Малын хулгайч аавдаа хилэгнэсэн хүүгийн сүнс түүний аминд хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 38 секунд
Малын хулгайч аавдаа хилэгнэсэн хүүгийн сүнс түүний аминд хүрчээ

Малын хулгайч аавдаа хилэгнэсэн хүүгийн сүнс түүний аминд хүрчээ

Сар шинэ дөхөөд айл бүхэнд ажил өрнөж байлаа. Баярмаа хадмындаа очиж бууз хийж хоносон хэдий ч гэртээ ирээд юм угааж суусан байна. Төдөлгүй нохой нь боргон хуцтал: 
- Банхар, банхар... гэх нөхрийнх нь дуу гарчээ. “Сар шинэ болж байхад юу юу ч үгүй...” гээд нөхөртөө гомдож байсан гоморхол нь хормын зуур алга болж, бүсгүй ухасхийн боссон байна. 
- Хаачив л гэж дээ. Батаатай Хэнтий рүү яваад ирлээ. Явсан нохой яс зууна гэгчээр хэдэн хонь, нэг үхрийн мах авчирсан. Үхрийнхийг нь зараад, бусдыг нь өөрсдөө хэрэглэхээр энэ жилийн Цагаан сарыг сайхан тэмдэглэнэ биз дээ. Ингэж хэлээд ууж, идсэн хоол цайндаа нозоорон хэвтсэн нөхөр нь унтаад өгсөн байна. 

“Ажилгүй, мэргэжилгүй. Архи уухаас өөр чадах юмгүй” гээд муу ханийгаа элдвээр л загнадаг. Гэтэл яаж байна. Найз нөхөдтэйгээ наймаа хийгээд ийм их юм олоод ирж байна шүү дээ. Элдвийн муу хүнтэй нөхөрлөхгүй бол ч миний хань амьдрах гэж зүтгэдэг юм шүү” хэмээн Баярмаа нөхрийгөө өрөвдөж, хайрлах зуураа авчирсан таван хонины махыг нь амбаартаа сайхан цэгцэлж тавиад, толгой шийрийг нь хуйхалж авсан байна. “Нахиу” хочит Мягмартай сууснаасаа хойш ийм элбэг, дэлбэг шинэлж үзээгүй болохоор Баярмаа нөхөртөө сайхан дээл хийлгэж, хүү, охин хоёрыгоо хүртэл нүдийг нь бүлтийтэл гоёжээ. 
- Хуруундаа юм аваад зүүчих гэж хайнга мөртлөө эвтэйхэн үг хэлсэн дээр нь Баярмаа нэг их үнэтэй, сүртэй биш ч гэлээ жижгэвтэр аятайхан алтан бөгж авч зүүсэн байна. 

Хэнтий яваад ирсэн хүүгээ хоёр сая төгрөг өвөртөлж ирээд, бүтэн үхрийн мах зарсан тухай сонсоод зовж, шаналж, нойр хоолоо хугаслаж суусан хүн бол ээж нь. 
- Миний хүү хаанаас ийм их улаан мах олж ирэв дээ? 
- Хүүд нь өглөгтэй хүн олон шүү дээ. Элдвийн юм ярьж, гайхуулаад эсвэл дотроо муу юм бодож шаналаад байлгүй дуугүй л сайн залбираад сууж бай. 
Хүү нь ингэж хэлээд гарах гэснээ буцаж ирээд дэнхийсэн том толгойгоо хушуун дээр нь нааж үнсүүлчихээд гарч явжээ. 

“Должин ёстой буянгүй хүн юм аа. Өөрөө нүгэл их хийсэн хүн дээ. Тийм болохоор хоёр хүүхдээ, сайхан ханиа цувуулаад алдсан. Үлдсэн ганц хүү нь энэ Мягмар. Эхийнхээ чихийг халууцуулж, шар махтай нь хатаах янзтай шүү. Амьтан хүн элдвийн л юм ярих юм. Олны үг ортой. Энэ хүү хэзээ, юу дуулгах бол? Энэ муу Должин хэцүүдэх байх даа”. Дэлгүүрийн үүдэнд хоёр хүн ингэж ярихыг сонсоод Должин хэд хоног шаналж, бие нь өвдөн хэвтжээ. Бэр нь хоёр ачтай нь ирж хамаг юмыг угааж, буузыг нь хийж өгсөн болохоор Должингийн бие сайжирч босоод ирсэн байна. Гэвч хүү нь жигтэйхэн бийлэгжүү зан гаргаад байгааг сонсож мэдсэн ээж нь “Би л муу юм бодож өөрийгөө зовоож байгаа биз. Миний хүү чинь өтөлж яваа, буурь суусан эр хүн шүү дээ” хэмээн бодлоо чангалан, өөртэйгээ зөрчилдөж байжээ. 

Сар шинээр Мягмарынх шиг халгиж, цалгисан айл ховор байсан биз. Тавьсан ууц, зассан идээ нь л гэхэд 70 гарсан ээжийнх нь тавгаас том байв. Орсон, гарсан зарим нь, 
- Нахиу яахав дээ, хүн шиг байх шив хэмээн атаархсан ч юм уу аль эсвэл 40 хүрч яваа эр иймэрхүү байх болсон хэмээн олзуурхсан хэрэг үү, ямар ч байсан л тэр Цагаан сарын золгуутын хачир болон Дарь-Эхийн шинэ буудлынхны хэдэн айл дамжин яриа болсон аж. 
Шинийн нэгэнд ээждээ золгож ирчихээд Баярмаагийн хэдэн дүү нараас эхлээд таних, танихгүй зөндөө хүн ирж, 
- Мийгаа ахдаа золгохгүй бол алдас болох вий гэцгээн, нөхрийг нэлээд догиожээ. Уух дуртай нөхрийгөө манаж, үглэн байж үд өнгөртөл архи амсуулаагүйдээ баярласан эхнэр нь:
- Одоо орж ирэх хүн ч цөөн байх. Миний хань наад “Чингис”-ээсээ жаахан уучих гэжээ. Мягмар үеийнхэн болоод дотныхондоо бол нэлээд атаман, ахархуу зантай ч эхнэрийнхээ үгнээс гардаггүй байна. Тэр байдлыг нь хүртэл хэтрүүлэг болгоод “Манай “нахиу” Баярмаагийн дэргэд очихоороо сүргүй, хэлгүй болчихдог сонин хүн шүү” гэх вэ дээ. Эхнэр ам ангайж, архи зооглохыг зөвшөөрснийг хэлэх үү Мягмаржав хоёр найзыгаа дуудаж шинэлгээгээ архидалт болгон хувиргажээ. Нагац эгчийндээ очиж золгоод нэлээд удсан Баярмаа хадам ээжийнхээрээ орж, хоёр хүүхдээ орхиод гэртээ ирсэн байна. 

Дуу нь чангарч, улаан зээрд болсон нөхөр нь: 
- Мөнхдорж оо, чи юу ч үгүй гуйлгачин биз дээ... гээд ханцуй шамлан өндөлзөж ирсэнээ эхнэрээ харангуутаа: 
- Энэ муусайн новшнуудыг хөөж явуул хэмээн дуугаа намсгажээ. Баярмаа ч улигт зангаараа үглэж, хоёр найзыг нь явуулаад цаг оройтсон учир унтаж амарцгаажээ. Өглөө босоод цай ч чанаж амжаагүй байтал Мягмар босож хувцсаа өмссөнөө: 
- Би явж талийгаач хүүгийнхээ эмээтэй золгоод ирье... гэсэн байна. Царай нь хөрзийгөөд, бие нь таагүй юм уу гэлтэй харагдсан нөхөртөө Баярмаа: 
- Шинийн хоёронд гэрээсээ гарч, золголт хийдэг эр хүн чамаас өөр байхгүй биз. Яагаад гэнэтхэн анхныхаа хадмыг хүндлэх, мэндлэх дээрээ тулаав? Анхны чинь хань сайхан, сайн юм шиг санагдаа юу гэснээ, 
- Чи ч ёстой муу ёрын, есөн шид нь бүрдсэн амьтан даа. Яв, яв. Тэр айлдаа оч гээд буцалсан цайнаасаа ч амсуулалгүй гаргасан байна. 
Мягмарын зорьж очсон хөгшин аль хэдийнэ бурхан болсон байжээ. Тэднийд очиход Мягмарыг хүн гэж тоох янзгүй, хэг ёг хийн дургүйцлээ илт илэрхийлж байсан тул мань хүн бушуухан буцжээ. Шууд гэр рүүгээ явсангүй, замдаа нэг найзындаа очиж хоёр шил архи уусан байна. 

Нэлээд согтсон Мягмар: 
- Найзыг нь нэг хүн их зовоож байна. Хэзээ, хэзээгүй миний толгойг авах гээд байх шиг ээ... гэснээ: 
- Арга ч үгүй биз дээ... “Аав” гэж хэлж үзээгүй байхдаа нас барсан юм чинь. Гэхдээ яагаад тэр муу хүү минь надаас салахаа байчихав? Нэг л учир байна... гэх зэргээр учир нь үл ойлгогдох юм ярьж байснаа: 
- Би Аюушмаатай уулзана аа. Би их гомдоосон ч гэсэн миний анхны хүүгийн ээж... гээд оройн 20 цаг өнгөрч байхад Энхболд гэх найзынхаасаа гарчээ. Тэр орой эхнэр Баярмаа нь 22 цагийн үед очиж нөхрийгөө авсан байна. Тэгэхэд Аюушмаа гэх махлагдуу бор хүүхэн Баярмааг танимхайран угтаад, цай цүү болж:
- Манай энэ жаахан хямарчихжээ. Сүүлийн хэд хоног хүүгээ зүүдэлсэн юм байх. Тэгээд “Толгойг чинь авна” гэхээс өөр юм хэлэхгүй байна гээд нэлээд айж, түгшсэн бололтой. Миний хүү ямар энэ хүнийг аавыгаа гэж мэдэх биш дээ. Хэзээ мөдгүй төрөх гээд тэнгэр шиг том гэдэстэй байхад минь танайд очсон хүн шүү дээ. Тэгэхээр миний хүү тавхан жил амьдарсан ч гэсэн эцгийгээ их үгүйлж, хайж байсан юм байлгүй дээ. Чи цаадахтайгаа ярьж байгаад засал ном уншуулаарай. Мягмар уг нь ингэж толгой гудайдаг хүн биш шүү дээ гэжээ. Баярмаа дургүй нь хүрсэн боловч удган болсон тэр хүүхнийхээс бушуухан явахын түүс болсон байна. 

Шөнө дунд Мягмар хахаж, цацан жигтэйхэн эвгүй дуугарснаа чимээгүй болчихжээ. Баярмаагийн нойр хүрэхгүй бас л жихүү даагаад сонин байж. Тэгтэл хажууд нь унтаж байсан нөхрийнх нь бие хүйт даагаад нэг л эвгүй санагдсан байна. Гэрлээ асаагаад, бүсгүй нөхрийгөө дуудсан боловч сэрсэнгүй. Айлынхнаа сэрээж, хань татсаныхаа дараа түргэн тусламж дуудсан боловч аль хэдийнэ амьсгал хураасан байв. Гэтэл Баярмааг “Нөхрийгөө алсан” гэх хэрэгт буруутган ял оноосон байх юм. Талийгаачийн хүзүү, хоолойн хэсэгт хэзээ үүссэн нь үл мэдэгдэх сорви, улайлт байсныг үндэслэн ийн буруутгаад “Сэтгэл санаа нь цочирдон давчидсаны улмаас...” гэж хөнгөрүүлсэн аядаад дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн Баярмаа: 
- Муу юм модон улаатай гэж их үнэн үг. Манай хадам ээж насаараа шүүгч хийж, хүнд шийтгэл оногдуулж байсан хүн. Тэр хөгшин их олон хагацал үзсэн. Үлдсэн ганц хүү нь хүртэл ингээд бурхны орон руу явчихлаа. Урьд өмнө ч гэсэн талийгаачийг хүнд үзүүлж, харуулахаар “Богино настай хүн байна. Бүсгүй хүнээр дамжин хараал хүрчээ. Хариулж болохгүй их хатуу эд юм. Удмаа таслах гээд байгаа нэг хүн байна” гэдэг байсан. Тэр үед ойр зуур ном уншуулчихаад нэг их тоож байгаагүй ээ... Миний нөхөр ийм харамсалтайгаар нас бараад ямар хэцүү байхад намайг ийн ялласанд гомддог, харамсдаг байлаа...” гэж Баярмаа ярьжээ. Талийгаач Мягмарын алтан хайрцгийг нээлгэхэд “Хэвлийд байхад нь үрээ хилэгнүүлсэн хүн байна. Тэр хүү уг нь их буянтай, номтой лам хүн болох ёстой байжээ. Гэтэл эх нь сахиусаа хилэгнүүлж, эцэг нь хаяад явсан учраас хорвоод мэндлэхдээ хилэн өвөрлөж иржээ. Харин их хурдан буцсан ч эцгийгээ заавал авч явсан байна. Энэ нь буруу гарын улаан махаар тоглож, баяжсантай нь холбоотой. Хүү нь авч яваагүй бол шоронд орж, их зовох байж” гэсэн дэндүү аймаар төөрөг буусан гэнэ. 

Баярмаа болон ар гэрийнхэн нь сураг тавиад байсан чинь Цагаан сарын өмнө авчирсан өнөө их мөнгө, мах нь бүгд хулгайнх байжээ. Талийгаачтай хамт явсан гурван найз нь 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Юм болгон учир утгатай байдгийн зангилаа, нууц нь ээдрээтэй бөгөөд болгоомжтой хянамгай байж, ялангуяа ёс заншлаа дээдэлж, цээрээ сайн гаргаж байхгүй бол юунд ч хүрч болдгийг биеэрээ мэдэрсэн гэж Баярмаа ярьж байна. 
- Шинийн 2-нд гэрээс гардаггүй. Ялангуяа эр хүн, өрхийн тэргүүн энэ өдөр гэртээ байх ёстойг мэддэг, бас тэр өдөр хэлсээр атал Мягмар зөрүүдлэн гарч анхны хадам болох хөгшний гэрт очсон нь хүртэл хилэнт хүүгийн сүнсэнд таалагдаагүй гэдгийг томоохон ламын шоо хэлж өгсөн гэнэ. Таван настайдаа хорвоог орхисон тэр хүү үнэхээр ид шидтэй юмтай хүн болох учиртай байсан болохоор аавыгаа хулгай хийж, мал муулахад илүүтэй хилэгнэж, догширч, аавдаа сануулга өгдөг байсныг Мягмарын тухайн үеийн зүүд болон гэнэт сонсогддог хий яриа чимээний талаарх яриа нь хөтөлдөг ажээ. 

“Архи ууж байгаад найзуудтайгаа мөргөлдөөд хэцүү, хоолойндоо улаан гувруу үүсгэсэн байх” гэж боддог. Түүнээс биш би гар хүрээгүй. Эхлээд би хуулийн байгууллагад гомддог байлаа. Одоо ч хэвээр л дээ. Ийм улаан цайм хилсдүүлж, тусгаж, эрхэнд халдаж болохгүй биз дээ. Харин хүнийхээ хувьд бол энэ үйлийг ингэж үүрч барахгүй бол өөр юу ч тохиолдох юм билээ гэж үнэндээ айсаан. Баярмаа гэх эмэгтэй ингэж ярив. “Хулгай хар мөртэй” гэхээс одоо ч айдастай байдаг ажээ. 
 

Гялгар уутны хэрэглээнээс татгалзах хэрэглэгчийг бэлдье
Гялгар уутны хэрэглээнээс татгалзах хэрэглэгчийг бэлдье
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.