Тэмцээнийг соёлтой үзэх ухаан манай хөгжөөн дэмжигчдэд алга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 16 секунд
Тэмцээнийг соёлтой үзэх ухаан манай хөгжөөн дэмжигчдэд алга

Тэмцээнийг соёлтой үзэх ухаан манай хөгжөөн дэмжигчдэд алга

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж Япон, Тайвань, БНСУ, Монголын багуудын хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөлөө. Тэмцээний гурав дахь өдрийн шийдвэрлэх тоглолтод БНСУ, Япон улсууд учраа бүрээ 3:0-оор буулган авснаар хэсгээсээ нэгээр шалгарсан юм. Ингэснээр "А" хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан БНСУ, Тайваны багтай, "В" хэсгийн тэргүүн багаар тодорсон Японтой  Монголын шигшээ баг тоглохоор боллоо.

Харин БНХАУ, Хонгконг, Макао, БНАСАУ-ын багууд V-VII байрын төлөө өрсөлдөнө. Багууд өнөөдөр тоглолтгүй бөгөөд маргааш хагас шигшээ тоглолт болж хожсон багууд алтан медалийн төлөө тоглох  эрхтэй болох юм. Харин хожигдсон багууд хүрэл медалийн төлөө тоглоно.

Өчигдрийн Монгол, БНСУ-ын тоглолтын тухайд манай шигшээ багийн тамирчид сайн тоглосон. Хэдийгээр ялагдал хүлээсэн ч гэсэн хүчирхэг Солонгосын багийн өөдөөс ширүүхэн өрсөлдөөн өрнүүлсэн юм. Тэмцээн уралдаанд хожих, хожигдох нь энгийн үзэгдэл. Мөн өчигдрийн тоглолтод хожигдоход тамирчдын бэртэл гэмтэл ч нэлээдгүй нөлөөлсөн. Гэвч манай үзэгчид тоглолт дуусаагүй байхад суудлаа орхин гарч, зарим нэг нь БНСУ-ын тамирчид руу ундааны сав шидсэн. Тамирчид улсынхаа нэрийг гаргах гэж чадлаараа хичээж байхад хөгжөөн дэмжигчид нь ийм соёлгүй, бүдүүлэг байдал гаргасан нь өөрсдийг нь ихээхэн таагүй харагдуулж байв. Мөн олон улсын томоохон тэмцээн уралдаан эх орондоо зохион байгуулж байгаа нь биднийг гадныхан хүлээн зөвшөөрч эхэлсэний илрэл. Гэвч ямар ч томоохон тэмцээний үеэр улсынх нь тамирчид ялагдлаа гээд иймэрхүү соёлгүй байдал гаргадаггүй. Иймэрхүү байдал нь бидний нэр хүнд л муугаар нөлөөлнө.

Уг нь бүгд л “Монголын багаа дэмжиж халуун алга ташилтаараа урам зориг өгөх” гэсэн нэг зорилготой цугласан. Гэтэл ганц нэг алдахад нь элдвээр хэлж, орилж байсан нь магадгүй тамирчдын сэтгэл зүйд хүндээр нөлөөлсөн байх. Довтолсон болгон тоо болж давуулсан болгон талбайд унана гэж байхгүй. БНСУ бол Ази тивээ төлөөлж Тив, дэлхийн чанартай тэмцээнд ордог туршлагатай баг. Манай тамирчид 75 сая хүн амтай өндөр хөгжилтэй орны байнгын бэлтгэлтэй байдаг тамирчидтай маш сайн тоглосон. БНСУ-ын тамирчдыг төр засгаас нь бодлогын хэмжээнд дэмжиж хөгжүүлдэг. Гэтэл манай тамирчдыг төр засаг нь дэмжих байтугай, цалин мөнгийг нь хангалттай өгдөггүй. Тамирчид энэ спортод дуртай учраас өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ зүтгэж яваа. Тиймээс бид залуучуудаа гаднын тамирчидтай харьцуулж муулах биш сэтгэл санаагаар нь дэмжиж урмын үгээр шагнах хэрэгтэй.

Одоо бидэнд хамгийн чухал хоёр тоглолт үлдсэн. Хөгжөөн дэмжигчид маань "Буянт ухаа" спорт ордонд илүү олуулаа цуглаж ялалт, ялагдлын баярыг нь тамирчидтайгаа хамт хуваалцах нь зүйтэй. Хожих, хожигдох бол аливаа тэмцээний мөн чанар юм.

Т.Болор

Эх сурвалж: Zaluu.com

Тэнэглэл буюу аюултай иог
Тэнэглэл буюу аюултай иог
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.