Дунд сургуулиудын шинэчилсэн чансаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 56 секунд
Дунд сургуулиудын шинэчилсэн чансаа

Дунд сургуулиудын шинэчилсэн чансаа

 

Дунд сургуулиудын чансааг тодорхойлох Элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд ирлээ. Яг л энэ үетэй давхцан сургууль бүр төгсөх ангийн сурагчдаа элсэлтийн шалгалтад сойж, ирээдүйн лидерийг хэрхэн бэлтгэснээ олонд танилцуулдаг. Жил бүрийн зургаадугаар сараас эхлэн дунд сургуулийн сурагчдыг хөдөлгөөнд оруулдаг тус шалгалтын дүнг Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр тайлан болгон хэвлэж албаны болон хувь хүмүүсийн хэрэгцээнд зориулан түгээдэг бөгөөд тэрхүү тайланг гол эх сурвалжаа болгон 2014 оны шилдэг 20 дунд сургуулийн жагсаалтыг гаргалаа.

Салбар бүрийн үйл ажиллагааны чанар чансааг тодорхойлохын тулд олон янзын шалгуур, цензурыг тогтоодог. Жишээлбэл, сургалтын байгууллагын гол үйл ажиллагаа нь сургалтын чанар, үр өгөөжийн асуудал байдаг бол эрүүл мэндийн байгууллага эмчилгээний үр дүн хүртээмж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлын чанараас бүх зүйл шалтгаалж, тодорхойлогддог. Энэ утгаараа голлох үйл ажиллагааных нь үзүүлэлт, хүртээмж чанар сүүлийн хэдэн жилд ямар байгаагаас шалтгаалан иргэд тухайн байгууллагын үйл ажиллагааг дүгнэж цэгнэдэг байх юм. 

Иймээс ч дунд сургуулиудын төгсөгчдийн чанар чансааг Элсэлтийн ерөнхий шалгалтад сүүлийн 3 жилийн үзүүлсэн амжилтаар нь тооцон үзэх нь тухайн сургуулийн сургалтын чанар, үнэлэмж ямар төвшинд байгааг бодитойгоор тодорхойлох зөв арга зам гэж болно. 
Энэ удаа Боловсрол шинжлэх ухааны яамны дэргэд дэх Боловсролын үнэлгээний төвийн 2012-2014 онуудын Элсэлтийн Ерөнхий шалгалтын тайлангуудыг нэлээд удаан хугацаанд судлан үзэж, сүүлийн 3 жилийн хугацаанд 10 хичээлийн дунджаар 500 онооноос дээш оноотой шалгагдсан сургуулиудын нэгдсэн түүврийг хийж, улсын шилдэг 20 дунд сургуулийг тодруулан гаргаж үзлээ.

Энэ шалгаруулалтад тухайн сургуульд нь орос хэл заадаггүй мөртлөө нэг хүүхэд шалгалт өгсөн бол энэ оноо тухайн сургуулийн үзүүлэлтэд хамаараагүй бөгөөд сүүлийн 3 жил дараалсан төгсөлт хийгээгүй сургуулиудыг ч жагсаалтад оруулаагүйг тэмдэглэх хэрэгтэй болов уу.

Дээрх 20 шилдэг сургуулийн тоонд улсын найман сургууль багтсан нь сурагчдын дунд сонгон шалгаруулалт хийж гүнзгийрүүлсэн сургалттай хөтөлбөрөөр хичээллэдэгтэй холбоотой. Мөн өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиуд сургалтын чанарын төвшингөөр сүүлийн жилүүдэд яах аргагүй хүч түрэн орж ирж буйг тайлангийн нэгдсэн дүнгээс харж болно. Хэдий тийм боловч зарим дунд сургууль хүүхдийн тоо цөөн, төгсөх ангийн сурагчдынхаа сүүлийн хоёр жилд нь зөвхөн шалгалт өгөх хичээлийг нь сонгон судлуулж, бусад хичээлүүдийг нь оруулахгүйгээр  шалгалтад бэлддэг сөрөг зүйлс ч ажиглагдах болжээ. Тиймээс улс хотынхоо  хэмжээнд математикаар тэргүүлдэг I сургууль, гадаад хэлний сургалтаараа тэргүүлдэг Олонлог, 23 дугаар сургууль, Орос 14 дүгээр сургуулиуд болоод их, дээд сургуулиудын дэргэд байгуулагдсан лицей сургуулиуд энэхүү жагсаалтад орж чадаагүй л байна.

Энэ бүгдээс тухайн сургуулиуд нь зөвхөн лидер хүүхдүүдэд гол анхаарлаа тавьснаас массын чанартай сургалтандаа  ач холбогдол өгч чадахгүй байгаа нь сургалтын бодлого алдаатай болоход нөлөөлж байна гэж Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд үзэж буй.

                              

Уншигч таны харж байгаагаар төгсөгчдийн олонх нь математик, физик, нийгмийн ухааны, монгол хэлний, англи хэлний хичээлийг сонгон шалгалт өгчээ. Математик, физик, хими зэрэг байгалийн ухааны хичээлүүдийн сурагчдын даалгавар гүйцэтгэлийн амжилт 28 хувиас бага байгаа нь их дээд сургуулиудад шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэлт тийм ч хангалттай бус байна. Гэвч их дээд сургуульд элсэх суралцагчийн орон тооноос хамаарч элсэгчдийн тоо буурахгүй байгаа, сүүлийн үед уул уурхай, мэдээлэл зүй, банк санхүү, зам барилгын инженер, техникийн чиглэлийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ, нийгэм дэх олон түмний итгэл үнэмшилтэй холбоотойгоор хүүхдүүдээ энэ чиглэлээр сургах гэсэн эцэг эхийн шаардлага их байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Дунд сургууль төгсөгчид нийгмийн тухай мэдлэг, монгол хэлний шалгалтыг ихээр сонгох болсон багш бэлтгэх их, дээд сургуулиудад 700 ба түүнээс дээш оноотой элссэн элсэгчдийн төлбөрийг 100 хувь чөлөөлөх Засгийн газрын тогтоолтой холбоотой байж болох юм. Мөн монгол хэлний шалгалтад 400 онооны болзол хангаж байж, ЭЕШ-нд орох эрхийг олгох болсонтой ч ямар нэг сэжмээр уялдсан гэж хэлэх үндэслэл бий.

Түүнчлэн дээрх жагсаалтаас харахад Орос хэл, Монголын түүх гэх мэт хичээл дээр төгсөгчид тэр бүр шалгалт өгдөггүй нь харагдаж байна. Үүнийг Монголын түүх суурьтай мэргэжил ховор, дээр нь өрсөлдөх орон зай ажлын байрны хангамж орон төдийлөн их байдаггүйтэй  холбон тайлбарлаж болно. Орос хэлний хичээлийн хувьд сүүлийн жилүүдэд мэдээлэл харилцааны  гол эх сурвалж нь англи хэл болж, нийгэм дэх орос хэлний олон түмний үнэлэмж буурсантай холбоотой.



Аль сургууль ямар ямар хичээлүүдийн төгсөгчдийн оноо сүүлийн 3 жилийн дунджаараа илүү байгааг жагсаалтаар үзүүлбэл Өвөрхангай аймгийн Мэргэд сургууль, Завхан аймгийн Улиастай Дэвшил сургууль, Хөвсгөл аймгийн ЭДЦ сургууль, Ховд аймгийн Прогресс зэрэг аль ч хичээлээрээ тогтмол амжилтыг үзүүлдэг хөдөө орон нутгийн сургуулиуд байгаа нь нэг талаар бахархмаар байлаа. Бүх хичээлийнхээ үзүүлэлтээр жигд сайн байна гэдэг тухайн сургуулийн сургалтын чанар, орчин, багш нарын хичээл зүтгэл, ур чадвар ямар төвшинд байгааг цаад далд утганд нь илэрхийлж байгаагийн нэг илрэл билээ.

Нийтлэсэн: О.Шинэтуяа

Эх сурвалж: Shudarga.mn

Хагас тэрбумын өртэй Б.Гарамгайбаатарыг эргүүлэн татах уу?
Хагас тэрбумын өртэй Б.Гарамгайбаатарыг эргүүлэн татах уу?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.