Д.Оюунхорол сайд таван жилийн ашиглалтын гэрчилгээгээр “шоу” хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 43 секунд
Д.Оюунхорол сайд таван жилийн ашиглалтын гэрчилгээгээр “шоу” хийв

Д.Оюунхорол сайд таван жилийн ашиглалтын гэрчилгээгээр “шоу” хийв

60 жил газраа өмчилж чадаагүй иргэдийн тархийг таван жилийн ашиглалтын гэрчилгээгээр “угаав уу"?

 

        Зайсан орчмын иргэд өчигдөр газар ашиглалтын гэрчилгээгээ гардан авч магнайгаа тэнийлгэв.

 

Энэ нь нэг талаар баяртай мэдээ мэт боловч нөгөө талаар сонгуулийн шоу хэдийн эхэлснийг илтгэнэ. Ийнхүү өгүүлэхийн учир БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Зайсангийн иргэдийн газрын гэрчилгээний асуудлыг гурван үе шаттай “шоу” болгон зохион байгуулсан явдал юм.

 

 

Иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын бэлтгэлийг өнгөрсөн тавдугаар сараас хийж эхэлжээ. БОНХАЖ-ын сайдын А-235 тоот тушаалаар яам, дүүрэг, хороо, төрийн бус байгууллага, иргэдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан,  1996 оноос өмнө амьдарч байсан иргэдийн судалгааг  явуулж,  уугуул иргэдтэй удаа дараа уулзалт хийж, асуудлыг шийдэх гарцыг хайжээ. Мөн кадастрын зураглал хийх тусгай эрх бүхий мэргэжлийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хоёр хорооны зургаан хэсэг газарт нэгж талбарын кадастрын зураглал  хийлгэсэн  байна.

 

 

Зайсангийн амны 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 689 нэгж талбар дээр, Арцатын амны 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 178 нэгж талбар дээр, нийтдээ 867 хэмжилт хийж, кадастрын зураглал гаргасан байна. Энэ зураглалаас харахад нэгж талбарын тоо өмнөхөөс нэмэгдээд байсан аж.  Тодруулбал Зайсангийн аманд анхны мэдээгээр 523 өрх байсан бол  кадасртын зураглал шинээр хийсний дараа  698 болж нэмэгдсэн юмсанж.

 

Иргэд өөрсдийн амьдарч байгаа газраа үр хүүхэддээ хуваах, олон хүний нэр дээр бүртгэлжүүлэх гэсэнтэй холбоотойгоор нэгж талбарын тоо ингэж нэмэгдсэн хэмээн ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс тайлбарласан.

 

Түүнчлэн үерийн ам, далан, жалганд буусан, аливаа шатны шүүхэд маргаантай, 0.05 га-аас их талбайтай, тухайн засаг захиргааны нэгжид бүртгэлгүй,  уугуул биш иргэдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа юм гэдгийг тухайн үед ажлын хэсгийнхэн мэдээлсэн.

 

Ямар ч олон жилийн хүлээлт үүсгээд байсан энэ ажлыг Д.Оюунхорол сайд овжноор ашиглах мэргэн санааг хэрэгжүүлж эхлэв.

 

 

Д.Оюунхорол сайд энэ сарын 10-ны өдөр Зайсангийн уугуул иргэдийг хүлээн авч уулзсан. Тэрбээр энэ үеэр “Хоёр жилийн тэртээ УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж байсан юм.

 

Тэгвэл ХУД-ийн 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэдэн үеэрээ амьдарч ирсэн ч өнөө хэр хууль ёсоор нь газраа өмчилж чадаагүй иргэдэд газар ашиглах гэрчилгээг нь 14 хоногт багтаан олгохоор болсон” гэдгээ дуулгасан юм.

 

Мөн тэрбээр “1968 оноос хойш  тус газарт аж төрсөн 600 орчим айл өрх энд хамаарч байгаа. Энэ нь Богд уул, Зайсангийн газар  хамгийн их маргаантай асуудлуудын нэг. Гэхдээ асуудал хэцүү байна гээд тойрсонгүй, аль болох шийдэхийг эрмэлзэж байгаа” гэдгээ ч онцолж, өөрийн үнэлгээгээ өсгөв.

 

Мэдээж 60 жил хөөцөлдөөд авч чадаагүй газрын гэрчилгээгээ авах сураг сонссон иргэд ч туйлын ихээр баярлаж “Юм хийдэг хүн төрд гарахад доод хүмүүс нь хөдөлдөг юм байна. 6 жил битгий хэл 60 жил ч хөөцөлдөөд авч чадахааргүй  гэрчилгээг маань 6-хан сарын дотор олгож байгаа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд үнэхээр их талархаж, баярлаж байна” хэмээцгээж түүнийг шүтэж эхлэв.

 

 

Д.Оюунхорол сайд газрын гэрчилгээ олгох болсноо газар дээр нь очиж дуулгаад нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэрээ хэвлэл мэдээллийнхнийг дагуулж өөрийн хийсэн ажлаа олонд тайлагнаж, сурталчилахыг хичээсэн явдал.

 

Өнгөрсөн долоо хоногийн хэвлэлийн баатар яах аргагүй Д.Оюунхорол сайд байв.  Түүнийг он удаан жил хүлээлт үүсгээд байсан иргэдийг бичиг баримттай болгож өгөх болсон талаарх мэдээлэл гал мэт дүрэлзэн газар авсан. Үнэхээр ч үүнээс өөр аргагүй байсан.

 

Мэдээж мөн л олон жил газраа өмчилж авах гэсэн бодолтой байсан иргэдэд энэ мэдээлэл туйлаас сайхан байсан нь мэдээж. Тиймээс ч сайдыг алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин угтан авч, талархал илэрхийлж, магтаалын үгийг урамгүй хайрласан.   

 

 

Нийслэлийн ХУД-ийн 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэдийг төлөөлүүлэн 27 иргэнд өчигдөр  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол газар ашиглалтын гэрчилгээг нь гардуулсан билээ.

 

Уг асуудлыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг эхний ээлжинд газрын давхцалгүй, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байршаагүй, нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буугаагүй, аливаа шатны шүүхэд маргаангүй гэхчилэн ямар нэг зөрчилгүй нийт 302 иргэнд газрын гэрчилгээг нь олгохоор шийдвэрлэж ийнхүү өчигдөр газрын гэрчилгээг олгосон юм.

 

Үнэхээр Д.Оюунхорол сайд үе үеийн төрийн удирдлагуудын хийж чадаагүй энэ ажлыг юуны тулд ийнхүү хэдхэн сарын дотор шийдвэрлэж орхисон нь бас учиртай хэрэг.

 

Учрыг тодруулбал Д.Оюунхорол сайдын сүр дуулиан болгож хийгээд байсан энэ ажил ердөө л таван жилийн настай гэж бодохоор үнэхээр сонгуулийн “шоу” гэдэг нь нүднээ илт.

 

60 жил гэрчилгээгүй явсан Зайсангийн уугуул иргэдэд хувь заяа нь хаашаа ч эргэж үл мэдэх 5 жилийн настай газар ашиглалтын гэрчилгээ шаардлагатай эсэх нь мэдээж эргэлзээтэй. Гэхдээ хамгийн гол нь Зайсангийн уугул иргэдийн дийлэнх нь  магнайгаа тэнийлгэн, магтаалын үгээ урсган байж авсан газар ашиглалтын гэрчилгээгээ тавхан жилийн настай гэдгийг мэдээгүй байсан явдал.  

 

 

УИХ-ын чуулганы өнгөрсөн тав дахь өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотойгоор Ерөнхий сайдад хандан асуулга тавьсныг сонссон.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчилж байсан тул асуулгын хариуг Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар болон холбогдох албаныхан хариулт өгсөн юм.
 

Энэ үеэр Ц.Оюунгэрэл гишүүн Зайсангийн иргэдэд газар өмчлүүлж өгсөн талаар тодруулсан. Тэрбээр зайсангийн иргэдэд газрыг эхний ээлжинд таван жилээр өмчлүүлэхээр өгсөн байгаа цаашид яах вэ? гэж БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролоос тодруулав.

 

Үүний хариуд Д.Оюунхорол сайд “Зайсангийн иргэдэд газрыг таван жилээр ашиглуулж байгаа. Энэ нь нэг мөр өмчлүүлсэн гэсэн үг биш. Цаашид асуудлыг шийдэхийн тулд УИХ-аар оруулах шаардлага байгаа” хэмээн үнэнээ “өчив”.

 

Харин энэ сонирхолтой мэдээллийг сонссон УИХ-ын дарга энэ асуудлыг яаралтай УИХ-д оруулж ирэхийг Д.Оюунхорол сайдад даалгасан юм.

 

Ийнхүү Зайсангийн иргэдэд 60 жил өмчлүүлээгүй газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулах гэрчилгээ олгох болсон гэдэг “үнэн” тодорхой болов.

 

24tsag.mn  Э.Энхжин 

Соёл урлагийн салбарт түүчээлэгчдийг урамшууллаа
Соёл урлагийн салбарт түүчээлэгчдийг урамшууллаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.