Ө.Ганзориг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг ч өнгөтэй, өөдтэй реформ хийсэнгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 51 секунд
Ө.Ганзориг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг ч өнгөтэй, өөдтэй реформ хийсэнгүй

Ө.Ганзориг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг ч өнгөтэй, өөдтэй реформ хийсэнгүй

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Уг өөрчлөлтөөр системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах асуудлыг тусгасан юм.

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны зургадугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан.

Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны тавдугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн юм.

Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд Голомт, Хаан банкууд бүтцийн өөрчлөлт хийх санал, материалаа өгсөн бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан журмын дагуу хянаж байгаа аж.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан энэ сарын 10-ны өдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэхдээ хэд хэдэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн тухай тусгасан. Тэгвэл мэргэжлийн хүнээр харвал энэ нь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг байна хэмээн үзэж, “Мандал даатгал” ХК-ийг үүсгэн байгуулагч, эдийн засагч Ө.Ганзориг энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж байна гэдгээ илэрхийлэв.

Түүний ярьсныг хүргэж байна.

Банкуудыг хөрөнгийн зах зээл дээр IPO хийхийг хойшлуулах хуулийн төсөл Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барихдаа шалтгааныг жагсааж бичиж өгчээ. Гэтэл энэхүү 10 шалтгаан нь ичмээр, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг…

Нэгт, Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан гэжээ. Манай улсад дайн дажин болоогүй, цар тахал чинь ард хоцорсон шүү Сангийн сайд аа.

Хөрөнгийн зах зээл дээр банкуудын IPO гаргахад 450 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгө байгаа гэдэгт эргэлзэж байна гэсэн байна. Жавхлаан чи, Хөрөнгийн биржийн Алтайтай, Санхүүгийн зохицуулах хороотой, надтай уулз л даа. Сангийн яамны хэлтсийн дарга нар ийм зүйл гаргаж өгч байгаа хэрэг үү. 450 тэрбум төгрөг чинь аль хэдийнэ босчихсон мөнгө. Хаан банк 200 тэрбум, Голомт банк 100 тэрбум, Хасбанк, Худалдаа хөгжил, Төрийн банк ойлгомжтой шүү дээ. Гэтэл хөрөнгийн зах зээлийн нэг ч мэргэжилтэнтэй, мэргэжлийн холбоотой уулзаагүй байж яагаад ийм хуулийн төсөл оруулж байна вэ? Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ.

Мөн Эдийн засаг хүндрэлтэй үед банкууд IPO гаргаснаар банкуудын үнэлгээ хэт өндөр тогтох магадлалтай гэжээ. Б.Жавхлан сайд аа, Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн минь ээ, доор ажиллаж байгаа хүмүүстэйгээ ажилла, чадавхжуул. Энэ шалтгаануудад чинь авах юм алга.

Богино хугацаанд IPO хийснээр банкуудын үнэлгээ буурах эрсдэлийг дагуулж байна гэжээ. Юу гэсэн үг юм бэ. Г.Занданшатар дарга аа, та тогтож унш. Энэ хоёр шалтгаан чинь ямар учиртай юм бэ. Ахиад унш. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөө үе үеийн Сангийн сайдын нэг нь ч гар хөдөлгөөгүй шүү.

Хөрөнгийн зах зээл өсөлттэй байгаа хэдий ч Виртуал хөрөнгө буюу койны зах зээлээс авсан сургамж, туршлагад үндэслэн хоёрдогч зах зээлийн арилжаагаар үнийн бууралт бий болох, ногдол ашиг тараах эсэхийг харгалзан хөрөнгө оруулагчдын анхдагч зах зээлд оролцох идэвх, сонирхол буурч болзошгүй юм гэсэн байна.

Койн чинь манай хөрөнгийн зах зээлд ямар ч хамаагүй шүү. Цаашид ч хамаагүй. Хувийн банк IPO гаргаж, хувь хүмүүс авах гэж байна. Активын чанарын үнэлгээ хийх шаардлагатай гэдэг зүйлээр тархи угаах гэж оролдож байна аа. Энэ чинь банкнаас зээл аваад яс төлдөг, хэрвээ төлөөгүй бол хууль хяналтын байгууллагаар шийдүүлж, төлүүлдэг улсад зориулсан шалгалт. Энэ шалгалтад 2018 онд системийн таван банк чинь ороод давчихсан юм. Энэ системийн таван банк бол 2001-2002, 2008-2009, 2014-2017 оны гээд томоохон эдийн засгийн хямралыг давсан. Ингээд 2018 онд Европын төв банкны актив чанарын үнэлгээнд ОУВС-гийн шахалт дарамтаар орсон. Дэлхийн хамгийн том 4 аудитын компаниар аудитаа жил бүр хийлгэдэг. Мөн Монголбанкны хяналтын шалгалтын хэлтсийн хяналтаар орж байгаа. Тэд маш сайн хийдэг. Хэрвээ энэ том таван банкийг IPO гаргахад эрсдэлтэй гэж үзэж байгаа бол Түмэн шувуут, CU гээд хөрөнгийн бирж дээр байгаа том компаниудыг энэ зах зээлээс хасчих. Сангийн сайд аа. Та нарын логикоор хөрөнгийн биржээр дүүрэн дампуурсан байгууллагууд байх нь. Монгол Улсын арилжааны банк шиг ийм их дарамт шахалт, хяналт, олон улсын стандартад нийцсэн институци байхгүй.

Эдийн засаг хүнд байхад банкны IPO хийдэг юм. Яагаад гэвэл эдийн засаг хүндэрч байх үед банкны үнэлгээ хямд байдаг. Энэ хямд үед нь иргэд авья гэж байгаа юм. Банкийг хамгийн ашигтай үед нь авдаггүй юм. Хоёрдугаарт, IPO хийснээр банкуудын өөрийн хөрөнгө 450 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Бүх улс орон эдийн засаг хүндрэхэд банкууддаа нэмж хөрөнгө оруулалт хийж, банкуудынхаа эрсдэл даах чадварыг дээшлүүлдэг.

МАН-ынхаан, та нар 8 жил төрийн эрх барилаа. Сүүлийн 4 жил чинь талдаа орлоо. Нэг ч олигтой реформ хийсэнгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг ч өнгөтэй, өөдтэй реформ хийсэнгүй. Хөрөнгийн зах зээлийнхэн, залуучууд бид, ард түмэн чинь 450 тэрбум төгрөг босгочоод банкны реформ хүлээж байхад Сангийн яам, Монголбанк чинь яагаад ийм галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зүйл оруулж ирнэ вэ, УИХ-д. Ингэж болохгүй. Ийм олон шалгуур, шалгалтаар ордог актив, чанарын үнэлгээг дөнгөж саяхан даваад гарчихсан банкийг хэрвээ эрсдэлтэй гэж үзэж байгаа бол энэ улс сүйрчихсэн юм байна. Сангийн яамныхан, Монголбанкныхан, УИХ-ын гишүүд ээ, чемоданаа аваад энэ улсаас зайлцгаа.Та наргүйгээр бид улсаа хөгжүүлчихнэ. Бүтэн 22 жил ярилаа. Зүтгэлээ. Даатгалын зах зээлийг хөгжүүлэхийн төлөө, тэтгэврийн реформыг хөгжүүлэхийн төлөө явсан нэг ч Сангийн сайд, Ерөнхий сайд байсангүй. Боловсролын реформын төлөө явсан Боловсролын сад, тэтгэврийн реформын төлөө явсан Нийгмийн хамгааллын сайд гарсангүй. Хулгайллаа, идлээ, уулаа. Банк IPO хийгээд, олон нийт баялгаас нь хуваалцья гэсэн ганцхан сайн хууль гаргасан. Гэтэл үүнийгээ ганцхан жилийн дотор галзуу шалтгаанаар хойшлуулах гэж байна. Түүхэнд хараар бичигдэнэ дээ.

Сунгах нэрээр энэ хуулийг гацаах гэж байна. Энэ бол системийн 5 том банк шүү. Зоос, Анод биш. 2004 онд 5 сая доллараар хувьчлагдаж байсан Хаанбанк өнөөдөр 500 сая доллар болсон байна. Гол хөрөнгө оруулагч нь Япон. Яагаад Монголын ард түмэн хувьцааг нь авч болохгүй юм бэ. Яагаад Япон хүнтэй адилхан ашиг хийж болохгүй вэ Сангийн сайд аа. Банкны IPO-г хойшлуулах нь зөв гэж ярьж байгаа эдийн засагчдын яриаг битгий сонс” хэмээн УИХ-ын гишүүдэд энэхүү хуулийн төслийг дэмжихгүй байхыг уриалав.

Орос Монголын хамтарсан Гуравдугаар сургуульд хэзээ хууль ёсны захирал, хуулийн дагуу томилох вэ сайд аа
Орос Монголын хамтарсан Гуравдугаар сургуульд хэзээ хууль ёсны захирал, хуулийн дагуу томилох вэ сайд аа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.