УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс өмнө хуралдаж, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Н.Батбаярыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нарыг санал болгоод, эцэслэн шийдэж, өргөн барих эрхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт үлдээсэн юм.
Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МоАХ фракцийг төлөөлж, Зам тээврийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг сайдад нэр дэвшүүлж, өргөн барихаас татгалзжээ. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас дахин хуралдаж, өөр хүн санал болгохыг хүссэн бололтой.
Ерөнхий сайдын хувьд "Алтангадас" фракцийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Г.Батхүүд уг албан тушаалыг өгөх сонирхолтой гэх. Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан уг нь Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайд болох сонирхол ихтэй байсан ч энэ нь "Шударга ёс" эвсэлд оногдсон тул Хөдөлмөрийн сайдад нэр дэвшихээр болсон байна.
Э.Мандах