МОНГОЛ ТӨРИЙН ТУЛХ НУРУУ, ТҮШИХ БАГАНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 45 секунд
МОНГОЛ ТӨРИЙН ТУЛХ НУРУУ, ТҮШИХ БАГАНА

МОНГОЛ ТӨРИЙН ТУЛХ НУРУУ, ТҮШИХ БАГАНА

XVIII зууны Францын их зохиолч Вольтерын хэлснээр дийлэнх хүмүүс хэн нэгэнд захирагдаж байх мөн чанартай гэнэ. Улмаар захирагдаж буй хүнээ даган дууриах хандлагатай байдаг гэнэ. Харин философийн ухааны доктор Б.Галиндэв “Улстөрийн намыг төлөвшүүлнэ гэдэг лидер төлөвшүүлэх үйл явц” хэмээн хэлсэн юм.

Тэгвэл “Засгийн эрхэнд гарсан намууд гишүүдээ зангидаж чадахгүй байгаагаас ийм замбараагүй юмнууд гараад байна” хэмээн философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон гуайтай уулзах үед хэлсэн юм. Гурван зууны алсад амьдарсан хийгээд амьдарч буй гурван хүний хэлсэн үгийн утгыг хураангуйлан томьёолбол, лидерийг төлөвшүүлэх нь намыг, төрийг, цаашлаад нийгмээ өөрчлөх чухал суурь болдог юм байна.

Тэгвэл төлөвшсөн лидер, лидерээ төлөвшүүлсэн парламентын нам гэж аль намыг нэрлэх вэ?

Онол, номд зааснаар бол удирдлагадаа байгаа багийн гишүүдийг нэгэн зүгт чиглүүлж, тэдэнд зөв үлгэр дууриал үзүүлж, зөвөөр нөлөөлж чаддаг, зохион байгуулах чадвартай хүнийг ЛИДЕР гэж нэрлэдэг.

Үүнийг яг өнөөдрийн Монголын улстөрийн амьдрал дээр буулгаж харвал МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд лидер болж тодорч харагдаж байна. Сөрөг хүчин МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн дөрвөн жилд үнэхээр улстөрийн гал тогоонд чанагдсан лидер гэдгээ харуулж чадсан. Үүнийг батлахын тулд мэдээж нотолгоо хэрэгтэй.

Нэгдүгээрт, Монголын улстөрийг намууд авч явна. Хоёр нам байлаа гэхэд нэг нь зарчмаа барьж, монголчуудын хэлдгээр ноён нуруугаа авч явж байж наанадаж улсын хөгжил, цаанадаж тусгаар тогтнолын асуудал яригдана. Харин нам далайцаараа ноён нуруутай байхад дарга ихээхэн үүрэгтэйг МАН, АН-ын Энхболд нараас хангалттай харж болохоор юм. МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн жилүүдэд эвийг сахиж ажиллав.

Намдаа ч, УИХ-ын дэд даргын хувиар ч эвийн тугийг барьж явснаараа М.Энхболд өнөөдөр илүү тод лидер болжээ. Арван жилийн өмнө тэрбээр Эв нэгдийн Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа ч эвийг сахисан учир эдийн засаг өсч, цалин тэтгэвэр нэмэгдэж, ард иргэдийн 53.6 хувь түүний Засгийн газрыг дэмжиж буй нь судалгаагаар гарч байв.

Улстөрийн намууд бие биеэ шүүмжилж суухаар үзэл бодлоо нэгтгэж, улс орныхоо хөгжлийн төлөө нэгдэж зүтгэх зөвшилцлийн санаачлагыг М.Энхболд өнгөрсөн жилүүдэд байнга санаачилж ирсэн. Улс төрийн намын дарга нарын Үндэсний зөвшилцөл уулзалтыг гэхэд л өнгөрсөн хугацаанд нийтдээ 13 удаа санаачлан зохион байгуулжээ.

Ёстой л нөгөө ханхар уул дүнхийнэ гэдэг шиг эрх баригчид бужигнаж, элдвээр дээрэлхэхийг оролдож, эх орноор тоглож байхад М.Энхболд зөвхөн зарчим л ярьсан.

“Эрх баригчид нь ингэж болоод байхад бид яагаад болохгүй” гэж гэсэн өнгөц сэтгэхүйгээр асуудалд хандаж адилхан л үймүүлээд явсан бол ард иргэдийн төрд итгэх итгэлийг арчиж хаях байлаа. Энэ бол МАН-ын дарга М.Энхболдын тулх нуруу байсан юм. “Цаг зуурын мэдрэхүйд автаж сэтгэл хөдлөлөө ил гаргаад байх нь төлөвшсөн лидерийн шинж биш” хэмээн нэгэн ахмад улстөрч хэлсэн билээ. Өнөөдөр Монголын төрд ам ажил нь зөрдөггүй, хагалан бутаргадаггүй, ноён нуруутай, ёс зүйтэй, бусдыг хүндэлдэг хүн ус, агаар шиг л үгүйлэгдэж байна. Удирдаж буй нам /УИХ, Засгийн газар, яам ялгаагүй/-ын хамт олноо нэгэн зүгт чиглүүлж чаддаг алсын хараа ч хэрэгтэй байна. Ийм үед олон нийт МАН, түүний дарга руу харж байгаа нь ч үнэн. М.Энхболд лидер учраас олон түмэн түүний зүг харах нь ч аргагүй.

БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ

Миеэгомбын Энхболд хэзээний л бүтээн байгуулагч улстөрч байсан. Бүтээн байгуулагч хүн хэзээ ч нураан сүйтгэгч байдаггүйн үлгэр жишээг ч бас үзүүлсээр яваа нэгэн. Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллахдаа хот гэдэг их айлыг айлын дайтай авч явсныг өнөө ч дурсан ярих хүн олон байдаг. Хийж, бүтээсэн, босгосон бүхэн нь нүдний өмнө ил байхад дурсахгүй гээд яах билээ.

Өнөөдөр Монгол Ардын Нам хэмээх их айлыг мөн л айл шиг айл байлгаж, УИХ-ын дэд даргын албыг хашсан шиг хашиж байгаа учир өмнөх зам мөрийн улбаа ч тодрон харагдах нь зүй юм. Ганцхан жишээ. 2004 онд М.Энхболд хотын даргаар ажиллаж байхдаа ард иргэдээсээ хандив цуглуулж, Сүхбаатарын талбайг гантигдсаныг сая л сонсов.

Хөшигтийн хөндийн олон улсын онгоцны буудлыг 10 жилийн өмнө Ерөнхий сайд байхдаа Японд айлчилж, тус улсын Ерөнхий сайд Койзүмитай уулзахдаа анх санал тавьснаар Ази, Европыг холбосон агаарын хамгийн дөт зам Улаанбаатарын ойролцоо олон улсын нисэх буудал баригдах асуудал шийдэгдсэн юм. Энэ мэтээр хотын дарга, Ерөнхий сайдаар үр бүтээлтэй ажилласан хүнд хийсэн ажил маш их, хэлэх үг ч олон. Гэвч даруухан дарга М.Энхболд бусад шиг “шоудаж чаддаггүй учир” даруухан сууж, мэддэг бусад хүмүүс нь үргэлж үнэлж ярьдаг.

Өнгөрсөн дөрвөн жилд сөрөг хүчний байр суурин дээр байхдаа ч МАН-ын дарга хөгжлийн бодлого, бүтээн байгуулалтын асуудлаар л байр сууриа хамгийн их илэрхийлжээ. УИХ дээр ч, намынхаа хурлууд дээр ч улс төр тойрсон элдэв хэрүүл гэхээсээ хөгжлийн асуудлыг байнга хөндөж байсан нь олон түмний сонсохыг хүсдэг сэдвийн нэг болсон. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нийслэл хотоос нэг удаа төрөлх Төв аймгаасаа хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Тойргийн ард иргэдийнхээ санал бодлыг маш сайн сонсч ажилладаг учраас хөгжлийг хөтлөөд хүргэчихсэн. Сүүлийн үед тус тойргийн сонгогчид бэрхшээл зовлон тоочихоосоо илүү хөгжлийн элдэв асуудлыг уулзалтан дээр түлхүү хөнддөг болсон гэнэ.

“Гурван удаа сонгогдон ажилласан эрхэм түшээгийн арга барил бас нөлөөлж байгаа байх шүү” хэмээн тус тойргийн сонгогч Дорж гуай инээв. “Манай Энхболд чинь бүтээдэг л хүн шүү дээ” гэж нэмж хэлэх. Үнэхээр ч бүтээдэг хүн. Бүтээдэг хүн хөгжил ярьдаг. Бүтээдэг хүн нураадаггүй юм.

Т.Бүдээхүү

Жүжигчин Б.Даваажав Р.Чойном агсны амьдралаар кино бүтээнэ
Жүжигчин Б.Даваажав Р.Чойном агсны амьдралаар кино бүтээнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.