АМГТГ-ЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Б.СҮНЖИДМАА: НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛСНЭЭР УЛААНБААТАР ХОТЫН УТААГ АРИЛГАХ БОЛОМЖТОЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
17 минут 54 секунд
АМГТГ-ЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ХЭЛТСИЙН  ДАРГА Б.СҮНЖИДМАА: НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛСНЭЭР УЛААНБААТАР ХОТЫН УТААГ АРИЛГАХ БОЛОМЖТОЙ

АМГТГ-ЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Б.СҮНЖИДМАА: НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛСНЭЭР УЛААНБААТАР ХОТЫН УТААГ АРИЛГАХ БОЛОМЖТОЙ

Дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг бөгөөд эрчим хүчний хэрэглээг түүхий нүүрснээс гарган авч,  агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг болоод буй нь эрчим хүчний өөр эх үүсвэр хайхаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Ганц Улаанбаатар хот ч бус 21 аймгийн төв, Дархан, Эрдэнэт хотууд ч мөн адил нүүрс шатааж эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцтай төдийгүй айл өрхүүдийн үлэмж хэсэг нь түүхий нүүрс шатаан дулааныхаа хэрэгцээг хангаж байна. Байгаль орчинд хамгийн бага хор хөнөөл учруулдаг, өртөг багатай хэрэглэхэд хялбар дөхөмтэй, аюул багатай эрчим хүчний эх үүсвэр монголчууд бидэнд хэрэгтэй байна.

Дэлхийн томоохон хотууд агаарын бохирдол гэх аюулт гамшигаас ганцхан шийдлээр салж чадсан байдаг. Энэ нь эрчим хүчнийхээ салбарт хийн түлшийг хэрэглэсэн явдал. Нэг жишээ дурдахад ердөө хагас зууны өмнө буюу 1952 оны өвөл Английн нийслэл Лондонд дэлхийн түүхэнд байгаагүй гамшиг тохиолдсон нь өнөөг хүртэл үлгэр домог мэт яригддаг “үхлийн утаан хөшиг” хэмээх хар өдрүүд юм. Эндхийн агаарын бохирдол 1930 оноос эхэлж хориодхон жилийн дотор “алуурчин” болж хувирсан юм билээ. Ард иргэд хотын  захиргаандаа байн байн гомдол гаргадаг байсан боловч Засгийн газар нь дорвитой арга хэмжээ авахгүй байсаар 1952 оны 12 дугаар сарын 4-нд хэний ч төсөөлөөгүй гамшиг тохиосон байдаг. Цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклонд орсны улмаас ямарч салхигүй болж, Лондон хотыг өтгөн хар утаа бүрхэн авч, ард иргэд нь нүүрсний утаанд хордож, орондоо амьсгал хураах нь жирийн хэрэг болж, ганцхан өвөл 12 мянган хүний алтан амийг авч одсон байна. Зарим өдөр утаанд хордож амь алдагсад 4 мянгад хүрч байсан гэдэг. Хохирогчдын 78% нь хүүхэд, хөгшид, жирэмсэн эхчүүд байж. Эдгээр хар өдрүүдийн дараа эрх баригчид сая ухаан орж, Цэвэр агаарын хууль баталж ганцхан өвлийн дотор агаарын бохирдлын түвшинг эрс багасгаж 4 жилийн дотор агаарын бохирдлоосоо бүрэн ангижирчээ. Энэ аймшигтай агаарын бохирдол, утаан хөшгөөс Лондончууд хэрхэн ангижирсан бэ гэж үү?... Шийдэл нь түүхий нүүрсний хэрэглээг хорьж ард иргэдээ цахилгаан болон хийн түлшээр хангасан явдал байжээ.

Дэлхий нийт арвин их нөөцтэй байгалийн хийг хэрэглэж байгаа боловч, хайгуулын зардал харьцангуй хямдтай, арай бага гүнд орших нүүрсний давхрагын метан хийг хайж, ашиглахад сүүлийн үед нилээд анхаарал хандуулах болов. Метан хий нь нэг талаас геологийн нөгөө талаас биологийн процессийн бүтээгдэхүүн юм. Нүүрсний давхарга усанд ханасан байх бөгөөд ус нь гидростатик даралтын хүчээр метан хийг тогтоон барьж байдаг. Иймээс метан хийг нүүрснээс салгах ердийн арга нь усыг сорж, даралтыг бууруулах арга юм. Олборлохын тулд олон арван метр хөрс хуулах шаардлагагүй, цооног өрөмдөөд соруулж аваад болоо. Олон улсад нүүрсний метан хийн хайгуулын төслүүд улам эрчимжиж, метан хийг олборлох, ашиглах техник, технологийн шийдлүүд улам боловсронгуй болж, хэрэглэх цар хүрээ нь тэлж байна.

Хэдийгээр Монгол оронд байгалийн хий, занарын хий, газрын тосны хий гэх мэт хийн геологийн судалгаа хөгжөөгүй боловч нүүрсний асар их нөөц бий. Энэ утгаараа нүүрсний давхаргын метан хий нь эрчим хүчний хамгийн чухал эх үүсвэр болох боломжтой. Одоогийн байдлаар улс орны эрчим хүчний суурьлагдсан хүчин чадлыг авч үзвэл 83,3%-ийг нүүрсэнд тулгуурлан хангаж байгаа бол 0,2%-ийг дизель цахилгаан станцууд, 16,5%-ийг нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээр хангаж байна.

Манай цэнхэр гаригт өдгөө 250 жил хэрэглэх нүүрсний нөөц бий гэж судлаачид үздэг. Монгол улсын нүүрсний геологийн таамагласан баялаг нь 173,1 тэрбум тонн, үүнээс тооцоологдсон нөөц нь 32,8 тэрбум тонн, үүний 17,38 тэрбум тонн нь хүрэн нүүрс, 15,3 т.б тонн нь чулуун нүүрс, 0,118 т.б тонн нь антрацит байна.

Энэ хэмжээ жил бүр аажмаар өсөж нөөцийн хэмжээгээр дэлхийд эзлэх байр сууриа ахиулсаар байна. Нүүрсийг дотор нь хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэж ангилах бөгөөд нутгийн зүүн бүсэд хүрэн нүүрс, төвийн бүсэд хүрэнгээс чулуун нүүрсрүү шилжих завсрын үе, баруун болон говийн бүсэд чулуун болон коксжих нүүрс зонхилдог. Нүүрсний давхаргын метан хийн эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон хуримтлал нь чулуун нүүрсэнд үүсэх бөгөөд антрацит болон хүрэн нүүрсэнд магадлал бага байдаг.

Метан хий бол эрин зууны түлш. Нүүрс олборлох явцад уурхайгаас их хэмжээний метан хийялгарч ашиглалгүй хаягдаж байна. Түүхий нүүрсний оронд метан хийг хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулах маш үр дүнтэй арга.

Бид дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагш экспортолдог хамгийн чухал ашигт малтмал бол нүүрс. Нүүрсэнд агуулагдах метан хийг ашигласнаар  геополитикийн, нийгмийн, эдийн засгийн олон талын ач холбогдолтой. Нүүрсний гүний уурхайн олборлолтыг эхлүүлэхээс өмнө метан хийг ашиглавал хийн дэлбэрэлтээс хамгаалж, аюулгүй ажиллах нөхцөл боломжоор хангагдана, үр ашиггүй агаарт цацагдах хийг мөнгө болгоно, хүлэмжийн хийг нэмэгдүүлэхгүй, эрчим хүчнийхээ салбарт хэрэглэн агаарын бохирдлоос бүр мөсөн салж хүн амын эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг хангана, хоёр хөршийн хийн тээвэрлэлтийг дамжин өнгөрүүлэх баазыг бий болгоно. Олон улсад нүүрсний давхаргын метан хийг ашигласны дараа нүүрсээ ашиглах бодлогыг баримталж байгаа.

Нүүрсний давхаргын метан хийн дэлхийн чиг хандлага

Эрчим хүчний үйлдвэрлэл бол нүүрсний давхаргын метан хийг түгээмэл хэрэглэж байгаа салбарын нэг юм. Нүүрсний давхрагын метан хийн дэлхийн 3 том тоглогч нь Канад, Австрали, АНУ болоод байгаа бөгөөд урд хөрш маань энэ салбарт дэлхийтэй хөл нийлүүлэхээр хүчтэй бодлого барьж байгаа.      

Австрали улс нь Энэтхэг, Хятад, Азийн зүүн эргийн улс орнуудын нүүрсний хэрэгцээг хангадаг гол орон. Монголтой тун төстэй. Нүүрсний метан хийн ихээхэн нөөцтэй. Сиднейн бассейны метан хийн нөөцийг 145 тэрбум шоо метр, Гүннеда бассейны нөөцийг 150 тэрбум шоо метр, Клэрэнс-Морэтор бассейны нөөцийг 215 тэрбум шоо метр орчим гэж тус тус тогтоожээ. Австрали улс 2007 онд 110 петажоуль метан хий олборложээ.

АНУ-ын нүүрсний метан хийн нөөцийн дийлэнх хэсэг нь баруун болон баруун хойд талын муж улсуудад тархсан байдаг. АНУ-ын нүүрсний метан хийн геологийн нөөцийг 11 мянган тэрбум шоо метр, олборлох боломжтой нөөцийг 3 мянган тэрбум шоо метр гэж тооцоолжээ.  

Канад улсад метан хийн олборлолт, боловсруулалт, ашиглалтын техник технологи өндөр хөгжсөн. Бритиш Колумбиа, Алберта мужуудад метан хийн томоохон сав газрууд бий. АНУ-ын нэгэн адил олборлосон метан хийг байгалийн хий дамжуулах хоолойнуудаар дамжуулан хэрэглэгчдэд түгээдэг.

Орос улс  нүүрсний метан хийн маш их нөөцтэй боловч байгалийн хий, газрын тос зэрэг байгалийн бусад эх үүсвэр ихтэй тул төдийлэн ашиглаагүй. ОХУ-д "Углеметан" төслийг нэлээд олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн бөгөөд сүүлийн үед Кузбассын сав газарт гол анхаарлаа хандуулж байна. Кузбассд сүүлийн үед хэрэгжүүлж буй төслийн өртөг 8 сая ам.доллар бөгөөд үүний 3,1 сая ам.долларыг НҮБ, Даян дэлхийн байгаль орчны сангаас санхүүжүүлжээ.

БНХАУ-д 1996 онд АНУ-ын Техасо компани  нүүрсний давхаргын метан хийн /НДМХ/ хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг явуулахаар анх орж ирсэн түүхтэй. Тус улс  агаарын бохирдлыг арилгах, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох зорилгоор 2001-2011 оны хооронд эрчимтэй хөгжүүлэлт хийж, хууль эрхзүйн орчноо сайжруулж, дэд бүтцээ угтуулан барьж эхэлсэн байна. “13-дугаар таван жилийн төлөвлөгөө” буюу эдийн засаг улс орныг хөгжүүлэх 2015-2020 оны төлөвлөгөөнд “Нэгдүгээрт метан хий, Хоёрдугаарт нүүрс” гэсэн үндсэн зорилтыг тавьжээ. Үр дүн нь ч илэрхий сайн, 2018 онд Бээжин хотын агаарын бохирдол 35%-иар буурахад хийн түлш ихээхэн нөлөөлсөн. Нүүрсээ олборлохоос өмнө метан хийг ашиглая гэсэн горим энд үйлчилж улс орон даяар олон арван хийн хоолой тавигдаж хэрэглэгчдийн хэрэгцээг хийгээр хангаж байна. БНХАУ-ын хий дамжуулах шугамын нийт урт нь 66 мянган км, 6 тэрбум м3 байгалийн хий хадгалах 19 ширхэг газар доорхи байгууламжтай бөгөөд сүүлийн үед хийн хангамжийн дэд бүтцээ тасралтгүй хөгжүүлж байгаа бөгөөд ирэх 5 жилд 40 мянган км урт дамжуулах шугам шинээр барьж, 9.3 тэрбум мбайгалийн хий хадгалах байгууламж барихаар төлөвлөжээ.   Хятадын нүүрсний метан хийн нөөц баялагийг 37 триллион шоо метр гэж тооцоолсон бөгөөд үүний 60 гаруй хувь нь хойд талын бүс нутгуудад ноогдож байгаа юм. БНХАУ 2020 он гэхэд жил тутам 10 тэрбум гаруй шоо метр метан хий үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ нь дотоодын хэрэгцээнийх нь өчүүхэн хувь боловч нүүрснээс гаргаж буй эрчим хүч, дулаанаас өртөгийн хувьд хямдхан, байгаль орчинд хор хөнөөл багатайгаас тэр.   

Бидэнд ямар боломж байна?

Энэ жишээнүүд бидэнд боломж буйг илтгэж байгаа юм. Монгол улс энэ салбарт гол тоглогч болох бүрэн магадлалтай. Нүүрсний нөөц нь байна. Гадны хөрөнгө оруулагчдын сонирхол ч байна. Бидний давуу тал агаарын бохирдолтойгоо дайн зарлаж байгаа  БНХАУ гэсэн асар том зах зээлийн дэргэд байна. Өмнөд хөрш агаарын бохирдлоо бууруулах хүчтэй бодлого барьж хийн салбараа хөгжүүлэхээр дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж эхэллээ. Хэрвээ бид босоо тэнхлэгийн дагуу 2 хөрштэйгөө холбогдсон метан хий дамжуулах хоолойг барьж чадвал хийгээ эрчим хүчний салбарт хэрэглэх, илүү гарсныг нь урд хөршид нийлүүлэх, мөн 2 хөршийн хийн худалдааг дамжин өнгөрүүлэх  боломжууд гарч ирэх юм. Гадны хөрөнгө оруулагч нар ч ингэж харж байгаа. Боломж байхад ашиглаж чадаагүй бусдад алдсан гашуун туршлага бидэнд олон. ОХУ, БНХАУ  хооронд байгуулсан байгалийн хий дамжуулах хоолой Монголын баруун болон зүүн талаар  тойроод гарсныг харж байгаа. Нүүрсний зах зээлийн гол өрсөлдөгч маань Австрали улс байсан бол Орос хүчтэй өрсөлдөгч болж жил бүр Хятад улсад нийлүүлэх коксжсон нүүрсний хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө саяханы хурал дээр зарлалаа. Иймд бид удаан байж болохгүй нь. 

                Монгол улсын нүүрсний давхаргын метан хийн өнөөгийн байдал.

Манай улсын хувьд Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртөө метан хийг хөгжүүлэх талаар тусгаж өгчээ.

2014 онд Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нүүрсний давхаргын метан хийг эрх, хайх, ашиглах эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн. Энэ хуульд хөрөнгө оруулагч МУ-ын засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж хайгуулын ажил хийх, төрийн захиргааны байгууллагатай эрлийн гэрээ байгуулж эрлийн ажил хийхээр хуульчилсан. Үүний үр дүнд анхны бүтээгдэхүүн хуваах гэрээг 2018 онд Өмнөговь аймгийн нутагт байрлах Номгон IX талбайд Австрали улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч”ХХК-тай байгуулж хайгуул судалгааны ажлыг явуулж байна. Эрлийн гэрээнээс бүтээгдэхүүн хуваах гэрээнд шилжихээр 3, хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 7 гэрээний хүрээнд эрлийн ажлыг хийж байна. Эдгээр гэрээнүүд болон 2014 оны хууль гарахаас өмнө байгуулсан хамтарсан гэрээнүүдийн хүрээнд  тойм судалгаа хийхийн зэрэгцээ, Нарийнсухайт, Налайх, Тавантолгойн нүүрсний ордууд дээр 300-1000м-ийн гүнтэй  8 цооног өрөмдөж Нарийнсухайт, Тавантолгойн орд дээр 93 тэрбум м3 метан хийн баялагийг тооцоолсон байх бөгөөд судалгааг цааш үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. 

Хэрхэн НДМ хийн нөөцтэй болох вэ? Ямар шийдэл байна гэж үү?

Манай улс хийн түлшийг эрчим хүчний салбартаа хэрэглэхийн тулд нүүрсний давхаргын метан хийн геологийн судалгааг эрчимжүүлж нөөцийг тогтоох явдал энэ тэргүүний зорилт мөн. Хөгжлийн түүчээ болсон уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг ханган араасаа дагуулж явдаг геологийн салбарынхны 80 жилийн нөр их хөдөлмөрийн үр шимээр 2500 гаруй орд нээгдээд байгаагийн 300 гаран нь нүүрсний орд. Эдгээр ордыг судалсан, нээсэн нүүрсний гэх тодотголтой геологичидод нүүрсний давхаргын метан хийг судлахад бараг хүндрэл гарахгүй, жаахан мэрэгшүүлэхэд л болоо. Тэгээд яагаад хурдхан шиг ордтой болохгүй байгаа юм бэ гэж үү?...Шийдэл нь:  Хийн геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж шугам хоолой, агуулах барьж хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах,  орон нутгийн эсэргүүцлийг шийдвэрлэн, геологичдын эрэл хайгуул хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, нүүрсний давхаргын метан хийн эдийн засгийн ач холбогдол бүхий хуримтлал нь 300 метрээс доош гүнд үүсдэг тул нүүрсний гүний бассейнуудыг тогтоох суурь судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийх, үндэсний мэргэжилтнүүдийг төрийн тэтгэлэгээр мэргэшүүлэх.  Эдгээр асуудлыг шийдвэрлэж энэ салбарыг хурдтай хөгжүүлэх нь дан ганц төрийн хэрэг биш малчин, тариачин, геологичдоос эхлээд Монгол хүн бүрийн хичээл зүтгэл салбарыг ойлгох ойлголтоос ихээхэн хамаарах нь. Сүүлийн жилүүдэд геологи хайгуулын ажлыг эсэргүүцэгчид маш олон болсон. Геологийн судалгаа гэдэг нь хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа ихээр шаарддаг эрсдэл өндөртэй ажил байдаг. Энэ нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд 15-20 жилээр түрүүлж явах ёстой юм.

Ахмад үеийн геологичдийн яндашгүй их оюун ухаан, мэргэжлийн ур чадвар, хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд Монгол улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа  Эрдэнэт, Тавантолгой гэх мэтийн ордууд нээгдсэн бол энэ үеийн геологичид Улаанбаатар хотын утааг арилгах, Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжлийг шинэ төвшинд хүргэх, хийн ордууд нээх гэгээн мөрөөдөл тээсээр 80 жилийн ойтойгоо золгож байна. 

АМГТГ-ЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ХЭЛТСИЙН  ДАРГА Б.СҮНЖИДМАА

Сангуудыг сайд нараас салгана
Сангуудыг сайд нараас салгана
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.