“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 17 секунд
“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны (2021.06.29) төгсгөлд Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газраар аудит хийлгэн, хуулийн хугацаанд нь танилцуулж байгаагаа тэрбээр дурдсан. Танилцуулгад улсын төсвийн 32 ерөнхийлөн захирагчийн 1,000 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3,336 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэлийг нэгтгэжээ. Түүнчлэн төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэсэн байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөлөөгөөр эдийн засаг жилийн эхний хагаст 9.7 хувиар агшсан бол эдийн засгийг идэвхжүүлэх, ажлын байрыг хадгалах, малчин өрх болон эмзэг бүлгийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх, татвар, нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор төсвийн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн хагас жилд эдийн засгийн уналт саарч 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 хувиар агшсан байна. Цар тахлын нөлөөгөөр эдийн засаг агшиж, хил гаалийн нэвтрүүлэлт удааширч, гол нэрийн эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ буурч, уул уурхай, бөөний худалдаа зэрэг голлох салбаруудын орлого тасалдсан үед ажлын байрыг хадгалах, ажил олгогчдыг дэмжих зорилгоор татвар, шимтгэлийн хөнгөлөлт үзүүлсэн нь төсвийн орлогын гүйцэтгэлд голлон нөлөө үзүүлснийг дурдсан. Түүнчлэн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор төсвийн зарлагыг нэмэгдүүлж, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлсэн нь төсвийн зарлага, улмаар төсвийн алдагдал нэмэгдэх гол нөхцөл болжээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9.5 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 420.8 тэрбум төгрөг дутуу биелсэн бол нэгдсэн төсвийн зарлага 13.9 их наяд төгрөгт хүрч төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр бага гүйцэтгэлтэй гарчээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байгаа гэв. Улсын төсвийн гүйцэтгэл: Монгол Улсын 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6^8 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 647.5 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй, улсын төсвийн зарлага 10.7 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 917.6 тэрбум төгрөгөөр бага гүйцэтгэлтэй гарсан байна. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 3.9 их наяд төгрөгийн алдагдалтайгаар тайлагнагдаж байгааг Сангийн сайд танилцуулав.

Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан: Уг тайланд нийт 78.5 их наяд төгрөгийн хөрөнгө, 42.7 их наяд төгрөгийн өр, төлбөр, үүнээс мөнгөн хөрөнгө 4.9 их наяд төгрөг, авлага 5.5 их наяд төгрөг, урт хугацаат хөрөнгө оруулалт 10 их наяд төгрөг, үндсэн хөрөнгө 45.8 их наяд төгрөг тайлагнагджээ. Үндэсний аудитын газраас энэхүү тайланд “хязгаарлалттай” санал, дүгнэлтийг хэд хэдэн алдаа зөрчилтэй холбоотойгоор гаргажээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар танилцуулсан.

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар: Монгол Улсын Засгийн газар 2020 онд ”Цахим ил, тод, үр ашигтай байх” төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ 8 зорилт дэвшүүлэн ажиллажээ. Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 10 их наяд 444.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 438.8 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламж 9 их наяд 463.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 420.7 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Төсвийн орлого төлөвлөснөөс дутуу биелэлттэй байгаа нь Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээний салбаруудын орлого буурснаас шалтгаалжээ. Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 13 их наяд 904.3 тэрбум төгрөг буюу 91.9 хувийн гүйцэтгэл гарсан нь урсгал зарлагыг 740.1 тэрбум, хөрөнгийн зардлыг 479.7 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 13.2 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсантай холбоотой гэжээ.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 5 их наяд 252.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 4 их наяд 440.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь ДНБ-ний 12 хувьтай тэнцүү байна.

Засгийн газрын нийт өр 2020 оны эцэст 27 их наяд 898.6 тэрбум, өнөөгийн үнэ цэнээр тооцсоноор 23 их наяд 24.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь ДНБ-ийн 62.3 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өрийн хэмжээ өмнөх оноос 3 их наяд 698.9 тэрбум төгрөгөөр өссөн. Өрийн үлдэгдэлд гадаад өр 89.1 хувь, дотоод өр 4.1 хувь, өрийн баталгаа 3.8 хувь, барих шилжүүлэх төрлийн концесс 3.0 хувийг тус тус эзэлж байна.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль, түүнд оруулсан өөрчлөлтөөр нийт 23 ТЕЗ-ийн төсвийн багцад баталсан 4 их наяд 118.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1 их наяд 330.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1347 төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийлээ. Аудитаар улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бодит гүйцэтгэл 78.4 хувьтай дүгнэгдсэн бөгөөд 11.2 хувь буюу 151 төсөл, арга хэмжээ хэрэгжээгүй, 15.2 хувь буюу 205 төсөл, арга хэмжээний хэрэгжилт дутуу байна. Улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, хэрэгжилт удааширсан, үр ашиггүй зардал гарсан нь төлөвлөгөөнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй бүрэн нийцүүлээгүй, салбарын түвшинд төлөвлөөгүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй зарим төсөл, арга хэмжээг тусгасантай холбоотой байна.

Төсөв санхүүгийн хариуцлагын болон хяналтын тогтолцоо хангалтгүйгээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд баримтлах хууль тогтоомж зөрчигдөж байгааг анхаарах шаардлагатай гэжээ.

Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар: Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 ТЕЗ-ийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6890 санхүүгийн тайланг нэгтгэсэн. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 40, Хязгаарлалттай 16-н дүгнэлт өгсөн аж. Засгийн газрын 2020 санхүүгийн нэгтгэсэн тайланд санхүүгийн тайлангийн батламж мэдэгдлүүдтэй зөрчилдсөн материаллаг хэмжээний дараах алдаа, зөрчил илэрсэн нь Аудитын Дээд байгууллагуудын болон Аудитын Олон улсын стандарт, “Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам”-д заасны дагуу “Хязгаарлалттай” дүгнэлт өгөх үндэслэл болжээ.

  • “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай” хууль, дагалдах журамд сангийн эх үүсвэрийг нөхөн бүрдүүлэх талаар тодорхой тусгаагүй нь чөлөөлөлтөөс үүссэн 642.6 тэрбум төгрөгийг НДЕГ бүртгэж, шийдвэрлэхэд хүндрэл үүссэнээс санхүүгийн тайланд тооцоо нийлж баталгаажуулаагүй авлага бүртгэсэн;
  • Дамжуулан зээлийн 321.7 тэрбум төгрөгийг ашиглагч байгууллагууд санхүүгийн тайланд өр төлбөрөөр бүртгэж тайлагнаагүй;
  • Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 1,146.7 тэрбум төгрөгийн урт хугацаат үнэт цаас гарган Төрийн өмчит хуулийн этгээдийн ирээдүйд бий болох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан, өр үүсгэж, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс төлсөн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.7-д заасантай нийцээгүй;
  • Эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлээгүй, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй 297.8 тэрбум төгрөгийн төслийг гадаад зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн байна.

Иймд дараах асуудалд анхаарлаа хандуулахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж гамшгийн үед эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулж боловсронгуй болгох; Засгийн газрын амлалтын шинж чанартай эдийн засгийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр, зарцуулалтыг төсвийн бүрэлдэхүүнд оруулан хуулиар батлах асуудлыг анхааралдаа авахыг уламжилж байна.

Дээрх аудитуудаар Улсын Их Хуралд нийт 7 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 14, Сангийн сайдад 11, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт 4 зөвлөмж тус тус өгч аудитын тайланд тусгасан болно. Төрийн аудитын байгууллага ковид цар тахлын нөхцөлд ажлын тусгай горим хэрэгжүүлэн аудитыг анх удаа цахим болон уламжлалт хэлбэрийг хослуулан хийж гүйцэтгэжээ.

Сангийн сайд болон Монгол Улсын Ерөнхий аудиторын танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Д.Өнөрболор, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Б.Баттөмөр, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа.

Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"НОМИН ИХ ДЭЛГҮҮР" хүний хөдөлмөрийг шулж баяжсаар...
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.