Дорж Батмөнхүев: Хээрийн сургуулилт бус дайнд явж буйгаа би анхнаасаа мэдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 49 секунд
Дорж Батмөнхүев: Хээрийн сургуулилт бус дайнд явж буйгаа би анхнаасаа мэдсэн

Дорж Батмөнхүев: Хээрийн сургуулилт бус дайнд явж буйгаа би анхнаасаа мэдсэн

Украинд байлдаж яваад өнгөрсөн сарын 19-нд шархадсан Буриадын Улаан-Үд дэх тавдугаар тусгай танкийн бригадын 20 настай байлдагч Дорж Батмөнхүев Донецкийн клиникийн төв эмнэлэгт хэвтэж байгаа аж. Эрүүл газаргүй болтол түлэгдсэн нүүр, гарыг нь бүхэлд нь боожээ. Түүний чих ч түлэгдэн хатаж хорчийсон аж. Дорж Батмөнхүевтэй “Новая газета” сонины сурвалжлагч уулзаж ярилцжээ.

-Та хэзээ ингэтлээ шархдав?

-Хоёрдугаар сарын 19-ний орой манай танк дэлбэрсэн. Билгийн тооллоор тэр өдөр уг нь шинэ жилийн эхний өдөр, шинийн нэгэн байсан юм. Миний хувьд шинэ жил ч тааруухан эхэллээ дээ. /Инээмсэглэхийг оролдоход уруулнаас нь цус гарна/ Өчигдөр хуурайшсан нүүрийг минь боолоо. Замдаа тэсэхгүй байх гээд хагалгаа хараахан хийхгүй байна. Хуруугаа хөдөлгөхөд л цус гарах юм. Орос руу хурдхан буцна гэдэгт найдаж байна.

-Тэр өдөр яг юу болсон бэ?

-Танкийн тулалдаан болж байлаа. Би дайсны эхний танкийг онож буудахад дэлбэрснийг нь харсан. Дараагийн танкийг ч онож буудсан юм. Гэвч тэр танкийн хамгаалалт сайн байсан тул эргэлт хийгээд модон дунд ороод нуугдаж амжсан л даа. Тэгээд биднийг байрлалаа өөрчлөх гээд хөдөлж байхад манай танк руу буудлаа. Аймшигтай чанга чимээ гарч, хэдхэн агшны дараа нүдээ нээхэд эргэн тойронд бөөн гал. Дээрх тагны үүдээ онгойлгох гэтэл гацчихаж. Ингээд л үхэх нь дээ гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирж билээ. Хорин насандаа ингээд амьдрал дуусаа юу гээд л. Тэгээд хөл, гараа хөдөлгөж үзлээ. Хөдөлж байгаа юм чинь амьд байна, амьд байгаа юм чинь танкнаас яаж ийгээд гарах ёстой гэж бодсон.

-Тэгээд?

-Тэгээд үүдээ дахин нэг татаж үзэхэд аз болж онгойсон. Танкнаасаа гарангуутаа газар унаж галыг унтраах гэж өнхөрч эхэлсэн дээ. Ойролцоо цас харагдахад тийш тэмүүлэн хөлбөрлөө. Нүүр маань малгайтай хамт шатаж буйг мэдрэв. Малгайгаа тайлж хаяхад гарны бүх арьс хуулрахыг мэдэрсэн. Гарныхаа галыг унтраагаад ахиухан цастай газар руу мөлхөхөд “БМП” хуягт ирж, жолооч нь гарч ирээд, “Анд минь алив наашаагаа” гэж дуудах сонсогдсон. Тэр улаан гал унтраагч барьсан байлаа. Тэгээд намайг хөөсөөр шүршээд дээр минь хэвтэж сая нэг галыг унтраасан юм.

Явган цэргийн салааны даргань надад промедол тарьснаа шууд “БМП”-д чирч оруулсан. Тулалдааны талбараас тэд байлдсаар байгаад гарсан. Дараа нь намайг танканд суулгаад нэг тосгонд орж ирлээ. Тэр тосгонд нэг хүн надтай нэг юмны тухай ярьсаар, ухаан алдуулахгүйн тулд байн байн булчин руу промедол тарьсаар Горловка руу явсан. Горловкад намайг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн санагдаж байна. Маргааш өглөө нь намайг ийшээ, Донецкт авчирсан юм билээ. Энд би 20-ны өдөр ухаан орсон доо.

-Та яаж яваад энд ирэв ээ?

-Би анх Читад хугацаат цэргийн албанд татагдсан юм. Тэгээд Улан-Үд рүү шилжээд өнгөрсөн оны зургадугаар сард гэрээт албан хаагчаар үлдэх хүсэлтээ гаргасан. Улаан-Үдэд би хоёрдугаар суманд хуваарилагдлаа. Цэргийн ямар ч хэсэгт дайны үед хоёрдугаар суман хамгийн түрүүнд тулалдаанд ордог л доо.

Өнгөрсөн аравдугаар сараас Хиагтаас хүртэл гэрээт албан хаагчдыг татаж дан гэрээт цэргүүдээс бүрдсэн суман байгуулаад галт тэргээр Ростов руу илгээсэн. Ингэж бид танкийн тусгай тавдугаар бригад болсон юм.

-Та нарт хээрийн сургуульд явж байна гэж хэлсэн үү?

-Тэгсэн. Гэхдээ бид бүгд дайнд явж буйгаа мэдэж байсан. Би Украин руу орно гэдэгт сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байлаа. Улаа-Үдэд байхдаа л танкуудын дугаар, таних тэмдгүүдийг арилгасан, харин хувцасны погон, бусад таних тэмдгүүдийг энд, полигонд ирэхдээ авсан. Паспортоо цэргийн ангид, харин цэргийн батлахаа полигон дээр хураалгасан юм.

Хашир цэргүүд замд ярихдаа, дарга нарыг сонссоны хэрэггүй, бид украинуудыг бут ниргэхээр яваа гэж байв. Ер нь манай зүүн зүгээс ийшээ галт тэргийн олон цуваа ирсэн шүү. Бүгд л замдаа манай казармд хоноглодог байсан. Яг бидний өмнө Хабаровскийн тусгай албаныхан хөдөлсөн. Бид тав дахь цуваа болж аравдугаар сарын 25-нд замд гарсан юм.

Улаан-Үдээс Матвеев Курган хүртэл 10 хоног явахдаа олон хотоор дайрсан шүү. Украин руу дөхөх тусам улам их хүн биднийг талархан угтаж, гараараа даллаж аюулаас хамгаалан загалмайлдаг байлаа. Гэтэл бидний дийлэнх бурхан шашинтай буриадууд шүү дээ. /Инээхэд нь дахин цус гарав/. Энд Украинд ч гэсэн хүүхэд хөгшидгүй биднийг загалмайлж, эмэгтэйчүүд нь уйлдаг байлаа.

-Ямар полигонд ирсэн бэ?

-Кузьмины полигонд. Бидний дараа тэнд Москвагийн ойролцоогоос Кантемировын бригад ирж байсан. Ганц танкийн салаа, десантчидтай, байлдааны тийм ч сүрхий хүч биш. Харин манай танкийн суман 31 танктай, байлдааны томоохон даалгавар хийх боломжтой байсан л даа.

-Та энд ирэхээс татгалзаж болох байсан уу?

-Мэдээж болох байсан. Ийшээ хэнийг ч хүчээр авчраагүй. Улаан-Үдэд байхад л олон байлдагч явахаас татгалзаад үлдсэн. Энд ирээд ч буцсан нь бий.

-Полигонд ирсний дараа юу болсон талаар яриач?

-Бэлтгэл сургуулилт хийгээд нэг, хоёр, бүр гурван сар болдог юм байна. Үнэхээр л сургуулилт хийхээр л ирж дээ гэсэн бодол төрсөн. Хил дээр манай анги нэгтгэлүүд байгаа шүү гэдгийг харуулан Украинд сэтгэлзүйн дайралт хийхэд ашиглажээ гэмээр. Бидний халаа ч ирэв. Манай улс төрийн орлогч нэг өдөр удахгүй галт тэрэг ирнэ, танкаа ачаад механик, жолооч нар галт тэргээр, дарга, буучид онгоцоор Ростовоос Улаан-Үд рүү ниснэ гэсэн.

-Тэгсэн чинь?

-Тэгсэн чинь хоёрдугаар сарын 8-нд манай бүлгийн ахмад ирээд шууд л нэгдүгээр бэлэн байдал зарласан. Полигоноос гарах болоход гар утас, баримт бичгүүдийг үлдээхийг тушаасан. Кузьминскээс Оросын хил рүү хөдөлсөн. Тэнд очоод дохио өгөнгүүт маршаар Украин руу нэвтэрсэн дээ.

-Донецкийг зорьж буйгаа хэзээ мэдсэн бэ?

-Хотын захад Донецк гэсэн хаяг байхыг хараад л мэдсэн. Шөнө дөлөөр орсон юм. Донецкт нэгэн нуувчинд очиход биднийг хооллоод байрлуулсан.

-Та бүхэнд хэдий хугацаагаар ирсэн талаар хэлсэн үү?

-Үгүй. Гэхдээ биднийг энэ дайнд сайтар бэлдсэнийг л мэдэж байсан.

-Донецкт хэдүүлээ ирэв?

-Манай сумангийн 31 танк салаа салаагаараа ирсэн. Салаа бүр арван танк, гурван “БМП” хуягт, эмнэлгийн машин, сум зөөвөрлөгч таван “Урал” ачааны машинтай. Манай суман нийт 120 хүний бие бүрэлдхүүнтэй. Дээрээс нь мэдээж явган цэрэг нэмэгдэнэ. Тэгэхээр 300 хүн гэсэн үг. Бид бүгд Улаан-Үдээс л дээ, ихэнх нь буриадууд. Нутгийнхан биднийг та нар ийшээ тэр холоос ирдэг зоримог юм аа л гэнэ. Бид чинь Буддын шашинтнууд, бурхан, хойд урд амьдрал, дахин төрөлтөд итгэдэг хүмүүс. Үхлээ гэхэд дахин заавал мэндэлнэ гэдэгт итгэдэг юм.

-Та нарт Дебальцевогийн бүслэлтийг хааж байгааг газар дээр нь тайлбарласан уу?

-Үгүй. Та нарын байрлал энэ, тэндээс зүглэх хэнийг ч, юуг ч галлаж устга гэсэн. Бид байрлал дээрээ “дугуй эргүүлж тоглож” байлаа. Танкаар буудлага үйлдэх нэгэн тактикийн аргыг ингэж нэрлэдэг юм. Гурав дөрвөн танк гал нээх байрлал руу урагшилж сумаа дуусангуут буцаж сум авахаар ухрахад дараагийн ээлж тэднийг солин байрлал руу очиж гал нээнэ гэсэн үг.

-Та нараас амь үрэгдсэн хүн бий юу?

-Үгүй. Сумангийн даргаас эхсүүлээд харин бишгүй хүн шархдсан. Минаковын нэг хөл бүр гуяараа тасарсан.

-Та нар бүслэлтийг зохион байгуулахад нэлээд үүрэг гүйцэтгэжээ?

-Бүслэлтийг тойруулан бүгдийг л байрлуулсан даа. Бид ажиглалт тасралтгүй хийгээд явганаар, “Урал” ачааны машин, “БМП” хуягт, танк зэргээр бүслэлт сэтлэх бүрийд шууд устгах тушаалтай байсан. Тушаалаа л гүйцэтгэсэн.

-Энгийн иргэдтэй ямар харилцаатай байв?

-Удирдлага энгийн иргэдтэй холбоо тогтоохгүй байхыг тушаасан. Биднийг Макеевкад ороход иргэдийнх нь 70 гаруй хувь нь Украины талд буйг анхааруулж ч байлаа.

-Иргэдийн 70 хувь нь Украины талд байхад та нар энд юуны төлөө байлдаж байна вэ гэж эргэлзсэн удаа бий юу?

-Байлгүй яахав. Гэхдээ нэг тосгоны 70 хувь гэдэг чухал уу, нийт Донецк тусгаар тогтнохыг хүсч байгаа нь чухал уу гээд л үүргээ гүйцэтгэж явсан даа.

Б.БАРС

Эх сурвалж: www.polit.mn

“МОНОС”-ЫН БЭЛЭГ, МОНГОЛЧУУДЫН УВАЙГҮЙТЭЛ
“МОНОС”-ЫН БЭЛЭГ, МОНГОЛЧУУДЫН УВАЙГҮЙТЭЛ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.