Ц.Төмөрбаатар: Ю.Цэдэнбал даргын дүрийг дахин амилуулах боломж олдсонд баяртай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
17 минут 8 секунд
Ц.Төмөрбаатар: Ю.Цэдэнбал даргын дүрийг дахин амилуулах боломж олдсонд баяртай байна

Ц.Төмөрбаатар: Ю.Цэдэнбал даргын дүрийг дахин амилуулах боломж олдсонд баяртай байна

Уншигч та бүхнийг энэ удаад төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатартай уулзуулж байна. Учир нь энэ хүний нэрийг нь сонсох төдийд л хурц, эрэмгий, дайчин хүний дүр төрх санаанд буух. Гэсэн атлаа уужуу сэтгэлт, ухаалаг монгол эр хүнийг ч бас мэдрүүлдэг юм. Тэрбээр, 25-хан насандаа Ю.Цэдэнбал агсны залуугийн дүрийг бүтээж байсан бол өдгөө 60 насандаа түүний амьдралын сүүлийн мөчүүдийг харуулсан дүрийг дахин амилуулсан юм. Түүнтэй халуун дотно яриа өрнүүлж, дотоод ертөнцөөр нь аялсан ярилцлага таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцлагаа таны хүүхэд наснаас эхэлье гэж бодлоо. Хүүхэд насныхаа талаарх дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

 - Би багадаа цэргийн нисгэгч болохыг их хүсдэг байсан. Гэхдээ миний аав урлагийн хүн байсан болохоор ээж маань “Аавынхаа мэргэжлийг миний хүү л өвлөх хэрэгтэй байна даа. Аав чинь амьд ахуй байхдаа “Миний мэргэжлийг энэ Төмөрбаатар л уламжлаж авна шүү” гэж хэлдэг байсан. Тиймээс миний хүү нэг шалгуулаад үз гэсэн. Тэгээд би Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид жүжигчний мэргэжлээр шалгалт өгөөд тэнцэж жүжигчин болох анхны алхмаа хийж байлаа.

-Таны хүүхэд болон залуу нас кино урлагтай салшгүй холбоотой байх?

 -Тийм шүү. Залуу нас бол яах аргагүй кино урлагтай салшгүй холбоотой. Би анх Багшийн дээдийн Кино драмын ангид 1974 онд элсэж ороод 1976 оноос кино урлагтай холбогдсон. 1978 онд “Суварган цэнхэр уулс” кинонд Саруултөгс гээд байлдагчийн дүрийг бүтээж энэ киногоороо дипломынхоо ажлыг хамгаалж байсан. Тэр үед миний киноны багш Г.Жигжидсүрэн найруулагч , Театрын багш УГЗ Д.Маамхүү байсан. Тэр үед би аавынхаа мэргэжлийг өвлөж авч байгаагийн хувьд надад итгэл хүлээлгэсэн ээж болон аавынхаа найз нөхөд, шавь нарынх нь итгэлийг алдахгүйн тулд хичээж ажилладаг байсан. Одоо ч мөн адил хичээсээр л байна даа.

 -Та анх хэдэн настайдаа ямар кинонд тоглож байсан бэ?

 -Анх 19 настай байхдаа Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн багшийнхаа найруулсан “Хүний амь” кинонд тоглож байсан. Тэр кинонд П.Цэрэндагва ах, Ш.Гүрбазар бид гурав хамтран тоглож байсан.

 -Та саяхан нээлтээ хийсэн “Бүү март” кинонд Ю.Цэдэнбал агсны дүрийг дахин амилуулсан. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Миний хувьд “Говь хянганд тулалдсан нь” кинонд Ю.Цэдэнбал даргын залуугийн дүрийг бүтээж байсан. Харин энэ удаад “Бүү март” хэмээх энэхүү кинонд түүний амьдралынхаа сүүлийн мөчид зорьж, бодож, сэтгэж явсан ажил үйлс, амьдралыг нь харуулахыг зорьсон. Мэдээж энэ эрхэм хүний дүрийг дахиад бүтээх боломжийг олгосон хүмүүст маш их талархаж байгаа. Хамгийн гол нь бид энэ түүхийг мартаж боломгүй байгаа юм. Хойч үе маань өөрсдийнх нь үе эхлэхэд бидний өнөөдрийн энэ эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжлийг бидэнд үлдээсэн бидний энэ сайхан аз жаргалтай амьдралын төлөө бүх амь биеэ зориулж байсан ийм хүмүүсийг эргэн дурсах хэрэгтэй байна. Тийм учраас ч “Бүү март” хэмээн нэрлэсэн болов уу. Өнөөдөр Ю.Цэдэнбал даргыг хүмүүс ойлгохдоо 40 жил манай улс орныг хаанчилж, 40 жил улс орныхоо төлөө биш ЗХУ-ын төлөө ажилласан гэж ярьдаг. Гэтэл миний тоглосон зохиол, түүхэнд ЗХУ-ын коммунист нам руу явуулж буй түүний бичгэн дээр “Бид ингэж хүний эрхэнд, гар хөл болж амьдрахгүй. Бид тусгаар улс болж, өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн гэсэн хөгжил, улс орон ард түмэн байх болно” хэмээн улаан харандаагаар бичсэн байгаа юм. Түүнчлэн ЗХУ-д эмнэлэгт хэвтэх нэрийн дор, гэрийн хорионд байх хугацаандаа Ж.Батмөнх гуай зэрэг улс төрийн товчооны удирдлагуудад өөрт нь өгч байсан эмийн цаасан дээр захиас бичээд нууцаар өгч явуулсан байгаа юм. Тийм сэтгэлтэй хүн байж шүү дээ. Тийм эх орон ч хүн байсан гэж бодохоор миний дотор эвгүйрхэж, сэтгэл эмзэглэж байлаа. Зураг авалтын талбай дээр тэр хүний оронд жүжиглээд уйлж байгаа ч тэр нулимс миний чин зүрхнээс гарсан нулимс байсан.

 -Та анх 25-хан насандаа "Говь хянганд тулалдсан нь" кинонд Ю.Цэдэнбалын дүрийг бүтээж байсныг монголчууд бид сайн мэднэ. Амьд хүний дүр бүтээх танд амаргүй байсан байх?

 -Ю.Цэдэнбал даргын дүрийг бүтээх саналыг аваад надад хамгийн түрүүнд нэг л зүйл бодогдсон. Маршал Х.Чойбалсан “Бөмбөгөр ногоон театр”- т өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бүтээсэн жүжгийг үзэж байхдаа өөрийнх нь дүрд тоглосон хүнийг гаднаас нь хараад “Би ийм сайхан хүн юм уу. Тэгээд ийм тэнэг гэж үү” гэж хэлсэн гэдэг. Тиймээс яана даа л гэж бодож байсан. Яагаад гэхээр нэгдүгээрт түүхэн дүр, хоёрдугаарт тухайн дүрийн эзэн нь амьд сэрүүн байсан учраас чадах болов уу гэж эргэлзэж байсан. Тэр үед надад Батлан хамгаалах яамны сайд асан н.Цог генерал шаардлагатай зөвлөгөөг өгч, бүх талаар тусалж дэмжиж байсан.

 -Ю.Цэдэнбал дарга тэр үед ирж уулзаж, таньд зөвлөж байв уу?

 -Киноны зураг авалтын үеэр нэг л удаа уулзаж байсан. Гэхдээ зөвлөгөө энэ тэр авч чадаагүй. Зөвхөн тэр хүний царайны хувирал, ярианы өнгө, үйл хөдлөлийг нь л сайн ажиглаад судлах гэж оролдсон. Гэхдээ сургуулиа төгсөөд удаагүй залуу жүжигчин учраас ямар ч туршлагагүй, мэдэхгүй, чадахгүй зүйл их байсан. Гэхдээ оросын мундаг жүжигчид найруулагчидтай хамтарч ажиллаж байсан болохоор тэд надад тусалж зөвлөгөө өгч байсан. Ялангуяа Урлагийн гавьяат зүтгэлтэн Төрийн соёрхолт кино найруулагч Б.Сумхүү гуай надад маш их тусалж, их олон зүйлийг зааж сургасан. Мөн миний гарт кино урлагийн алтан боломжийг атгуулж өгсөн хүн гэж би боддог. Би насан туршдаа Б.Сумхүү гуайг мартахгүй, үргэлж хүндлэн дээдэлж явах ёстой хүн дээ.

 -Кино гарсны дараа Ю.Цэдэнбал даргатай уулзсан уу. Ямархуу сэтгэгдэлтэй байсан бол?

 -Киног Ю.Цэдэнбал дарга, Анастасия Ивановна Филатова нар үзсэн. Тэгээд кино дууссаны дараа Филатова босч ирээд “Ю.Цэдэнбалаа чи залуудаа яг л ийм хүн байсан шүү дээ” гэж хэлэхэд нь би маш их баярлаж байсан. Ю.Цэдэнбал даргын дүрд тоглох боломж олдсон нь миний амьдралд тохиосон хамгийн том аз завшаан гэж боддог.

-Энэ дүрийг бүтээгээд та удалгүй Төрийн шагнал хүртсэн ч 1989 онд Ардчиллын анхдугаар зөвлөгөөний үеэр шагналаасаа татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Тийм байж одоо аль нүүрээрээ дахиад Ю.Цэдэнбал агсны дүрийг бүтээдэг байна аа гэх хүмүүс цөөнгүй байх шиг?

 -Хүмүүс Ю.Цэдэнбал даргын дүрд тоглосон учраас татгалзсан гэсэн ойлголттой байдаг. Би Ю.Цэдэнбал даргад тоглосон учраас шагналаа буцааж байна гэж ерөөсөө хэлээгүй шүү дээ. Хамгийн гол нь би залуухан 25- тай Төрийн шагнал авсан учраас надад хүмүүс маш их атаархаж, элдвээр ярьж дарамталж байсан. Залуу хүн бүр л алдаатай, хөдөлгөөнтэй байдаг. Би залуу хүн учраас алдаж эндэх зүйл байсан. Тэр бүхэнд маань хүмүүс ийм хүнд “Төрийн шагнал өглөө. Яах гэж өгч байгаа юм. Буцааж ав” гэх мэтээр маш ихээр дарамт учруулж байсан. Энэ нь надад хүнд байсан учраас “Би яах вэ” гээд ээж дээрээ уйлаад очиж байсан удаа ч надад бий. Тиймээс л би шагналаа буцааж өгөхийг хүссэн. Тэр шагнал тэмдгийг л буцаагаад өгчих юм бол энэ бүх дарамт байхгүй болно гэж бодсоны үндсэн дээр л би буцаах саналыг тавьсан.

 -Тэр үед шагналаа буцаах саналыг тань яаж хүлээж авсан бэ?

 -Төр өгсөн шагналаа буцаадаггүй ээ. Энэ шагнал тань хүчин төгөлдөр гэсэн хариуг хэлсэн. Би төр засгийнхаа надад өгсөн шагналыг үнэлээгүйдээ буцаая гэсэн юм биш надад учирч байсан тэр их дарамт шахалтаас ангижрах гэсэн миний хүсэл байсан юм шүү гэж л хэлмээр байна даа.

-“Улаанбаатарт байгаа миний аав” кинон дээр таны аавын жинхэнэ мөн чанар харагдаад байх шиг санагддаг юм.Таны аав тийм л хөгшин байсан байх.Та аавынхаа талаар бидэнд ярьж өгөхгүй юу?

 -Аавыгаа би сайн мэдэхгүй ээ. Намайг долоон настай байхад бурхан болсон. Миний үеийн долоон настай хүүхэд одоогийн долоон настай хүүхдийн хооронд тэнгэр газар шиг ялгаатай. Аавынхаа талаар бүүр түүрхэн л санахаас биш тодорхой мэдэхгүй юм. Гэхдээ “Улаанбаатарт байгаа миний аав” киног үзэхээр яг миний аав амилаад босоод ирсэн юм шиг санагддаг. Хувцас нь л өөр байсан болохоос биш миний аав яг л тийм хүн байсан. Миний аав ямар ч уургүй, их тайван хүн байсан. Ээжтэй минь ам зөрж үзээгүй, бидэнд чанга дуугаар үг хэлж, гар хүрч үзээгүй хүн дээ. Миний аав ээжийг маань нэрээр нь дуудаж байгаагүй миний хүү гэж боддог байсан гэсэн. Маш завгүй ажил ихтэй байсан хэрнээ чөлөөт цагаараа гэртээ хоёр хөлөндөө алчуур зүүж байгаад мөлхөж байгаад л шалаа угаадаг байсан. Ээжийг маань гал тогооны ажилд ер хүргэдэггүй хормогч зүүгээд л хоол хийгээд гүйж байдаг байсан. Маш хөдөлмөрч сайхан сэтгэлтэй хүн байсан даа миний аав.

-Таны аав олон зүйлийн анхдагч байх аа?

-Миний аав Д.Сүхбаатар, Х.Чойбалсаны дүрийг анх тайзнаа амилуулж байсан. Мөн анхны гавьяат жүжигчин, ардын жүжигчин болж байсан гэж бодохоор маш олон зүйлийн анхдагч болж явсан мундаг хүн дээ. Аав маань “Түмний нэг” кинон дээр багшийн дүрд тоглодог. Өөрөө ч амьдрал дээрээ маш олон шавьтай. Өөрийнх нь шавь нар анх Хүүхэд залуучуудын театрыг байгуулсан түүхтэй.

 -Таны аав яахын аргагүй Алтан үеийн сор болсон жүжигчин. Таньд аавынхаа тухай уран бүтээл хийх бодол байдаг уу?

 -Цаг нь болохоор хийнэ гэж боддог. Одоохондоо бол бодож төлөвлөсөн юм алга л байна. Яагаад гэж хүмүүс гайхаж магадгүй л дээ. Миний аав битгий хэл тэр үеийн Монгол Улсынхаа төлөө зүтгэж явсан мундаг хүмүүсийн амьдрал уран бүтээлийн талаар юу ч хийгдэхгүй байгаа. Тэр хүмүүсийг дурсах ч үгүй байгаа шүү дээ. Зүгээр л өөрсдийнхөө компанийг мөнгөжүүлэхийн төлөө, өөрсдөө нэр алдартай болохын төлөө л болсон болоогүй юм хийж байна. Одоо тэр үеийн их түүхийг бүтээж явсан хүмүүсийн талаар асуухад залуус юу ч мэдэхгүй нь харамсалтай.

/Зураг/ Цагааны Цэгмидийн хоёр хүү. Ц.Төмөрбаатар (МУГЖ), Ц.Төмөрхуяг(МУСТА) нар нь аавынхаа мэргэжлийг өвлөж, Монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн чадварлаг жүжигчид 

-Таны дүрүүд дотроосоо шатсан, оргилсон байдаг. Одоо нэг тийм дүр бүтээчих юмсан гэж бодож явдаг дүр бий юу?

 -Гүндүүгүй сайхан монгол эрийн дүр дээр ажиллах сонирхол байна. Хөдөөний малчин ч юм уу. Яагаад гэхээр би “Сэрэлт” киног анх үзээд аавынхаа тоглодог дүрийг хараад нэг иймэрхүү л дүрд тоглох юмсан гэж бодож байсан даа.

 -Танд иймэрхүү дүрд тоглох санал ирвэл шууд тоглоно гэсэн үг үү?

 -Дуртай хүлээж авна. Гэхдээ өнөөдөр тийм нүүдэлчин соёл ахуйтай киноны зохиол бичих зохиолч алга байна. Залуу уран бүтээлчид хийсвэр кино их хийдэг болжээ. Нэг л их байлдаантай, зодоонтой алаантай. Эсвэл хайр дурлал. Хайр дурлал гэхээрээ нэг л их амьдралаас тасарчихсан, хэтэрхий хол кино хийж байна. Үзэгчид нь ч голдуу залуучууд болсон, тийм зүйл хүсэж байгаа учраас хийхээс ч арга байхгүй болов уу. Түүхэн юм уу, ахуйн сэдэвтэй кино хийе гэхээр залуучууд өөрсдөө амьдрал үзээгүй болохоор хийж чадахгүй, хол санагддаг болов уу гэж би бодоод байна. Тэрнээс хэрвээ сайн уран бүтээл хийе гэсэн бодолтой залуу байх юм бол Монголынхоо ахуй, зан заншлын талаар кино хийе гээд надад санал тавьбал би дуртай оролцоно. Би өөрөө нэг киноны зохиол дээр сууж байна. Гэхдээ бэлэн болох арай болоогүй ээ. Нэлээн нухацтай үзэх санаатай байна. Ямар ч байсан Монголынхоо ахуй, нүүдэлчдийн соёл уламжлалын талыг харуулсан түүхэн киноны сэдэв оролдоод сууж байна.

 -Таны дараагийн уран бүтээл юу вэ. Төлөвлөсөн зүйл бй юу?

 -Нас ч нэлээн явчихлаа. Одоо бол надад нэг сайхан аав юм уу өвөөгийн дүр л олдох байх. Гэхдээ Ж.Мөнхбат “Ю.Цэдэнбал даргын сүүлчийн 7 жил” гэсэн киноны зохиол бичнэ. Үүгээр кино хийнэ. Та дахиад Ю.Цэдэнбал даргад тоглоно шүү гэсэн санал тавиад байгаа. Гэхдээ тоглох эсэхээ би хэлж мэдэхгүй байна. Нас их явчихлаа. Дээр нь өвчин ороогоод, нэг жаахан тураад байгаа.

 -Авьяас удам дамжин өвлөгддөг гэдэг. Та өөрөө мундаг жүжигчний удмыг залгаж яваа хүний хувьд хүүхдүүдээ жүжигчин болгоё гэж боддог уу?

 -Манай хүүхдүүд жүжигчин болно л гээд байдаг. Би өөрийнхөө өнцгөөс одоогийн урлагийг дүгнэхээр эмэгтэй хүнд урлагийн амьдрал жаахан тиймэрхүү юм шиг санагддаг.

 Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

 Т.Болормаа

“Түгжрэл хот ба бетон ширэнгэ”-ийн дуульд гэгээ тусах уу
“Түгжрэл хот ба бетон ширэнгэ”-ийн дуульд гэгээ тусах уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.