэсний компанийн оролцоо ч байхгүй болж таарч байна. ММС компани нь бирж дээр гаргасан үнэт цаасныхаа хувьд Хонгконгт бүртгэлтэй, харин аж ахуйн нэгжийнхээ хувь Кайманы арлууд гэх оффшор бүст бүртгэлтэй юм байна. Оффшор бүст бүртгэлтэй компаний хувь эзэмшигчид, хөрөнгийн хэмжээ зэргийг мэдэх нь М.Энхсайхан байтугай хүнд боломжгүй зорилт. Гэтэл мань хүн монголын тал 61 хувь эзэмшдэг гэж мэдэгдсэн нь худал үг. Монголын нэг сайд амархаан мэдээд зарлаад байдаг бол оффшор бүс утгаа алдаж, бүх үйлчлүүлэгчээ үргээж орхино шүү дээ. С.Баярцогтын оффшор дансыг банк нь зарлаагүй, эрэн сурвалжлах сэтгүүлчид л олж тогтоосон. М.Энхсайханд эрэн сурвалжлага явуулах баг, нөлөө, мөнгө, цаг хугацаа аль нь ч байхгүй. Хонконгийн бирж дээрх бүртгэлээр бол Хонконгийн ММС хувьцаат компаний хувьцааны 57,7 хувийг монголын нэр бүхий 4 компани эзэмшиж байгаа ч энэ бол монголын үндэсний компани гэсэн үг биш ажээ. Яагаад гэвэл монголын хуулиар монголын татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжийг л Үндэсний компани гэж үздэг.  MCS, ХХБ, Шунхлай, Петровис нар нь Хонконгийн ММС хувьцаат компаниас хувь эзэмшдэг, тэнд хөрөнгөө байршуулчихсан л компаниуд төдий юм. Тэгэхээр ММС монголын хууль, татварын албанд захирагдахгүй, Хонконгийн хуулиар л асуудлаа шийдүүлээд явчих боломжтой. Гол эрсдэл нь гэрээ байгуулагдсаны дараа хувьцааны үнэ зайлшгүй өсөх үед монголын компаниуд хувьцаагаа зараад алга болох боломж нээлттэй байгаад юм. Үүнийг хэнбугай ч хориглож дийлэхгүй. Тэднийг хувьцаагаа зарах тохиолдолд бэлэн худалдан авагч байгаа нь мэдээж хэрэг Шенхуа! Хэрвээ энэ хэрэгжвэл консорциум 100 хувь Шенхуагийн мэдлийнх болно.

ММС-ийн Хонконг дахь бүртгэлээр 57,7 хувь нь монголын оролцогчид гэхээр ТТ төслийн 51 хувийн 57,7 хувь нь тэднийх болж таарна. Тэгэхээр нийт төсөлд монголчуудын эзлэх хувь багасч 30 орчим хувь болохоор байна. Ямар ч утгаараа М.Энхсайханы боловсруулсан гэрээний хувилбар болон төсөлд монголчуудын давамгайлал алга, бас батлагаагүй, найдваргүй байна. Найдваргүй гэдгийг Хонконгийн биржийн мэдээ хэлж байна. Тэдний бүртгэлээр MMC сүүлийн 3 жилд л гэхэд 3 сая, 58 сая, 61 сая долларын алдагдалтай ажиллаж иржээ. 2014 оны 3 сар гэхэд ММС өрийн хувьд дараах байдалтай байх ажээ.

ew

2015 онд ММС 115 сая доллар өрөнд төлнө. 2016 он гэхэд 127 сая, 2017 онд 600 сая доллар төлөх үүрэгтэй байна. Үүн дээр хугацаа тодорхой бус, дотоодын өр нь 145 сая доллар, нийт өр нь 1 тэрбум 21  сая доллар байгаа гэжээ. ММС-ийн өөрийн хөрөнгө болон өрийн харьцаа нь 220 хувьд хүрсэн байгаа нь ТТ төслийг эрсдэлд оруулах хамгийн гол хүчин зүйл болохоор байна.

 

Unknown

Тэгэхээр эрхэм М.Энхсайхан ТТ төслийг нураах ажлаа өөрөө бэлдчихсэн сууж байна. Нэгд, гуравдагч хөршийн бодит оролцоо алга, хоёрт, үндэсний компани алга, монголчуудын давамгайлал ч алга. Оролцогч талуудын өрийн хэмжээ зохистой хэмжээнээс хэтэрсэн байна. Дээр нь шалгаруулалтын дараа амлаж байсан мөнгөнүүд сураггүй болов. 500 сая долларын урьдчилгаа өгнө гэсэн нь М.Энхсайханыхаар монголоос төмөр замд оруулсан 230 сая ам.доллар дээр нэмэх нь Чалкогийн өр 133 сая ам.долларыг өгөх болж хувирчээ. Энэ урьдчилгаа мөн үү? Худалдан авалт л баймаар юм. Гэрээ байгуулсны төлбөр, рояалти татварын урьдчилгаа гэх мэт амлалтууд улам бүдгэрээд үүнийг сануулсан хүмүүсийг М.Энхсайхан юм мэддэггүйгээр нь дуудан, аашилж загнаад нэг л сонин болоод явчихав. Консорциум роялтийн 5 хувийн татварын 40 хувийг л төлнө гэж тэр мэдэгдсэн. Монгол улс нөөц ашигласны төлбөрт 10 доллар авах байсан бол 4 доллар болгох тийм тохироог л М.Энхсайхан хийгээд явна гэж ойлгогдлоо. 1072 хувьцааны үр шимийг монголчууд хэзээ үзэх юм бэ? гэсэн асуултанд ч тэр олигтой хариу өгөхгүй байгаа. “УИХ-ын шийдвэрт өөрчлөлт орохоос нааш 1072 хувьцааг амилуулахад хэцүү” гэж хэлснийг нь “битгий горьд” гэж хэлсэн гэж ойлгох ч хүн байна. Засгийн газар уг нь М.Энхсайханыг монголын ард түмний эрх ашгийн өмнөөс хэлэлцээрийн ширээнд суулгасан байлтай. Гэтэл энэ этгээд ширээний нөгөө талд гараад суучихсан, нөгөө талын эрх ашгийг л хамгаалаад биднийгээ загнах, зандрах, доош нь хийх, мангараар нь дуудах, шахах маягтай ажиллаад байгааг ойлгоход маш хэцүү байна. Ганцхан тайлбар байгаа нь дээр дурдсан хятадад очихоороо хамгаалалтанд ороод, жигтэйхэн хүндлүүлээд байдаг тухай мэдээ л болж таарах юм даа. (эх сурвалж: biznetwork.mn/topic/show/38217)

Эндээс харахад монголын нийт иргэд ТТ төслөөс юу ч олж долоохгүй тийм гэрээг М.Энхсайхан хийж байгаа бололтой. 30 жилийн турш татвар байхгүй, урьдчилгаа байхгүй, төмөр замын орлого биднийх биш, үнэ тогтоох эрх бидэнд байхгүй. Эвгүйтвэл монгол хүн ажиллахгүй, монголчууд ямар ч эрх мэдэлгүй болох ч тийм нөхцөл үүсэхээр гэрээг тэр хийх гээд зүтгээд, гажуу солиу зүйлийг нь зааж хэлсэн хүмүүс рүү үсчээд, цочоо ихтэй явна.

М.Энхсайхан Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа нэг хачирхалтай үг унагажээ. “Улстөрчдийн ойлголтыг будилуулах, хэрүүл рүү уруу татах гэсэн үйлдлийг харин харж байгаа. Хэвлэл мэдээллийнхний тусламжтайгаар энэ явдал газар авахгүй байна л даа” Энэ юу гэсэн үг болохыг олон хүн сайн ухахгүй байгаа байх. Би орчуулж өгье. “Үндэстний тойм сэтгүүл мэтийн улс төрчдөд нөлөөлөөд байгаа ганц нэг хэвлэл бий. Гэхдээ би бусад хэвлэлийнхний амыг барьчихсан болохоор айх юм алга” тэр яг ингэж хэлсэн юм. Шинэ оны дараахан Blue Sky towert хэвлэлийнхэнд зоог барихдаа нураагч “Нуугаад яахав, та нарын идэж байгаа хоолыг Энержи ресурс өгч байгаа юм ш дээ” гэж тавлан инээсэн гэдэг. Түүнд тавлуулаад, өгсөн хоолонд нь амаа үдүүлчихсэн хэвлэлүүдтэйгээ нийлээд ч М.Энхсайхн та үнэнийг хорьж чадахгүй.

Үнэн ялна.Монголчууд таны бодож байгаа шиг дүүрчихсэн тэнэгүүд биш! Нурааж ханадаггүй хүнд хамгийн чухал гэрээгээ хариуцуулсан Ч.Сайханбилэг л тэнэг болж таарна.

Р.Батсайхан

Эх сурвалж: Үндэстний тойм

''ЭРДЭНЭТ'' ҮЙЛДВЭР АЖИЛЧДЫНХАА ГЭР БҮЛИЙГ ''VEROCELL'' ХИЙЛГЭХГҮЙ БОЛ АЖИЛЛУУЛАХГҮЙ ГЭЖ ДАРАМТАЛЖЭЭ
''ЭРДЭНЭТ'' ҮЙЛДВЭР АЖИЛЧДЫНХАА ГЭР БҮЛИЙГ ''VEROCELL'' ХИЙЛГЭХГҮЙ БОЛ АЖИЛЛУУЛАХГҮЙ ГЭЖ ДАРАМТАЛЖЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.