УИХ-ыг Ерөнхийлөгч ТАРААНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 43 секунд
УИХ-ыг Ерөнхийлөгч ТАРААНА

УИХ-ыг Ерөнхийлөгч ТАРААНА

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн бариад байна. Шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдан мөрдөгдсөнөөс хойш 27 жил болжээ. Энэ хугацаанд Монгол Улсын төрийн байгууллагыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг шат дараатай хийсний дагуу улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгдсэн байна.

 

2000 онд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг дордуулсан долоон өөрчлөлт гэж  олон нийт шүүмжилдэг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд  Зөвлөлдөх зөвлөл байгуулж, таван багц асуудлаар 22 заалт бүхий төсөл боловсруулсан байна. 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 327 375 иргэнээс 5 584 832 нэгж санал хүлээн авсан байна. Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ? Үүнд:

 

1. Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

2. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

3. Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

4. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт. Энэхүү дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулжээ.  

 

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ

 

УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батлах, Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулж болохоор зааж, УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран ажиллахыг хязгаарлажээ

 

УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн бол УИХ өөрөө тарах, УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараах, УИХ тарсан тохиолдолд сонгууль зарлах, явуулах хугацааг тогтоосноор 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгийг УИХ-ын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор өөрчлөн найруулсан байна.

 

УИХ сайд нарыг нэг бүрчлэн хэлэлцэж томилох бүрэн эрхээсээ татгалзах, мөн улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

 

УИХ-ын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох боломжийг нээхийн зэрэгцээ ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

 

Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалтаа нийтэд байнга ил тод байлгах үүрэг хүлээх, намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно.

 

Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, нэг удаа сонгоно

 

Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад доор дурдсан асуудлыг тусгажээ. УИХ-д олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулахаар өөрчлөв. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх, Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байхаар өөрчилсөн байна.

 

УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн саналаар Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналаа хамтад нь албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх, УИХ нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцох, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохоор тусгажээ. Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх, хэрэв тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцох, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор тусгасан байна. Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор тогтоож, Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлан 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн нэгийг өөрчлөн найруулжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор өөрчилсөн байна.

 

ҮХЦ-ийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилно

 

Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой хэд хэдэн өөрчлөлт тусгасан байна. Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр, тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан иргэнийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох аж.

 

Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэнэ. Уг шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно. Бүх шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл томилж,  Ерөнхийлөгчид батламжлуулахаар хүргүүлнэ.  Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжлах, эсхүл Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл батламжлахаас татгалзаж үндэслэлээ нийтэд мэдээлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгох аж.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлж, Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн дэх зохистой төлөөллийг шүүгч болон хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэдээс тэнцвэртэй бүрдүүлж, дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллуулахаар тусгана. ҮХЦ-ийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг томилгооны сонсгол хийсний үндсэн дээр УИХ нийт гишүүний олонхийн саналаар томилно  ҮХЦ-ийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилох, дахин томилохыг хориглоно.

 

Сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгоно

 

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтоохоор тусгана. Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд, баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилох, сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум, дүүргийн иргэд сонгохоор заана. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар огцруулах, чөлөөлөхөөр тусгана.

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр тусгажээ.  Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Уг хуулийн хэлэлцүүлгийг ард нийтийн санал асуулгаар шийднэ гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн юм.   

Н.Энхбат

Л.Баттөр: Ковидын халдвар есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч болзошгүй
Л.Баттөр: Ковидын халдвар есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч болзошгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.