Ж.Батсуурь тэргүүтэй ардчилсан намынхны хэт улстөржилт гэмт хэргийн шинжтэй болж ширүүслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 58 секунд
Ж.Батсуурь тэргүүтэй ардчилсан намынхны хэт улстөржилт гэмт хэргийн шинжтэй болж ширүүслээ

Ж.Батсуурь тэргүүтэй ардчилсан намынхны хэт улстөржилт гэмт хэргийн шинжтэй болж ширүүслээ

Эх орны зүүн урд хязгаар Сүхбаатар аймагт Ж.Батсуурь хэмээх нэгэн монцгор засаглагч байдаг гэж хүмүүс мэр сэр мэдэх болсон. АН-ынхан Ж.Батсуурийнхаа ажлыг сайн ч рекламдаж хэдэн аймаг, сумдын удирдлагуудыг юм л бол энэ аймаг руу явуулдаг моод хүртэл дэлгэрүүлсэн. Харин Монгол улсын засаг захиргааны нэгжийг удирдаж ажиллахдаа хуулийн дагуу эрхээ хэрэгжүүлнэ гэдгээ мань Засаг ноён умартаад удаж буй бололтой. Удахаар барахгүй бүр хууль, хүчний байгууллагатай хамжсан “хүчний улстөр” явуулж эхэлжээ.

Ж.Батсуурь Засаг ноён сум орон нутгийн өөрөө удирдах байгууллага ИТХ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хэт оролцох болсон нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын даргын ажлыг хууль бусаар булааж авсанаас   харагддаг. Түүний энэ хүч түрэмгийлсэн засаглалаас үүдэлтэйгээр Эрдэнэцагаан суманд төрийн үйл ажиллагаа тасалдаж, өнөөдрийг хүртэл энэ сум эзэнгүй байгаа юм. Ж.Батсуурийн нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд дур мэдэн хутгалдаж ИТХ-ын даргаар АН-ын Ц.Амгаланбаатарыг хууль бусаар томилуулсан нь хэл ам таталсаар 2013 оноос хойш Захиргааны хэргийн шүүхээр гурван удаа хүчингүй болжээ. Хамгийн сүүлд Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэр энэ оны зургадугаар сарын 22-ны өдөр гарсан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Д.Нандинцэцэг ИТХ-ын даргын ажлаа зургадугаар сарын 26-нд хууль ёсоор хүлээж авчээ. Гэтэл АН-ын засаглагчдын хуулийн дор амьдрах тэвчээрийн хязгаар нь 80 л хоног байсан бололтой энэ сарын 10-ны өдөр Эрдэнэцагаан сумын ИТХ-ын даргын өрөө рүү дайрч орон “улстөрийн хүчирхийлэл” явуулжээ.

Энэ хууль бус ажиллагаанд цагдаа, хүчний байгууллага татагдан орсон нь бүр ч аюултай, эрүүгийн шинжтэй үйлдэл болжээ. Тус хэрэг болдог өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын даргын өрөөнд Хууль зүйн хэлтсийн дарга У.Болдхүү, ИТХ-ын даргаар хууль бусаар жил гаруй ажиллаад байсан Ц.Амгаланбаатар, АН-ын дэд дарга Р.Саранцэцэг, АН-ын гишүүн Э.Жаргалбаяр, Мөнхбат нарын хүмүүс сумын цагдаагийн тасгийн цагдаа нарын хамт ИТХ-ын даргын өрөөг “эзлэн түрэмгийлсэн” байна. Сумын цагдаагаар бүслэлт хийлгэж, тойрон хамгаалуулсан тэдний “толгойлогч” Ц.Амгаланбаатар нь ИТХ-ын материал хадгалдаг сейфийг хулгайлан авч үлдсэн түлхүүрээрээ түлхүүрдэн онгойлгож хурлын материалуудыг авчээ. Э.Жаргалбаяр энэ хооронд өрөөний хаалганы цоожийг эвдээд шинэ цоожоор сольж амжсан байх юм. Харин тэнд байсан бусад нөхөд Ц.Амгаланбаатарын сейфнээс гаргаж ирсэн материалуудыг байцаа дамжуулж байгаа мэт бие биерүүгээ шидлэн дамжуулж “төрөөрөө тоглож” тохуурхжээ. Энэ үйлдлийг нь бүгдийг бичлэг хийн баталгаажуулж авсан хүмүүсийн яриагаар бол үүний ард аймгийн засаг ноён Ж.Батсуурийн төрөөс том болсон занхгар толгой байж байгаа гэнэ. Хэрэг гардгийн урд орой нь Эрдэнэцагаан суманд У.Болдхүү, Ц.Амгаланбаатар, цагдаагийн газрын мөрдөн байцаагч, хошууч Д.Сэргэлэнбаяр нар цагдаагийн машинаар хамт ирсэн байна. Харин хэрэг гардаг өдрийн 14 цагийн үед мөрдөн байцаагч, хошууч Д.Сэргэлэнбаяр ИТХ-ын даргын өрөөнд орж “Ажиллагаа хийх зорилгоор шинжилгээний албанд явуулна” гээд хурлын тамгыг хураан авчээ. Түүнээс ердөө хоёр цагийн дараа “улстөрийн хүчирхийлэл” ИТХ-ын даргын өрөөнд болсон байна. Д.Сэргэлэнбаяр ИТХ-ын тамгыг хурааж авах эрх бүхий хүн биш гэдгээс ч энэ бүхэн өмнөөс төлөвлөгдсөн, зохион байгуулалттай дайралт гэдэг нь илэрхий харагдана.

Хууль бусаар засаглах оролдлого нь шүүхийн өмнө гурван удаа унасанд хорсож Д.Нандинцэцэг даргад хуулийн дагуу ажлаа алдахдаа “Чамайг гэмт хэрэгтэн болгоно” гэсэн удаа дараагийн заналхийллээ Ардчилсан намынхан хэрэгжүүлэхээр зүтгэсэн операц арай л дэндэж, эрүүгийн хэргийн шинжтэй болжээ.

Энэ асуудлаар Д.Нандинцэцэг дарга Цагдаагийн ерөнхий газар болон Авилгалтай тэмцэх газар, Прокурорын ерөнхий газруудад хандаж амь бие, эрүүл мэнд, хууль ёсны эрхээ  хамгаалуулахаар эцсээ хүртэл тэмцэхээр болжээ.

 

 

М.ТӨРБАТ

Т.Аюурсайхан, Т.Бадрал нар агентлаг толгойлох болов
Т.Аюурсайхан, Т.Бадрал нар агентлаг толгойлох болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.