Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн зуслангууд амрагчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Энэ жилийн хувьд хүүхдийн зуслангууд ирэх сарын 10-аас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ.
Харин нэгдүгээр ээлжийн амрагчдаа ирэх сарын 4-нөөс бүртгэх юм байна. Энэ жилийн хувьд зуслангийн үнэд өөрчлөлт ороогүй гэдгийг Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газраас мэдээллээ. Тухайлбал, хүүхдийн зуслангуудын дундаж үнэ 160-175 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. 7-10 хоногийн төлбөр нь 175 мянга юм.
Зуслангийн бүртгэлийг ирэх сарын 4-нөөс Улаанбаатар чуулгын нэг давхарт авч эхэлнэ. Энэ жилийн хувьд зуслангийн бүртгэлд хэд хэдэн өөрчлөлт гарсан гэдгийг албаныхан хэллээ. Улаанбурхан болон бусад халдварт өвчлөлийн тархалт их байгаа учраас эрүүл мэндийн хуудас бөглөлтөнд нарийн хяналт тавих гэнэ.
Тухайлбал, өмнөх жилүүдэд иргэд бүртгэл хийлгэснийхээ дараа эрүүл мэндийн хуудсаа өгдөг байсан. Тэгвэл энэ жилээс иргэд хүүхдээ зусланд бүртгүүлэхээр ирэхдээ эрүүл мэндийн хуудсаа бөглүүлж авчрах хэрэгтэй гэдгийг санууллаа. Мөн эрүүл мэндийн хуудсыг хувийн эмнэлгүүдээр бөглүүлэхгүй. Заавал өөрийн оршин суугаа дүүргийн эрүүл мэндийн нэгдлээр бөглүүлэн, тамгуулах ёстой аж. Иргэдийн хувьд дүүргийн эмнэлэг оочертой гэх шалтгаанаар хувийн эмнэлгээр тамга даруулах явдал байдаг.
Тэгвэл энэ жилээс зөвхөн дүүргийнхээ эмнэлгээр л бөглүүлэх шаардлагыг тавьж эхэлжээ. Өнгөрсөн жилийн хувьд нийслэлийн харьяа 10 зусланд амрах хүүхдүүдийг нэгдсэн журмаар Үндэсний соёл, амралтын төвийн өмнөөс явуулдаг байсан. Харин энэ жил “Скай” их дэлгүүрийн урд талбайгаас нэгдсэн журмаар хөдлөх юм байна. Гэхдээ хувийн зусланд амрагчдын хувьд өөр байх юм. Тиймээс иргэд тухайн зуслангийнхаа сайт руу орж дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөе.
Өнгөрсөн жилийн хувьд нэг зусланд халдварт өвчин гарч хаагдаж байсан. Тухайн үед ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийгээд аюулгүй болгосон хэмээн албаныхан мэдээллээ. Харин энэ жилийн зуслангуудын шалгалтыг ирэх сарын эхээр хийхээр төлөвлөжээ. Энэ жил халдварт өвчний дэгдэлт их байгаа учраас шалгалтыг улам чангатгана гэв. Мөн зуслангийн эмч нарт Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран сургалт зохион байгуулж байгаа аж.
Эх сурвалж: