Нүүрсний гэх хэргийнхээ “ард гарахгүй“ бол МАН уруудсан рейтинг, урагшгүй ноёнтой сонгуульд орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 46 секунд
Нүүрсний гэх хэргийнхээ “ард гарахгүй“ бол МАН уруудсан рейтинг, урагшгүй ноёнтой сонгуульд орно

Нүүрсний гэх хэргийнхээ “ард гарахгүй“ бол МАН уруудсан рейтинг, урагшгүй ноёнтой сонгуульд орно

Өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д дөнгөж орж ирээд “Монгол Улсын Төрийн сүлд, Төрийн далбаа энэ байна. Монгол Улсын Үндсэн хууль миний гарт байна. М.Энхболд гуай та 60 тэрбумын бичлэгт үнэхээр байгаагүй юу, яг үнэхээр эвлүүлэг үү, тэр таны дуу хоолой биш үү. Та ганцхан энэ зүйлийг над руу харж байгаад үнэн гээд хэлчих. Прокурор, Авлигатай тэмцэх газар 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэдэг дүгнэлт гаргасан нь үнэн юм уу. Энхболд дарга аа, та миний нүд рүү харж байгаад энийг эхлээд хэлчих. Өөрөө орчихоод ороогүй гэж хууль хяналтын байгууллагад нөлөөлж дүгнэлт гаргуулсан шиг яахаараа бидний бичгийн дугаар өөрчлөгдөж, 4 гишүүний нэр алга болчихов” хэмээн тухайн үед улстөрд "арслан" байсан УИХ-ын дарга байсан М.Энхболдын амыг асуусан.

Тэгэхэд Л.Оюун-Эрдэнэ зоригтой бас залуу харагдаж байв. Түүний хажууд МАН-ын Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нараас гадна АН-ын Л.Болд, Ж.Батзандан нар байсан юм. Энэ ажиллагаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, өнөөдрийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар ил гараагүй ч оройлон оролцсон гэдгийг хэн хүнгүй мэднэ. Л.Болд, Ж.Батзандан нар Х.Баттулгын хувьд хэн байсан билээ...

Тэд шударга ёс нэхэж, УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, зорьсон зорилгодоо ч хүрсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тухайн үед М.Энхболд, Ц.Элбэгдоржийн буюу МАНАН хэмээн нэрлэгдээд байсан улс төрийн бүлэглэлтэй хамтарч ажиллах боломж байхгүйг мэдэж байсан учраас У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийг идэвхтэй дэмжсэн.

М.Энхболдыг унагаж чадсан учраас У.Хүрэлсүх намаа авч, Засгийн эрхийг ч атгасан. МАНАН бүлэглэлтэй хийж байгаа тэмцэл, 60 тэрбумын хэрэг У.Хүрэлсүхийг "орчин цагийн Сүхбаатар"-ын дүрд харагдуулж, МАН үнэмлэхүй ялалт авсан нь ч үнэн. Нэгэнт УИХ, Засгийн газраа авсан 100 жилийн настай намд Х.Баттулгыг тонгорох тийм ч хэцүү байгаагүй.

Үндсэн хуулиар Х.Баттулгыг нэр дэвших эрхгүй болгож чадсан У.Хүрэлсүх хар цагаан дуугүй хэд хоног таг болсныг тухайн үед хэвлэлүүд ч онцолж байв.

Ингээд өөрийн мөрөөдөл болсон Зэвсэгт хүчний ерөнхий командлагч буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль руу зүтгэчихсэн. Гэхдээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан шигээ рейтинг өндөртэй гарч чадаагүй. Магадгүй түүний рейтинг хэзээ ч 2020 оны сонгуулийн өмнөх шиг түвшинд очихгүй байх.

Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд “өөрөө ч төсөөлж байгаагүй” суудалд хүрч чадсан. Тэр намын тамгыг, төрийн тамгатай хамт атгав.

Хажууд нь зогсч байсан 4 нөхрийн хувьд хоёр нь УИХ, Засгийн газрын гишүүн болсон бол хоёр нь УИХ-ын гишүүн болоогүй улсаа төлөөлөх эрхтэй гадаадад суух болсон. Сонирхолтой нь, ердөө таван жилийн дараа тэдний заримаас шударга бусын талаар асуухад хүрэв. Учир нь, Ж.Батзанданг туслахаараа дамжуулан, Капитал банкнаас 12 тэрбум төгрөгийн зээл авсан хэмээн буруутган АТГ-аас баривчилсан бол Т.Аюурсайханыг нүүрсний гэх хэргээр яллагдагчаар татан шалгаж эхлэв.

Шударга, шударга бусын талаар Л.Оюун-Эрдэнэд хамгийн их нөлөөлж байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч өнөөдөр яллагдагчийн дүртэй явна.

Л.Оюун-Эрдэнийн хувьд 5 жилийн өмнө ганцхан М.Энхболдтой харц тулан, түүнийг бүлтэгнүүлж, ам асууж байсан бол өнөөдөр мөр зэрэгцэж, өөрийн танхимдаа залж байсан “нөхдөө” шүүхийн танхимд яллагдагчийн суудалд суухыг харж байна.

МАН-ын улс төрчдийн орооцолдсон нүүрсний гэх хэргийг нэгэн цагт хамтдаа шударга ёсны төлөө тэмцэж явсан нөхөр нь “толгойлов” уу, түүнд шударга ёсны шийтгэл ногдуулж чадах уу гэдгээс Л.Оюун-Эрдэнийн толгойлсон МАН-ын сонгуулийн рейтинг шалтгаалж болзошгүй нөхцөл байдалд тэр орчихоод байгаа нь нууц биш.

Хэдийгээр авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж, улс орны эрх ашгийн төлөө шударга ёсны төлөө зүтгэсээр байгаа гэх дүр төрхөө хадгалахын тэр ихэд хүсч байгаа ч 2020 оны У.Хүрэлсүхийн толгойлсон МАН шиг рейтинг өндөртэй байж чадахгүй нь тодорхой байна.

Цар тахал, геополитикийн хэцүүхэн нөхцөл байдал, дэлхийн эдийн засгийн хямрал гээд гадаад олон хүчин зүйл Засгийн газрыг “гуд” татсаар байсан ч нөгөө талд Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өссөн нь Засгийн газарт “дэм” өгч байв.

Гэлээ гээд ард түмний амьдрал уруудсан, авдаг цалин нь хүрэхээ больсон, ядуусын эгнээ тэлсэн гээд нийгмийн бухимдал улаан гэрэл асаачихаад байгааг тэд тун сайн мэдэрч буй. Үүн дээр, албан тушаалтнуудын идсэн уусан, завшсан гэх мэдээлэл тос болоод байна. Харин тэдэнд хүлээлгэж байгаа хариуцлагыг Хөгжлийн банкны гэх дуулианаар жишвэл хөх инээд хүрэх нь ойлгомжтой.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн эрхэнд гараад анхлан гаргаж ирсэн Эрдэнэтийг “МАНАН” бүлэглэл авсан гэх хэрэг ч өнөөдөр нэг талдаа гарч, хариуцлага хүлээх эзэн тодорхой болоогүй байна. Араас нь нүүрсний гэх дуулиан “шалгагдаж байна” гэх төдийгээр энэ зун чимээ алдрав.

Мэдээж, нүүрсний гэх хэргийнхээ ард гарахгүй бол МАН уруудсан рейтинг, урагшгүй ноёнтой сонгуульд орно. Тиймээс ямар ч байсан “шударга тав”–ын нэг байсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсгийн үйл ажиллагаанаас МАН-ын сонгуулийн дүр төрх ерөнхийдөө тодорхой болох нь.

Чуулганы хуралдааныг хамгийн олон цаг тасалсан гишүүд
Чуулганы хуралдааныг хамгийн олон цаг тасалсан гишүүд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.