ЦЭРГИЙН БАЯР: 2000 хятад цэргийн эсрэг 2 их буу, 4 пулемёт, 400 хүнтэй АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГ түүхэн гавьяа байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 25 секунд
ЦЭРГИЙН БАЯР: 2000 хятад цэргийн эсрэг 2 их буу, 4 пулемёт, 400 хүнтэй АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГ түүхэн гавьяа байгуулжээ

ЦЭРГИЙН БАЯР: 2000 хятад цэргийн эсрэг 2 их буу, 4 пулемёт, 400 хүнтэй АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГ түүхэн гавьяа байгуулжээ

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Өдгөөгөөс 99 жилийн өмнө 1921 оны 3-р сарын 18-ны энэ өдөр жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагт хотыг чөлөөлсөн өдөр.

МАН Зөвлөлт Засгийн газартай хэлэлцээр хийх үед “Хятадын эзэрхийллээс ангижрах тэмцлийг монголчууд өөрсдийн хүчээр хийх, харин Зөвлөлт улс зэр зэвсэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх”-ээр тохиролцжээ. 3-р сарын 6-нд МАН-ын Төв хороо, Цэргийн штабын хамтарсан хурлаас Хиагт хотыг чөлөөлөх шийдвэр гаргасны дараа 3-р сарын 14-нд жанжин Д.Сүхбаатар “байлдааны төлөвлөгөө бэлэн, байлдааны бэлтгэлийг бүрэн хангасан” тухай Нийслэл Хүрээн дэх Ардын түр Засгийн газарт илтгэжээ. Хиагт хотыг байлдаангүйгээр өгөхийг Хятадын цэргийн командлалд тулган шаардсан боловч хариу өгөөгүй гэдэг. Ийнхүү 17-ны орой жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Л.Сумъяа нарын удирдсан цэргийн ангиуд Алтанбулагаас хөдөлж 18-ны өглөө Хиагт хот руу довтолжээ.

Хиагт хотыг баруун, баруун хойд, чанх хойд талаас нь бүсэлж дайрснаар хятад цэргүүд сандарч бөөн бөөнөөрөө хотоос зугтан гарсан ч Хятадын морьт цэргийн хороо нь хүчтэй эсэргүүцэл үзүүлсээр байсан тул арга буюу түр ухарсан гэдэг. Ардын журамт цэргийн сум, галт хэрэгсэл дууссан тул ар талаас хангалт хийлгүүлэн 2 их буу татан ирүүлснээр дахин довтолж тулалдааныг ялалтанд хүргэжээ.

Бүрэнхий болж байлдааны ажиллагаа зогссон ч хот руу орохоос зайлсхийж харуул манаа гарган, ойр орчмыг тагнуулан хоноод маргааш нь буюу 19-нд Ардын журамт цэрэг Хиагт хотод орж иржээ. Хотын орчимд бүгсэн хятад цэргийг Г.Бумцэнд, Д.Нанзад нарын удирдсан цэрэг үлдэн хөөж дарснаар Ардын журам цэрэг "эх орноо чөлөөлөх тэмцэл"-д анхны ялалт байгуулсан түүхтэй. Тэд 12 пулемёт, 7 их буутай 2000 хятад цэргийн эсрэг 2 их буу, 4 пулемёт, 400 хүнтэй армийн хүчээр довтолсон гэдэг. Тус байлдаанаар Ардын журамт цэрэг 120 төрөл бүрийн буу, 9 пулемёт, 84 гар бөмбөг, 80 сэлэм, 26000 сум, 5 морин тэрэг зэргийг олзолж зэр зэвсгийн хүчээ зузаатгажээ.

Жанжин Д.Сүхбаатар Хиагт хотноо түр штаб байгуулан ажиллаж хувьсгалын үйл хэргийг үргэлжлүүлж байв. Улмаар Ардын журамт цэрэг болон Оросын Улаан армийн хамтарсан ангиуд 1921 оны 7-р сарын 6-нд Нийслэл хүрээнд ирснээр 8-ны өдөр МАН-ын ТХ-ны хурал болж, Нийслэл хүрээнд байнгын Ардын Засгийн газрыг байгуулах шийдвэр гаргаж, 10-ны өдөр хуучин байсан Засгийн газрыг халж, Д.Сүхбаатарыг Цэргийн яамны Тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжнаар томилжээ. Дараа нь 7-р сарын 11-ний өдөр тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан тухай түмэн олонд тунхаглан зарлаж Нийслэл хүрээнд Ардын журамт цэргийн жагсаалыг зохион байгуулсан гэдэг.

Хожим нь Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, нөхөр Маршал Чойбалсан Монгол ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлт тавьсан байна.

Түүний хүсэлтийг хэлэлцээд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол ардын хувьсгалт цэрэг нь Монгол Ардын хувьсгалын голомт Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхдугаар ялалтаа байгуулсан учир энэ өдрийг “Хувьсгалт цэргийн баяр”-ын өдөр болгожээ. Тогтоолд дурдсанаар, “...3-р сарын 18-ы өдрийг Хувьсгалт цэргийн баярын өдөр болгож, жил бүр улс нийтээр ёслон өнгөрүүлж байсугай. Жил бүрийн 3-р сарын 18-ны өдрийг цэргийн бүх албан хаагчдын амралтын өдөр болгосугай” хэмээн заажээ.

Ийнхүү Цэргийн баярын өдөр-ийг 1946 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн ба 2003 онд УИХ-аас баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-иар 3-р сарын 18-ны өдрийг “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ӨДӨР” хэмээн тэмдэглэх тухай баталжээ.

Харин 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. Гэвч энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдалтай юм гэж үзэж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Э.Бат-Үүл нар хууль санаачлан өргөн барьсан юм.

Цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр гэхээсээ илүүтэй зөвхөн Зэвсэгт хүчиндээ алба хааж буй цэргийн алба хаагчдын баяр гэж ойлгогддог. Ингэснээр зөвхөн салбарын хэмжээнд тэмдэглэдэг баяр нь тангараг өргөж цэргийн алба хаасан, хаах нийт иргэд уг баярын гадна үлдэж байгаа нь зохисгүй байна гэж үзжээ. Нөгөө талаар, цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залууст цэрэг-эх оронч хүмүүжил олгох, түүгээрээ бахархах ач холбогдолтой байх юм гэж тэрбээр үзсэн ажээ.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэе.

Хиймэл нуурын усанд унаж амиа алджээ
Хиймэл нуурын усанд унаж амиа алджээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.