Хөрөнгөтэй хүмүүсийг “Сэгсэрдэг“ зальжин бүсгүйчүүдийг хязгаарлах гэрлэлтийн гэрээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 58 секунд
Хөрөнгөтэй хүмүүсийг “Сэгсэрдэг“ зальжин бүсгүйчүүдийг хязгаарлах гэрлэлтийн гэрээ

Хөрөнгөтэй хүмүүсийг “Сэгсэрдэг“ зальжин бүсгүйчүүдийг хязгаарлах гэрлэлтийн гэрээ

Өмгөөлөгч Э.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргүүдийг анзаарахад гэр бүл салалт, тодруулбал хөрөнгө хуваах тухай маргаан зонхилж байх шиг. Хөрөнгө хуваах талаар ойлголт манайханд хомс байна уу?

-Чинээлэг нэгэнтэй гэрлэлтээ батлуулаад хөрөнгө хуваагаад салах үзэгдэл манайд түгээмэл болсон. Тэр дундаа малчид хөрөнгө хуваахыг санаархсан эмэгтэйчүүдийн олз болсон гэж хэлж болно. Фэйсбүүкээр танилцаж итгэлийг нь олж аваад нэг гэрт ордог. Мал дээрээ байдаг хүү нь нэг эмэгтэйтэй танилцаад дагуулаад очиход хөгшин аав ээж нь хөл хөөр болж ах дүү нарыг нь цуглуулаад мал тасалж өгөөд тусад нь гаргадаг. Төд удалгүй өнөөх эмэгтэй нь хаяад явчихна. Хүү нь шүүхэд дуудагдаж асуудал буруугаар эргэж тасалж өгсөн малыг нь хуваах асуудал хөндөгддөг. Хуруу хумсаа хуйхалж өсгөсөн хэдэн малыг нь хэн нь мэдэгдэхгүй эмэгтэй бэр гэж очоод л аваад явчихаж байна. Энэ асуудлын хохирлын хэмжээ хэдэн саяар яригддаг. Энэ асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон. Гэрлэлт батлуулах, хөрөнгө хуваах талаар эрх зүйн орчныг илүү боловсонгуй болгох хэрэгтэй байна. Малчид ч энэ асуудалд ач холбогдол өгч болгоомжтой хандах хэрэгтэй.

-Энэ асуудлаас яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Гэрлэлтийн гэрээг заавал байгуулах ёстой. Гэрлэгчид гэрлэхээс өмнөх өөрсдийн хөрөнгийг хуваарьт хөрөнгө хэмээн гэрээндээ тусгаснаар гэрлэлт цуцалсан, цуцлагдсан тохиолдолд уг хувийн хөрөнгийг хуваах, ногдох хэсгийг тодорхойлох гэх мэт асуудал үүсэхгүй. Жишээ татаад ярья л даа. Бат болон Зулаа нар гэрлэлтээ цуцалсан байна. Гэхдээ гэрлэлтээ бүртгүүлэхдээ гэрлэлтийн гэрээ байгуулсан бол уг гэрээнд гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгө болох гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө машин, газар, хадгаламж зэргийг тус тусын хуваарьт хөрөнгө байхаар тусгажээ. Энэ тохиолдолд гэрлэлтээ цуцалсан боловч гэрлэгчдийн хувийн хөрөнгөтэй холбоотой маргаан үүсэхгүй. Гэрээндээ дундын хөрөнгийг хэрхэн хуваах, ногдох хэсгийг хэрхэн тодорхойлох зэргийг тусгаснаар гэрлэлт цуцалсны дараа хамтран өмчлөх дундын хөрөнгийг гэрээнд заасан журмын дагуу хуваарилна. Тухайлбал, Бат болон Зулаатай нар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон эд хөрөнгө болох байр, хамтын эрхэлдэг аж ахуйн үйл ажиллагаа зэргийг гэрлэлтийн гэрээнд хамтран өмчлөх дундын хөрөнгө байхаар зохицуулж, уг хөрөнгийн ногдох хэсгийг тодорхойлохдоо адил тэнцүү хэмжээгээр тодорхойлно гэж заасан байдаг. Ингэснээр гэрлэлт цуцлах тохиолдолд уг хөрөнгийг гэрээнд заасан журмын дагуу тодорхойлох юм. Ямар нэгэн маргаан үүсэхгүй.

-Гэрлэлтийн гэрээг байгуулснаар хуваарьт хөрөнгө, хувийн хөрөнгө нь тодорхой болох нь.

-Гол ач холбогдол нь энэ. Хүний хөрөнгийг хэн дуртай нь шүүхдээд аваад явдаг гажиг үзэгдэл цэгцэрнэ. Өвөг дээдсээс удам дамжиж ирсэн үнэтэй эд зүйлсээ хүртэл хуваах асуудал үүсдэг. Гэрээ байгуулаагүй тохиолдолд хуваахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болно. Гэрлэлтийн гэрээ байгуулсан бол энэ мэт зүйлээ нарийн тусгаж өгснөөр асуудал үүсэхгүй.

-Гэрлэлтийн гэрээг гэр бүл болсны дараа байгуулах нь нээлттэй биз дээ.

-Гэрлэгчид гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэсний дараа хэдийд ч байгуулж болно. Энд нэг зүйлийг онцлоход гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө байгуулсан гэрээ гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл, гэрлэлтээ бүртгүүлэхээсээ өмнө гэрлэлтийн гэрээгээ эхнэр болон нөхөр тохиролцож байгуулаад, гэрлэлтээ бүртгүүлсэн өдөр уг гэрээ нь хүчин төгөлдөр болох юм. Бусад улс орнуудад гэрлэлтийн гэрээнд өндөр ач холбогдол өгч нарийн зохицуулалтуудыг тусгадаг. Манайд энэ талаарх ойлголт хомс байгаа нь янз бүрийн санаа бодолтой хүмүүст олз болж байна л даа. Жишээ нь Хятадад ахмад хүнтэй суугаад хөрөнгө хуваах үзэгдэл гаарсан байдаг. Үүнийг хуулиар зохицуулснаар тэр дороо цэгцэрсэн.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мобиком хэрэглэгчдийг хохироожээ
Мобиком хэрэглэгчдийг хохироожээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.