Бүгдээрээ буруугүй. Зам боссон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 3 секунд
Бүгдээрээ буруугүй. Зам боссон

Бүгдээрээ буруугүй. Зам боссон

 

Эх орны баруун хязгаар Ховдоос ойролцоогоор 400 хүн тээвэрлэсэн онгоц нислэгийн зурвасаасаа гарч давхижээ.

Албан ёсны мэдэгдлээр бол 97 зорчигч байсан юм билээ. Нэг хүний ард байх халуун бүлээр нь ойролцоо авч үзээд 400-аад хүн тээж явсан гэчихлээ.

Юу болсон юм бол. Баатарлаг нисэгчдийн минь баавгай хөөдөг байсан гэдэг царцаа ногоон биш Боинг хөлөг шүү дээ. Морьтой Монгол хүний барилаар ойлговол агаарын хөлөг нь уяан дээрээс холдонгуутаа амаа авч хадуурсан байна. 100 км/цаг хурдтай яваа машин биш нүсэр том Боинг онгоцыг нисгэгчид нь чадварлаг номхруулж зам дээр нь гаргаж зогсоожээ. Үнэн худал нь тогтоогдоогүй ч өрөөсөн дугуй нь салсан гэж сошиалаар шуугиад авсан байгаа.

 

Тун таагүй явдал болох дөхөж. Улс төр, сонгуулийн шуугианд дарагдаад байгаа болохоос манай иргэний нисэхийнхэнд өгч байгаа том дохио. Харин осол болох дөхсөн энэ тасалдсан нислэгт урьдын жишгээр удирдлагууд нь бүгд буруугүй гээд зогсоцгоож байна.  

 

Төмөр хөлөгт  буруу өгөх гэхээр болдоггүй. Европын бүртгэлтэй учраас Ирландын Иргэний нисэхийн газраас жил бүр ирж нислэг, тэнцвэрийн чадлыг сунгадаг юм байна. Сүүлийн сунгах үйл ажиллагаа ердөө сарын өмнө дөрөвдүгээр сард хийгдээд “Онгоц нислэгт тэнцэнэ” гэх дүгнэлтийг гаргаж 12 сар араа даана гэсэн баталгаа өгсөн байна. Тэгвэл нисэгчид алдсан уу. Нисгэгчдийн хувьд 25-26 жил ниссэн, 8000-13 мянган нислэгийн цагтай, дадлага туршлагатай алдана гэж байхгүй баг хөлгийн жолоог атгаж байсан гэж байна. Зам буруутай, газар цуурсан гэхээр арай ч гөрдсөн болно. Газар хөдлөлт, чичирхийлэлт энэ бүсэд ойрын сард бүртгэгдсэн гэж дуулдаагүй.

 

Нисдэг тэрэг унахад бол бид бараг дассан улс. Хуруу дарам цөөхөн нисдэг тэрэгтэй ч гамгүй унагааж осолдуулдаг. Үнэг чоно хөөж яваад сүүлийн хөөрдөг ганцыгаа хамраар нь хатгуулж явсан бараан дурсамжтай. Хамгийн сүүлд өнгөрсөн жил нэгийг нь Налайхад унагаасан байгаа. Энэ ослоор нэг хүн амиа алдаж, арван хүн хүндээр бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Нисдэг тэргийг тус ангийн дээд албан тушаалтан жолоодож явсан байна гэж мэдээлэгдэж байсан.

 

Иргэний нисэх онгоц замаасаа гарч хадуурах бол сенсаац төдийгүй сахилга хариуцлага сул байгаагийн тод илрэл. Ингээд хэлчихэд дайран дээр нь давс нэмсэн болохгүй.   

 

Зохих албаны хүмүүсийн хэлж байгаагаар онгоцондоо үзлэг хийгээд гэмтлийн хэмжээг тодорхойлох ёстой.нэг баг. Мөн тогтоогдсон гэмтлийн шалтгааныг тодорхойлох үүрэгтэй бас нэг ажиллаж байгаа юм байна. Энэ хоёр шалгалтыг нэг үзүүр болгоод харвал бүх буруу үг хэлэхгүй дүнсийх төмөр хөлөг дээр унаад бүгд буруугүй гарч мэдэхээр. Зам боссон ч байж болно. Дүгнэх эрт байна л даа.

 

Алдаж алмайрч, хээгүй хэнэггүйтэж Монгол барилаа гаргаж болохгүй салбарын нэг бол ИНЕГ. Түүний инженер мэргэжилтнүүд албан хаагчид. Үүнийг дунд сургуулийн хүүхэд ч хэлж чадах тул энд хэнхэглэн нэмээд яахав.

 

Ховдын нисэх зурваст болсон тасалдсан нислэг хүний хүчин зүйлээс болсон бол хатуу хариуцлага тооцож олон нийтэд цэрвэж нэрэлхэлгүй зарлах хэрэгтэй дээ.  

 

Гадаа талбайдаа жолоогоо алдахын наана дотоод салондоо ч хэт Монголжсон нь илт мэдрэгддэг нислэг бол МИАТ гэдгийг дашрамд хэлмээр. Олон улсын нислэг үйлддэг гэхэд үйлчлэгч нарынх нь хувцаслалт, биеэ авч яваа байдал цаашилбал нас зүсний хязгаарт ч гэсэн босго шалгуур байдаггүй юм болов уу гэмээр. Цамцных нь цаанаас ханцуйтай подволк нь нэвт гэрэлтсэн царайлаг залуу стюардес инээмсэглээд л салонд гүйгээд яваа харагдсан. Бараг бүх үйлчлэгчийнх нь форм хувцас индүүдсээр гялтайчихсан. Хатуу хэлэхэд, онгоцонд биш галт тэргээр явж байгаа мэт хээгүй талдаа болчихсон юм билээ. Монгол зорчигч нартаа бол ёстой Монголоороо харьцана. “Аан юу гэнээ, аан тэгсэн юм уу” гэх мэт хэт найзархуу яриа хөөрөө бол хэвийн зүйл болчихсон нь ажиглагдсан.  

 

Бүдэрсэн дээр нь түлхээд байгаа бус нисэхийн салбараа байнга л хараалж түншиж байхгүй бол бусад салбар шигээ танил талаа чигжсэн, ая тааваараа, найзан дундаа хар энерцээрээ ажил үйлчилгээ нь явж байдаг болчихвол дараагийн удаа газарт бус тэнгэрт жолоогоо алдах дохиог сая өглөө.

 

Манай агаарын аюулгүй байдал найдваргүй гэж мэдээлэгдэх нь гадаад талдаа ч таагүй. Өнөөх инээмсэглээд даллаад байгаа 10 сая жуулчдаас багагүй хувь нь агаарын зам нь найдваргүй. Бүр нарийн шалгуур тавибал соёлгүй гээд аяллын маршрутаа өөрчилнө шүү дээ.

 

Эх сурвалж: Shuud.mn        П.Баяр

Төрийн банк: Гурван хувийн хүүтэй зээлийн хэрэгжилт ямар байна вэ?
Төрийн банк: Гурван хувийн хүүтэй зээлийн хэрэгжилт ямар байна вэ?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.