УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы танхимд АТГ-т шалгагдаж байгаагаа зарлуулснаас хойш Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт хүч нэмж тус газартай “тэмцэх” болсон.
Угийн боловсон, дипломатч имижтэй, урбанжсан, элит гартал улстөрчийн “тэмцэл” хэрхэн өрнөдгийг түүний нүүр номоос харж болно. Тэрбээр “Төрийн албан хаагч санаачилга гаргаж болохгүй. Санаачилга гаргавал АТГ шоронд хийнэ” гэсэн постыг нүүр номдоо байн байн нийтэлж байв. Төрийн хар хүн болоод удаж буй, парламентад хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа энэ эрхмээс ийм авир гарах нь ёстой л түүнийг таниагүй байжээ гэж халаглахад хүргэлээ. Тэр АТГ улстөрчдөөс хараат байж болохгүй, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, хамгийн гол нь дээрх сөрөг лозунгд нь дурьдсанчлан АТГ хэн нэгнийг шоронд хийдэг байгууллага биш гэдгийг сайн мэднэ. Гэвч өөртэй нь холбоотой асуудал үүсэхэд юу ч хийж мэдэх хүн гэдгээ харуулчихлаа.
Мөн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг хэрэгжүүлсэн нь гэмт хэрэг үү” гэхчлэн хийрхсэн байх юм. Энэ нь ҮАБЗ-ийн зөвлөмжийг дуулгавартайгаар биелүүлж, Монгол цэргийн багийг Өмнөд Суданд илгээхийн өмнө бэлтгэл хангах “Энхийг сахиулах цогцолбор” гэдэг жигтэйхэн сайхан бүтээн байгуулалт хийчихээд байхад нь “Яагаад НҮБ-аас санхүүжүүлдэг ажиллагаанд зориулж банкнаас 120 тэрбум төгрөг төлчихөөд 800 саяын хүү л төлөв” гэдэг асуудлаар АТГ-т шалгаж байгаатай нь холбоотой аж.
АТГ өөрийг нь шалгаж байгаа гэсний төлөө ийнхүү танигдахгүй болтлоо улайран тэмцэх болсон бас нэг шалтгааныг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай хамтран нэгэн томоохон төсөл дээр ажиллах болсноор хэтэвч нэгдэж, үзэл бодлоо хүртэл ижилсүүлэх болсонтой холбоотой байж болзошгүй. Учир нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 260 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Л.Болд гишүүн ихэд хөөцөлдсөн ч өндөр шалгууртай төслийн шалгуурыг давалгүй “Голомт”-оор дамжуулж мөнгө угаасан гэх үндэслэлд хардагдаад байгаа билээ. Энэ үеэс Н.Алтанхуяг, Л.Болд нар бизнесийн түншүүд болж нэгэн завин дээр суусан болохоор тэдний нөхөр, дайсан нь ч ижилсэх болсон. Гол дайсан нь АТГ байсан, үүнийгээ ч нуухаа больж өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглаж, турхирах болов.
Түүний АТГ-тай хийх тэмцэл ид өрнөж эхэлтэл ЕАБХАБ-ын парламентын ассамблейн чуулган эхэлсэн тул “тэмцлээ” түр зогсоогоод байсан бололтой. Гэвч дээгүүр илж доогуур чимхэнэ гэгчээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөхөөр нь ажиллаж, “Нүүрс” хөтөлбөрийг гардан хэрэгжүүлж байсан Л.Гансүхийг шүүх хурлын үеэр өөрийн эзэмшлийн “Ийгл” телевизийг зорилготойгоор турхирч АТГ, шүүх, прокурор, яллагч гэж ямар аймаар муухай хүмүүс байдаг, яллагдагч гэж ямар сайхан гоё бас гэнэн амьтад байдгийг харуулахыг хичээв. Түүндээ ч хүрсэн бололтой шүүх хурлыг оройн 22 цагт завсарлах хүртэл “Ийгл” шууд дамжуулж эзнийхээ даалгаврыг амжилттай биелүүлсэн. Бусад телевизүүд хийгээд “Ийгл”-ийн мэдээний багтаамж, үзэгчдэд мэдээлэл өгч буй шууд дамжуулалтын зураг авалт, өнцөг сонголт зэргийг харахад ерөөсөө л зорилго нь ойлгомжтой байв.
Шүүх хурлыг үзээд эгдүүцэж бухимдсан жиргээчдийн сэтгэлийн хөдөлгөөнөө хяналгүй жиргэх хатуу хөтүү үгс, шүүхийн шийдвэр гараагүй байхад үнэлэлт дүгнэлт өгч олон нийтийн сэтгэл зүйг Л.Гансүхийг өрөвдөж, АТГ, шүүх, хуульчдын талаар ташаа ойлголттой болох зэрэгт тус телевиз цаг хугацаа, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулахыг харлаа.
Шүүх хурлыг нээлттэй болгож өгөөч гээд байсны учир ч үүнд орших биз. Тус телевизээр аливаа дуулиантай асуудлыг хурцаар дэвшүүлж, шуурхай ажилладаг, олон нийтэд мэдээллийг нээлттэй, бүрэн бүтэн хүргэдэг нь сайшаалтай ч заримдаа улс төрийн тоглолт хийж, эзний талд ашигтайгаар нэг талыг барих байдал хааяа харагддаг.
“Ийгл ньюс” агентлагийн гүйцэтгэх захирал А.Амундра Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Дараа нь өнгөрсөн намар “Ийгл ньюс”-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгч төдөлгүй “Монгол Масс Медиа” ХХК-ны захирал болсон юм. Харин түүний оронд “Ийгл ньюс” агентлагийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон Д.Бадамдаш нь МУИС-ийн Улс төр судлалын ангийг төгсөж, АНУ-д улс төрийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Азийн сангийн төслийн менежер, Голомт банкны ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайдын зөвлөх, “Монгол Масс Медиа” группийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ.
Товчхондоо Н.Алтанхуяг, Л.Болд нарын шадар дүү нар А.Амундра, Д.Бадамдаш нар ч мөн хэзээнээсээ үзэл бодол, гар сэтгэл, бизнес нэгтэй болчихоод байгаагийн жишээ дэндүү олон.
Ийм хамтрал байж болно. Гэхдээ олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоо биелүүлэх, нийтлэлийн бодлогоо тодорхойлоход энэ хамтрал нь үйлчлээд байж болохгүй билээ. “Ах нартаа” үйлчлээд байгаа нь мэдрэгдээд байхад мэдэрдэггүй, дотооддоо төдийгүй гадаад мэдээг дамжуулахдаа хүртэл алдаа гаргаж байсан удаатай “Ийгл” телевиз энэ удаад АТГ болон хуулийн салбарынхныг муухай харагдуулахад дэндүү хичээчихэв үү гэж харагдлаа.
Ямартай ч хэвлэл мэдээллийн хүчтэй хэрэгсэлтэй, сошиал медиаг бүрэн ашиглаж “болжморыг цалинжуулж болдгийг” гайхуулсан, өөрөө АТГ-т шалгагдаж байгаа эрхэм гишүүнээс ийм л авир гардаг аж. Сүүлдээ “Нэг зүйл харамсалтай. Хүний нэрийг нь зарлачихдаг, хэргийг нь хэлдэггүй. Тэр нь хэвлэлээр яваад байна” гэж гомдоллож сууна. Энэ нь “Аль хэргийг нь шалгаж байгаа юм бэ” гэх шиг л сонсогдов. Магадгүй, АТГ-ынхан хэргийг нь хэлсэн бол бас л нэг тайлбар хэлж, урьдчилан хамгаалах, хааж нуух ч байсан юм билүү.
Иймд ЕАБХАБ-ын парламентын ассамблейн чуулганы индрээс “Ардчилал хүний эрхийн манаач” хэмээн тунхагласан түүнээс ардчиллын тулгуур гурван зарчмыг бүтэн байлгахад хувь нэмрээ оруулдаггүй юмаа гэхэд ардчиллын хамгийн том дайсан авлигыг илрүүлэх, үнэнийг олохын тулд маш хүнд нөхцөлд ажиллаж буй АТГ-тай тэмцэхгүй байхыг хүсье.
Ж.Төрмөнх
Zaluu.com