Ихэнх нутгаар өвөлжилт хэвийн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 36 секунд
Ихэнх нутгаар өвөлжилт хэвийн байна

Ихэнх нутгаар өвөлжилт хэвийн байна

Өвлийн эхэн сар дундаа орлоо. Энэ өдрүүдэд хөдөө орон нутагт өвөлжилтийн нөхцөл байдал, нийт нутгийн хэдэн хувь нь цастай, орон нутгийн зам харгуй болон ирэх өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар сонирхлоо. Мөн нийслэлд цас орсон үед зам цэвэрлэх бодис, тоног төхөөрөмжийн нөөц хэр байгаа зэрэг цаг үеийн мэдээ, мэдээлэл бэлтгэснээ хүргэе.

Н.МӨНГӨНЧИМЭГ: ЦАСНЫ ЗУЗААН 5-17 СМ БАЙНА

Энэ сарын эхний арав хоногийн байдлаар манай орны уур амьсгалын хувьд олон жилийн дундажтай харьцуулахад хүйтний эрч Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 22-29, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 9-15, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хэвийн бөгөөд цаашид уулархаг нутгаар бага зэрэг хүйтрэх төлөвтэй байгаа аж. Мөн энэ сарын эхний арав хоногийн байдлаар цасны зузаан 5-17 см-т хүрсэн байна. Энэ талаар Ус цаг уур, орчны хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын инженер Н.Мөнгөнчимэгээс зарим асуултад хариулт авлаа.

-Ойрын өдрүүдэд цаг агаарын төлөв байдал ямар байв. Нийт нутгийн хэдэн хувьд цасан бүрхүүл тогтоод байна вэ?

-Ихэнх нутгаар цас орж, хүйтрэх төлөвтэй байна. Харин 15-нд нутгийн зүүн хагаст, 16-18-ны өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр бага зэргийг цас орно гэсэн урьдчилсан мэдээлэл гарсан. Энэ сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасан бүрхүүл тогтсон газрын хэмжээ нэмэгдээгүй ч цасны зузаан өнгөрсөн сарын сүүлийн арав хоногтой харьцуулахад нэмэгдсэн. Тодруулбал, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгорт 5-17 см зузаан цастай байна. Нэг үгээр хэлбэл, цасны зузаан 5-10 см-ээр нэмсэн.

-Өнгөрсөн сарын сүүлийн арав хоногтой харьцуулахад цасны зузаан нэмэгдсэн ч нийт нутгийн70 орчим хувь нь цасгүй байгаа гэсэн үг үү?

-Ер нь цасгүй байгаа гэхэд болно. Гэхдээ зарим нутгаар0-5 мл буюу малын хөлийн мөр гарах төдий цастай байна. Цаашид цас орох төлөвтэй байгаа. Тухайлбал, энэ сарын хоёрдугаар долоо хоногийн эхээр болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас орно гэсэн урьдчилсан мэдээ гарсан. -Орон нутагт “Цас орсноос болж зарим зам, даваа хаасан” гэх мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Өнөөдрийн байдлаар/өнгөрсөн баасан гариг/ орон нутгийн зам, даваа хаасан зүйл байхгүй. Ер нь зарим нутагт бага зэргийн цас орж өдөртөө хайлж, өглөө, оройдоо мөсөн бүрхүүл тогтох үзэгдэл ажиглагддаг. Иймээс орон нутгийн зам, харгуйд халтиргаа гулгаа ихсэх тохиолдол элбэг байна. Тиймээс жолооч нар сонор сэрэмжтэй байх нь илүүдэхгүй болов уу.

 -Хөдөө, орон нутагт өвөлжилтийн байдал ямар байгаа вэ? 

-Цаг агаарын байдлыг өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад цас багатай байна гэсэн дүр зураг бий. Энэ нь малчдад одоохондоо сөргөөр нөлөөлж, зуд, турхан болсон зүйл ажиглагдаагүй. Өнөөдрийн байдлаар ихэнх нутгаар өвөлжилт сайн байгааг орон нутгийн цаг уурын газраас мэдээлж байна. Харин цаашид цас орж, хүйтний эрч чангарахыг үгүйсгэхгүй.

“Цас хайлуулах бодис, техник хэрэгслийн нөөц хангалттай байна” гэв

Нийслэлийн хувьд өвлийн улиралд халтиргаа, гулгаа хамгийн их эрсдэл дагуулдаг бөгөөд энэ хэрээр иргэд гэмтэх тохиолдол ихэсдэг. Мөн энэ төрлийн гэмтлийн дуудлага сүүлийн хэдэн өдөрт хоёр оронтой тоо руу шилжих болсныг албаны эх сурвалж мэдээлж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотынхны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэг хэсэг нь яах аргагүй цас орсон үед зам цэвэрлэх цэвэрлэгээний бодис, тоног төхөөрөмж юм. Тиймээс замын цас хайлуулах бодис, техник, технологи, ажиллах хүчний нөөцийн талаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн Зам цэвэрлэгээний мэргэжилтнээс тодрууллаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар камаз долоо, бонго тав, ЗИЛ-130 машин гурав, цас, мөс хусах, түрэх ковш хоёр, автогрейдр нэг, универсиал трактор хоёрыг ажилд оруулаад байна. Мөн тусгай зориулалтын тоног төхөөрөмж болон нийт 23 бригад нийслэлийн зам талбайг хэсэгчлэн хувааж ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Халтиргаа, гулгаанаас хамгаалах 400 шоо метр элс, 560 гаруй тонн бодис нөөцөлсөн. Мөн явган хүний замын цас үлээх11 ширхэг тоног төхөөрөмж, цас, мөсний цохиур, 6000 гаруй дэрсэн шүүр зэрэг багаж хэрэгслээр ажилчдаа хангасан. Улмаар 140 хүний бүрэлдэхүүнтэй 23 бригад Баруун турууны даваа, 22-ын товчоо, Баянзүрх, Яармагийн товчоо, “Найрамдал” зуслан, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, Санзай хүртэлх чиглэлийн замыг цэвэрлэж байна. Цас хайлуулах бодис, техник хэрэгслийн нөөц хангалттай байгаа. Дашрамд дуулгахад, цас их орсон үед аль ч дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага ойр орчныхоо газрыг цэвэрлэж байх нь халтиргаа, гулгааг багасгах, үүнээс үүдэн гарах гэмтэл ослыг бууруулахад нөлөөлнө” гэдгийг онцолсон юм.

 Д.Нэргүй

Эх сурвалж: Unen.mn

Арга нь нарийссан ачигч машин, дугуй түгжигч нар хэрээс хэтэрч байна
Арга нь нарийссан ачигч машин, дугуй түгжигч нар хэрээс хэтэрч байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.