Хүүхдийн паркийн газрыг “хүйс тэмтрэх” эрх “Голомт”-ын Д.Баясгаланд байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 38 секунд
Хүүхдийн паркийн газрыг “хүйс тэмтрэх” эрх “Голомт”-ын Д.Баясгаланд байхгүй

Хүүхдийн паркийн газрыг “хүйс тэмтрэх” эрх “Голомт”-ын Д.Баясгаланд байхгүй

Дэлхийн улс орнууд нийслэлийнхээ төвд ногоон байгууламж бүхий соёл амралтын хүрээлэн байгуулдаг нь зүгээр ч биенийгээ дуурайсан хэрэг биш. Хотжилт эрчимтэй явагдаж буй энэ цаг үед дуу чимээ намдаах, тоосжилт, хуурайшилтыг бууруулж, агаар цэвэршүүлэхээс гадна хүмүүсийн ажиллаж амьдрах тохитой нөхцөлийг бүрдүүлж, хотын экосистемийг зохицуулдгаараа өндөр ач холбогдолтой. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нэг хүнд ногоон байгууламжийн хэмжээ 4-6 ам метр байгаа нь дэлхийн дунджаас 6 дахин бага үзүүлэлт. Өөрөөр хэлбэл Улаанбаатарчуудад ногоон байгууламж бол амин чухал болсон асуудал.

Гэвч шунаг сэтгэл нь шуналын тулам болсон хэсэг нөхдүүдийн хар гайгаар Улаанбаатарчуудын ногоон байгууламж өдрөөс өдөрт хумигдаж, байшин барилга болсоор байна. Түүх сөхвөл Улаанбаатарын гол цэгт орших Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрыг хумслах ажил тэртээ 1998 оноос эхэлсэн гэдэг.

Тухайн үеийн Хотын удирдлагууд “Монтана” гэх мэт хэд хэдэн ААН-үүдэд газар олгосноор тэндэхийн газар хөрөнгө мөнгөтэй эрх мэдэлтнүүдийн шуналыг хөдөлгөсөн. Үндэсний соёл амралтын хүрээлэн 32 га газрынхаа 20 га-г газрын наймаанд алдсан гашуун түүхтэй. Хоморголон өгсөн газар олголтын хаагуур нь “Голомт”-ынхон шургалсныг мэдэхгүй ч 2005 онд Хүүхдийн паркийг Хөгжингүй парк болгоно хэмээн гар, хөлийн үсэг зурж, гадна дотныхонтой хамтарч байгааг нь зураг болон үлджээ.

Гэвч тэр цагаас хойш чихэн дээр цэцэг ургуулсаар 16 жил өнгөрөхөд ердөө 4-хөн га талбайд нь эвдэрхий хэдэн тоглоом тавьснаас өөр гавьяа байгуулаагүй. Өнөөх хэдэн тоглоом нь жигтэйхэн үнэтэйн дээр жил бүр эвдэрдэг, хүүхдүүд тоглож байгаад гэмтдэг гээд муу мэдээ ер тасралгүй өдийг хүрчээ.

Үнэндээ Д.Баясгалан хэлсэндээ хүрч, парк шиг парк болгочихсон бол өдийд хүүхдүүд тогтоол усанд эндээ ч үү, үгүй ч үү. Бяцхан үрс өдийд ээж, аавдаа эрхлэн тоглоод явж байх байсан ч юм билүү, хэн мэдлээ.

Гэвч Голомтын Д.Баясгалангийн шунал бас л татарсангүй. Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн үлдсэн газарт барилга барихаар улайрч эхэлжээ.

“Үндэсний соёл, амралтын хүрээлэн” ХХК-д энэ газрыг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр 2011 онд олгожээ. Улмаар Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа газрын эзэмших эрхийг 2075 он хүртэл буюу 60 жилээр сунгасан байна. Ингэхдээ энэ газарт зөвхөн соёл амралтын зориулалтаар ашиглана гэж авчээ. Гэвч Голомтынхон Шангри-Лагийн урд болон баруун хэсэгт орон сууц, үйлчилгээний төв болохоор төлөвлөж, өдгөө газар шорооныхоо ажлыг хийж эхэлжээ. Энэ нь иргэдийн ирүүлсэн архитекторын зургаар ч баталгаажиж байгаа аж.

Угтаа Д.Баясгаланг Ардчиллын анхдагчдын нэг гэдгээр нь улстөрийн хүрээнийхэн илүүтэй мэддэг. Гэвч түүний үнэн төрх нь ил гарч, гууль нь ийнхүү цухуйж эхэлжээ.

Б.Өрнөх

Улаанбаатарт 11-13 градус дулаан байна
Улаанбаатарт 11-13 градус дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.