АРГАЦААСАН АЖЛЫН ҮР ДҮНГ ЧИНЬ АРВАН САРТАЙ ХҮҮХЭД АМИАРАА ҮҮРЧИХЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 3 секунд
АРГАЦААСАН АЖЛЫН ҮР ДҮНГ ЧИНЬ АРВАН САРТАЙ ХҮҮХЭД АМИАРАА ҮҮРЧИХЛЭЭ

АРГАЦААСАН АЖЛЫН ҮР ДҮНГ ЧИНЬ АРВАН САРТАЙ ХҮҮХЭД АМИАРАА ҮҮРЧИХЛЭЭ

Аравхан сартай нярай нүд ирмэхийн зуурт, арав гаруйхан настай хүү гэр дотроо бүлтийтлээ сууж байгаад, цэл залуухан хоёр хүн аймгаасаа хотод ирээд л, хорь гаруйхан настай залуу эзэнгүй айлд модон тавиур дээр хөлөө тавьсан байдалтай үерт урсчихлаа, нэг шөнийн дотор. Таван хүний эрдэнэт амь үерийн бохир усанд зүгээр л урсчихлаа. Өглөө гэрээсээ гарахдаа, эсвэл гэртээ тав тухтай суугаа хэн амиа алдана гэж бодох юм, арван сартай үрээ өвөр дээрээ суулган явахдаа хэдхэн мөчийн дараа үерийн усанд урсгаад үүрд алдчихна чинээ ямар аав, ээж санах билээ. Ерөөсөө гэртэй нь гэртэйгээ, машинтай нь машинтайгаа, явган нь явганаараа л хөвчихлөө.

Одоогоос хориод хоногийн өмнө хотын төв хэсгээр ус урсаж, орон сууцанд ус орж, айлууд үерт автахад хүний л амь эрсэдчихгүй бол гэж сандралдан суусан. Азаар хүний амь эрсдээгүй. Адаглаад тэгэхэд орсон борооноос сургамж аваад, хүчтэй усан бороо орвол хотын төв хэсэг усанд автаж байгаа юм чинь үерийн аманд буусан айлууд мөдхөн л урсчих юм байна гэж санаа зовниогүй, баяр наадамд толгойгоо мэдүүлж, гоёлын дээл өмсөн наадамлаж явсан хот хариуцсан удирдлагуудын унхиагүй, төлөвлөлтгүй, аргацаасан ажлын үр дүнг арван настай нярай амиараа үүрчихлээ.

Нүд нь балай, чих нь дүлий, ард иргэдийнхээ үгийг сонсдоггүй, аливааг амар хялбараар шийдэх гэсэн албан тушаалтнуудын горыг хүний нялх үр амслаа. Хотоо зөв төлөвлөсөн бол үгүйдээ л үерийн аман дээр буусан айл өрхийг удаа дараа хариуцлагатайгаар шаардлага тавиад ч болов нүүлгэсэн бол энэ олон айл, эрдэнэт хүний амь эрсдэхгүй байсан, хүн болж мэндлээд аравхан сар болж байсан хүүхэд өнөөдөр эндэхгүй байлаа. Гэвч урьдчилж арга хэмжээ авсангүй, хэнд ч шаардлага тавьсангүй, түрүүчийн бороо, үерлэлтээс ч санаа авсангүй байсаар дөрвөн хүний эрдэнэт амь үрэгдлээ. Стандартад нийцсэн зам, сувгаа барьдаггүй юм гэхэд үерийн аман дээрх айлуудаа бүрэн дүүрэн нүүлгэсэн бол.

Мэдээж иргэд очиж буух газаргүйдээ эсэргүүцэж, үг авахгүй зүйл бий. Гэсэн ч удаа дараа шаардлага тавихгүй ганц, хоёрхон очсон болоод, эсвэл албан бичигхэн хүргүүлсэн болоод л “Маньд ямар хамаатай юм” гэсэн шиг орхидог сэтгэлгүй, хариуцсан ажлаа халтуурддаг улсын гор дэндүү гэмээр харамсалтай гарлаа. Ус зайлуулах шугам сүлжээ гээч нь нийслэлд үнэндээ холын мөрөөдөл, үлгэр домог шиг л болчихсон байдал л өнөөдөр олон тооны айл өрхийг эд хөрөнгө, амиар нь хохироож, ажлаа тараад явж байхдаа л машинтайгаа усанд хөвж, бүүр түүрхэн амьд гарч, "Золоор амьд гарлаа" гэж азаа үзэн амьдарч явна. Уулын аман дээр байгаа айлуудыг нүүлгэхгүй бол хүчтэй усан борооноор усанд автана, урсана гэдгийг бодож төвдөх юмгүй. Ямар ч хотын дарга үүн дээр толгойгоо гашилгаад, яах вэ гэж шаналамгүй. Хэнд ч ойлгомжтой энэ асуудалд анхаарал тавьж, иргэдийн аюулгүй байдлыг урьдчилан сэргийлсэн бол өнөөдөр хүний амь эрсдэж, хөөрхий нярай аав, ээж хоёрынхоо өврөөс унан, хүйтэн усанд урсахгүй байсан. Шөнө дунд гүүрэн дороос нярайн цогцос олдож байхад хот хариуцсан дарга, шадар сайд юу бодож зогссон бол. “Угаасаа ийм эрсдэлтэй байсан, үерийн аман дээр буусан чинь буруу, та нарын хохь” гэх байсан уу. Үерийн амнаас холдуулах, аюулгүй, эрүүл орчинд амьдруулах үүрэг хүлээж, дарга даамлынх нь суудалд суусан биш үү. Эсвэл хүний амь эрсэдчихээд байхад ар гэрийнхэнд нь байр өгнө гээд л санаа амрах уу. Хэчнээн хүний амийг авч, оронд нь байр өгөх нь вэ. Үр хүүхэд, хань ижил, аав, ээжээс нь илүү үнэт зүйл байхгүй шүү дээ.

Тиймээс одоо ажлаа жинхнээсээ хиймээр байна аа, удирдлагууд аа. Аргацаагаад, дутуу дулимаг хийсэн болоод, урд хормойгоо, хойд хормойгоороо нөхөж, нүглийн нүдийг гурилаар хуурч явсаар байвал тэр бүхний чинь горыг дахиад л хэн нэгэн эрдэнэт хүн амиараа төлөх болох нь. Арван сартай алгын чинээ үр минь томчуудыг уучлаарай, ахиж аав, ээждээ эргэн төрөөрэй.

Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэллээ
Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.