Хагас тэрбумын өртэй Б.Гарамгайбаатарыг эргүүлэн татах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 3 секунд
Хагас тэрбумын өртэй Б.Гарамгайбаатарыг эргүүлэн татах уу?

Хагас тэрбумын өртэй Б.Гарамгайбаатарыг эргүүлэн татах уу?

З.БОЛД

Худалдаа, үйлчилгээ­ний “Тэс петролиум” ХХК-иас 2016 оны тавдугаар сарын 30-нд Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, мэдэгдэл хүргүүлжээ. Учир нь тус компанид УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар 506 сая гаруй төгрөгийн өртэй юм байна. Тэрээр “Монроуд” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэдгээ жил бүр АТГ-т мэдүүлсээр ирсэн юм. Тэгвэл “Монроуд” ХХК-иас 506 853 028.81 төгрөгийг гаргуулан “Тэс петролиум” ХХК-д олгуулах шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны араванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/00105 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 763 дугаар магадлалаар гаргажээ. Мөн шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32016/19037 дугаар захирамж, 2133 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ.

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар энэ удаагийн сонгуулиар Хэнтий аймгийн 41 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшихээр болоод байгаа юм. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 125.4-ийн 125.4.1 дэх хэсэгт заасан “нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх”, 125.4.3-т заасан “...нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” гэсэнтэй харшилж байна гэжээ. Тиймээс Б.Гарамгайбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах талаар хуульд заасны дагуу арга хэмжээ авч, хариу өгөхийг хүссэн мэдэгдлийг СЕХ-нд хүргүүлсэн байна.

Өр чухам юунаас үүссэн талаар тодруулбал, “Монроуд”, “Тэс петролиум” ХХК-иуд 2014 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нефть бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр 473 641 400 төгрөгийн үнэ бүхий шатахуун авсныхаа төлбөрийг төлөөгүй. Энэ мөнгийг гэрээний дагуу 2014 оны аравдугаар сарын 1-ний өдөр төлөх ёстой байжээ. Мөн  “Тэс петролуим” ХХК нь Хаан банктай шугамын зээлийн гэрээ байгуулаад эргэлтийн журмаар буцаан төлдөг байжээ. “Монроуд” мөнгөө төлөө­гүйгээс болоод валютын ханшийн алдагдал   33 211 628.81 төгрөгөөр бас хохирчээ. Ингээд нийт 506 853 028. 81 төгрөгийн хохирол “Тэс петролуим” ХХК-д учирсныг шүүх тогтоосон байна.

УБЕГ-ын хуулийн этгээдийн газрын бүртгэл, АТГ-т мэдүүлсэн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээр “Монроуд” ХХК нь яахын аргагүй Б.Гарамгайбаатар гишүүний 100 хувийн эзэмшлийн компани болж таараад байгаа. Энэ компани “Тэс петролиум” ХХК-иас 506 сая гаруй төгрөгийн шатахуун авч хэрэглээд мөнгөө төлөөгүй гэдгийг шат шатны шүүх нотолчихож. Түүнчлэн өртэй хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гээд Сонгуулийн тухай хуульд хар дээр цагаанаар биччихэж.

Хэдхэн хоногийн дараа СЕХ нэр дэвшигчдэд батламж гардуулна. Одоо нэр дэвшихээр материалаа өгсөн хүмүүсийг судалж байгаа. Тэгэхээр хагас тэрбумын өртэй эрхэм гишүүн Б.Гарамгайбаатарыг энэ сонгуульд нэр дэвшүүлэх болов уу, яадаг бол?

Мөн СЕХ ийм их өртэй нөх­рийг нэр дэвшүүлж, хуулиа зөрчих үү гэдэг асуулт тавигдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Германы “А320” онгоцны хар хайрцагны нэгийг нь олжээ
Германы “А320” онгоцны хар хайрцагны нэгийг нь олжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.