Есдүгээр сарын 1-ний өдөр сургууль, цэцэрлэгтээ явах хүүхдүүдээр хурдан морь унуулан уралдуулж бай шагнал өгч, тарвалзаж байгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын үйлдэл намрын цэцэгс битгий хэл намын нөхдийг нь ичээсэн явдал болов.
Үнэндээ түүний боловсрол, сэтгэн бодох чадвар шулуухан хэлэхэд зүгээр л байгаа байдлыг нь шалдан үнэнээр нь харуулчихлаа. Эрүүл хүний ой тойнд орохгүй энэ үйлдэл шинэ баяны цээжээ хэр их дэлдсэнийг харуулж байна. МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуяг “МАН-ын санхүүжилтийг ил болгомоор байна” хэмээн хэлсэн нь үүнийг л хэлсэн болов уу гэмээр.
2016 онд нэр дэвшихээр санаархаж буй эрхмүүд МАН-д 100 сая төгрөг өгч тойрог зарж буй талаар улаан цагаан хэлж байсан тэрээр Ерөнхий нарийн бичгийн даргынхаа баярхуу занг багцаалдаг болоод л ийнхүү ил тод хэлсэн буйз аа.
Хурдан морь уралдалгүй яах вэ, хүүхэд багачууд уналгүй л яах вэ! Гэхдээ намар, эрдмийн баярын өдөр болохгүй гэдгийг хэлээд өгчих МАН-ын гишүүн ч алга. Харин ч бахархалт үйл явдал болсон мэт оройн мэдээ бүрээр “бөмбөгдөж” өөрийгөө шившиглэж, хоосон толгой, хосгүй тэнэглэлээ гайхуулах нь өрөвдөлтэй харагдах.
Д.Сумъяабазар гишүүн ч адил намрын цэцэгсийг залхаж үхтэл нь хүлээлгэн байж нийслэлийн сургуулиудын нээлтэд оролцсон тухай интернэтийн орчинд дээр эцэг эхчүүд гомдоллож байв. Эрхэм гишүүн цагаа бариагүйгээс сургуулийн дарга удирдлагууд эцэг эхчүүд, намрын цэцэг хоёроос мөн ч их ичсэн байна.
Н.Номтойбаяр хэмээх “боевик” эрхэм мөн л намрын цэцэгсийг гулзайж унатал нь “Минт” хэмээх клубт Нийслэлийн МАН-ын даргаа унаж тустал нь мөргөсөн тухай шуугиад явчихлаа. МАН дотор зэрэг дэвээрээ гуравдугаарт эрэмблэгдэх Нийслэлийн МАН-ын даргыг ингэж дорд үзэх нь нийслэлд ургасан намрын цэцэгс ичиж үхмээр л хэрэг боллоо.
Солонгосын казинод живж үхэх дөхсөн Ерөнхий нарийн бичгийн даргын цээжний өвчин, залуу гишүүдийн мөргөлт, цагийн соёл үнэндээ МАН-ыг их эргэлт, сэргэлтийн өмнө чирж иржээ. Яг ийм дарга нартай, “Болор цомд” өрсөлдүүлчихмээр хөгшин коммунист гарчиг бүхий мэдээтэй учраас л МАН-ын нэр хүнд өсөхгүй байгааг, Хамтрагчийнхаа дургуйг хүргэж зад өшиглүүлэн гудамжинд гарсан зэргээсээ дүгнэлт хийх цаг иржээ.
Д.СОЛОНГО