УИХ-ын гишүүдийн уламжлалт цахим ярилцлагад өнөөдөр Ё.Отгонбаяр гишүүн оролцож Булган аймгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл, албаны бусад хүмүүстэй цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтын эхэнд Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат хаваржилтын байдал, цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийсэн. Тэрбээр, өнөөгийн байдлаар аймгийн нутаг бүхэлдээ ихээхэн хуурайшилттай байна, 2-3 удаагийн цасан болон шороон шуурга шуурснаас шалтгаалан цаг агаарын нөхцөл хүндэрч хаваржилтад сөрөг нөлөө үзүүлээд байна. 2015 он гарсаар аймгийн хэмжээнд 50 осол, гамшиг гарсан байна. Үүнд: ой хээрийн түймэр найман удаа, обьектийн гал түймэр 17, газар хөдлөлт нэг, хүн, мал амьтны галзуу өвчин 15, үхрийн хорт, салст халуурал өвчин гурав, автын осол гурав, цас, шороон шуурга гурав, голын мөсөнд цөмөрч осолдсон гурван удаагийн тохиолдол тус тус гараад байгаа аж. Мөн халдварт өвчний улмаас 442 мал, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 48800 мал хорогдоод байна. Харин дээрх осол, гамшгийн үеэр хүний амь нас эрсдээгүй юм байна. Мөн тэрээр, аймагт одоогоор нэг түймрийн голомт байгаа бөгөөд цурманд оруулаад байгаа байна. Бусад жижиг түймрүүдийг гарсан цаг тухайд нь ажиллаж унтрааж байгаа гэв.