Алдуурсан үнэн, адлагдсан C.Баярцогт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 6 секунд
Алдуурсан үнэн, адлагдсан C.Баярцогт

Алдуурсан үнэн, адлагдсан C.Баярцогт

148988-27102014-1414393632-1220680436-bayartsogt-(1)

Нэгэн мэдээ. Буурал тивийн будант Альбион дахь Олон улсын харилцааны Рояль институтэд өнгөрсөн сарын 25-нд хөрөнгө оруулагч нарын уулзалт боллоо. “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш энэ уулзалтад оролож үг хэлсэн нь бидний хувьд хамгийн сонирхох сэдэв. 

Оюутолгойн төсөл зогсонги байдалтай байгаа энэ үед, “Рио Тинто”-гийн хувьцааг Гленкор худалдан авах санал тавьчихсан байгаа энэ үед Сэм Уолшийн хэлж байгаа үг бүхэн анхаарал татах нь зүйн хэрэг. Энэ удаа тэрээр, “Хувьцаа эзэмшигчдийн хувьд ямар ч ашиггүй, үнэ цэнгүй алхам болохоор “Рио Тинто” компани Гленкортой нэгдэхгүй, тийм боломж ч байхгүй (no chance of a Glancore merger).Өмнө нь 2008 онд “BHP Billiton”-ы саналд татгалзсан нь зөв алхам болсон” хэмээн энэ удаагийн шийдвэрээ адилтгасан байна. Энэ хоёр нэгдсэнээр 160 гаруй тэрбум долларын үнэлгээтэй уул уурхай, түүхий эдийн худалдааны хамгийн том компани болох байсан ч өнгөрсөн наймдугаар сард “Рио Тинто” нь Гленкорын саналаас татгалзсан. Дахин санал тавих асуудлыг Гленкор үгүйсгээгүй ч “Рио Тинто” ийн үгүйсгэлээ. Их Британийн хуулиар Гленкорын хувьд ирэх дөрөвдүгээр сард дахин санал тавих боломж нээлттэй юм байна.

Бас нэгэн мэдээ. Төрийн ордны В Танхимд УИХ-ын дөрвөн гишүүн өчигдөр хэвлэлийн хурал зарлалаа. Г.Уянга, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын эгнэж сууж байгаад хийсэн хэвлэлийн хурал нь Битүүний өдөр хуралдсан УИХ-ын чуулганаар хэлэлцсэн зарим асуудлыг хууль бус хэмээжээ.

Бүр тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах эсэхийг хэлэлцсэн хуралдааны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдлээ: Огцруулах санал гаргасан гишүүд нь байхгүй үед, цагаан сарын бөхийн барилдааны тавын даваа эхэлсэн хойно хэлэлцсэн учир санал хураалт хууль бус гэнэ. (Үнэндээ бол бөхийн барилдааны тавын даваа эхэлсэн хойно хууль батлахыг хориглоно гэсэн заалт ямар ч хуульд байдаггүй юм билээ). Хууль бус учраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг огцруулах саналаа дахин тавих ажээ!

УИХ-ын таван гишүүн С.Баярцогт сайдыг огцруулах бичиг өргөн барьсан үндэслэлдээ “С.Баярцогт сайд “Эрдэнэс Оюутолгой″ төрийн өмчит компанид хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter law farm” нэртэй, гэр бүлийн хоёр хүнээс бүрддэг компанид 17.5 тэрбум төгрөг олгох санхүүжилтийг төсвийн тодотголоор тусгуулсан. Үүний 455 сая төгрөгийг 2014 онд шилжүүлсэн, Энэ үйлдэл нь татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгийг              шамшигдуулан, зориулалтын бус зүйлд хууль бусаар зарцуулах үндэслэл болсон байна” гэсэн байдаг юм. Албан ёсоор УИХ-ын даргад өргөн барьсан үндэслэл бол ийм.

Харин албан бус пиард АНУ-ын “Painter law farm” нь “Рио Тинто”-г “Гленкор”-т нэгтгэхэд зуучлагч компани, С.Баярцогт Оюутолгойг хятадуудад зарах гэлээ гэсэн “цэнхэр шувуу” байсан юм. Зориуд хэлэхэд “бор шувуу нисгэх” гэдэг хэлц одоо бараг л мартагдсан үг болж байгаа бөгөөд үүний оронд твиттэрийн “цэнхэр шувуу”-г ашиглах болсон гэхэд болно. Тэдний энэхүү пиарыг зуусан “цэнхэр шувууд” сошиалаар мөн ч их нисэцгээсэн дээ. Гэсэн ч “Painter law farm”-ын явдалнь С.Баярцогтыг ‘” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болохоос ч өмнөх явдал бөгөөд хуулийн фирмийн эзэд нь төрийн тэргүүний шадар хүрээлэлтэй нягт холбоотой болоод үнэнд гүйцэгдсэн. Тэгээд ч өнгөрсөн хоёр жилийн турш улсын төсөв, Хөгжлийн банкны төсөв гэсэн хоёр төсөвтэй байсныг шийдлийн Засгийн газар нэгтгэх үеэр гаргасан “гарын үсэгний явдал” нь С.Баярцогтоос бүүр өмнөх шинэчлэлийн Засгийн газрын үед шийдэгдчихсэн байсныг цагаан сарын бөхийг биш, чуулганы хуралдааныг зурагтаар харж байсан хэн бүхэнд ойлгогдохоор  болсон.

УИХ-д оруулж байгаа бүх тогтоолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол Улсын сайд гарын
үсэг зурдаг гэдэг нь харин хууль, журамд байдаг юм билээ, Харин “Рйо Тинтой″-г “Гленкор”-т нэгтгэхэд С.Баярцогт зуучлагч нь гэсэн пиар Англид болсон уулзалтын үеэр Сэм Уолшийн хэлснээр няцаагдлаа. Ийм байтал эргээд л С.Баярцогтыг адлаад эхэлжээ. Хаврын популизм, хаврын синдром уг нь өөр зүйлээр эхэлчихсэн. Үргэлжлүүлэх хэрэг УИХ-ын гишүүдэд байсан ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Үргэлжлүүлэхээ нэгэнт зарлачихсан тэдэнд үндэслэлдээ бичих зүйл олдох болов уу! Дашрамд сонирхуулахад, нийтлэлч Баабар, Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Ц.Ганбат, улс төр судлаач О.Чулуунбилэг нарын оролцох “Улс төр ба популизм” гэдэг хэлэлцүүлэг өнөөдөр Иргэний танхимд болох юм билээ. Энэ хэлэлцүүлгийг хүссэн хүн бүхэн сонсох боломжтой бөгөөд УИХ-ын гишүүд ч энд хамаарна.
С.ОНОНТУУЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Эх сурвалж: www.undesniishuudan.mn

74-р сургууль шатсан учраас нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа
74-р сургууль шатсан учраас нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.