3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг 2 жилийн хугацаатай болгосон нь тариаланчдад ИХ ДЭМЖЛЭГ болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 11 секунд
3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг 2 жилийн хугацаатай болгосон нь тариаланчдад ИХ ДЭМЖЛЭГ болж байна

3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг 2 жилийн хугацаатай болгосон нь тариаланчдад ИХ ДЭМЖЛЭГ болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан" үндэсний чуулган (2022.04.13) “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөр үргэлжилж байна.

Зөвлөгөөнийг үеэр салбарын удирдлагууд болон тариаланч нарын байр суурийг хүргэж байна.

Эх орныхоо эрүүл хүнсээр ДОТООДЫНХОО хэрэгцээг бүрэн хангах, ЭКСПОРТЛОГЧ УЛС болох зорилготой ажиллаж байна

Arslan.mnХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Манай салбарын бүтээгдэхүүн бүрийн цаана эх орны эдийн засаг, ард түмний эрүү мэнд, үндэсний аюулгүй байдал хадгалагдаж байдаг. Өнөөдрийн зөвлөгөөн илүү инновацлаг, бодит байхыг зорьж байна.

Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д газар тариалангийн салбарыг онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Малын тоо толгойн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн барьсан. Улс 100 мянган тонн ургац худалдан авахаар, санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Увс, Дорнод аймгуудад нийт 10 мянган тонн ургац хадгалах байр барихад улсын төсвөөс 5 тэрбум төгрөг зарцуулна. Барилгын ажил удахгүй эхэлнэ. Дотоодод бордооны үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байна. Хаврын тариалалтыг амжилттай эхлүүлж хүнд цаг үед хариуцлагатай ажиллахыг та бүхнээс хүсэж байна.

"Хаврын тариалалтын улаан буудайн үрийг дотоодоос хангах бүрэн боломжтой"

Arslan.mn

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун: Өвлийн хүлэмжээ нэмснээр тогтвортой ургац авна. Энэ онд 552 мянган га талбайд тариалалт хийнэ. Арван мянган тонн бордоо импортолно. Хүнсний ногоог хамгийн ихдээ 10 мянган га тариалдаг байсан бол 12 мянган га болгож өсгөсөн. Дотооддоо төмс, үр тариа, улаан буудайг 100 хувь хангана. Хүнсний ногооны 80, тосны ургамлын 40, тэжээлийн ургамлын 80 хувийг дотоодоос хангана.

Геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий даяар улаанбуудайн хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Энэ үед Монгол Улс хаврын тариалалтад зориулж улаанбуудайн үрийг дотоодоосоо хангах бүрэн боломжтой байгаа бидний давуу тал болж байна..

Хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкнуудаар дамжуулан олгож эхэлсэн байна.

Энэ жил Засгийн газраас 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэснээс газар тариалангийн салбарт 100 тэрбум, хүнсний ногоо тариалагчид 50 тэрбум төгрөгийн зээл олгоно.

"БНХАУ-ын 13 үйлдвэртэй гурил экспортлох нөхцөлийг тохирсон"

Arslan.mn

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ: Монгол Улсын Засгийн газраас 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд Хөдөө аж ахуйн салбарт 400 тэрбум төгрөгний хөнгөлөлттэй зээлийг олгох бодлогын шийдвэр гарсан. Үүнээс газар тариалангийн салбарт 100 тэрбум, хүнсний ногоо тариалагчид 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жилийн 3%-ийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай олгохоор болсон.

Гадаад, дотоодод болж байгаа нөхцөл байдалтай холбоотой нэн түрүүнд хүнсний хангамжийн тогтвортой байдал чухал. Энэ хүрээнд өнгөрсөн жил тариалалтыг нэмэгдүүлэх, ургац хураалтыг технологийн хугацаанд нь зохион байгуулах чиглэлээр Засгийн газраас тодорхой шийдвэрүүдийг гаргаж шийдвэрлэсэн. Мөн өнгөрсөн жил цаг уурын тааламжтай нөхцөл бүрдсэн тариаланчдын хичээл зүтгэл, төр засгаас олгож байгаа дэмжлэг хөшүүргийн үндсэн дээр тариаланчдад арвин ургацын жил байсан.

Мөн ургацын борлуулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Гурилын үйлдвэр болон боловсруулах үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэл дээр ажилласан. Манай улсын гурилын үйлдвэрүүл нэг сая тонн улаан буудайг боловсруулах хүчин чадал байна. Бид БНХАУ-ын 13 үйлдвэртэй гурил экспортлох нөхцөлийг тохирсон байгаа.

"ХАА-н 3% хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хугацааг 2 жил болгосон нь тариаланчдад их дэмжлэг болж байна"

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Анхтамир” ХХК-ийн захирал Ш.Норовсамбуу: Өнгөрсөн жил Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийг газар тариалан эрхлэгч нарт олгосон. Энэ зээлийн хувьд бидэнд ихээхэн дэмжлэгтэй байсан боловч хугацаа нь богино байж, эргэн төлөлтийн хугацаа хаврын тариалантай давхцсан зэрэг хүндрэлүүд гарсан. Харин энэ жил Хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хугацааг 2 жил болгосон. Энэ нь тариаланч бидэнд маш үр дүнтэй, ард түмнийг эрүүл хүнсээр хангах үйлсэд маш их дэмжлэг болж байна.

"Хаврын тариалалтын бэлтгэл ажил хангагдаж байна"

Arslan.mnСэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал” ХХК-ийн захирал Ч.Пэрэнлээ: Хаврын тариалалтын бэлтгэл ажил хангагдаж байна. Өнгөрсөн жил тариалангийн газрын чийг сайн байгаа. Бид өнгөрсөн оноос эхлэн тодорхой хэмжээний үрээ нөөцөлж авсан. Бидний хаврын тариалалтыг технологийн хувьд 7-14 хоногт тарих техникээ бэлэн байдалд бэлдэж байна. Тариалалт хэвийн үргэлжилнэ. Тариалалтыг дэмжиж төр засаг, яамны зүгээс бодит дэмжлэгүүдийг бий болгож байгаад тариаланч бид баяртай байна.

Мөн тодорхой хэмжээний бэрхшээлүүд ч байгаа ч яамтайгаа хамтран хэлэлцэж шийдэгдэнэ гэж итгэж байна.

Өнгөрсөн жил нэлээд том ургац авсан. Өнөөдөр гурилын нөөц хангалттай байгаа нь 2022 оны дотоодын хэрэгцээг бүрэн хангахаар байна.Тэгэхээр цаашид шинэ ургацаа хэрхэн борлуулах вэ гэсэн асуудал гарч байна. Энэ дээр салбарын яамнаас хэд хэдэн бодлого гаргасан байна. Цаашид гурилыг экспортод гаргахад анхаарах хэрэгтэй байна.

"Цаг агаарын нөхцөлд тохируулан тариалалтын ажлаа зохион байгуулах хэрэгтэй "

Arslan.mn

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Сарантуяа: 2022 оны дулааны улиралд агаарын температур олон жилийн дунджаас их, унах тунадасны хэмжээ бага байх урьдчилсан төлөв гарсан нь хаврын тариалалт цаг уурын тааламжгүй нөхцөлд хийгдэхийг харуулж байна.

Тиймээс 6 дугаар сард бороо орох хүртэл буудайг ус чийгээр дутаахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Үр, талбайгаа бэлтгэх, сорт болон тарих хугацааг зөв сонгох хэрэгтэй.

Энэ жилийн цаг уурын гандуу нөхцөлд тухайн орон нутагт зохицсон нутагшсан сортуудыг тариалах, ялангуяа ганд тэсвэртэй сортыг сонгож тариалах хэрэгтэй.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олон дэмжлэгийг төрөөс тариаланчдад үзүүлж буйд талархалтай байна

Arslan.mn

"Түшигхангай" ХХК-ийн захирал С.Лхагвасүрэн: Шатахууны хөнгөлөлт, тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олон дэмжлэгийг төрөөс тариаланчдад үзүүлж буйд талархалтай байна. Үр сортын тухай тусдаа хууль гарлаа.

Тээврийн хөлс, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалсан хүндрэл бэрхшээлүүд бүс нутагт байгаа. Үүнээс шалтгаалан төр засгаас цаашид авч хэрэгжүүлэх хэд хэдэн ажил байна.

Энэ жилийн хувьд Увс аймгийн Баруунтуруун сумын тариаланчид 30 мянган тонн үр тариа хураан авсан ч хадгалах газар байхгүй. Гурилын үйлдвэрүүдэд тушаах тодорхой хугацаа, цаг уурын нөхцөл, тээвэрлэлт зэрэг асуудал өрнөдөг. Баруун бүсэд үр хадгалах агуулах барих ажлыг шуурхай зохион байгуулах хэрэгтэй. Төсөвт тодотгол хийвэл энэ асуудал хоцорчих вий гэсэн айдас байна. Мөн баруун бүсэд 30-40 мянган тонны гурилын үйлдвэр барих шаардлагатай байна.

Arslan.mn

"Дорнын кроп" ХХК-ийн захирал Б.Галхүү: Монгол Улсад улаан буудайн нөөц хангалттай байна. Одоогоор 300 мянган тонн улаан буудай гурилын үйлдвэрүүд, агуулахад байгаа гэсэн мэдээлэл байна. Өнөөдрийн зөвлөгөөнөөр энэ жил тариаланчид юу тарих вэ, улс юу худалдаж авах вэ гэсэн тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж байна.

Улаанбуудайг гаднаас оруулж ирэхгүй гэж харж байна. Улаан буудайн үнэ дэлхийд үнэтэй болчихсон манайд тонн нь 500-600 мянга байна. Ийм хямд улаанбуудай гэж хаана ч байхгүй.

Рапс буюу тосны ургамлын тариаланг экспортоор гаргах хэрэгтэй. Үүнийг дотооддоо боловсруулж амжихгүй байгаа. Тэгэхээр боломжоороо энэ Рапс дээр илүү анхаарах хэрэгтэй байна. Хамгийн ойрхон БНХАУ-руу экспортлох боломжтой, худалдаж авъя гэсэн. Тэгэхээр төр засгаас экспорт руу илүү анхаарах нь чухал байна.

Тус чуулган ЯГ ОДОО "Агрономчдын улсын хоёрдугаар зөвлөгөөн"-өөр үргэлжилж байна.

Агуулахад гал гарч 17 хүн амиа алджээ
Агуулахад гал гарч 17 хүн амиа алджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.