Д.Ганбат: Монгол хэлний тухай хууль цаг үеэ олсонгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 57 секунд
Д.Ганбат: Монгол хэлний тухай хууль цаг үеэ олсонгүй

Д.Ганбат: Монгол хэлний тухай хууль цаг үеэ олсонгүй

Монгол хэлний тухай хуулийн төслийг хүчтэй эсэргүүцэж байгаа гишүүдийн нэг нь Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат юм. Түүнтэй Монгол хэлний тухай хуулийн төсөл болон хууль зүйн салбарын томилгооны талаар ярилцлаа. 
 

-Монгол хэлний тухай хуулийн төслийг яаралгүйгээр батлах ёстой гэсэн байр сууриа та өмнө нь илэрхийлж байсан. Яагаад энэ хуулийг хүчтэй эсэргүүцэх болов? 
 

-Монгол хэлний тухай хуулийн төслийн тухайд оновчтой шийдвэр гаргаж чадсангүй. Эдийн засаг хүнд байгаа үед Монгол хэлний тухай хуулийн төслийг батлах гэж яарах шаардлага байгаагүй. Энэ асуудалд хөнгөн хуумгай хандлаа гэж бодож байна. Уг нь Монгол хэлний тухай хууль Монголын иргэн болгонтой холбоотой. Тиймээс долоо хэмжиж, нэг огтолж байж батлах ёстой байсан юм. Монгол хэлний тухай хуулийн төслийг яаралтай батлах ёстой гэсэн нийгмийн шахалт байгаагүй. Чухам ямар хууль баталсан бэ гэдгийг нь цаг хугацаа харуулах байх. Хөрсөн дээр буугаагүй олон хууль шүүмжлэл дагуулж байна. Жишээ нь, Урт нэртэй хууль гээд амьдралд хэрэгждэггүй хууль бий. Монгол хэлний тухай хуулийн төсөл үүнтэй адилхан болчихвий гэж санаа зовж байна. Гэхдээ тав, 10 жилийн дараа бодит байдал нь харагдана гэж бодож байна. Хэлэлцүүлгийн явцад Монгол хэлний тухай хуулийн төслийн нэлээд хэдэн заалтыг болохгүй гэдгийг нь хууль санаачлагчдад ойлгуулж хасуулсан байгаа. 
 

-Уйгаржин монгол бичгийг хэрэглээнд хэвшүүлэхэд тодорхой хэмжээний зардал гарах байх. Үүнийг ажлын хэсгийнхэн бодолцож үзсэн юм болов уу? 
 

-Монгол хэлний тухай хуулийн төсөлд уйгаржин монгол бичиг заахаар тусгасан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Манайх ахмадууд, иргэдийнхээ цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмж чадахгүй байж боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулж чадах уу. Ерөнхий боловсролын сургуулиудад уйгаржин бичиг зааж эхэлбэл тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Эдийн засаг ийм хүндрэлтэй байхад энэ нь нэгдүгээр зэрэглэлийн, нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал мөн үү гэдгийг бодолцмоор байгаа юм. Энэ хуульд шүүмжлэлтэй хандаж байгаа иргэд цөөнгүй бий. Ер нь цаг үеэ олоогүй хууль боллоо. Үндэсний өв соёл болсон уйгаржин бичгээ хөгжүүлэхийг би мэдээж дэмжиж байна. Гэхдээ одоогийн нөхцөлд уйгаржин бичгийг хэрэглэх боломж нь ямар байна вэ, залуучууд хүлээж авах уу гэдгийг бодолцох хэрэгтэй байсан. Уйгаржин бичиг сургахаар хүүхдүүдийн цаг хугацааг үрж, дэлхийн хөгжлөөс хойш нь чангаасан хэрэг болохвий. Өнөөдөр уйгаржин монгол бичгээр зөв бичих байтугай монгол хэлээрээ ч алдаагүй бичиж чадахгүй байна. Эх хэлний эрдэмтэд нь дүрмээ нэгтгэж чадахгүй одоо хүртэл хоорондоо цэц булаалдсаар байна. Угтаа бол эхлээд монгол хэлнийхээ асуудлыг эмхэлж, цэгцэлчихээд дараа нь уйгаржин уруугаа орох ёстой байсан гэж бодож байна. Монгол хэл болон уйгаржин бичгээр төрийн албан хаагчид, их дээд сургуульд элсэгчдээс шалгалт авна гээд байгаа. Ингэхдээ иргэдийнхээ ажиллаж хөдөлмөрлөх эрх ашгийг хөндөхгүй байгаасай гэж хүсч байна. Цаашдаа Монгол хэлний тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхэд гарах зардал чирэгдэл, өнөөгийн үсрэнгүй хөгжилтэй нийгэмтэй зохицож байгаа эсэхийг нь харгалзаад өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй. Бид хос бичигтэн орон биш гурван бичиг үсэгтэй орон болчихоод байна. Өнөөдөр Монгол Улсад ажиллаж амьдрахын тулд гурван үсэг мэдэх шаардлагатай болж байна. Үүнийг сурах цаг хугацаа, орчин нөхцөл байна уу гэдэг нь асуудал болж байна.
 

 -УИХ-ын чуулганаар УЕП, АТГ-ын дэд дарга нарын томилгоог хийхэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээгчдийн эрх маш их зөрчигдөж байсныг гишүүд хэллээ. Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд та үүнд ямар байр суурьтай байна вэ? 
 

-Хууль зүйн байнгын хороо дээрх томилгоонуудыг дэмжиж байгаа. Төрийн өндөр албан тушаалд очсон хүмүүс дор бүрнээ хариуцлагатай ажиллах ёстой гэдгийг захисан. Гишүүдийн хэлж ярьсан үг болгон нийгэмд яригдаж байгаа зүйл шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийнхнийг хавчиж байна гэдэг яриа нийгэмд гарч байсан. Холбогдох албан тушаалтнууд нь үүнийг ойлгож байгаа учраас өөрийн ажилдаа тусгаж ажиллах байх. Тухайн салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан хүнийг Ерөнхийлөгч санал болгоод УИХ-аар дэмжлээ. Улс төрийн гэхээсээ илүү мэргэжлийн хүмүүсийг томиллоо гэж дүгнэж байна. 
 

-“Улс төрийн зорилгоор мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг задалж, тухайн хүнийг олон нийтэд гэмт хэрэгтэн мэт харагдуулж байгаад дараа нь хорьж, цагдаж байна” гэсэн шүүмжлэлийг гишүүд их хэлж байна. Хууль зүйн байнгын хороонд ийм мэдээлэл ирдэг үү? 


-УИХ-ын гишүүд хүний эрхийн асуудал өндөр төвшинд тавигдаж байгааг хэлж байна. Хуулийн байгууллагынхан хуучинсаг арга барилаасаа салж, хүний эрхийг дээдэлж ажиллах ёстой. Хүний эрх зөрчигдсөн асуудал нэлээн хэд гарсан. Үүн дээр манай байнгын хороо анхаарч ажиллана. Ардчилсан нийгмийн онцлог бол алдаа дутагдал гарвал засаад явдагт оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, сүүдрээ нуухгүйгээр алдаагаа засаад урагшилна гэсэн үг. Ардчилал санал, шүүмжлэлээ хэлдэг хуулиа засч өөрчилж болдог. Цаашдаа иргэдийн эрх ашиг зөрчсөн асуудал газар авахгүй байлгах чиглэлд хуулийн хэрэгжилтийг хяналт тавих үүрэгтэй Хууль зүйн байнгын хороо хяналт тавьж ажиллана. Чуулганы үеэр олон гишүүн мөрдөн байцаалтад байгаа хэргийг олон нийтэд задалж, гэмт хэрэгтэн мэт харагдуулдаг байдлыг шүүмжилсэн. Хууль хүчний байгууллагад удирдах ажил хийж байгаа хүмүүс үүнийг анхааралдаа авсан байх. Ямар ч хүнийг шүүхийн шийдвэргүйгээр гэм, буруутай мэтээр ярьж болохгүй шүү дээ. Нөгөө талдаа хууль, хүчний байгууллагынхан ажлаа тодорхой хэмжээнд амжилттай хийж байгаа учраас ийм их санал, шүүмжлэлд өртөж байгаа. Хэрвээ хүний нүдэнд өртөхөөр юу ч хийхгүй байгаа бол хэн ч шүүмжлэхгүй шүү дээ. Заримдаа хийх ёстой ажлаа хийсэн мөртлөө бусдад гүтгүүлж байгаа хуулийнхан байгаа. Ер нь бүх хүний санаанд тааруулж ажиллана гэж байхгүй л дээ. Хамгийн гол нь хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалж ажиллах нь зүйтэй.

Эх сурвалж: Unen.mn

 

Д.Арвин гишүүн: МАН-ын хоёр авгай миний бариулсан эмнэлгийн нээлтэд юу хийж яваа юм.
Д.Арвин гишүүн: МАН-ын хоёр авгай миний бариулсан эмнэлгийн нээлтэд юу хийж яваа юм.
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.