Бид жүүдүүд шиг байж чадахгүй гэж үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 36 секунд
Бид жүүдүүд шиг байж  чадахгүй  гэж үү

Бид жүүдүүд шиг байж чадахгүй гэж үү

Өнөөгийн монголчууд бидэнд үлгэр жишээ болохуйц  улс үндэстэн олон бий. Эртний самурайн ёс заншлаас  төр засгийнхаа дэг журамд  авч  үлдсэн япончууд болон  түүхийн эрээн бараан амьдрал дунд тэсэхийн аргагүй  нухлагдсан еврейчүүд гээд тоочоод байвал зөндөө урт жагсаалд гарна. Монголчуудад  уг нь хуулийн дор амьдрах, төрт ёсоо дээдлэх  сайн  хэв  шинж олон байлаа.  Өдгөө харин манай дарга даамлуудаасаа эхлээд шударга ёс хэмээн ярих боловч  хийх нь шал өөр болжээ. Ямартаа л “76 гахай”, “76 мангуу”, “Олгирахиуд” хэмээн адлуулж суухав.

Еврейчүүд дотоод эв нэгдэл, аливаа үйл хэргийн оргилд  заавал хүрэх  хатуу түмүүлэл, зориг тэвчээр, мууг үл тэвчих  чанараараа  дэлхийг байлдан дагуулж байна  гэвэл ер хэтрүүлэл болохгүй. Долоон сая гаруйхан хүн амтай  еврейчүүд  буюу Израйль  нь 1948 онд туурга тусгаар  улс болж оршин тогтносон  цагаас өнөөг хүртэл дайн байлдаан, элдэв хавчлага дор аж төрж байна.  Гэхдээ тэд өнөөдөр инноваци, бизнесийн хөгжлөөрөө дэлхийд гайхуулах болжээ. 

Еврейчүүд  буюу жүүдүүд ер нь байгалиас заяасан авъяаслаг ард түмэн.  Саяхан болтол жүүдүүд интернетийн орчинд өнгөрүүлсэн цагаараа дэлхийд тэргүүлж байлаа. Өөрөөр хэлбэл, мэдээлэл технологийн  ертөнцөөс  шинэ бүтээлийн эрэл хайгуул  хийдгээрээ гайхалтай улс.  Тиймээс  удаа дараагийн дайн байлдаан тэдний хөгжлийн хурдыг  сааруулж чадсангүй. Ойр ойрхон болж өнгөрсөн террорист  халдлага, Ливаны хоёр удаагийн дайнд өртөхдөө ч эдийн засаг нь унасангүй. 2000 оноос дэлхийн технологийн “хөөс” хага  үсрэхэд  жүүдүүд   хямралд огт өртөөгүй. Дэлхийн хөрөнгийн зах зэл дээр ч тэдний эзлэх  хувь  буураагүй, харин  ч хэд   дахин өссөн байна.  Эдгээр үзүүлэлтүүд  нь жүүдүүдийн дэг журмын илэрхийлэл ажээ. 

Израйль  улс үүсч байгуулагдсан эхний хоёр жилд  хүн амын тоогоор хоёр сая хүрэхтэй үгүйтэй  л байв.  Орос болон Европын улс орнууд, Америк, ер нь  дэлхийн өнцөг булан бүрээс  еврейчүүдийн цуваа шинэ Израйль руу хөвөрч, тэдний зарим нь усан боомт дээр хөлөг онгоцоос  буугаад  шууд тулалдаанд  орж байсан юм.  Буугаар хэрхэн буудахаа  мэдэхгүй  хүн ч  байж л байлаа. Нацистуудын шоронгоос гараад удаагүй еврейчүүдийн  нэлээд хэсэг нь  шинэ Израйлийн иргэнээр бүртгүүлж  амжилгүй тулалдааны талбарт амь үрэгдэж байв.  Угаасаа дайн тулаан гэдэг нь хүмүүст нэг ёсны хамгийн том шалгуур болдог аж. Амьд  үлдэгсэд нь улс үндэстнээ өөд татахын төлөө үхэн хатан тэмцэх  үзэл санаан дор улам нягтарч нэгддэг юм байна. Ялангуяа еврейчүүдийн хувьд энэ чанар илүү  төлөвшиж  иржээ. 

Бизнесийн хөгжлийн том том санаанууд Америкийн Цахиурын хөндийгөөс бус Израйлиас  гарч байлаа. Ядуу зүдүү байдлаасаа гарах тулгамдсан  хэрэгцээ, шаардлагууд  нь тэднийг ямагт шинэ зүйл сэдэж бүтээхэд хөтөлжээ. Ингэхдээ еврейчүүд хамтаараа ажиллаж амьдрахын  давуу талыг  харуулж чадсан байна.

 Ерөөсөө еврейчүүдийн амжилтын нууц нь  иргэний шударга харилцаа гэж хэлж бас болох. Цэргийн зориулалттай үйлдвэрлэл нь иргэнийх  рүү  хөрвөх  боломжтой. Үүн дээр  еврей хүний тэсвэр хатуужил, удирдлагадаа ямар ч үед хатуу хариуцлага оноож чадах ухамсар, аливаад албархаг бус тууштай зан чанарууд нэмэгдээд  ирэхээрээ  хөгжлийг аяндаа чирдэг ажээ.   

 

Израйлийн арми Talpiot  хэмээх инновацийн салбартай.  Talpiot нь амжилтын хамгийн дээд түвшин гэсэн утга бүхий библийн дууны шүлгээс эхтэй аж. Одоо энэ нь иргэний  бүх салбарт нөлөөлж байна. 

Израйлийг цэрэгжсэн улс гэхээсээ  иргэний чөлөөт харилцааг хөгжүүлдэг орон гэвэл илүү дээр болов уу. Яагаад гэвэл, Израйлийн цэргийн анги салбарт тааруухан ажилласан, үр ашиг муутай шийдвэр гаргасан  дарга нараа цэргүүд нь “Та чадахгүй байна. Эндээс бушуу яв” гээд шулуухан хэлчихэж  чаддаг. Энэ нь цэргийн босоо удирдлагын хатуу тогтолцоо тэнд нэг талаар байхгүй гэсэн үг.  Хурандаа нараа цэргүүд нь санал хураагаад  л ажлаас нь чөлөөлчихдөг.   “Хэн чаддаг нь  удирд” гэсэн зарчим цэргийн, энгийн аль ч салбарт  нь тууштай хэрэгждэг.  Тель-Авив дахь Америкийн нэгэн томоохон  хөрөнгө оруулагч компанийн эзэн  хэлэхдээ “Израйльд  цэргийн дарга нарыг  албан тушаалын цол, зэрэглэлээр  тодорхойлдоггүй. Зөвхөн юу чаддагаар нь тодорхойлдог. Ийм чанар нь иргэний  төр, захиргааны байгууллагуудад  ч гүн шингэсэн байдаг.  Бусад улс оронтой харьцуулахад  ангийн ялгаа  байхгүй” гэжээ. 

Жүүдүүдээс  дэлхийн нобелийн шагналтан олноор төрж гарсан зэрэг үндэстнийх нь  давуу байдлын нууцууд  дээр өгүүлсэн бүхэнтэй  салшгүй холбоотой. Өдгөө дэлхийн санхүүгийн ноён оргилд хэдэн еврей  гаралтай хүмүүс сууж буйд гайхах хэрэггүй.  Чаддаг нь хийдэг хорвоо хойно доо.  Манай хэдэн дарга нарын  бие биеэсээ өвлөөд авчихсан “Би” гэх хоосон хийрхэл тэнд байдаггүй. Олон түмнийхээ үгийг сонссон ч дарга нар нь далдуур  хуйвалдаж,  харийнхантай нийлж  хуулийн аргаар улсаа цөлмөх санаа жүүдүүдэд  бүр ч байдаггүй болохоор  хөгжилд  хүрч чадаж буй ажээ.

Израйльчууд элдэв луйвартай тэмцэх цахим программ нэвтрүүлснээс гадна  ашиглах ямар ч боломжгүй гэгдэж байсан бохир усаа хоёр дахин боловсруулж  хэрэглэдэг  болоод  байна. Сүүлийн жилүүдэд  тэд бохир усыг дахин  ашиглах арга технологоороо  дэлхийд тэргүүлжээ. Нийт нутгийнх нь ихэнх хэсэг үржил шимгүй, элсэн цөл байсан бол  Яритын ой хэмээх  гайхалтай ой модыг израйльчууд өөрсдөө нэг нэгээр нь тарьж ургуулсан байна.  Энэ бүгдээс харахад жүүдүүд  үнэхээр  эх орончид  ажээ. Тэгвэл бид яагаад тэдэн шиг байж болохгүй гэж. Жүүд  хүн  бусдын амжилтыг хараад “Би заавал илүүг хийнэ” гэдэг. Энэ нь тэдний  хийрхэл, атаа жөтөө огт биш.  Монголчууд бид  ядахнаа жүүдүүдийн энэ чанарыг  өөрсөддөө шингээвэл мөн ч ихийг бүтээнэ дээ.

                                                                                                                                                   Б.Отгонбаяр Эх сурвалж Tumen.mn

Энэ долоо хоногийн зурхай
Энэ долоо хоногийн зурхай
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.