Хөөстэй тоо ба хөөрүү сайд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 42 секунд
Хөөстэй тоо ба хөөрүү сайд

Хөөстэй тоо ба хөөрүү сайд

Байгаль орчин аялал жуулчлалын яамны албан ёсны пэйж хуудсаар өчигдөр “Монгол Улс Гиннесийн амжилт тогтоож чадлаа” хэмээн мэдээлэв. Мөсөн гулсуураар нэг цагт хамгийн олон буюу 408 хүн гулсаж чадсан гэж Гиннест бүртгүүлжээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Гиннесийн амжилтын жаазтай тодорхойлолтыг инээд алдаад сайхан гардаж байгаа зургаа яамныхаа албан ёсны пэйж хуудсанд тавьсан харагдав.

Хятадын Харбин хотын мөсөн гулгууртай харьцуулбал ичиж үхмээр золиг ч Гиннест бол бүртгүүлээд авчээ.

БОАЖ-ын яамыг Б.Бат-Эрдэнэ сайд толгойлох болсноор энэ салбарт Гиннест бүртгүүлмээр зүйл нэг биш болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Юун түрүүнд Монголыг сурталчилж байгаа инфлюсерүүдийн дагагчийн тоогоор сурталчилгаа хүрсэн гэж үзвэл Гиннест лав бүртгүүлэх байх. Мөн “Нэг жуулчин нэг хонь хөтөлбөр”, 650 мянган жуулчнаас 1,2 тэрбум ам.долларын орлого олсон үзүүлэлт цаашилбал, 40 гаруй насандаа өөрийнхөө зургаар чимж хэвлүүлсэн номын тоо гээд тоочиж болох.

Гэхдээ түүний энэ их хийрхэл салбартаа үнэхээр ахиц дэвшил авчирч чадсан уу гэвэл эргэлзээ төрүүлнэ. Аялал жуулчлалын салбарын хувьд 650 мянган жуулчнаас 1.2 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн ханшаар бараг 4.2 их наяд төгрөг олсон болж таарах гээд байдаг. Нэг жуулчин дунджаар 1846 ам.доллар /6,4 сая төгрөг/ зарцуулсан гэх нь судалгаагаар баримжаалсан тоо бололтой.

Тодруулбал, одоогийн байдлаар албан ёсоор статистик мэдээлэл гаргадаг Статистикийн үндэсний хороо, Монголбанк, Аялал жуулчлалын холбоо зэрэг газраас энэ тухай бодит тоог зарлаагүй байна.

Харамсалтай нь, жуулчин гэх 650 мянган хүний 200 орчим мянга нь ОХУ-аас ирсэн иргэд гэх тоо баримт бий. Тэд бол жуулчин гэхээсээ дайны хөлөөс дүрвэгсэд. Тиймээс 6.4 сая төгрөг аялалд зарцуулах нь эргэлзээтэй. Манай урд хөршөөс ирсэн жуулчид гэх нэртэй аялагчид ч ийм хэмжээний мөнгө зарцуулахгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн онцлоод байгаа “2023 онд Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, энэ салбар 1.2 тэрбум ам.долларын орлого олсон” гэдэг хөөстэй тоо хэмээн салбарынхан өөрсдөө дүгнэж байгаа юм.

Гэтэл салбарын сайд Б.Бат-Эрдэнийн хувьд ирэх зургадугаар сард болох сонгуулийн сурталчилгаандаа зураг цуглуулж явна уу гэлтэй энд тэндгүй зураг авхуулж, тайлан тавьж, их л “хөөрүү” явна.

“Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөр Булган аймгаас эхэлсэн нь ердөө л сайдын сонгуульд хүч үзэх тойрог учраас тэр.

“Nas Daily” олон улсын маркетинг сурталчилгаа менежментийн байгууллагатай хамтран 12 орны 20 гаруй инфлюсер урьж, сурталчилгаа хийлгэсний дүнд 500 сая гаруй хүн Монголын тухай мэдээлэл авсан гэх судалгааг БОАЖ болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос өнгөрсөн долоо хоногт хийсэн хурлын үеэр онцолсон. Одоогийн байдлаар “Nas Daily”-гийн 4 инфлюсер Булган аймгаас аяллаа эхлүүлсэн ч гэж байв. Энэ бол багагүй мөнгө зарцуулсан сурталчилгааны компанит ажил гэдэг нь тодорхой.

Тиймээс БОАЖ-ны сайдаас нэн тэргүүнд өнгөрсөн жил аялал жуулчлалын салбарт зарцуулсан төсөв, мөн энэ салбараас олсон орлогын бодит мэдээллийг хүсье. Саяхан УИХ-ын танхимд “Нүүрсний сонсгол”-ын үеэр Б.Бат-Эрдэнэ сайдыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхад 6,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий нүүрсээр 2,6 тэрбум төгрөгийн сайжруулсан түлш худалдаж авсан гэрээний асуудал сөхөгдсөн. 2022 оны гуравдугаар сард Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар сонгогдсон байтлаа 7 дугаар сард хийсэн гэрээний талаар огт мэдэхгүй хэмээн мөр хавчаад өнгөрсөн.

Тэр гэрээнээс үүдсэн хохирлыг хэрхэн барагдуулах, хэн хариуцлага үүрэх вэ гэдэг ч тодорхойгүй байгааг түүнд сануулж, асуух нь зүй.

УИХ-ыг Ерөнхийлөгч ТАРААНА
УИХ-ыг Ерөнхийлөгч ТАРААНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.