Буцах бэрд унаа тугал нийлэх хамаагүй буюу Э.Батшугарын ээлжит жүжиг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 12 секунд
Буцах бэрд унаа тугал нийлэх хамаагүй буюу Э.Батшугарын ээлжит жүжиг

Буцах бэрд унаа тугал нийлэх хамаагүй буюу Э.Батшугарын ээлжит жүжиг

МАХН-ын  дарга Н.Энхбаяр төрд гарах туйлын хүслээ  өөрийн хүү Э.Батшугараар гүйцэлдүүлэхээр үхэн хатан зүтгэж байна. 

Түүний хүү нийслэлийн  Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д нэр дэвшиж буй бөгөөд УИХ-ын сонгуулиар мөн уг  тойрогт өрсөлдөж, өвдөг шороодож байсныг сануулъя. Дургүй чавганцад дарж байж сахил хүртээнэ гэгчээр олны дэмжлэгийг  авч чадахгүй байгаа хүүгээ орон нутгийн  сонгуульд  дэвшүүлсэн  Н.Энхбаяр  эвсэл болж сонгуульд орж буй бусад намаа ч бодох сөхөөгүй улайрч байна.  Буцах бэрд унаа тугал нийлэх хамаагүй гэдэг шиг сонгогчийн санал авахын  тулд бэлэн мөнгөнөөс дутахгүй худал амлалт өгч явна. 

Саяхнаас Сонгинохайрхан дүүргийн иргэдэд урьдчилгаагүй,  хүүгүй  байртай болохыг хүсэж байвал Э.Батшугарыг  сонгоорой гэх  нь  холгүй мессеж ирүүлжээ.  МАХН-ынхан  энэ сонгуулиар зөвхөн  Н.Энхбаярын  хүүг гаргахын тулд  бүх  кампаниа түүнд  зориулж буй сурагтай.  Э.Эрдэнэжамъяан тэргүүтэй нөхдүүд урьдчилгаагүй,  хүүгүй орон сууцанд  иргэдийг  оруулах  тухай хуулийн төсөл бичиж, С.Ганбаатараар  парламентад өргөн  бариулахаар боллоо гээд  мэдээлэл мөн хийв.

 Өнөөдөр гэр  хороололд  амьдарч буй нийслэлийн иргэн  бүр  орон сууцанд амьдрахыг  хүсэж буй. Харин сонгууль дөхөөд  ирэхээр  иргэдийн сэтгэлзүй дээр тоглож үнэгүй байр, бэлэн мөнгө, орд газар амладаг заншилтай МАХН-ынхан  энэ удаа мөн түүхээ давтаж буй бололтой.  Өнгөрсөн хаваржин  орон сууцанд орохыг  хүсэж байвал ирж анкетаа бөглөнө үү хэмээн нийслэлчүүдийн нэр хаяг,  регистрийн дугаар гээд хувь хүний бүхий л  мэдээллийг хууль бусаар цуглуулж авсан МАХН-ынхан сонгуулийн дараа л  энэ талаараа ганц ч үг  ганхийлгүй усанд  хаясан  чулуу шиг алга болсон.  Тэгвэл  орон нутгийн сонгуулийн санал хураалт  дөхсөн энэ үед  өнөөх  үлгэрээ дахин  ярьж,  сонгогчдын  саналыг  татах гэж улайрч байна. 

Нохой хөнгөлсөн  хүндээ янаг  гэгчээр намуудын мөрийн хөтөлбөр  Сонгуулийн ерөнхий хороонд  үзүүлээд  хаядаг  дэмий цаас биш  гэдгийг  Н.Энхбаярын хүүд хэлж ойлгуулах  тустан  тус нам дотор даанч алга.  Харин ч улам сайн худал  хэл,  хоосон  амла, ямар ч хамаагүй аргаар улс төрд  ор гэж долоогчид,  дагагчид  л түүнд байна.  Ядаж урьдчилгаагүй,  хүүгүй орон сууц  гэдэг зах зээлийн жамаараа ямар ч боломжгүй, угаасаа бүтэхүй гэдгийг  эдийн засгийн сургууль төгссөн хэмээгдэх Э.Батшугар өөрөө  ч мэдэж яваа. Популистууд үйл ажиллагаагаа,  үг яриагаа ард түмний хэрэгцээ шаардлагатай нягт  уялдуулдаг бичигдээгүй хуультай. Сонгуулийн хуулийг зөрчсөн ч хамаагүй хамгийн гайхалтай үг, гоё саналыг олж хэлэхийг хичээж байгаа.  УИХ-ын  сонгуулиар  таван саяын цалин, орд  газрын хувьцаа, орон сууц амласан  нь аудитын шалгалтад унасан  болохоор одоо  хүүгүй, урьдчилгаагүй байранд  оруулах талаар  ярьж яваа биз. 

Нийслэл  хот өдөр бүр хүрээгээ тэлж,  шилжин  ирэгсэд нэмэгдэж буй энэ үед урьдчилгаа төлөхгүй, дээрээс нь  хүүгүйгээр  зээлээ төлөөд, 4-5  өрөө байранд  амьдруулна гэдэг  мэдээж гоё сонсогдож байна.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа дөтлөхтэй зэрэгцэн  энэ мэт  улстөрчдийн уярам нялуун үг  зүрх сэтгэлийг догдлуулахаас илүүтэй айдас  болгоомжлол  руу хөтлөх  нь их  боллоо. Өнгөрсөн  30 жилийн турш  ердөө л нэр  бүхий хэдхэн  улстөрчийн унаж босох  цикл дунд санал хураалтын хайрцаг руу итгэл  үнэмшлээ дугтуйлдаг  байсан  сонгогч олны тухайд  өдгөө тэр бүх  гоё сайхан  үгс,  сайхан амлалтууд,  худал хуурмагийн төгс илэрхийлэл  болохыг  бага атугай ойлгосон  юм,  Э.Батшугар аа. Монголчуудад  ийн ухамсрын сургамж,  улстөрчдийн  худал төрхийг таних  аргад  суралцуулсан хүмүүсийн нэг  нь мөн таны аав  Н.Энхбаяр  гэдгийг энд  тодотгоё.  Гэхдээ энэ хүртлээ ноён Н.Энхбаярыг  Монгол төрийн сэнтийд залж, ургуулж,  хий хоосон улс төрийнх нь утсан хүүхэлдэй болж ирснийг бодохоор харамсахгүй байхын аргагүй. Ард  түмнийг  хоосон  амлалт, худал үгээр  хуурч,  мунхруулж, саналыг  нь аваад маргааш  нь мартдаг  улстөрийн сонгуулийн  муу түүх,  муу жишээ Э.Батшугар таны аав болон тэдний үеийн  улстөрчдөөр дуусаг.

С.Амарсайхан: 50 саяыг өгвөл цагаан жагсаалтанд оруулна гэж ирсэн
С.Амарсайхан: 50 саяыг өгвөл цагаан жагсаалтанд оруулна гэж ирсэн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.