“Ах” нарын халдвар А.Мөнхбатад үсэрхийлж байгаа бололтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 13 секунд
“Ах” нарын халдвар А.Мөнхбатад үсэрхийлж байгаа бололтой

“Ах” нарын халдвар А.Мөнхбатад үсэрхийлж байгаа бололтой

“Залуучууд бид арьс өнгө, нас хүйс, мэргэжил боловсрол, үзэл бодол, нийгмийн гарал үүсэл зэргийг харгалзалгүйгээр нэгдэн нийлж хаана хүрч, юуг бүтээж чадахыг харуулан, нэгэн зорилгын төлөө, нэгэн хүсэл, тэмүүлэлтэйгээр урагшлах цаг нь иржээ” хэмээн өгүүлж байсан МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатын үг амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа юм бол?

Тэрээр МЗХ-ны ерөнхийлөгчөөр дахин албан ёсоор сонгогдохын тулд үзэл бодол, намын харьяаллын ялгаварлалыг сэдэлжүүлэх үйлдлүүд сүүлийн үед хийгээд байгаа талаар чих дэлсэх болов. Жишээ нь, саяхан гэхэд, Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн Залуучуудын Холбооны дэд тэргүүн н.Мягмарсүрэнг өрөөндөө дуудан дотносож, тус аймгийн Улаанбаатар хот дахь ЗХ-г “бужигнуулах” талаар үгсэн хэлэлцэж, “хор найруулсан” гэлцэх.

Бүр тодруулбал, А.Мөнхбат дарга Мягмарсүрэнг өрөөндөө дуудаж авчраад “Ах нь чамайг дэмжнээ. Одоо ах нь үүрэг гүйцэтгэгчээ баталгаажуулахын тулд өөрийн хүмүүс хэрэгтэй байна. Аймгийнхаа Улаанбаатар хот дахь тэргүүнээр чи оччих. Ах нь эндээс 4 хоногийн дотор хурал зарлаад өгье. Чи өөрийн гэсэн залуусаа цуглуулж хуралдаад тэргүүнээр нь сонгогдчих” хэмээн улаан цагаан хэлсэн байна.

Харин А.Мөнхбатын “хамсаатан” болох Мягмарсүрэн нь энэ талаар нутгийнхандаа  зарлан тунхаглаж, “Мөнхбат дарга намайг тэргүүн бол” гэсэн гээд бүр “дүрдээ итгэчихсэн” онгироод явж байх жишээний. Түүний ярьж буйгаар, А.Мөнхбат нь МЗХ-ны жинхэнэ ерөнхийлөгчөөр баталгаатай сонгогдохын тулд өөрийн замыг “цэвэрлэж” эхэлсэн гэнэ.

Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн ЗХ-ны хурлыг нэн даруй 3-4 хоногийн дотор зарлан хуралдуулж, хэвийн үйл ажиллагаа явуулж буй тэргүүнийг нь солин /намын харьяаллаас болов уу гэсэн сэжиг төрөхөөр/, дэд тэргүүн Мягмарсүрэнг оронд нь болгохоор А.Мөнхбат дарга амлаад, хэрэгжүүлэх шатандаа орж байгаа бололтой.

Хэрэв үнэхээр ингэсэн бол, МЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Мөнхбат өөрийн эрх мэдэл, хувийн ашиг сонирхлын төлөө залуучуудын байгууллагад ачааны хүндийг үүрэн зүтгэж явсан эрч хүчтэй, шударга залуусыг “замаасаа зайлуулж”,  иймэрхүү маягаар “өөрийн” хүмүүсээ аймгуудын салбар ЗХ-ны дарга болгон, МЗХ-ны ерөнхийлөгч хэмээх албан тушаалд саадгүй сонгогдоно хэмээн тооцоолж байгаа нь даанч харамсалтай!

Нэг хэсэг “Паркаа аваръя!” хэмээн сүр дуулиантай сүгсэлзэж байснаа амаа үдүүлсэн мэт таг чимээгүй болсон А.Мөнхбат ахин иймэрхүү жудаггүй үйлдлүүд гаргаж байгаа нь хэрэв үнэн бол ийм хүн Монголын залуусыг дэлхийн тавцан дээр төлөөлж чадах эсэх нь үнэхээр эргэлзээ төрүүлж байна!

Уг нь мань мэтийн бодлоор бол, Монголын Залуучуудын Холбоо хэмээх байгууллагад ямар ч намчирхал, үзэл суртлын ялгаварлал байж боломгүй мэт. Энэ бол аль нэг намын харьяа байгууллага биш, монголын нийт залуусын ашиг сонирхлын төлөө үйлчилдэг байгууллага байх ёстой гэж бид үздэг.

Гэтэл яг цагаа тулаад ирэхээр намын амбиц дотор нь хутгалдан, өөрсдийн өмнөө тавьсан зарчмаас улайх ч үгүйгээр эргэж буцах энүүхэнд аж.

Албан тушаалын араас амиа тавихаас буцахгүй “Ах” нарыг үеэ өнгөрүүлж байгаам даа хэмээн тайвширч болох хэдий ч монголын ирээдүй болсон залуус маань тэдний араас замнан, ийм ичих нүүргүй “хор найруулалтаар” мэргэшээд эхэлбэл улс орон маань цаашид хэндээ итгэл найдвар тавихсан билээ!

www.Today.mn

Х.Отгонбямбаа: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг сэжиглэж, 11 жилийн амьдралаар минь тоглосон
Х.Отгонбямбаа: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг сэжиглэж, 11 жилийн амьдралаар минь тоглосон
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.