“...“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК хоёрын дунд байсан нүүрсэн мөргөцөг хулгайд алдагдсан. Мөргөцгийг хулгайгаар олборлоод хил давуулсан” гэх мэдээлэл 2018 оны эхээр ил болж байлаа. Тэндээс 268 мянган тонн нүүрс алдагдсан гэж анх яригдаж байв. Сүүлдээ “340 мянган тонн нүүрс байжээ” гэсэн. Хамгийн гол нь тухайн үеийн ханшаар 20 орчим сая ам.долларын өртөгтэй тийм хэмжээний нүүрс ачсан том оврын хэдэн мянган машин хилээр бүртгэлгүй гараад явчихсан байж болзошгүй байдаг юм.
ХЭЗЭЭ ЭХЭЛСЭН БЭ?
Эх сурвалжийн мэдээллээр нотлогддог тодорхой фактууд бий. “Тавантолгой” ХК-ийн уурхайн удирдлага тушаал гаргаж, 2017 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс зургадугаар сарын 26-ныг хүртэл уурхайнхаа үйл ажиллагааг зогсоосон.
Тэр хооронд “Хуала Тянь Жин” гэдэг хятад компанид мөргөцгийг бүтэн сарын турш олборлосон гэдэг. Ингэж олборлолт хийх эрхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иуд хоёулаа зөвшөөрч олгосон гэдэг.Дэлгэрүүлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь “Тавантолгой” ХК-ийн 4-р уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огтлолцдог байна.” Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хооронд №ЭТТ-2017/019 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2017 оны хоёрдугаар сарын 13-нд байгуулж, компани хоорондын үйл ажиллагааг уялдуулах, харилцан хяналтын орчныг сайжруулах хүрээнд хамтран ажилладаг. Гэхдээ “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшил бүхий талбайд нэвтэрч нэлээд хугацаанд хууль бусаар олборлолт хийжээ. Энэ нь бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал байсан Я.Батсуурийн 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр “Тавантолгой” ХК-д илгээсэн 01/964 дугаар бүхий хүсэлтээс тодорхой харагдана. Уг хүсэлтэд “…“Тавантолгой” ХК манай компанийн MV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, нүүрс олборлосон. Мөн тус компанийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайд хөрсний овоолго байршуулсан байна. Манай ашиглалтын лицензтэй талбайг давж нүүрс олборлосны улмаас учирсан хохирол, хөрсний овоолго нүүлгэн шилжүүлэх зардлыг төлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хохиролгүй болгож өгөхийг хүсье” гэж байжээ. Энэ нэг л факт бөгөөд түүнээс хойш үргэлжилсээр дээрх мөргөцгийг олборлоод хил давуулах хүртэл үргэлжилсэн гэсэн үг.
ИНЖЕНЕРҮҮДИЙН ТАЙЛАН ЮУГ НОТЛОВ?
“Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрс болон хөрсний хэмжээг хоёр талын холбогдох инженер техникийн ажилтнууд хэмжилт хийж тогтоон, акт үйлдэн баталгаажуулсан байдаг. “Тавантолгой” ХК-ийн 4-р уурхайн олборлолтод өртсөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайн нүүрсний хэмжээг баталгаажуулсан хамтарсан тайланг инженер техникийн ажилтнууд 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр гаргажээ. Уг тайланд “Хоёр компанийн хамтарсан геологи, маркшейдерийн баг 2015 оны есдүгээр сарын 25-6, 2016 оны наймдугаар сарын 12, 2016 оны араваннэгдүгээр сарын 9-11-ний хооронд гурван удаагийн хэмжилт, дээжлэлтийг хийсэн “Тавантолгой” ХК-ийн 4-р уурхай нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбайгаас хойд хэсгээрээ 26.6 мянган тонн, зүүн хэсгээрээ 233.4 мянган тонн, баруун хэсгээрээ 8.2 мянган тонн, нийт 268.3 мянган тонн нүүрс олборлосон байна” гэжээ. Мөн Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Батсайхан хяналт, шалгалтын танил-цуулгадаа энэ тухай мэдэгдсэн байна.
Мөн “Тавантолгой” ХК нь өөрийн эзэмшлийн MV-287 тоот лицензийн талбайг хэтрүүлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайгаас нүүрс олборлосон үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсгийг зөрчсөн. Зөрчлийн тухай хуулийн 7, 11 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээх хуультай юм байна.
“ТАВАНТОЛГОЙ”-НУУДЫН ТАЙЛБАР
Нүүрсэн мөргөцгийн хулгай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг талбайгаас нүүрс алдагдсан асуудлаар тухайн үед тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Луйвар булхай манай компанид огт тохиолдоогүй гэдгийг удаа дараагийн шалгалт, түүний дүгнэлт, тайлан бэлхнээ нотолно. Тийм зүйл огт болоогүй” гэсэн мэдэгдэл гаргасан.
Бас “Тавантолгой” ХК-иас 2017 оны наймдугаар сарын 30-нд гаргасан мэдэгдэлдээ “Бид 2011 оноос хойш буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайн тусгай зөвшөөрлийн талбайгаас ямар нэгэн байдлаар хил давж нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь “Тавантолгой” ХК-ийн дөрөвдүгээр уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огтлолцдог. Энгийнээр хэлэхэд энэ бол манай хоёр уурхайн хил хэсэг гэж ойлгож болно. Энэ мөргөцөг хоёр компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хил дээр байдаг. Лицензийн хил дээр байдаг мөргөцгийн өндөр олборлолтын явцад 40 метрт хүрсэн. МХЕГ, Өмнөговь аймгийн МХГ-аас уурхайн аюулгүй үйл ажиллагаанд эрсдэл учруулахуйц хэмжээнд хүрсэн тул буулгах, намсгахыг удаа дараа шаардаж байсан. Шаардлагын дагуу “Тавантолгой” ХК-ийн зүгээс мөргөцгийн өндрийг намсган, хөрс хуулалт хийж, өөрийн эзэмшлийн талбай дахь нүүрсийг олборлосон.Манайх уулын ажлын төлөвлөгөөгөө Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Ашигт малтмалын газар, Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулан олборлолт хийдэг. Мөргөцгийн нүүрсийг олборлох явцад хоёр компанийн инженер, техникийн ажилчид тогтмол хэмжилт хийн хяналт тавин ажилладаг тул тусгай зөвшөөрлийн хил даван үйл ажиллагаа явуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ мөргөцгөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайгаас ямар ч нүүрс олборлоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэж байв.
Л.Энхболд: НҮҮРС ДАГАСАН МАШ ТОМ МАФИЙН БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН
Энэ талаар 2018 оны хавраас эхлээд УИХ-ын гишүүн Л.Энхболд ярьж эхэлсэн. Тэрбээр мөн оны дөрөвдүгээр сарын 18-нд мэдээлэл хийсэн. Тэгэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн “Тавантолгой” хил давуулсан байна” гэсэн асуудлаар би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад хандсан. Ингээд Мэргэжлийн хяналтаас “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК хоёрын хамтран гаргасан ажлын хэсгийн акт ирсэн. Акт дээр “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн “Тавантолгой” давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан. Тиймээс орон нутгийн “Тавантолгой”юу, “Эрдэнэс Тавантолгой” юу. Хэн нь буруутай вэ гэдгийг тогтоохын тулд би гуравдугаар сарын 26-нд АТГ-т энэ хэргийг өгсөн. Энэ хулгай Монголын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж байна. Нүүрс дагасан маш том мафийн бүлэглэл бий болсон байна” гэж байв.
АТГ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТАЛБАЙГААС 268.3 ТОНН НҮҮРС ОЛБОРЛОСОН МЭДЭЭЛЭЛД ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ХЭРЭГ НЭЭСЭН
АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд “УИХ-ын гишүүн Л.Энхболдын мэдээлсэн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй “Тавантолгой” ХК нь хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 тонн нүүрс олборлон 20 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаарх мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн” гэж мэдээлсэн.
Л.Энхболд: “ТАВАНТОЛГОЙ ТРАНС” КОМПАНИ 340 МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ ЭХ ҮҮСВЭРГҮЙГЭЭР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН
Л.Энхболд дараа нь 2018 оны наймдугаар сарын 30-нд энэ талаар тодорхой мэдээлэл хийсэн. Тэрбээр “Нүүрс алдагдсан асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан 10 гаруй агентлагийг хамруулсан ажлын хэсэг байгуулагдсан. МХЕГ, ГЕГ, ТЕГ, АМГ хамтарч ажилласан.Харин өнөөдрийг хүртэл АТГ ахицтай зүйл хийсэнгүй. Нүүрс тээвэрлэлтийн автомашин 446 удаа хил рүү хоосон гарсан гэх мэдээллийг хууль, хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгасан дүгнэлтээс харахад “Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 268.3 мянган тонн нүүрс биш 340 мянган тонн нүүрс алдагджээ. Харин ГЕГ-ын шалгалтын дүнд эх үүсвэргүйгээр гарсан 340 мянган тонн нүүрс ямар компаниар дамжсан бэ гэдгийг онцолжээ. Үүнд дурдсанаар “Тавантолгой” ХК-иас 206 компани гэрээлэн нүүрс дамжуулан борлуулдаг. Дээрх компаниудын нэг “Тавантолгой транс” компани 340 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүйгээр хилээр нэвтрүүлсэн. Энэ нь аль нэг аж ахуйн нэгжээс нүүрс худалдаж авсан гэх санхүүгийн баримтгүй байжээ. Гэтэл “Тавантолгой транс” компанийн санхүүгийн тайланг шалгах гэхээр үерт автсан гэх мэдээлэл өгч байгаа” гэсэн байдаг.
Б.Ганхуяг: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ОДООГИЙН ТАЛБАЙГААС НҮҮРС ОЛБОРЛООГҮЙ, ХУЛГАЙЛААГҮЙ
Тэр үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “УИХ-ын гишүүн Л.Энхболд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үед энэ асуудлыг тавьсан нь нэлээд өндөр авч байна. Гэхдээ өмнө нь "Эрдэнэс Тавантолгой” ХК мэдээлэл гаргаж байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй одоогийн талбайгаас нүүрс олборлосон, хулгайлсан зүйл байхгүй. “Тавантолгой” ХК 2004 оноос хойш дөрөвдүгээр давхарга дээрээ технологийн зам гаргах, траншей нээх зэрэг ажил хийх явцад манай нүүрсний талбай өртсөн. Нийт 268 мянган тонн нүүрс болоод байгаа. Хэмжилтээр тогтоосон. Үүнийг“Тавантолгой” ХК хүлээн зөвшөөрч, мэргэжлийн байгууллагын акт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой” ХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өгөх ёстой 268 мянган тонн нүүрс гэж ойлгож болно” гэсэн байдаг.
Г.Занданшатар: “ТАВАНТОЛГОЙ” ХК БАЛАНСТАА ТУСГАХГҮЙГЭЭР НҮҮРС ГАРГАСАН, Д.БАТ-ЭРДЭНЭ, Д.ДАГВАДОРЖ НАР ТАЙЛБАР ХИЙХ ЁСТОЙ
Түүнчлэн ЗГХЭГын дарга Г.Занданшатар 2018 оны аравдугаар сарын 23-нд “Засгийн газрын зүгээс нүүрс хулгайлсан гэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болгож байгаа. АТГ, ЦЕГ, ТЕГ-т хүсэлт хүргүүлсэн. Орон нутгийн өмчит компани нэрийн дор бусдын нүүрсийг хулгайлдаг, завшдаг явдал хавтгайрсны нэгэн жишээ. Энэ бүгдийг манай Засгийн газар цэгцэлнэ.“Тавантолгой” ХК дээр “Тавантолгой транс” ХХК-ийн Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар ноёрхлоо тогтоож, хууль бус үйлдэл хийж байж болзошгүй байна. Тиймээс хуулийнханд хандаж, энэ асуудлыг шалгаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хохиролгүй болгож өг гэдэг шаардлагыг Засгийн газраас тавьж байгаа.“Тавантолгой” ХК-ийн хилээр экспортолсон нүүрсний хэмжээг олборлосонтой нь харьцуулаад үзэхээр экспортоор гаргасан нь их байна. Тэгэхээр баланстаа тусгахгүйгээр нүүрс гаргасан нь тодорхой байна. Энэ асуудлаар “Тавантолгой” ХК, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар тайлбар хийх ёстой” гэсэн юм.
Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин