Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хэдхэн сарын дараа болно. Энэ удаад улс төрийн дөрвөн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ илгээх эрхтэй юм. Эрх баригч МАН, сөрөг хүчин АН, гуравдагчдын зүгээс МАХН, ХҮН гэсэн намууд тус тус парламентад суудалтай намуудын хувьд өрсөлдөгчдөө илгээх боломжтой. Одоогийн байдлаар албан ёсоор нэр дэвшигчид тодроогүй ч хөшигний цаана жинхэнэ утгаараа тулаан болж байна. МАН-ын лидерүүдийн нэг С.Батболд "МАН 100 жилийн түүхтэй, боловсон хүчний хангалттай нөөцтэй нам. Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний нэр хүнд бүхий олон улстөрч бий. Намайг намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, одоо ч улс төрд идэвхтэй байр суурьтай гэдэг утгаар нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой улстөрчдийн нэгээр нэрлэсэн байх. Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдлээ.
С.Батболдын хувьд улс төрийн туршлагаас гадна “Хотын” гэх фракцийн нөлөө бүхий улстөрч гэхээр нам дотроо яах аргагүй хүчтэй өрсөлдөгчийн тоонд орно. Гэтэл өдгөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших хамгийн өндөр магадлалтай гэдгийг эх сурвалж хэлсэн. Хэрвээ У.Хүрэлсүх нэр дэвшихээр шийдвэл Зүүний хүчний холбоо Хотын фракц хоёрын дунд ширүүн тулаан өрнөнө. Гэхдээ өдгөө өндөр эрх мэдэлд байгаа У.Хүрэлсүхэд илүү боломж байгаа. Нөгөө талаар сүүлийн хэдэн жилд Засгийн газрыг тэргүүлэхдээ рейтингээ өсгөсөн хүн. МАН-ыг 2020 оны УИХ, Орон нутгийн сонгуульд дараалан үнэмлэхүй ялууллаа. Монгол Улсын хэмжээнд бүтээн байгууллатын ажлыг зоримог зоримог эхлүүлж чадсан гээд нийт түмний дунд ч нэр хүндээ өндөрт байлгасаар байна. Тийм дээ ч олон нийтийн дунд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл дэмжинэ гэсэн хүлээлт бий болжээ.
Тэгвэл сөрөг хүчин АН өнөөдөр хэдэн хэсэгт хуваагдаж, хоёр тамгатай дундаа зодолдож байгаа ч Ц.Оюунгэрэлээс эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь өнгөн хэсгийн улс төр байж болох бөгөөд үүний ар талд Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар байгаа гэдгийг баттай эх сурвалж дуулгасан. Өөрөөр хэлбэл Х.Баттулгын эсрэг дайн зарлачихаад байна Өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихэд бүхий л аргаа хэрэглэж таарна. Хэдийгээр нам дундаа хагаран зодолдож байгаа ч тэр АН-ын хамгийн хүчирхэг гэж болох МоАХ-г атгаж байгаа. Нөгөө талд түүнд шүүхээс эхлээд өндөр эрх мэдэл байна. Эцсийн сумаа тавьж, эрх мэдлийн илдээ өргөхөд асуудал наашаа эргэхээс өөр замгүй. Ц.Элбэгдоржид хаягласан 176 хуудас бүхий материалыг Прокурорын газарт тэр өгч байсан. С.Эрдэнэд холбогдох хэргийн материал ч бүрдэж байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн. Нийгмийн даатгалын газрын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа мандуулсан хэргийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон даруйд нам даруулсан гэх хардлага олны дунд байдаг. Түүнийг сөхөхөд хангалттай саад бэрхшээл гарах байх. Үүнээс харахад тэдний тэмцлийг эрх мэдлийн илдээр тас цавчихаас өөр аргагүй гэж бодсон бололтой.
Гуравдагчийн орон зайд амь дүйж байгаа МАХН-аас Н.Энхбаярыг дэвшүүлэх хууль эрх зүйн боломж байхгүй. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өрсөлдүүлвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хаашаа ч эргүүлж мэднэ гэж харж байгаа ч гол тулаан өөрөөр эргэнэ. Өөр гойд дүр бол энэ намд байхгүй. Шинэ тутам ХҮН-аас чухам хэнийг дэвшүүлэх эсэх таамаг ч алга. Хэнийг ч дэвшүүллээ гэсэн санал хуваах төдий ч өрсөлдөгч байж чадахгүй гэдгийг шинжээчид хэлж байна. Тэгэхээр МАН-аас У.Хүрэлсүх ямар ч утгаараа өрсөлдөх боломжтой. Баттай гэж болох эх сурвалж У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” хэмээсэн. Энэ бол хамгийн бодит дүр бөгөөд хамгийн өндөр магадлалтай зүйл. Нөгөө талаас эрх мэдлийн илдээ өргөж байгаад ч хамаагүй нэр дэвших хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Эцэстээ МАХН байна уу, ХҮН байна уу, хамаагүй. Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын дунд л гол тулаан өрнөнө. Яахав, МАХН-аас С.Ганбаатарыг дэвшүүлвэл санал бужигнуулах ч газар авахгүй.
З.Шатар
Түмэн.мн