Монголд үйл ажиллагаа явуулж буй Саусгоби сэндс компанийн хуучин удирдлагуудыг татвараас их хэмжээний мөнгө бултуулсан гэх үндэслэлээр саяхан шүүн тасалж ял оноосон билээ. Энэ талаар АНУ-аас манай шүүхийг үндэслэлгүй шийдвэр гаргалаа хэмээн буруутгасан өнгө аястай бичиг илгээсэн нь олны гайхлыг төрүүлж буй. Урьд нь “Саусгоби сэндс”-ийнхэн мөн НҮБ-ын Хүний эрхийн хороонд гомдол мэдүүлж байсан юм. Хариуд нь прокурорын байгууллагаас “Бид хууль ёсоор мөрдөн шалгаж байна” гэсэн байлаа. Тэгвэл одоо “Саусгоби сэндс”-ийн хуучин удирдлага буюу Жастин Капла, Хиларион Кажуком, Кристобал Дэвид нарыг шүүн тасалсан нь олон улсын хэмжээнд хүрч яригдах болж байна. Тэдэнд шүүх чанга дэглэмтэй хорих ангид 5 жил 6 сараас 5 жил 10 сар хүртэл хугацаагаар хорих ял оноосон юм. Харин “Саусгоби сэндс”-ийн зүгээс үүнийг нь “Монголын шүүхийн харгис шийдвэр” гэсэн байна. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл мөн гайхаж буйгаа илэрийлсэн юм. Тэгвэл хотын захирагч Э.Бат-Үүл ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хоригдож байгаа “Саусгоби сэндс”-ийн дээрх хоригдлуудыг өөрийн биеэр эргэж очжээ. Тэрбээр энэ тухай “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Хэрвээ шүүх хурал хүний эрхийг дээдэлж, хуулиа баримтлалгүйгээр гэнэдүүлэн ял оноож хилсдүүлсэн бол Америкийн талаас гаргаж байгаа эсэргүүцэл зүй ёсных байж таарна” гэжээ. Түүнийг хорих 461 дүгээр ангид очиход тэдгээр гадаадын иргэд сэтгэл санааны нэлээд хямралд орсон байдалтай байсан гэж байна. Зарим эх сурвалжууд тэдний хэргийг иргэний шүүхээр шийдэх боломжтой байсан гэж буй ажээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn