Я.Содбаатар: Монгол Улсын Ерөнхийлөгч ойн болон усан санг хамгаалахад манлайлал үзүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 18 секунд
Я.Содбаатар: Монгол Улсын Ерөнхийлөгч ойн болон усан санг хамгаалахад манлайлал үзүүлж байна

Я.Содбаатар: Монгол Улсын Ерөнхийлөгч ойн болон усан санг хамгаалахад манлайлал үзүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай ярилцлаа.

- Ус, мод хоёр байгальд харилцан шүтэлцээтэй оршдог. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд, түүнчлэн цэвэр усаа хамгаалах дэлхий нийтийн уриалгад нэгдэж Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эхлүүллээ гэж ойлгож байна. Сая болсон үндэсний чуулганаар ямар зорилт дэвшүүлэв?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар, түүний ивээл дор зохион байгуулсан Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганд усны чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэд, судалгааны байгууллагууд, мөн орон нутгийн төр, захиргааны байгууллагын төлөөлөл болон иргэд, Хөвсгөл нуур далай ээжээ хамгаалах иргэний хөдөлгөөнийхөн, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох бусад яамдын төлөөлөл оролцлоо. Хөвсгөл нуурыг хэрхэн хамгаалах вэ, ямар асуудал тулгамдаж байна, хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн сэдвэр хоёр өдөр хэлэлцүүлэг хийсэн.

Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн түвшинд анхаарал хандуулж, өмнө нь хэд хэдэн арга хэмжээг авч байсан. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2019 оны 332 дугаар тогтоолоор Хөвсгөл нуур орчмын эко аялал, жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг баталж байв. 2020 онд Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах чиглэлд Ажлын хэсэг байгуулагдаж тодорхой ажлууд хийж байна.

Хөвсгөл нуур бол Монгол Улсын цэнгэг усны 74 хувь, дэлхийн цэнгэг усны 04 хувийг хангадаг. Дэлхийн хамгийн гүн, цэнгэг устай нуурт тооцогддог. Мөн дэлхийн цэнгэг усны хамгийн том эх үүсвэр болсон Байгал далайг тэтгэдэг. Тэгэхээр Хөвсгөл нуур, түүний эко системийг хайрлан хамгаалах нь зөвхөн монголчуудын төдийгүй дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгамдсан том асуудал юм.

Энэ үүднээс төрийн анхаарлын түвшинд авч үзэж, Хөвсгөл нуураа хамгаалах, зөв зохистой ашиглах, эко системийг анхаарах, хөгжүүлэх чиглэлээр санал санаачилга гаргаж байна.

-Ойрын хугацаанд бодитой хэрэгжүүлэх ямар ажлууд төлөвлөсөн бол?

-Нэгдүгээрт, Хөвсгөл нуурын эко системийг хамгаална. Техник, технологийн дэвшил, аялал жуулчлалын хөгжлийг даган сүүлийн үед Хөвсгөл нуурын эко системд хохирол учруулах, ялангуяа хүний хүчин зүйлтэй шууд холбоотой хүндрэлүүд үүссэн. Иймд БОАЖЯ, орон нутгийн удирдлагууд Хөвсгөл нуурын орчим дахь газар олголтын асуудлыг цэгцлэх, цаашид газар олгохгүй байх, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн стандартыг нэг болгож, нүхэн жорлон хэрэглэхгүй байх, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох ажлуудыг хийх ёстой. Нуурын орчим эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө батлагдсанаар 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж байгаа. Ингэснээр эко системд ээлтэй аялал жуулчлал бий болно. Нөгөөтэйгүүр, Хөвсгөл нуур судлалыг хэрхэн хөгжүүлэх вэ, нуурын усны төвшин хэр татарч байгаа вэ, ёроолд нь байдаг замаг, амьтан ургамлын аймаг хэр устаж үгүй болов, хэд нь шинээр бий болж байна, эко системийг цаашид тэнцвэртэй авч явахын тулд юу хийх талаар судалгааны ажлыг хөгжүүлэх ёстой. Энэ чиглэлд шинжлэх ухааны болон мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Өнгөрсөн жил нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татаж гаргасан нь 36 жилийн дараа хэрэгжүүлсэн том ажил юм. Одоо шатахуун тээврийн машинаас өгсүүлэн мотоцикль хүртэл 60-аад техникийн хэрэгсэл нуурын ёроолд байгаа. Яаралтай гаргахгүй бол эхний живсэн машины шатахуун нуурын мандалд задрах аюул ойртож байна. Тиймээс 2024 он гэхэд Хөвсгөл нуурын гүнд живсэн техник хэрэгслүүдийг татаж гаргах ажлыг хийж дуусгана. Тухайн бүс нутгийн иргэдийн амьжиргаа, тэнд байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулах асуудалд анхаарч Хөвсгөл нуурт ээлтэй байх талаас бодлогоор дэмжинэ.

Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж ихэсч, зарим суурьшлын бүсэд эрсдэл бий болсон тул нуурын орчим эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатай. Гамшгаас урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг авах, тодорхой ажлуудыг хийх ёстой.

Энэ мэтчилэн хэд хэдэн багц асуудлаар Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас зөвлөмж гаргаж, УИХ, Засгийн газарт хүргүүллээ.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ хавар ямар ажлууд хийх ирэв?

- Өнгөрсөн өвөл бэлтгэл ажлыг хангаж ажилласан. Үндэсний чуулганыг хийсний дараа аймгуудын зөвлөгөөнийг эхлүүлсэн. Сая Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт үндэсний зөвлөгөөн зохион байгууллаа. Энэ сарын дундуур Архангай, Өвөрхангай болон баруун бүсийн аймгуудын зөвлөгөөнийг хийнэ. БОАЖЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газраас төлөөлөл оролцож, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутагт ямар ажлууд хийх, хэр хэмжээний хөрөнгө босгох, мод үржүүлгийн байгууллагыг хэрхэн бий болгох вэ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Ой бүхий аймгуудад ойн санг хэрхэн хамгаалах вэ, яаж арчилж тордох вэ, хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцана. Ойн сангийн ихэнх нь хортон шавьжид идэгдсэн тул хамгаалах, арчилж тордох ажлыг хийх ёстой. Нөгөөтэйгүүр, уул уурхайн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүд манлайлан үндэсний хөдөлгөөний хүрээнд олон саяар тоологдох мод тарих амлалт авсан. Түүний биелэлтийг шалгах ажил эхлүүлсэн. Одоогоор 23 аж ахуй нэгж БОАЖЯ-тай гэрээ байгуулж, байгаль орчин, экологийн чиглэлд хөрөнгө оруулалт хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар 18 аж ахуй нэгжийн ажлын төлөвлөгөө гарч нэгжүүд байгуулан мод үржүүлгийн гарзуудтай гэрээ байгуулах, өөрсдөө мод үржүүлэх үр суулгац бэлдэх ажлыг эхлүүлээд байна. Саяхан ЕТГ хамтран мод үржүүлгийн вакумжсан сургалт, семинар зохион байгуулсан, үүгээр бүх нэгжийг нэгдсэн стандартад оруулж байгаа юм.

-Манай хойд, урд хөрш цөлжилтийн эсрэг мод тарихыг чухалчилж, урт хугацааны бодлого гаргасан байдаг. Манай улс энэ чиглэлд хамтрах уу?

-Хөрш орнуудтай “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрхэн ажиллах вэ гэдэг асуудлыг өргөн хүрээнд ярьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлахдаа Сибирийн чиглэлийн судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллах, сүүлийн үеийн шинэ техник, технологи, үр суулгацыг Монголд нутагшуулах санал, санаачилгыг эхлүүлсэн. БНХАУ-тай говийн бүсэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд судалгаа, шинжилгээний ажлыг хамтарч хийх, орчин үеийн техник, технологи болон шинэ төрлийн модлог ургамлын сортыг Монголд нутагшуулахад хамтарч ажиллана. Саяхан Ерөнхий сайдын айлчлалын үеэр санамж бичигт гарын үсэг зурсан. Олон улсын болон хоёр талт хамтын ажиллагааны түвшинд, орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд хооронд уялдаа холбоог хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Мөн Ерөнхий сайдаар ахлуулсан Уур амьсгалын өөрчлөлт , “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах Үндэсний хороог байгуулсан. Ойрын хугацаанд сургагч багш нарыг бэлтгэж, сум, хороо болгонд сургалт зохион байгуулах юм.

-Манай улсын хүн амын талаас илүү хувь нь нийслэлд амьдардаг. Хотын агаарын болон хөрсний бохирдол 70-80 хувьд хүрсэн. Иймд гэр хорооллыг хэрхэн цэцэрлэгжүүлэх вэ. Шинээр баригдаж байгаа барилга, орон сууцны хорооллуудыг гаднаа цэцэрлэгтэй болгох, зам талбайг цэцэрлэгжүүлэх асуудалд стандарт тогтоох талаар үндэсний хөдөлгөөний бодлого хэр хүртээмжтэй байх бол?

- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ сард Улаанбаатар хоттой хамтарч нийслэлийн үндэсний зөвлөгөөнийг хийнэ. Нийслэлийн цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог хэрхэн хангах вэ, төр засгийн байгуулдагуудаас хотын болон дүүргийн удирдлагууд хэрхэн оролцох вэ, ямар хэмжээний хөрөнгө мөнгө гаргах вэ, ямар стандартууд нэвтрүүлэх вэ гэдэг асуудлыг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ. Хэд хэдэн дүүрэгт үндэсний хэмжээний парк бий болгохоор төлөвлөсөн. Тухайлбал, Улс түмнүүдийн найрамдлын паркийг Налайхад, Ерөнхийлөгчийн паркийг Баянголд, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт иргэдийн амарч, зугаалахад зориулсан томоохон парк бий болгож, цэцэрлэгжүүлнэ. Улаанбаатар хотын бүсэд үр суулгац бэлдэх, шинэ техник, технологиуд нэвтрүүлэх санал санаачилгууд гарч байгаа, тэдгээрийг дэмжинэ. Түүнчлэн Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран банк, санхүүгийн системд “Ногоон санхүүжилт” бий болгох асуудлыг энэ сард хэлэлцүүлнэ. Манай улс Азид байгаа ногоон, бор санхүүжилтийг ялгадаг болсон. Байгальд ээлтэй “Ногоон санхүүжилт”, ногоон зээлийн асуудлыг ялгаж мэдээлдэг болсон нь давуу тал юм. Цаашид дэлхийн санхүүгийн салбарт бий болсон “Ногоон санхүүжилт”-ийг Монголд хэрхэн татах вэ, түүгээр дамжаад байгальд ээлтэй техник, технологийг Монголд нэвтрүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийг дэмжих алхмуудыг хийнэ. Энэ сарын сүүлчээр “Ногоон санхүүжилт”-ийг дэмжих олон улсын хурал зохион байгуулна. НҮБ болон олон улсын томоохон байгууллагуудын “Ногоон санхүүжилт”-ийн сан, эдийн засаг, хөрөнгө оруулалтын аргачлалууд, энэ чиглэлд зээл олгодог томоохон банк, санхүүгийн байгууллагуудтай холбогдож хамтран ажиллаж байгаа. НҮБ-ын “Ногоон санхүүжилт” хариуцсан сангийн удирдлагуудыг Монголд урьсан.

-Удахгүй болох Дэлхийн усны өдрийг угтан зарим ТББ-аас Монгол Улс усны нөөцөөр “Улаан шугам”-д орсноо дэлхий дахинд зарлах цаг болсон гэж мэдэгдээд байна.

-Ус хамгаалах, нөөц бий болгох нь дэлхий өмнө тулгамдаж байгаа том асуудал. Ялангуяа гадаргын болон гүний усаа хамгаалах чиглэлд бид тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх ёстой. Иймээс томоохон нуур, гол мөрөн, гадаргын усны эх үүсвэр болдог Орхон, Сэлэнгэ, хэрлэн, Туул, Онон голыг хамгаалахад тодорхой ажлуудыг БОАЖЯ-тай хамтран хийх ёстой. Энэ чиглэлд санал, санаачилгууд гарч байгаа. Цаашид томоохон нууруудыг хамгаалах асуудлыг төрийн анхааралд оруулахаар төлөвлөж, энэ жил Хөвсгөл нуураас эхлүүллээ. Цаашид Увс нуур, Өгий нуур, Ганга нуур гэхчлэн томоохон нуурууд, эко системийг нь хамгаалах, бүс нутаг дахь аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай хэрхэн зөв уялдуулах вэ гэдэг чиглэлд анхаарч ажиллана. Нөгөө талаас суурьшлын бүсүүдэд амьдарч буй иргэд, тухайлбал нийслэлийн иргэдийн усан хангамжийн асуудалд Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулж, АНУ-аас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авч цэвэр усны шинэ эх үүсвэр, цэвэр усны үйлдвэрүүдийг бий болгох, цэвэрлэх байгууламжаас гарсан цэвэршүүлсэн усыг эргээд үйлдвэрлэлд хэрэглэх чиглэлд тодорхой ажлын төлөвлөгөө гарч бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна. Ингэснээр Улаанбаатар хот ойрын 100 жилд цэвэр усны гачигдалд орохгүй. Энэ чиглэлд шинэ техник, технолгиуыг нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Мөн гүний ус ашиглалтад анхаарал хандуулж, УИХ-ын түвшинд ч ярьж байна. Ялангуяа говь цөлийн бүсэд уул уурхай эрхэлж байгаатай холбргдуулан гүний усны хяналтгүй ашиглалт нь тэнд цөлжилтийг бий болгох, бидний тэмцжээд байгаа уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалах асуудалтай холбогдож байгаа тул энэ асуудлаар хатуу арга хэмжээ авах ёстой. Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын нөлөөллийг бууруулах, тэр дотор ойн сан, усан санг хамгаалахад Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал үзүүлж, тодорхой санал санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нууц задруулсан Ж.Баатарыг хоёр сар нуусан экс Ерөнхийлөгчийн хүргэн Москвад томилогджээ
Улсын нууц задруулсан Ж.Баатарыг хоёр сар нуусан экс Ерөнхийлөгчийн хүргэн Москвад томилогджээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.