Р.Амаржаргал, Ч.Улаан хоёр Хятадуудын зээлийг батлан даажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 3 секунд
Р.Амаржаргал, Ч.Улаан хоёр Хятадуудын зээлийг батлан даажээ

Р.Амаржаргал, Ч.Улаан хоёр Хятадуудын зээлийг батлан даажээ

Монголын улстөрчид дундаас нэр, гар цэвэр хүмүүсийг олоход үнэндээ амаргүй бололтой. Ямартаа л харьцангуй хий багатай гээд байдаг Ч.Улаан, Р.Амаржаргал хоёр гэхэд л Монгол Хятадын хамтарсан “Цайрт Минерал” ХХК-тай байгуулсан Тогтвортой байдлын гэрээтэй холбоотойгоор асуудалд холбогдож таарч байх юм.  Д.Ганхуяг Уул уурхайн сайд байхдаа ““Цайрт минерал”ХХК-тай байгуулсан Тогтвортой байдлын гэрээ 2015  онд дуусна гэсэн байдаг. Гэтэл үгүй юм. Учир нь Монгол Улсын Засгийн газраас тус компанитай байгуулсан гэрээнд татварын орчныг хөнгөлөх талаар тусгасан заалт гэрээний ерөнхий хугацааны заалттай зөрчилдөж иржээ. Тухайлбал, “Цайрт минерал” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 1998-2013 он байхад татварын хөнгөлөлтийн хугацаа үйлдвэрлэл ашиглалтад орсон 2005 оноос эхлэн 2020 оныг хамрахаар байгаа юм байна. Тэгэхээр салбарын яамны нөхдүүд эхнээсээ  мэдэхгүйдээ ингэж ярив уу, эсвэл “Цайрт минерал” ХХК-ийн толгойг илэх бодлогыг манай улстөрчид барьж ирсэн үү гэдэг нь анхаарал татна.

“Цайрт минерал” ХХК-ийн 51 хувийг эзэмшигч нь  Хятад улсын “Өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компани” ( “NFC”) юм. Анх байгуулагдахдаа хөрөнгө оруулалтын зээлээ төлж дууссаны дараа уг хувь 50:50 болж  өөрчлөгдөх нөхцөлтэйгөөр хамтран ажиллах гэрээ байгуулж байсан юм билээ.  Харин өнгөрсөн жилүүдэд хятадууд жин дарах байр суурийг эзэлсэн хэвээрээ явж ирсэн юм. Манай тал өөрийнхөө мэдлийн хувь хэмжээг өсгөхийн тулд “Цайрт минерал” ХХК өмнөд хөршөөс авсан зээл бүрэн төлөгдсөн байх учиртай. Зээл төлөлтийн хугацаа ч энэ оноор дуусгавар болж байх ёстой. Гэхдээ “Цайрт минерал” ХХК-ийг хөл дээр нь босгохын тулд Хятадаас авсан зээлийн батлан даагч нь манай Засгийн газар болж, хятадууд дундаас нь ихээхэн үр ашиг хүртсэн байх гээд байгаа юм.

Тэр зээлийнх нь түүхийг харвал БНХАУ-аас Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгох тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг 1998, 2000 онд 2 удаа хийж баталгаажуулсан байдаг. Эхний хэлэлцээрээр БНХАУ-ын “Экспорт, импорт” банкнаас 100 сая юаний хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрсөн жинхэнэ хэрэглэгчид олгож, үйлдвэрлэлийн шинж чанартай төсөлд ашиглахаар МУ-ын Засгийн газрыг төлөөлж Р.Амаржаргал гарын үсэг зуржээ.

Дараагийн хэлэлцээрт зээлийн хэмжээг 100 сая юаниар нэмэгдүүлэн хоёр талын хэлэлцэн тохиролцсон Монгол Улсын Төмөртийн овооны цайрын ордын төсөлд ашиглахыг  зөвшөөрч, МУ-ын Засгийн газрыг төлөөлөн Санхүү эдийн засгийн сайд Ч.Улаан гарын үсэг зурсан байдаг.

Түүнчлэн  “Хятад Улсаас Монгол Улсад олгох 100 сая юаний хөнгөлөлттэй зээлийн жинхэнэ хэрэглэгч нь Хятадын Өнгөт төмөрлөгийн байгуулалтын хувьцаат компани болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн зөвшөөрлийг манай талаас БНХАУ-ын ЭСЯ-нд бичгээр хүргүүлсэн байдаг. Хятадын Өнгөт төмөрлөгийн байгуулалтын ХК, Цайрт минерал ХХК-ний  хооронд байгуулсан MG259001 дугаартай гэрээний дагуу үйлдвэрийг барьж ашиглалтад хүлээлгэж өгсөн өдрөөс эхлэн гэрээний үнийг хүүгийн хамт 7 жилийн хугацаанд Цайрт минерал ХХК төлж дуусгахаар заасан байдаг. Эндээс  үзэхэд Хятад Улсаас Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгох тухай МУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр гэж нэрлэж, мөн хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд “Энэхүү зээлтэй холбоотой зээлийн үндсэн өр, хүүгийн болон аливаа төлбөрийг Монгол Улсын Засгийн газар хариуцахгүй” гэж заасан нь Монгол Улсын Засгийн газар Төмөртийн овооны цайрын ордоор баталгаа гаргаж Хятадын Өнгөт төмөрлөгийн байгуулалтын ХК-д зээл олгуулсан гэж үзэхээр байгааг анзаарахгүй байж болохгүй.

Үйлдвэрийн нийт үнэ 44880400 ам доллар бөгөөд үүний 55,1 хувь нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу авсан 200 сая юаний хөнгөлөлттэй зээл, үлдсэн 44,9 хувь нь Хятадын Өнгөт төмөрлөгийн байгуулалтын ХК “Экспорт, импорт” банкнаас авсан арилжааны зээлээр санхүүжигдэж, энэ нь Цайрт минерал ХХК-ийн санхүүгийн тайлан тэнцлийн эх үүсвэр талд өр төлбөрийн хэсэгт тайлагнагдсан байдаг. Цайрт минерал ХХК зээлийг 2006 оны 3 дугаар сараас төлж эхэлсэн бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийн 79,7 хувь буюу 36650721,04 ам.долларыг төлсөн байдаг. Долоон жилийн хугацаанд төлж дуусах учиртай зээл төлөгдөж дууссан гэх мэдээлэл байхгүй байна.

Монголын Засгийн газар Хятадын компанийн зээлийн батлан даагч болоод зогсохгүй, тооцоо муутай Тогтвортой байдлын гэрээ гэгчийг 2020 он хүртэл байгуулчихсан байгаа нь яах аргагүй анхаарал татсан асуудал юм. Түүнчлэн тухайн үед зээлийн хэлэлцээрт гарын үсгээ зурцгаасан Р.Амаржаргал, Ч.Улаан нар “Цайрт Минерал” ХХК-ийн эзэн хятадуудын зээлийг батлан дааснаа  мэдэж байсан болов уу? Уг нь Төмөртийн-Овооны цайрын ордын жинхэнэ эзэд нь хятадууд биш бид шүү дээ.

Төгсгөлд нь өгүүлэхэд,   Тогтвортой байдлын гэрээг тооцоо муутай хийснээс ашигт малтмалын ордуудын стратегийн ач холбогдол алдагдаж ирсэн асуудлыг улстөрчид үл хэрэгсэн өнөөдрийг хүрснийг зориуд хэлэх байна. Монголын Засгийн газар ерэн найман оноос хэд хэдэн компанитай Тогтвортой байдлын гэрээ байгуулан зарим татвараас чөлөөлж, олон төрлийн төлбөр, хураамжийг хөнгөлсөн нь эдийн засагт таагүй үр дүнг дагуулсныг үгүйсгэх аргагүй. Тэрчлэн Төмөртийн-Овооны цайрын ордыг ашиглаж ирсэн Монгол Хятадын хамтарсан “Цайрт Минерал” ХХК-тай байгуулсан Тогтвортой байдлын гэрээнд хуудуу бий гэдгийг тодотгомоор байна.

Эх сурвалж: Шуурхай.мн Б.Тамир

 “Дакар 2015”-д  Монголын долоон тамирчин оролцож байна
“Дакар 2015”-д Монголын долоон тамирчин оролцож байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.