“Чингис“ бондын өр хариуцах эзэнгүй үлдэхвий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 11 секунд
“Чингис“ бондын өр хариуцах эзэнгүй үлдэхвий

“Чингис“ бондын өр хариуцах эзэнгүй үлдэхвий

 Үргэлж сайн сайхныг бодож, тэнгэр газартаа мөргөж байхыг сургамжилдаг “Тэнгэрийн” сайд”-тай Эдийн засгийн хөгжлийн яам нар үзэхгүй байсаар татан буугдахад хүрлээ.

Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийг зөв жолоодож чадаагүй учраас ийнхүү Засгийн газрын тэргүүн данхар бүтцээ танахдаа Эдийн засгийн хөгжлийн яамыг Н.Батбаяр сайдтай нь хамт золив. Уг нь сөрөг хүчнийхэн Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах саналыг хэдэнтээ өргөн барьсан ч Ерөнхий сайд цээжээрээ хамгаалсаар өнөөг хүрсэн юм. Одоо энэ яамыг Сангийн яамтай нэгтгэхээр боллоо. 

Ингэхдээ Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн хөгжлийн хороо байгуулахаар шийдвэрлэв. Бас л нэг салбар агентлаг байгуулна гэсэн үг. Тиймээс Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яамны мөнгөний авдар болсон Хөгжлийн банкийг хэрхэн бол гэсэн асуулт гарч ирнэ. Учир нь тус банк Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа болж байгуулагдсан. Тус банк нь гаднаас оруулж ирсэн хөрөнгө оруулалтыг дотоодын төсөл, хөтөлбөрүүдийг зөв зохистой санхүүжүүлж, нэмүү өртөг шингээн эргэн төлөлт хийх зохицуулалттайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Тухайлбал, “Чингис”, “Самурай” зэрэг бондын мөнгийг тус банкинд байршуулж, зарцуулалт хийж байгаа юм. Иймээс тус банкийг цаашид хэрхэх нь олны анхааралд байхаас өөр замгүй. Хөгжлийн банкны санхүүжилтээр “Гудамж” гэх төслийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нийслэл дэх зарим гудамж, талбайд хатуу хучилттай автозам барьж, хэдэн уулзварыг өргөтгөлөө. Иймэрхүү бүтээн байгуулалтаас бондын мөнгөний эргэн төлөлт хийнэ гэхэд эргэлзээтэй. Иймд “Гудамж” төслийн санхүүжилт болон орон нутагт барьж буй зарим автозамын техник, эдийн засгийн үзүүлэлтийг үндэслэлгүйгээр нэмж Засгийн газарт батлуулсан гэх асуудлаар Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ-аас шалгаж байгаа талаар өнгөрсөн тавдугаар сард албан ёсоор мэдээлж байв. Энэ асуудлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрөөс тодруулахад “Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны нэр бүхий албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж байна. 

Гэхдээ Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг тусгай лан шалгаж байгаа гэж ойлгож болохгүй. Түүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар хэлж байна. Харин Хөгжлийн банкны захирал Н.Мөнбатаас энэ талаарх байр суурийг нь сонсвол “Намайг АТГ-аас дуудаж уулзсан нь үнэн. Гэхдээ АТГ-аас албан ёсоор мэдээлэл хийхээс өмнө уулзсан. Хэвлэлээр ганцхан намайг шалгаж байгаа юм шиг бичээд байна. АТГ- аас шалгахдаа Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдуулж хэрэг үүсгэсэн гэж хэлсэн. Түүнээс хойш намайг дуудаж дахиж байцаалт аваагүй. Тийм учраас би “Хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг АТГ-т хүргүүлэх төлөвлөгөөтэй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдолгүй болохыг бат- ламжилсан тодорхойлолт гар- гуулахаар зэхэж байна” гэсэн юм. Ямартай ч яамны болон Хөгжлийн банкныханд хэрэг үүсгэсэн нь тодорхой байна. Анх АТГ-аас мэдээлэл хийхдээ Хөгжлийн банкны удирдлагуудыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн автозамын гүйцэтгэл ердөө 38 хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих тухай ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан хэмээн буруутгаж байгааг онцолсон. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэврүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай автозамын ажлыг гүйцэтгэхээр өмнө нь техник, эдийн засгийн үнэлгээ хийж үзэхэд “20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой” гэсэн тооцоо гарч байхад 33 тэрбум болгож батлуулсан зэрэг асуудлаар шалгаж байгаа талаар хэлж байсан юм. 

Иймд цаашид эл хэрэг хэрхэн шийдэгдэх эсэх нь нууцхан хэвээр байна. Магадгүй асуудлыг дарж байгаад Хөгжлийн банкийг сэмхэн татан буулгах гэж байгаа юм биш биз. Хөгжлийн банк хөрөнгийн зах зээлээс 580 сая ам.доллар босгосон гэдэг. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ нь өр болж хувираад байгааг эдийн засагчид хэлдэг. Өөрөөр хэлбэл, тус банк Монгол Улсыг барьцаа болгож 580 сая ам.доллартай болсон. Үүнийг зөв зохистой зарцуулах дархан эрх нь Засгийн газарт бий. Зарим эх сурвалжаас сонсвол, Хөгжлийн банк тогтвортой ажиллах эрх зүйн орчингүй болсон сурагтай. Тус банкны 580 сая ам.долларын зээл манай улсын дотоодын нийт хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэж байгаа гэх. Дэлхийн банкнаас “Хөгжлийн банкны зээлийн цар хүрээ, санхүүжилт олгож буй төслүүдийн зорилгыг харгалзан үзвэл эрсдэл онцгой өндөр болж байна” гэж дүгнэжээ. Тус банкны 580 сая ам.долларын мөнгөн дүн нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлын 50 орчим хувьтай тэнцэх аж. Өөрөөр хэлбэл, манай улсын Хөгжлийн банк дэлхийн санхүүгийн хямралд бус дотоод дахь засаглалын хямралд өртчихөөд байгаа бололтой. 

Тэгэхээр цаашид энэ банк байх уу, эсвэл татан буулгах уу гэсэн асуултад хариулт өгөх хүн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг юм. Мэдээж Эдийн засгийн хөгжлийн яамны араас Хөгжлийн банкийг мөн татан буулгавал их өрийн эргэн төлөлтийг Засгийн газар хариуцаж таарна. Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат “Эдийн засгийн өсөлтийг түргэтгэх зорилгоор Хөгжлийн банк бодлогоо тодорхойлж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед бүрэн боломжид хүрч ажиллахын тулд санхүүгийн эх үүсвэрийг бий болгож олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал.Тэр утгаараа энэ үйл явцыг түргэтгэх нь манай банкны гол үүрэг. Уг бодлогын хүрээнд бид төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Тухайлбал, Таван толгойн цахилгаан станц 2015 оны аравдугаар сар гэхэд санхүүжилтээ бүрэн эргэн төлөх боломжтой гэсэн. Уг төслийг дотоодын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэвэл нэлээд хугацаа орох юм. Тиймээс “Чингис” бондын зарцуулалт эдийн засагт бодит өгөөжөө өгнө. 

Ингэснээр төслүүдийн эдийн засгийн үр ашиг тодорхой үечлэлээр гараад явна. Одоогоор бондын санхүүжилт эдийн засагт шингэх болоогүй байна. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна” гэжээ. Үнэн чанартаа бондын хөрөнгийг өөртөө байрлуулж тоглолт хийж байгаа цорын ганц банк бол Хөгжлийн банк. “Чингис” бондоос 1.1 их наяд төгрөгийг дэд бүтцийн төслүүдэд зарцуулсан. Үлдсэн хөрөнгийг төслийн орлогоос эргэн төлөлтөө нөхөх боломжтой төслүүдэд оруулсан гэж байгаа. Харамсалтай нь өнөөдөр “Чингис”, “Самурай” бондын хөрөнгө хаана юу болж яваа нь тодорхой бус болж иргэд мартахад хүрээд байна. Бондын эргэн төлөлтийг 2017, 2018, 2022 онд хийж дуусах төлөвлөгөөтэй байна. Тодруулбал, 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийнэ. Нэг ёсондоо ойролцоогоор 520 тэрбум төгрөг улсын төсвөөс гарна гэж ойлгохоор байна. Үлдсэн хэсэг нь санхүүжилт хийсэн төслүүдээс эргэн төлөгдөх юм байх. Тухайлбал “ТЭЦ-3”, “ТЭЦ-4”-ийн өргөтгөл, “Эрдэнэс-Тавантолгой”-д хийсэн хөрөнгө оруулалтуудаас орж ирэх аж. Харин 2018 онд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараас 500 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх ёстой. Уг 500 сая ам.долларыг эргэн төлөхөд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй гэж мэдэгдэж байгаа.

 Тодруулбал, эргэн төлөлтөө өөрийн орлогоос хийх төслүүдэд зарцуулсан гэнэ. Жишээлбэл, “Байшин үйлдвэрлэх комбинат 1” төслийг нэрлэж байна. Энэ нь цэвэр өөрийн борлуулалттай арилжааны төсөл учраас авсан санхүүжилтээ хугацаандаа төлнө. Тиймээс “Чингис” бондын эхний эргэн төлөлт улсын төсвөөс гарахгүй аж. Мөн Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат ярихдаа “Засгийн газрын баталгаа дэмжлэггүйгээр Германы “Коммерз” банкнаас 13 сая еврогийн санхүүжилт татсан. Үүн шиг санхүүжилтүүдийг цаашид босгоод явна. Ингэснээр Монгол Улсын өр нэмэгдэж байгаа хэрэг биш, Хөгжлийн банк эрсдлийг үүрч авч буй санхүүжилт юм. Тиймээс гаднаас авч буй санхүүжилт төрд өр болохгүй” гэж мэдэгдэж байгаа юм. Хамгийн гол нь улсын нэрээр бондын мөнгө оруулж ирсэн Хөгжлийн банк яах аргагүй эргэн төлөлтөд хариуцлага хүлээх учиртай. 
 



Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

“Р.Бурмаа ботго тугал ялгадаг байгаа даа”
“Р.Бурмаа ботго тугал ялгадаг байгаа даа”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.