НӨАТ-ын буцаан болголтыг 5% болгох, Эрүүгийн хууульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулах, согтуугаар жолоо барьсан этгээдийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнд тооцох зэрэг гурван том багцад иргэдээс санал авах ажиллагаа өнөөдрөөс буюу 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэх тухай УИХ-ын дарга Г.Занданшатар албан ёсоор мэдэгдсэн. Иргэд d.parlament.mn-ны “санал асуулга” хэсэгт санал өгч “лайк” дарсанаар саналыг хүлээн авсанд тооцно. Хэрвээ тухайн асуудлыг 33 мянган иргэн дэмжвэл УИХ-ын Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж ажиллана. 70 мянган иргэн дэмжвэл Хяналт шалгалтын түр хороо байгуулагдаж шалгана. Харин 100 мянган хүн дэмжвэл тухайн асуудлаар хууль санаачилагдан боловсруулж хэлэлцэгдэхээр УИХ-ын Дэгийн тухай хуульд шинээр заасан. Энэ нь төр иргэн хоёрын хоёр талт эргэх холбоог сайжруулах, шинэ түвшинд гаргах, төрд тавих олон нийтийн хараа хяналтыг сайжруулах зорилгоор УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар хийгдэж буй цогц ажлын нэг хэсэг юм. Ийнхүү нийгэмд тулгамдаад байгаа хурц асуудлыг шийдэх, шийдэлцэх боломж иргэдэд нээгдлээ. Одоо бүх зүйл зөвхөн та бидний идэвхээс хамаарахаар байна. НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох, согтуу жолооч нартай тэмцэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа бол яг одоо d.parlament.mn-д саналаа өгөх хэрэгтэй. Хэрэв иргэдээс шаардлагатай тооны дэмжлэг ирэхгүй бол нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилж хүүхдийн эсрэгт хэрэг үйлдсэн болон согтуугаар осол гаргагчид хөнгөн ял авсаар байх болно. Иргэдийн саналаар тодорхой асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгуулагдахаас эхлээд хууль батлагдах болсон нь Монголын парламентийн түүхэнд орж буй шинэлэг үйл ажиллагаа юм. Энэ зөв жишгийг цаашид үргэлжлүүлэн авч явах гол тулгуур нь иргэдийн ухамсартай, идэвхитэй оролцоо болоод байна.