Ерөнхийлөгчийн ээлжит улс төр нь ирэх оны төсөв болов уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 40 секунд
Ерөнхийлөгчийн ээлжит улс төр нь ирэх оны төсөв болов уу?

Ерөнхийлөгчийн ээлжит улс төр нь ирэх оны төсөв болов уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны улсын төсөвт ээлжит хоригоо тавилаа. Энэ нь түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш улсын төсөвт тавьж буй тав дахь удаагийн хориг юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ дөрвөн жилд улсын төсөвт жил алгасалгүй хориг тавиад байна. Мэдээж, түүний тавьсан хориг төсвөөр тогтохгүй олон бий. Тухайлбал, Татварын багц хууль, Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан УИХ-ын тогтоол, Захиргааны хуульд хориг тавьсан гээд гарын арван хуруунаас давсан тоо бий. Үүнээс гадна тэрбээр гурван жилийн өмнө УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг эсэргүүцэн, хориглож байв. Тиймээс ч “Ерөнхийлөгчийн гаргууд сайн хийдэг ганц ажил нь хориг тавих” гэх онигоо ч гараад амжсан. Үнэхээр ч тэрбээр хийх ажилгүй гэлтэй УИХ-ын баталсан хууль, тогтоомжид тооцоо судалгаагүй хориг тавьсаар өдийг хүрчээ. Энэ тухайд ганцхан тоо, баримт дурдахад Х.Баттулга 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болсноос хойш 13 дахь удаагийн хоригоо энэ сарын 24-нд тавилаа. УИХ цар тахлын хүнд хэцүү энэ үед ирэх оны төсвийг хуулийн хугацаандаа багтаан баталсан. Ингэхдээ шаардлагатай гэж үзвэл тодотгол хийхээр ч тохирсон. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч “уламжлалаа” орхисонгүй. 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байна. Энэ удаад Ерөнхийлөгчийн тавьсан хориг товчхон бөгөөд ерөнхийдөө гурван асуудалд чиглэснээс гол нь ирэх оны улсын төсвийг цаг үеийн шаардлагад нийцээгүй, хэт үрэлгэн байна гэж үзжээ.

“СOVID-19”-ийн эсрэг вакциныг худалдаж авахад шаардлагатай хөрөнгийг тусгаагүй нь дэндүү хариуцлагагүй үйлдэл хэмээн үзэж хориг тавьсан байна. Түүнчлэн өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, нэн даруй хэрэгжүүлэхийг УИХ-ын гишүүдээс шаарджээ. Энэ товчхон бөгөөд тодорхой шаардлагыг харахад ердөө л Ерөнхийлөгчийн ээлжит нэгэн улс төр гэдэг нь харагдаж байна. Гэхдээ төрийн тэргүүний энэхүү шаардлагууд зайлшгүй үндэслэлтэй байв уу эсвэл улс төр үү гэдгийг парламент шийдэх учиртай. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг шийдэхдээ олон талаас нь ул суурьтай хэлэлцдэг. Үүнд мэргэжлийн байгууллагынхан төдийгүй хуульчид ч оролцдог билээ. Хэрэв хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь хүлээж авахгүй бол 2021 оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр хэвээр үлддэг учиртай. Ямартай ч хуулиараа Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногт багтаан хэлэлцэх ёстой юм.

 

БАС Л ЗӨРЧИЛТЭЙ ХОРИГ

 

Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь, 2018 оны төсөвт хэсэгчлэн, 2019 оны төсөвт бүхэлд нь, 2020 оны төсөвт хэсэгчлэн хориг тавьсан бол ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьснаар ийнхүү тав дахь удаагийнх боллоо. Гэвч түүний тавьсан хориг бүр алдаа, зөрчилтэй байна гэсэн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Тэгвэл энэ удаагийн улсын төсөвт тавьсан хориг ч алдаа, зөрчилтэй байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсаараа дамжуулан илэрхийлээд байна.

 

 

 

 

Тэрбээр “Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаа, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг, Бүхэлд нь хориг тавьж байна гэчихээд Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа. Арай ч дээ” гэжээ. Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч УИХ-аас гаргасан шийдвэрүүдэд хориг тавьж, зарим тохиолдолд Тамгын газрын ажилтнууд нь үндэслэлээ буруу тайлбарлаж, эрх баригчдын элэг доог болж байсан саяхны жишээ бий. Тэгвэл ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавихдаа Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд хамтад нь тавиагүй нь зөрчилтэй болохыг Сангийн сайд хэлж байна.

 

ТӨСВИЙН ХОРИГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШАНТААЖ УУ

Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрд нэг сая төгрөг олгох саналыг Засгийн газар дэмжээгүй. Тиймээс 2021 оны төсөвт хориг тавьж шантааж хийж байна гэх яриа ч мэр сэр дуулдаж эхэллээ. Учир нь, Ерөнхийлөгч ирэх оны төсөвт тавьсан хоригтоо дээрх саналаа дахин тусган оруулжээ. Тэрбээр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжпэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэхийг шаардсан байна. Ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр олгож, 800 мянгыг нь зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг буюу ваучерээр олгох хэрэгтэй гэж үзжээ. Үүнийг олон нийт мэдээж дэмжинэ. Уг нь цар тахлын нөлөөллөөр дэлхий нийтээрээ эдийн засгийн өсөлт буурсан энэ үед улс орны мөнгө, санхүүгийн байдал хүнд байгааг хамгийн сайн мэдэх хүний нэг нь Ерөнхийлөгч. Гэтэл хөл хорионы хатуу дэглэмтэй энэ цаг үеийг тааруулж, ард түмэнд хамгийн их таалагдах сэдэв болох өрх бүрд мөнгө тараах асуудлыг барьж авсан нь улс төр хийж байна гэж харахаас өөр аргагүйд хүргэлээ. Магадгүй, ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн далд пиар байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн тавьсан хоригт төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан Эрсдэлийн сан байгуулах, мөн төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, мөн үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах талаар тусгасан байна. Үүний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч, тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийг шаардсан. Энэ нь Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажпыг үгүйсгэж байгаагаас ялгаагүй харагдаж байна.

 

Энэ оны эхний зургаан сарын байдлаар төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр буурч, төсвийн тодотголоор төсвийн орлогыг 2.2 их наядаар, зарлагыг 70.5 тэрбумаар багасгасан. Гэсэн хэдий ч цар тахлын энэ үед Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг барьсаар ирсэн. Тухайлбал, халамж зайлшгүй шаардлагатай иргэдийн халамжийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгож байгаа билээ. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ орлогыг хадгалах, амьдрал ахуйг нь дэмжих арга хэмжээг цаг алдалгүй авсаар ирсэн гэж хэлж болно.

 

 

 

 

Мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, хил гаалийн татварыг хөнгөвчлөх, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах замаар аж ахуйн нэгжүүдээ дэмжсээр ирсэн. Хатуу хөл хорио тогтоосон ийм үед дээрх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ чамгүй олон хөтөлбөрийг нэмж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газар дотоодод алдсан цар тахлыг тархаахгүй, нэг ч иргэний амь насыг үрэгдүүлэхгүй байх, хөл хориог чангатгах тусам унах эдийн засгаа барьж тогтоохын тулд толгой өндийх завгүй ажиллаж буй энэ үеийг Ерөнхийлөгч Х.Баттулга овжин ашиглаж, улс төр хийж байгаа нь харамсалтай.

 

ХУВИЙН ХАНДЛАГА УУ, УЛСЫН ЭРХ АШИГ УУ

У.Хүрэлсүх 2017 онд анх Ерөнхий сайд болохдоо кабмнетаа бүрдүүлж, УИХ-аар томилуулахад Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Энэ нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд хамаарах асуудал байв. Ер нь Ерөнхийлөгчийн тавьсан 13 хоригийн зургаа нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хаяглагдсан байна. Үүнээс үүдэн Ерөнхийлөгчийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай таагүй харилцаатай бөгөөд хувийн хандлагаар ханддаг гэх бодлыг олон нийт тээж ирсэн. Үүний илрэл нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын оруулж ирж батлуулсан жил бүрийн улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж байгаагаас харагдана. Тиймээс цар тахлын энэ үед ирэх оны төсөвт хориг тавьсан нь улс төр биш юм аа гэхэд хувийн сонирхлоор хандсан хориг байж болох юм гэдэг нэг гаргалгаа байна. Уг нь бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын тэргүүний хувьд хувийн хандлагаа хойш тавьж, улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй болов уу.

 

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Архангайн аймгийн удирдлагууд ”ТАНХАЙРЧЭЭ”
Архангайн аймгийн удирдлагууд ”ТАНХАЙРЧЭЭ”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.