Хардалт №2 – 500 саяар УИХ-ын гишүүний нэг удаа кноп үнэлэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 0 секунд
Хардалт №2 – 500 саяар УИХ-ын гишүүний нэг удаа кноп үнэлэгдэж байна

Хардалт №2 – 500 саяар УИХ-ын гишүүний нэг удаа кноп үнэлэгдэж байна

нийтлэсэн Admin

9b42c45b51487a74ae3e396841a98216Би хардаж байна. Хардах нь битгий хэл, өнөөгийн эна эрх мэдэлтнүүдийг бүр сэжиглэж байна. Эд нар эдийн засаг муудлаа гэх далимаар эх орон, газар шороогоо бусдад худалдах гээд байна гэж хардаж, сэжиглэж байна.

Монгол улсыг өнөөгийн энэ хямрал, хүндрэлээс хамаагүй хүнд, маш хүнд нөхцөлд Ерөнхий сайдын албыг хашиж явсан нэгэн тулхтай буурал тун саяхан хэвлэл, мэдээлэлд өгсөн ярилцлагадаа: -“Ер нь сүүлийн таван жил УИХ харахад их сонин зүйл ажиглагдаж байгаа. Өмнө нь хэн нэгэн нь дарга болоод төсвийн мөнгөнөөс илүү иддэг гэж хардаг байсан. Одоо тэр гол биш болж. Цүнхээ сугавчилж гүйж байгаад УИХ-д орсон гишүүн хэдэн жилийн дараа Lexus-570 гэдэг гадаадын үнэтэй машин унаад, нэг тэрбум төгрөгийн үнэ ханштай байртай болоод яваад өгч байна … Энэ юу вэ. Энэ бол системийн чанартай болоод шууд лобби бүлгийн санхүүжилтийг авдаг болж, УИХ-ын гишүүний саналыг худалдаг болсон нь харагдаж эхэлсэн. Өнгөрсөн жил УИХ-ын дарга ч хэлсэн. Захиалгын хууль батлагдаж байна гэж. Захиалгын хуулийн төлөө саналаа өгч УИХ-ын гишүүд захиалагчаасаа сайн санхүүжилт авч байгаа юм биш байгаа. Үүнийг би Ноён уул дээр сэжиглэж байгаа. Энэ асуудал тасархай ганцаараа орж ирээд 50 тонн алт гээд хүмүүсийн шүлсийг гойжуулаад л яриад байна … УИХ-ын гишүүд эрх зөрчилтэй хууль дээрээ кноп дарахад 500 сая төгрөгийн авлига авдаг, 100 сая төгрөг бол жишиг болсон үнэ гэсэн мэдээлэл бий. Энэ бүгдийг шалгаж, нягтлах хэрэгтэй” хэмээн олон түмэндээ анхааруулжээ.

Тэгвэл УИХ-ын бие даагч гишүүдийн нэг Х.Болорчулуун: -“Ноён уул”-ын 50 тонн алтыг ухаж авах зөвшөөрлийг эрс эсэргүүцэж явсан нөхдүүд гэнэтхэн нэг өдөр 180 градус эргэж зангаа хувиргаад явчихыг харж байлаа. Энд тун том, ноцтой лобби орсон шүү. Бие даагч бидэнд ч гэсэн лобби хийж буй нөхдүүд санал тавьж байсан” хэмээн ярьж байна.

500 сая төгрөг гэдэг их мөнгө, цаг улам муудвал атгаж үзэхийг үгүйсгэхгүй боловч тэгж муу ёрлохыг хэн хүсэх билээ. 500 сая төгрөг гэдэг өнөөгийн ам долларын ханшаар бол 250 000 доллар хавьцаа болж байна. Ийм мөнгөө эх орноо, элэг нэгтнүүдийнхээ итгэл сэтгэлийг тэд худалдаж байна. Монголчууд ийм хямдхан юм гэж үү,

Тиймээс л би энэ эрх мэдэлтнүүдийг хардаад байгаа юм. Тэд өөрсдийн тавьсан өр зээлээ төлөхийн тулд юу ч хийхээс буцахаа байлаа хэмээн сэжиглэж байна. Эд нар ингэтлээ улаан цагаандаа гарахыг бодоход тэдний тавьсан өр шир, зээл төлбөрийн хэмжээ тэдний ухаан санаанд үнэхээр дийлдэхгүй болоод байгаа бололтой.

Өнгөрсөн жил Тажикстан улс Хятад улсаас авсан өр, зээлэндээ баригдаж өөрийн нутаг дэвсгэрээсээ 1,5 мянган хавтгай дөрвөлжин километрыг таслаж өгчээ. Одоо тэр нутагт нь Хятадын цэргүүд орж ирээд хяналтаа тогтоож, өргөст тор татан өөрийн дэг жаягийг тулгаж байгаа тухай олон улсын хэвлэл мэдээлэл бичиж байна.

Бид ч гэсэн ялгаагүй өмнөх нийгмийн үед ЗХУ-д газар нутгаасаа тасдаж өгсөн тохиолдол гарч байсан. БНМАУ-ын төрийг 44 жил толгойлсон Юмжаагийн Цэдэнбалын эхээс төрсөн бууц нь нэг л мэдэхэд хилийн цаана гарчихсан байсан тухай нутгийн өвөгцүүл гайхан ярьцгааж байсан гэдэг. Үнэндээ энд ганц нэг бууц, өвөлжөө бус бүхэл бүтэн уул ус, газар нутаг орсон байдаг юм.

Харин ардчилсан хувьсгал ялж шинэ үндсэн хуулиа баталснаар Монгол улсын хил, хилийн зурваст “нэг мэдэхэд” гэх ойлголт байхгүй болсон ба байх ч ёсгүй гэдгийг баталгаажуулсан юм.

Гэвч манай улс Тажикстаны араас орохгүй гэсэн баталгааг энэ эрх мэдэлтнүүд өгөхгүй байна. Монгол улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтын 51 хувийг ганцхан өмнөд хөршийн санхүүжилтээс авчээ. Үүнийг Германы нэгэн нэр хүндтэй эдийн засагч Ханс Вернер Зинн: Монгол Улс маш богино хугацаанд буюу хоёрхон жилд 2.2 тэрбум ам.долларын их өр үүсгэж, тансаг хэрэглээгээ өсгөж байгаа нь буруу замналаар будаа тээж, эдийн засгаа нураасан улс шиг харагдаж байна. Танай улс ихээхэн хэмжээний өр зээл авч өрийн дарамтанд орвол тусгаар тогтнолд чинь аюул үүснэ. Учир нь та нар олон улсын банк, санхүүгийн байгууллага, олон эх сурвалжийн зах зээлээс биш зөвхөн нэг улсад ингэж их өр, зээл тавих нь тус улсаасаа хараат болно гэсэн үг шүү” хэмээн анхааруулсан байна.

Тэгвэл өнөөдөр манай хууль тогтоогчид, төр засийнхан, эрх мэдэлтнүүд яг юу хийгээд байна вэ. Энэ асуултынхаа хариуг олохоор олны танил нэгэн эх сурвалжтай уулзаж ярилцав. Эх сурвалж: -“Саяхан газрын тухай хууль батлах гэж бөөн юм боллоо. Газар эзэмших, өмчлөхтэй холбоотой асуудал энд хөндөгдсөн. Яг үнэндээ бол манай эрх мэдэлтнүүд газраа зарах гээд байгаа байхгүй юу. Энэ бол өөрсдийн тавьсан өр, зээлээ төлөх гэсэн тэдний аргаа барсан арга, бодож олсон ганц гарц нь энэ. Үүнийг нь цаад лобби хийж буй этгээдүүд нь өөгшүүлж тэднээр дамжуулан хийлгэж байгаа нь энэ.

Манай ард түмэн хичнээн тэнэг гэж хэлүүлж байсан ч газар нутгаасаа хэзээ ч, хэнд ч өгдөггүй, энэ талаар бодож ч зүрхэлдэггүй ард түмэн байхгүй юу. Харин манай ихэс дээдэс, эрхтэн дархтанууд бол өөр. Тэд хувийн ашиг сонирхол, сувдаг шунахай зангаасаа болж юу эсийг хийж ирлээ дээ.

Цаана нь та бидэнд өвөг дээдсээс маань өвлөгдөж ирсэн энэ онгон байгаль, газар нутагт маань өнө эртнээс өнгөлзөж ирсэн нөхдүүд дээрхи хуулийг батлуулж газар нутгийг минь эзэмших, цаашлаад бүр өмчлөж ч болох хууль, эрх зүйн боломжтой болчих гээд байсан юм.

Хэлж тэмцсээр байгаад тэр хуулийн заалтыг өөрчлүүлж чадсан. Гэтэл одоо яаж байна. Өнөө айхтар заалт чинь ашигт малтмалын хуулинд зүсээ өөрчлөөд, нүүрээ хувиргаад ороод ирсэн байна. Аймаар байгаа биз” хэмээн халаглаж байна.

Өнөөдрийн ашигт малтмалын хуулиар бол аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт явагдана. Энэ сонгон шалгаруулалт дотор хайгуулын болон ашиглалтын нэгж талбайг га талбайгаар үнэлж төлбөрөө хийхээр заажээ.

Тэрээр цааш нь: -“Эрдэс баялгийг эрж хайж, хайгуул хийж, нөөцийг тогтооход газар нутаг зай талбайг хэмждэг хэмжээсийн нэгж га талбай энд юу хийж явна вэ. Уг нь уул уурхайд эрдэс баялгийн ордыг нөөцөөр нь үнэлдэг, хэмждэг. Үүнийг тэд мэдэхгүй байна гэж байхгүй. Тэгэхээр дээдсүүд маань ямар ч аргаар хамаагүй хөрөнгө мөнгөтэй гадныханд газар нутгаасаа өгөх тастаж өгөх гээд байгааг энэ бүхнээс харж болно” хэмээн сануулж байна.

Энэ чинь нээрээ юу болж байна вэ. УИХ-д суугаа ганц хоёр шударга гишүүн хуулийг өөрт ашигтай байдлаар, хувийн ашиг сонирхолд нийцүүлэн батлан гаргадаг тухай яриад байсан нь ортойгоос гадна үнэн болж байна шүү дээ.

УИХ-ын дарга маань хүртэл ангийхаа гишүүдийг: -“Та нар ер нь ямар нэгэн хуулийн төслийг оруулж ирээд хэлэлцэж батлахдаа хувийн болон бусдын, хэн нэгний ашиг сонирхлыг илүүтэй хамагаалаад байх юм гэж хэд хэдэн удаа анхааруулж байсныг санах ёстой.

Би хардаж байна. Хардах нь битгий хэл, өнөөгийн ээн эрх мэдэлтнүүдийг бүр сэжиглэж байна. Эд нар эдийн засаг муудлаа гэх далимаар эх орон, газар шороогоо бусдад худалдах гээд байна гэж хардаж, сэжиглэж байна.

Г.Чугаа

Эх сурвалж: www.TODAY.mn
Өнөөдрийн өрнийн зурхай.
Өнөөдрийн өрнийн зурхай.
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.