Л.Баттөр: Ковидын халдвар есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 24 секунд
Л.Баттөр: Ковидын халдвар есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч болзошгүй

Л.Баттөр: Ковидын халдвар есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч болзошгүй

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй ярилцлаа.

-Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд дельта вирус олныг түгшээх боллоо. Нийт сорьцын хэдэн хувьд нь дельта илрээд байна вэ. Яаж илрүүлж байгаа вэ?

-Өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Япон руу явуулсан сорьцод зөөвөрлөгдсөн дельта вирус бүртгэгдсэн. Гэхдээ тэр үед дотоодын халдвар байгаагүй. Зургадугаар сард Япон руу дахин явуулсан 160 сорьцын 38-ынх нь хариу ирсэн.

Арван хувьд нь дельта вирус байгааг тогтоосон. Мөн альфа болон Монголд тархаж байгаа өвөрмөрц хувилбар байна гэсэн мэдээ авсан. Вирус нэг хүний биеэс нөгөөд орохдоо хувьсаж өөрчлөгдөж байдаг. Ийм вирус тодорхой хувийг эзэлж байна.

Бид тавдугаар сараас эхлэн PCR-т суурилсан мутаци хувилбаруудыг илрүүлэх шинжилгээ хийж байсан. Үүнийгээ баталгаажуулахын тулд Япон улс руу сорьц илгээгээд MJS шинжилгээгээр баталгаажуулж байгаа. ДЭМБ хэрэв MJS-ийн шинжилгээ хийх боломжгүй бол PCR-т суурилсан мутаци илрүүлэх шинжилгээг хийж болно гэж үзсэн. Одоо бид альфа, дельта вирусийг илрүүлэх шинжилгээг PCR-т суурилан хийж байна. Япон улс руу явуулсан сорьцууд PCR-т суурилсан шинжилгээний хариутай таарч байгаа.

Тэгэхээр бид дараагийн мутаци хувилбарыг илрүүлэх сорьцыг шинжилгээнд явуулах, үлдсэн шинжилгээнийхээ хариуг хүлээх ямар ч шаардлагагүй. PCR-т суурилсан мутаци хувилбараа илрүүлэх шинжилгээнд үндэслээд шийдвэрүүдээ гаргаад явах нь илүү цаг хугацаа хожино. Тиймээс улсын хэмжээнд байгаа сорьцуудаас дээж авч PCR-т суурилсан мутаци хувилбар илрүүлж байгаа. Өдөр бүрийн тохиолдлын тоо их байх тусам дельта хувилбар хурдан тархах магадлалтай. Тохиолдлын тоог бага түвшинд бариад байвал дельта хувилбар тархах эрсдэл нь бага байна. Долоо хоногт арван хувиар нэмэгдээд байгаа зүй тогтол харагдаж байна. Орон нутгийн тухайд 10-50 хувьд нь дельта вирус илэрч байгаа. 50-иас дээш хувьд дельта илэрсэн аймгуудад үнэлгээ хийгээд үзэхэд ойрын хугацаанд аялал жуулчлал хурим найр, баяр наадам ихэссэнтэй холбоотой байна. Зөвхөн бөх барилдах, морь уралдахыг зөвшөөрсөн. Гадаа болохоор эрсдэл багатай гэж үзсэн хэрэг. Гэтэл нэг гэрт арав, хориулаа тойрч суугаад айргаа тойруулж уугаад найр хурим хийгээд байхаар халдвар улам нэмэгдэнэ шүү дээ. Тэнд нэг вирустэй хүн дуулахад л тэр гэрт байгаа бүх хүн зэрэг халдвар авах эрсдэлтэй. Халдвар хамгааллын дэглэмийн үед маскаа аваад хоол идэхдээ хоорондоо битгий ярь гэдэг зөвлөмж өгч байгаа. Гэтэл маскаа аваад чанга дуулна гэдэг бол тэр хүмүүст бүгдэд нь эрсдэл үүсгэж байна. Харин хурим найранд очсон хүн масктайгаа удаан хугацаагаар суугаад байна гэж байхгүй. Баян-Өлгий аймагт гэхэд 300 хурим найр болсон байна. Наадам болоод л 3-4 хоногийн дараа шууд тохиолдлын тоо 100-гаас дээш гараад явчихаж байх жишээтэй. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй.

-Есдүгээр сард хичээл цуглахаар вакцин хийлгээгүй хүүхдүүд илүү эрсдэлтэй. Эцэг, эхчүүдийн хувьд сургууль, цэцэрлэг эхэлсэн болоод хаагдах байх гэсэн бодолтой байна. Танайхаас хийсэн судалгаагаар нөхцөл байдал ямар байхаар байна?

-Сүүлийн хоёр долоо хоногийн хувьд тогтвортой буурч байсан тохиолдлын тоо маань жигд болоод ирсэн. Энэ бол цаашдаа буурахгүй, ихсэх магадлалтай гэсэн дохио. Буцаад өгсөх нь тодорхой болчихлоо. Бидний тооцоолж байгаагаар есдүгээр сарын дундуур хамгийн оргил үедээ орно. Магадгүй зургадугаар сарын оргил үе шиг халдварын тоо өдөрт 2500-3000-д хүрч болзошгүй. Гэхдээ нөхцөл байдал ийм болох уу, үгүй юү гэдэг нь иргэдийн цэвэр ухамсрын асуудал. Юун түрүүнд вакциндаа бүрэн хамрагдах хэрэгтэй. Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүс маань вакцин хийлгээгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэд болон хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг.

-Вакцин гэхээр манайхан хятад нь муу, орос нь сайн гээд л хошуурцгаах юм. Нөгөө хэсэг нь вакцин бол туршилт гээд туйлширч байна. Аль улсын вакцин нь илүү үр дүнтэй байна вэ?

-Ямар ч вакцин байсан нас баралт, хүндрэлээс тодорхой хэмжээгээр сэргийлнэ гэдэг нь ойлгомжтой. Дэлхий нийтээрээ судалж байгаа судлаачдын хүлээн зөвшөөрч буй зүйл бол дельта хувилбарын эсрэг вакцинуудын халдвар авахад нь хамгаалах үр нөлөө буурч байна гэдгийг дуу нэгтэйгээр баталж байна. Хэр түвшинд байна вэ гэдгийг улс орон болгон судлаад явж байгаа. Вакцин бол хүндрэл, нас баралтаас 90-95 хувьтай сэргийлж байна. Халдвар ямар нэг хэмжээгээр тархана. Вакцинтай байхад хүндрэл, нас баралтаас сэргийлж байна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг эхлэхэд хөл хөдөлгөөн яалт ч үгүй нэмэгдэнэ. Автобусанд шахцалдана. Орон нутгаас оюутнууд ирцгээнэ. Оюутны дотуур байр гэхэд 200-300 оюутантай, дундаа нийтийн бие засах газартай. Хэрэв тэнд халдвар гарвал өрөөнд нь тусгаарлана гэсэн ойлголт байхгүй. Халдвартай оюутан нийтийн бие засах газар руугаа орж л таарна. Дээрээс нь хоёр жил уулзалдаагүй оюутнууд бөөгнөрч, наргиж, цэнгэнэ. Гэхдээ баяр наадамтай зүйрлэхийн аргагүй. Бид хоёр жил хүүхдүүдийнхээ сургуулийг хорьчихлоо. Цаашид халдвар хамгааллынхаа дэглэмийг эцэг эхчүүд, хүүхдүүдийнхээ оролцоотой баримтлаад явуулахад халдварын эрсдэл бага. Хичээл сургуулийн хувьд бүгд эхлүүлэхийн төлөө явж байгаа шүү дээ. Тэгэхээр аливаа эрсдэлээс сэргийлэхийн тулд халдвар хамгааллынхаа дэглэмийг ямагт баримтлах ёстой. Мөн вакциндаа бүрэн хамрагдмаар байна. Ялангуяа 18-34 насны залуучуудын 80 гаруй хувь нь вакцин хийлгэсэн байна.

-Дельта хувилбарын шинж тэмдэг, эмчилгээ нь альфатай ижил үү?

-Шинж тэмдэг нь бага зэрэг өөр. Нус гоожино, хоолой өвдөнө. Гэхдээ нийтлэг ханиад томууны шинж тэмдэг илэрнэ. Өвөрмөц тэс өөр шинж тэмдэг илэрнэ гэсэн юм байхгүй. Дээр нь ерөнхий эмчилгээний зарчим яг адилан. Амьсгалын замын хүндрэл өгч байна. Архаг хууч өвчтэй, өндөр настай, дархлаажуулалтад хамрагдаагүй бүлгийнхэн маань илүү өртөж байгаа.

-Одоо эмнэлгүүдийн ачаалал ямар байна вэ. Дельта хувилбарын 95 хувь нь эмнэлэгт хэвтэнэ гэж мэдээлж байсан шүү дээ. Дотуур байранд ор дэлгэж байсан. Оюутнууд ирчихээр орны хүрэлцээ яах бол?

-Зургадуугаар сарын оргил үед улсын хэмжээнд 15 мянган хүн эмнэлэгт хэвтэж байсан. Өнөөдрийн байдлаар энэ тоо 9000 руу орсон. Үүнээс 4000 гаруй нь Улаанбаатарт байна. Орны хүрэлцээний хувьд халдвар хамгааллын дэглэмээ сахиад явах юм бол эрсдэл бага байна гэдгийг дахин санах хэрэгтэй. Оюутны байрны хувьд заримыг нь дайчилсан Эмчилгээний зарчим адилхан. Бид өнөөдөр альфа байвал тайвширч, дельта гэвэл хөл хорио тогтоох юм шиг нөхцөл байдал үүсэх гээд байна. Цаашид дельтаплас гэдэг хувилбарууд гарахыг үгүйсгэхгүй. Ямар ч тохиолдолд вакциндаа хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ барих нь байна шүү. Үнэхээр иргэдийн маань оролцоо чухал. Тодорхой хэмжээний хариуцлагагүй иргэд байгаад байна. Цар тахлын үед иргэд маань 100 хувь хариуцлагатай байя аа.

-Улирлын томуугийн вакциныг хэзээнээс хийх вэ. Вакцин хоорондын хугацаа ямар байх ёстой вэ?

-Вакцин хоорондын хугацаа ямар байх вэ гэдэгт шийдвэр гаргах ёстой. Зарим хувийн эрүүл мэндийн байгууллагууд улирлын томуугийн вакцин оруулаад ирсэн байна лээ. Улсын эрүүл мэндийн байгууллагуудын ханган нийлүүлэлт хийгдэнэ. Аль болох эрт хугацаанд эхлүүлэх нь зөв. Маскаа зүүгээд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад байвал өнгөрсөн жилийнх шиг томуугаас хол байх бүрэн боломжтой. Гэхдээ өнөө жилийн онцлог нь сургууль, цэцэрлэгээ нээж байгаа болохоор тодорхой дэглэмээр, эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн зөвлөмжийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг орохгүй. Богино хугацаагаар хичээллээд, агаар сэлгэлт хийх зэрэг арга хэмжээ авбал халдварыг бага эрсдэлтэй давах бүрэн боломжтой.

-Хэрэв тухайн ангид халдвар гарвал хэсэг хугацаанд карантилна гэж байсан. Халдвар нэмэгдээд байвал сургууль, цэцэрлэг хаах хэмжээнд яригдах уу?

-Өдөр бүрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Халдварын голомт хаана гараад байна. Тухайн үеийн нөхцөл байдлаасаа болж шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. Тэрнээс сэргийлж аль аль талдаа хариуцлагатай, хянамгай байх хэрэгтэй.

-Альфагаар халдварласан хүн дельтагаар өвчлөх үү?

-Өвдөөд эдгэрсэн хүн халдвар авсан тохиолдол цөөхөн бүртгэгдэж байна. Гэхдээ Монгол Улсад албан ёсоор бүртгэгдээгүй. Зарим хүмүүс хоёр дахиа халдвар авлаа гээд байсан. Яг бодитой асуугаад үзэхээр шинж тэмдэг илэрсэн болохоос PCR хийлгээд баталгаажуулаагүй гэх тохиолдлууд гарч байсан.

-Ковидоор өвдөөд эдгэрсэн хүнд хэдий хугацааны дараа дархлаа тогтох вэ?

-Дэлхий нийтээрээ байгалийн болон вакцины дархлаа нь хэдий урт хугацаанд тогтоож байгаа юм бэ гэдгийг судалж байна. Анхнаасаа вакцин хийлгэсэн хүн халдвар хамгааллын дэглэмээ бариад яваарай гэдгийг ДЭМБ-аас хүртэл анхааруулж байсан шүү дээ.

-Өдөрт яг хэдэн хүнд шинжилгээ хийж байна вэ. ЭМЯ-наас төдөн тохиолдол илэрлээ л гэх юм. Дотоодын оношилгоо эмчилгээний нөөц, төсөв мөнгө нь хангалттай байна уу?

-PCR-ын шинжилгээг зөв стратеги тактиктай хийх ёстой. ДЭМБ-аас гаргасан зөвлөмж бий. Олон улсын гаргасан зөвлөмжүүдийн дагуу бид арга хэмжээ авч байгаа. PCR шинжилгээний тоо огцом буурсан юм байхгүй. Олон улстай харьцуулж харсан. Хэдийд буурдаг вэ гэхээр хагас бүтэн сайнд бүх нийтээр амралтын байдалтай байдаг үед. Гэсэн хэдий ч 500-1000-гаар л буурч байгаа. Тогтмол 6-7 мянган хүн PCR-ын шинжилгээ өгч байна. Үүн дээр эерэг илрэх хувийг тооцож үздэг. PCR эерэг илрэх хувь тохиолдлын тоо буурахад Улаанбаатарт таван хувь руу дөхсөн. Ерөнхийдөө энэ тоо таван хувиас буурахад халдварыг хяналтандаа авлаа гэж үздэг. Гэтэл эргээд халдварын тохиолдол нэмэгдэхээр 15 хувь руу өгсөж байна. PCR шинжилгээний тооноос хамаарахгүйгээр ерөнхийдөө дотор нь эерэг илэрч байгаа хувийн хөдлөлзүйгээр халдварын үзүүлэлт харагддаг.

Эмчилгээний хувьд долдугаар сарын 1-нээс эхлээд эрүүл мэндийн байгуулагууд өөрсдөө эмийнхээ нөөцөө бүрдүүлээд явах бүрэн боломжтой болсон. Ковидоор эмчлүүлж байгаа хүмүүсийн зардлыг эрүүл мэндийн даатгалаас нэмээд өгсөн. Хүнд өвчтэй хүмүүсийн эмчилгээнд долоон сая гаруй төгрөг зарцуулж байна. Эмчилгээний зардал дөрөв, гурав, 1.5 сая гэх мэтчилэн шаталсан өртөгтэй. Өрх дээр хянагдаж байгаа хүнд 160 мянган төгрөгийн эмчилгээний зардал тусгаж байгаа.

-Улирлын томуугийн тохиолдол ямар байна вэ. Ковидтой эндүүрэгдэх тохиолдол байна уу?

-Тогтмол тандалт судалгаа хийж байгаа. Энэ хугацаанд томуугийн эрсдэл буурсан. Магадгүй маск, хөл хөдөлгөөний хязгаарлалт бусад хүчин зүйл нөлөөлсөн байх. PCR-аар цөөн тохиолдолд хуурамч эерэг тохиолдол байгаа. Дээр нь бусад халдварт өвчин рүү анхаарахгүй бол болохгүй. Манайх орон нутаг сүрьеэ-ковид гэсэн хосолсон танадалт судалгааг хийж байгаа. Орон нутагт сүрьеэгийн эмч нар ковидын эмчилгээнд дайчлагдаад сүрьеэгийн илрүүлэлт буурсан талтай. Нөгөөтэйгүүр ХӨСҮТ-ийн ачааны их нь болох ДОХ, БЗХӨ байна. Глобал сан, ДЭМБ-аас санхүүждэг төслүүдээрээ дамжуулж илрүүлэг эмчилгээ үйлчилгээг хийж байгаа. Дээр нь санаа зовоосон асуудлын нэг бол гепатит байна. Улсын хэмжээнд гепатиттай 400 мянган хүн байдаг. Нас баралтаараа дэлхийн дунджаас тэргүүлж байгааг анхаарах шаардлагатай. Ковидоор хэн өвдөж байгаа нь тодорхой байна. Харин халдварт бус өвчнөөр өвдсөн хүмүүс хүндрээд нас бараад байна шүү дээ.Тэгэхээр бид халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийг сайн явуулах ёстой.

-Ковидын дараа ямар эмчилгээ хийх шаардлагатай байна вэ?

-Эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний дэглэмээ баримтлаарай гэж зөвлөж байгаа. Зөв амьдралын хэв маягаа сахих шаардлагатай.

-ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч С.Энхзаяа АТГ-т шалгагдаж байгаа. Ямар асуудал үүссэн юм бэ?

-Хуулийн хүрээнд шалгагдаж байгаа. Ямар нөхцөл байдал яаж үүссэнийг бид мэдэхгүй.

-Д.Нямхүү захирал шүүх дээр маргаантай байгаа шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Би өөрөө хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан хүний хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 66 дугаар чуулганы Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 66 дугаар чуулганы Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцов.
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.