Талхнаасаа салчихаад нэрээ дэвшүүл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 20 секунд
Талхнаасаа салчихаад нэрээ дэвшүүл

Талхнаасаа салчихаад нэрээ дэвшүүл

http://www.tumen.mn/upload/2015/10/08/Номын дуунд ойрхон байдаг, эдийн засаг мэддэг эрдэмтэн, багш сэхээтнүүд гээд төлөөлөл парламентад орох битгий хэл 

нэр дэвшихээ болиод удсан. Бараг 100 хувь бизнесийн төлөөллөөс бүрдсэн парламенттай явж ирсэн улс бол манайх.

Сонгуулийн хуулийн заалтаар Иргэний тэр дундаа төрийн албан хаагчийн Улсын Их Хурлын сонгуульд сонгогдох эрхийг хязгаарласан шууд болон шууд бус ямарваа хориг, хязгаарыг бий болгоогүй гэж одоогийн хууль тогтоогчид хэлж байгаа. Гэхдээ бодит байдал дээр хязгаарлаад л байгаа юм.

 

Халаасандаа мөнгөгүй ч төрийн өндөрлөгт зүтгүүлмээр хүмүүс хууль тогтоох дээд байгууллагад орохын тулд сонгуульд нэр дэвших хэрэгтэй болно доо. Гэтэл эрхэлж буй ажлаа өгч байж энэ эрхээ эдлэх болчихоод байдаг. Харин бидний хэлж сурснаар “гарахгүй” бол тэгээд ажил ч үгүй. Улс төр хөөж салбаганасан нэр зүүж жинхэнэ утгаараа лааз өшиглөж мэднэ.

 

Нэр дэвшээд уначихаар эргээд ажлын байр нь хадгалагдаж байна гэх баталгааг хангасан эрх зүйн ямар нэг хамгаалалт зохицуулалт энд байхгүй юм. Хэдийгээр төрд орчихвол тун хэрэгтэй толгой байлаа ч энэ эрсдлээс үүдэн мөрөөрөө амьдрах замыг сонгож яваа иргэд цөөнгүй. Тэд бол төрийн албан хаагчид гэсэн ангилалтай. Олон жилийн зүтгэлээр босгосон ажил мэргэжлийн карьеараа орхиж, банкны зээлээ эрсдэлд оруулж ажлаасаа саналаараа халагдаж байж нэр дэвших эрхээ эдлэх болчихоод байгаа “болзолт” бүлэг.

 

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэсэн заалт байгаа. Одоогоор энэ заалтыг цэц Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзээд түдгэлзүүлчихээд байна.

 

Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлаар хуралдаж цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Тэдний харж буйгаар бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан шаардлага нь агуулгаараа сонгогдох эрхийн хязгаарлалт биш. “...Төрийн албан хаагч нь улс төрийн сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцохоор бол Үндсэн хуулийн суурь зарчим, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хууль ёсны зорилгыг ханган биелүүлэхтэй уялдан тухайн нэр дэвшигчид тавигдаж байгаа нэмэлт болзол, шаардлага...” юм байна.

 

Хууль журам амьдралаас урган гардаг гэж ярьдаг. Сонгуулийн хуулинд байгаа төрийн албан хаагч ажлаа өгч байж нэр дэвших энэ “нэмэлт” болзол тэгвэл амьдралын ямар шаардлагаас урган гарсан бэ.

 

Аль нам эрх барьж байна, тэр намынхан төрийн албаны унааг унаж, төрийн ажлыг хувиараа хийсэн мэт тайлагнаж өөртөө давуу байдал үүсгэн сонгуулийн сурталчилгаа хийдэг байдлыг халах шаардлагаас үүдсэн гэсэн тайлбар байдаг. Ийм үзэгдэл хавтгайрсан байсан ч үнэн. МАН хагас жил Ч.Сайханбилэгийн засагт эвсч байхдаа эвээ эвдэлсэн том шалтаг нь энэ л байсан. МАН-ын сайдууд нь хөдөө орон нутгаар давхиж олон нийттэй уулзалт хийхдээ төрийн сайдын хувьд танхимын шийдлээр хийж буй ажлаа нам нь дангаар хийж буй мэтээр баахан сурталдсан. Энэ нь АН-ын эгдүүг хөдөлгөсөн. Төрийн зардлаар намынхаа сурталчигааг хийгээд байсан хэрэг л дээ.

 

Энэ мэт зөвтгөлөөр Сонгуулийн хуулинд төрийн албаныханд хийсэн болзол нь хэтэрхий өргөн хүрээг хамарч мэдлэг чадвартай оюунлаг хэсийнхэн улс төрд орж төрдөө зүтгэх боломжийг хаасанхавтгайрсан хориг болчихоод байгаа юм.

 

Гэтэл одоогийн цэцийн дүгнэлтэд хариу болгож буй тайлбар нь их ариухан. Улс төрийн сонгуульд нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлд, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, төрийн алба улс төрөөс ангид байх зарчмыг хэрэгжүүлэх хууль ёсны зорилгод тулгуурласан гэж байгаа юм. Нөгөө талаас төрийн алба мэргэшсэн, тасралтгүй, тогтвортой байх нөхцөлийг төр бүрдүүлэх ёстойг харгалзан үзсэн гэж байгаа.

 

Эвслийн засгийн хэлбэрдсэн хэдхэн сард МАН-ын зургаан сайдын амжуулж хийсэн их халаа сэлгээ. Түүнийг нь залруулж байна хэмээн АН-ын хийж буй сөрсөн халаа сэлгээг тэгвэл юу гэж тайлбарлах вэ.Төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчим хаана хангагдаад байгаа юм. Намдаа тэрбумаар хандиваа өгсөн баян шууд нэр дэвшиж болоод байхад цалингаасаа өөр орлогогүй төрийн албан хаагч талхнаасаа салж байж нэр дэвших болж байгаа нь “нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлд” байгаа хэрэг мөн үү.

 

Сонгуульд нэр дэвших бол олимпийн эрх биш. Тусгай бэлтгэл, сорил тэмцээн ч хэрэггүй. Хэн хүснэ тэр иргэн холбогдох хуулийн шаардлагыг хангасан нөхцөлд намайг сонго гээд зогсож байж болох юм. Заавал нам царайчлахгүй хэдэн зуун саяын хандив өгөхгүйгээр зохих тооны дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулаад нэр дэвшигчийн үнэмлэхээ авч ард түмний мэргэн сонголтод найдаж болмоор. Үүнийг нь үндсэн хуульд бол хийгээд өгчихсөн байгаа. Гэтэл сонгуулийн гэсэн тусдаа хуулиар төрийн албан хаагчид нэмэлт “болзол”-той болчихсон.

 

 

Мөнгө бэл муутай ч мэдлэгтэй оюунлаг. Арай нэг ном уншсан онол гадарладаг хүмүүсийн дийлэнх олонх нь өнөөгийн төрийн алба хашиж байгаа 180 мянган албан хаагчдын тоонд байгаа нь үнэн. Амралтаа авч наймаа хийж гудамжинд гарч үзэцгээгээд зохихгүй гэдгийг нь мэдээд албандаа эргэсэн хүмүүс ч олон. Харин улс төрд ороод үзье гэхээр уначихвал эргэж албандаа ирэх найдваргүй. Нэр дэвших явцдаа унахын хажуугаар хэн гэж баянтай нэг тойрогт үзэж өнгө мөнгөнд нь нухуулж, ялсан намын ямар зуултанд орохыг бүр таашгүй. Товчдоо бол маш эрсдэлтэй. Хар практикаар бол цалингүй амьдраад байхаар нөхцөлд л нэр дэвшиж болохоор.

 

Сайд даргын суудлаараа түрээ барьж хувийн зардалгүй сонгуульдаад байдаг замыг хаах ариун зорилгын цаана нэр дэшигчдийн цусыг сэлбэх, сонгогчдын сонголт өргөн хүрээтэй байх боломжийг давхар хаасанайхтар дотуур тамиртай хориг бол энэхүү  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт байгаа заалт юм.

 

Нуршиж дахиад л амьдралын жишээ татья. Эдийн засгийн ухааны доктор Дорж хууль тогтоох байгууллагад орж мэдлэг оюунаа шавхмаар санагдана. Үнэлдэг хүмүүс нь бүгд л хэлнэ. Чи энд цагийн багш хийж илжирч суух хүн биш. Их хуралд оч. Тэнд эдийн засаг мэддэг хүн хэрэгтэй байна. Ард түмэн учраа мэддэг болсон. Одоо олигархи сонгохгүй гээд чамайг гаргачихаж магадгүй гэнэ. Ингээд шийдлээ гэхэд хуулийн дагуу оны өмнө үүнийгээ баталгаажуулж цалинтай ажлаа өгч нийгмийн даатгалын дэвтэртээ “хар нүх” гаргах шаардлага үүсч байна.

 

Ингэхдээ бүр тухайн сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгч цалингүй болж аваад нэр дэвшихээр гарч өгөх заалт байгаа. Тэр болтол зай ч бий лай ч бий гэдгээр муугаар бодоход сонгууль нь болоо ч билүү, үгүй ч билүү. Бүтэн зургаан сар би нэр дэвших гэж байгаа гэж гайхуулсаар суух болж байна. Гэтэл албан ёсоор бол сонгуулийн сурталчилгаа сайндаа л 45 хоног өрнөөд шийдэгдэх ажил байдаг. 

 

Энд зүгээр нэг мөрөөдөгч биш тун шинжлэх ухаанч, маш ухаалаг өндөр боловсролтой нэр дэвшигчийн жишээ авагдаж буй тул дээрх тэнэглэлийг сонгохгүй. Нэр дэвшдэг юм уу гээд шинэ жилээр ажлаа өгчихөөд сууж байх хэцүү. Ингэхээр сонгуулийн хууль дахь төрийн албан хаагчийн тухайд тавьсан заалт бол  “болзол” төдийхөн бус бодит байдал дээр мэдлэгтэй оюунлаг хэсгийнхэн нэрээ дэвшүүлэхэд нь дарамт үзүүлсэн заалт.

 

Ингэхээр намдаа том хандивтай, хур хөрөнгөтэй намын даргадаа сайн тал зассан хэдэн баячууд тойргоор нэр дэвшиж бид аргагүйн эрхэнд тэднийг сонгосоор байх зам үлдэж байна.

 

 

Саяхан манай парламент 25 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ хугацаанд сонгогдсон бизнесменүүдээ алгасаад зөвхөн нэр дэвшиж унасан хүмүүсийг харвал дахиад л мөнгө бэл заасан нэр дэвшигчид байсан нь харагдана. Ийм их бизнес сэтгэлгээтэй нэр дэвшигчид шигшигдээд байхаар дараа нь яаж чанартай хууль баталж улс яаж хөгжих вэ дээ гэж цөхөрмөөр.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэсэн заалт нь хүний эрхийг хязгаарлаагүй боогдуулаагүй байж болно. Харин Их хуралд зөвхөн бизнесийн хүрээнийхэн өнөөгийн толгой баячууд, луухар олигархууд л ээлжлээд нэр дэвшээд байх тойрог замыг дархалсан заалт бол мөн юм. 

 

“...Төрийн жинхэнэ албанаас улс төрийн салбарт шилжин ажиллах сонголт нь хувь хүний Үндсэн хуулиар олгогдсон ажил, мэргэжпээ чөлөөтэй сонгох эрхийнхээ дагуу хийж байгаа ухамсарт үйлдэл мөн...” гэж хууль тогтоогчид хэлж байгаа юм. Гэхдээ төрд “хэрэгтэй” толгойнууд улс төрд шилжин орох сонголт хийхэд нь “талхнаасаа сал” гэсэн нэмэлт болзол тавьчихаад байгаагаа ногоон гэрлээр нэр дэвшиж өндөр сэнтийд гарсан эрхэм гишүүд зөвшөөрөхгүй байх юм даа.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Эх сурвалж: Bolod.mn

Загвар өмсөгч С.Төгс: Сэлэнгээ яасан их порно сайтад нүцгэн зургаа авахуулдаг юм бэ дээ
Загвар өмсөгч С.Төгс: Сэлэнгээ яасан их порно сайтад нүцгэн зургаа авахуулдаг юм бэ дээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.