СЭМҮТ-ийн орыг онлайн покерт “донтсон” залуус эзэгнэх болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 20 секунд
СЭМҮТ-ийн орыг онлайн покерт “донтсон” залуус эзэгнэх болжээ

СЭМҮТ-ийн орыг онлайн покерт “донтсон” залуус эзэгнэх болжээ

Өнөөдөр монгол улсад мөрийтэй тоглоомыг зохион байгуулахыг хуулиар зөвшөөрдөггүй. Гэвч аль нэг дурын цайны газар, автобус унаанд суухад гэх мэтчилэн хаа тааралдсан газарт залуус онлайн покерийг тоглож байгаа харагддаг болоод удаж байна.

Олсон мөнгөө онлайн покерт үрж дуусчихаад, амьдралаа үрж буй олон залуус бий болжээ. Улам бүр ангал руу татаж байдаг энэ тоглоомд хожигч гэж байхгүй. Өнөөдөр хожиж буй мэт боловч маргааш улам ихийг алддаг ийм л тоглоом. Энэ тоглоомд орсон хүмүүс барагтай бол гарч чаддаггүй гэдгийг ч мэргэжлийн байгууллагынхан хэлж байна.

Энэ төрлийн мөрийтэй тоглоомноос үүдэлтэйгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ирэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн тухай тус эмнэлгийн Статистик, тандалт судалгааны албаны дарга, АУ-ны доктор, зөвлөх эмч Т.ГАНЦЭЦЭГ хэлж байна. Тухайлбал нийт ирж буй үйлчлүүлэгчийг насны байдлаар нь ангилвал 20-40 насныхан байдаг байна.

СЭМҮТ-ийн Статистик, тандалт судалгааны албаны дарга, АУ-ны доктор, зөвлөх эмч Т.ГАНЦЭЦЭГ: Сүүлийн үед хүмүүсийн дунд стресс ядаргаа, сэтгэл түгшил, онлайн покерт донтох эмгэг ихэсч байна. Эдгээрээс онцолбол залуус маш олноороо онлайн покерт донтох эмгэг их байна. Манай эмнэлгээр онлайн покерт донтоод эд зүйлсээ алдсан, гэр бүлээсээ салсан, амьдралаа үгүй хийж, замаасаа гарч яваа маш олон үйлчлүүлэгч ирж, эмчилгээ хийлгэх болсон. Зөвхөн манай эмнэлэгт ч биш. Манай эмнэлэгтэй ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд ч маш олон хүн эмчилгээ хийлгэх болсон.

Энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 20.17 заалтаар уг гэмт хэргийг зүйлчилсэн байдаг. Тодруулбал, олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол дээд тал нь таван жил хүртэл хорих ялтай. Цаашлаад мөнгө угаасан гэж үзвэл 12 хүртэлх жил хорих ялтай.

Гэтэл энэ ялаас айлгүй мөрийтэй тоглоом зохион байгуулагчид Онлайн покероо ажиллуулсаар, олон мянган залуусын амьдралыг мэрж, үгүй хийсээр байна. Гэвч хууль сахиулах ёстой Цагдаагийн байгууллага онлайн покерийг хааж, хариуцсан эздэд нь хариуцлага хүлээлгэх ажлыг тун хойрго хийж байна. Тэднийг хойрго хийж байна гэж шүүмжлэх шалтгаан нь аль 2 жилийн өмнө ажиллаж байсан цахим покерийн сайт одоо ч ажиллаж байгаа юм. Нөгөөтэйгүүр онлайн покерийн сайт ажиллуулдаг хүмүүстэй Цагдаагийн албанд ажилладаг хурандаа цолтнууд байдаг гэх мэдээллийг ч Neguun.mn сайтынхан хөндөж бичсэн байна. Тэдгээр дарга нар сардаа тэрбум орчим, долоо хоногт 200-300 сая төгрөгийг онлайн покер ажиллуулагчдаас авдаг тухай ч бичжээ.

Энэ үнэн байх талтай. Учир нь онлайн покер тоглуулдаг сайтууд бүгд дотоодын банкны дансаар гүйлгээгээ авдаг. Тэр данс овог нэртэйгээ ил тод байдаг. Гэвч Цагдаагийн байгууллага гадаад серверээс орж ирдэг учраас төвөгтэй асуудал гэх байдлаар хойрго ханддаг.

Цагдаагийн байгууллагаас хааж чадахгүй, эсвэл хаах сонирхолгүй байгаа онлайн покерийн сайтууд.

1. Cool poker /coolpoker.wiki/, /coolhand.lol/

2. 89 Poker /89poker.world/, /89poker.love/

3. Paris Poker /paris247.online/, /paris247.org/

4. Allstar Poker club /ododpoke.guru/

5. Topaz /topaz.ink/, /topazomaha.online/

6. Bropoker /bropoker.fun/

7. Boom Poker /boomboom.bio/

8. Zevpoker /azzazev.site/

9. Olz online poker /olzondoo.cyou/

10. Santos 777 Casino //santos777.pro/

11. Go Poker /gogo.store/

12. Modun Poker /modun.online/

13. Royal Casino /royalbet.today/

14. MNsport /mnbnaa.art/ гэх мэтчилэн цааш дурьдвал нэлээн урт жагсаалт гарч ирнэ.

Энэ төрлийн мөрийтэй тоглоомд донтож амьдралаа хохироосон олон жишээ бий. Тухайлбал, Эхэндээ энэ мөрийнөөс мөнгө олж байсан учраас ажил хийх сонирхолгүй болж, ажлаасаа гарсан ч өмнө нь олсон бүх мөнгөө мөрийнд алдчихаад нэмж, эд хөрөнгөө алдсан тохиолдол байна. Түүнчлэн хоногийн хоолоо авах мөнгөөрөө хүртэл тоглож, хоосон хонож байсан тухай олон тохиолдлууд байна. Мөн энэ мөрийтэй тоглоомноос болж хоёр хүүхэдтэй эхнэрээсээ салж, гэр бүлээ амьдралаа үрсэн залуу ч байна.

Newspress.mn

“Босоо Ганбаа”-гаас “жижгэрсэн” МАХН-ын генсек намаа хорлов уу
“Босоо Ганбаа”-гаас “жижгэрсэн” МАХН-ын генсек намаа хорлов уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.