Хуучин машины эцсийн зогсоол, оршуулга нь Улаанбаатар байх ёсгүй!!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 25 секунд
Хуучин машины эцсийн зогсоол, оршуулга нь Улаанбаатар байх ёсгүй!!!

Хуучин машины эцсийн зогсоол, оршуулга нь Улаанбаатар байх ёсгүй!!!

2008 он. Чухам ямар учиртай он бэ гэж уншигч та бодож байж мэдэх юм. Сонгуулийн дүнг эсэргүүцэн эмх замбараагүй байдал үүссэнийг, олимпоос алтан медаль дээр дооргүй баярласныг энэ тоо гэрчилж байж мэднэ. Гэвч аль нь ч биш. Энэ бол нийслэл хотод зорчдог автомашины дундаж наслалтын тоо юм.

Нэг ёсондоо 2008 онд үйлдвэрлэсэн автомашин л хотын гудамжаар “туугаад” байгаа хэрэг. Зарим боловсон хотод утаа ялгаруулж байна гээд шууд “журмын хашаа” руу шидэх настай машинууд л Улаанбаатарын өнгө хийгээд түгжээ болж байгаа нь энэ.

Бидний тунхаглан баталсан Алсын хараа, нэгдэн орсон Парисын уур амьсгалын протоколд хуучны наслалттай машинаар замын хөдөлгөөнд оролцохгүй гээд тунхагласан мөртлөө байж байгаа царай нь энэ. Хөл дүүжлэх унаа нь хэн нэгний дүүжилж байсан хэзээ нэгэн цагт үйлдвэрлэсэн хуучин машин байгаа нь түгжрэлийн ч, утааны ч гол буруутан мөнөөс мөн билээ.

НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн судалгаанд дурдсанаар Монгол Улс бол Японд үйлдвэрлэсэн хуучин автомашины “өлгий нутаг” гэдгийг тодорхойлжээ. Хөгжиж буй улс орнууд болоод ядуу буурай улс орнуудад хуучин автомашины хэрэглээ өндөр байдгийг энэ судалгаанд онцгойлон дурдсан байна. Хамгийн гол нь Монгол Улсад орж ирж буй автомашины чанар “муу” гэх ангилалд багтжээ.

Бидэнтэй хамт ямар улсууд толгой цохиж байна гээч, Африкийн дунджаас доогуур орлоготой “ядуу” гэх шошготой улсууд “тууж” явна. Түүгээр ч зогсохгүй Монгол улсыг автомашины “насжилтад хязгаар тавьдаггүй”, “агаарын бохирдлын стандартгүй”, импортын автомашиныг зохицуулах “маш сул бодлоготой” гэж тодорхойлжээ. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дүгнэснээр хуучин автомашинаас ялгарах элдэв хорт бодис унаж байгаад нь ч, зорчиж байгаад нь ч, цаашлаад байгаль орчинд ч сөрөг нөлөөтэй байна. Арай шинжлэх ухаанчаар тайлбарлах гээд оролдъё. Автомашины утаа нь хүний амьсгалах түвшинд цацагддаг. Тийм ч учраас шууд хор нөлөөтэй гэж дүгнэдэг байна. Тэр дундаа өвлийн улиралд хүйтний хэмээс улбаалж агаар нягтарсан байдаг тул машины утаа дээш хөөрөлгүй, тухайн орчиндоо бөөгнөрч тогтсон байдаг жамтай. Автомашины утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бензоперин диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаар ялгаруулдаг. Энэ олон зүйлийг тоочиж байгаагийн шалтгаан нь эдгээр хорт нэгдлүүд нь бүгд хүний эсэд нөлөөлж, хор хавдраар өвчлөн шалтгаан болдог тул олон нэгдлийн заримыг тоочиж байгаа юм. Ялангуяа Бензоперин нь олон цагирагт үнэрт нүүрс ус төрөгч юм. Энэ нь хүний генийг гэмтээдэг төдийгүй хорт хавдар үүсгэх өндөр идэвхитэй хатуу талст бодис гэж эрдэмтэд тодорхойлжээ.

Судалгаанаас үзэхэд Монголд явж буй нэг машин Европын стандартын 70-80 машины гаргах хорт бодис агаарт ялгаруулдаг ажээ. Чухамдаа ийм хор хөнөөлтэй хүний эрүүл мэндэд шууд эрсдэл учруулдаг учраас дэлхийн улс орнууд хууль эрх зүйн хүрээнд хуучин автомашиныг зохицуулдаг байна.

Ази-Номхон далайн улс орнуудаас Бутан, Энэтхэг, Индонези, Непал, Шинэ Зеланд улсууд хуулиар насжилттай автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд аль 10-аад жилийн өмнөөс хууль эрх зүйн хүрээнд зохицуучихсан. Монгол Улс нэгдэн орсон конвенц, протоколын хүрээнд ч, Үндсэн хуульдаа тунхагласан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд ч хуучин автомашины экспортыг хориглох нь зүйтэй гэдгийг судалгаа харуулж байна. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн судалгааг нягталж үзвээс хуулиар зохицуулаагүй улс орнуудын хавдар болон халдварт өвчний эрсдэл өндөр байгаад зогсохгүй, элэг болон дотор эрхтний өвчлөлийн давтамжаараа ч дэлхийд тэргүүлж байна. Тийм ч учраас НҮБ-ын индэр дээрээ уриалсан нэг зүйлийг сануулъя. Энэ нь хуучин автомашиныг халж, шинэ бөгөөд цахилгаан автомашиныг сонгоё гэдэг уриалга. Магадгүй заримд нь мөнгө, заримд нь нулимс болсон агаарын бохирдол, утаа ч үүнийгээ дагаад буурчихаж мэднэ.

Н.Отгон

50 сая мал устгах сайдын санаархал
50 сая мал устгах сайдын санаархал
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.