Сингапурт эдийн засаг хөгжиж, ажлын байр байнга нэмэгдэхийн сацуу замын түгжрэлийн асуудал 1975 он гэхэд “тэг зогсолт”-д хүрчээ. Зүүнээсээ баруун тийш 50 км, хойноосоо урд зүг хүртэл 27 км үргэлжлэх бяцхан аралд 5.4 сая хүнийг замын түгжрэлгүй амьдрах гол бодлого бол хувийн машиныг хязгаарлах замаар “Нийтийн тээвэр”-ийг сайтар хөгжүүлж, гол тээврийн хэрэгсэл байх ёстой хэмээн үзжээ. Түгжрэлийн эсрэг дараах арга хэмжээг урт болон богино хугацаанд хэрэгжүүлсэн байна.
- Түгжрэл үүсгэдэг гол замууд дээр “Хяналтын цэг” ажиллуулан, машинаас төлбөр (S$3 синга доллар буюу 5000 төгрөг) авдаг болсон.
2. Дээрх цэгийг 1998 оноос ERP (Electronic Road Pricing) буюу замын хураамжийг автомат системд оруулан, гол замуудад байрлуулсан. IU (In-vehicle Unit) цахим картын төхөөрөмжийг машины урд шилний хажууд байрлуулан, ERP-тай нэгдсэн холболтоор холбон, S$0.5-4 сингапур доллар суутгадаг байна. Уг систем оргил ачаалалтай 07.00-09.00; 17.30-18.30 цагуудад өндөр төлбөртэй, харин бусад үед төлбөргүй. Энэхүү системийг Сингапурчууд анхлан туршиж, амжилттай болсноор 2003 онд Лондон хот хэрэгжүүлсэн ажээ.
3. IU цахим картыг S$155 сингапур доллараар худалдан авч, машиндаа суурилуулдаг. Хэрэв уг картыг санаатайгаар суурилуулаагүй, ажиллуулаагүй бол S$70.000 (168 сая төгрөг) сингапур доллараар торгодог. Харин ямар нэгэн шалтгаанаас карт ажиллаагүй бол төлбөрийг 10 орчим нугалсантай тэнцэх торгууль төлөх, картын машинд гэмтэл гарсан бол засварын газрын нотлох бичгээр торгуулиас чөлөөлөгдөх зэрэг журам үйлчилдэг. Карт ERP системд холбогдох болгонд жолоочид дохио ирдэг тул хянах боломжтой.
4. ERP систем тавигдсанаар бүх тээврийн хэрэгслийг аль зам дээр хэдэн цагт хэр зэрэг ачаалал үүсгэж байгааг тооцож, бүртгэлжүүлдэг болсноор цаашдаа хаана ямар замыг барьж, өргөтгөх, замын ачааллыг жигд тооцох бусад арга хэмжээг судалгаанд тулгуурлан төлөвлөн хэрэгжүүлдэг болсон.
5. Шинээр машинтай болох иргэдэд “Машин эзэмших эрхийн бичиг”-ийг дуудлага худалдаагаар олгож эхэлсэн. Замын ачааллыг тооцон, нийт машины 3 хувьтай тэнцэх тооны эрхийн бичгийг 1 хүнд 10 жилийн хугацаагаар олгодог. Ингэснээр жил бүр машины тоог 3 хувиас хэтрүүлэхгүйгээр барьж байна. Эрхийн бичгийн үнэ дуудлага худалдаанаас шалтгаалан янз бүр байх ч оргил үедээ S$100.000 синга доллар/240 сая төгрөг хүрдэг. Эрхийн бичгийг дамлан худалдах, авлигаас сэргийлэхийн тулд бусдад зарах, өөр хүний нэр дээр шилжүүлэхийг хориглосон.
6. Нийтийн тээврийг сайжруулах зорилгоор Америкийн зөвлөх компаниар судалгаа хийлгэн, метрог 1960-аад оноос эхлүүлэн 1987 онд ашиглалтад оруулсан. Хур тунадас их ордог Сингапурт метро нь цаг агаараас үл шалтгаалан, хамгийн хурдан, найдвартай, хямд нийтийн тээвэр болсон.
7. Машины гаалийн татварыг нэмэгдүүлсэн.
8. Бизнесийн гол төвүүд, орон сууцны хороолол зэрэг хүн амын төвлөрөл ихтэй газруудад замын сүлжээг илүү олон хувилбараар хөгжүүлж, төрөл бүрийн нийтийн тээврийн хэрэгслийг ашиглах боломжтойгоос гадна дугуй явган хүний замыг барьсан. Машины зогсоолууд төлбөртэй, төлбөр нь IU-гээс шууд суутгагдана.
9. Замын зохион байгуулалт, чанарыг сайжруулсан. Үүнд, гудамжны болон замын гэрэлтүүлэг, дохиолол тэмдэг тэмдэглэгээ, үер, усны далан сувгийг барьж, сайжруулсан. 70-90 км/цаг хурдыг зөвшөөрсөн захдуу газраас томоохон цэгүүдэд шууд очих 9 том хурдны зам байна. Доод тал нь 50-60 км/цаг хурдтай явахыг зөвшөөрсөн нийт 600 км туслах болон салаа зам байна.
10. Хотыг тойрон явах замын 2 тойрог кольцо зам байгуулсан.
11. Жолооны курсыг чанаржуулснаар замын хөдөлгөөний дүрмийг чандлан баримтлах, хөдөлгөөнд соёлтой оролцоход хатуу хяналтыг бий болгож, мөрддөг.
12. Ачаалалтай замын талаар мэдээлэл өгөх, төрөл бүрийн аппликэйшнүүдийг ашиглаж, замын мэдээлэл авах, дуут дохиог хянах, эвдэрсэн болон осол гарсан машинд яаралтай тусламж үзүүлэх зэрэг үйлчилгээг нэмэгдүүлж, цахимжуулсан.
13. Орон сууцны байруудад 400 метрээс холгүй автобус, метроны буудал бий болгосон. Мөн дугуй болон явган хүний замтай.
14. Нийтийн тээврийн үнэ хямдхан бөгөөд нэгээс нөгөөд 2 цагийн дотор шилжихэд төлбөр авахгүй. Үүнд, метроноос автобус руу шилжихэд мөн хамаарна. Хаа ч явсан S$3 сингапур доллараас хэтрэхгүй. Оргил цагуудад үнэгүй буухиа автобусны үйлчилгээг нэвтрүүлсэн. Такси хүртээмжтэй ч харьцангуй үнэтэй.
Дээрх арга хэмжээний үр дүнд 10 хүний 7 нь ажилдаа очих болон ажлаасаа харихдаа нийтийн тээврийг ашигладаг байна. Хотын төвд машины хурд 25-30 км/цаг, бусад замд 45-60 км/цаг болж, түгжрэлийг бууруулснаар эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд олон эерэг үзүүлэлт гарчээ. Тус улс 2018 оноос автомаүшиныхаа тоог нэмэхгүй байх шийдвэрийг ч гаргасан байх. Улс орон бүр өөрийн онцлогтой ч түгжрэлийг бууруулахад нийтийн тээвэр онцгой чухал үүрэгтэй гэдгийг эндгээр жишээнээс харж болмоор.
Эх сурвалж: “Fifty Secrets of Singapore’s Success”, “From Third World to First” номууд болон холбогдох вэбсайтаас мэдээллийг бэлтгэв.