Хариуцлагагүй улстөрчидтэй хатуу хариуцлага тооцъё!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
17 минут 28 секунд
Хариуцлагагүй улстөрчидтэй хатуу хариуцлага тооцъё!

Хариуцлагагүй улстөрчидтэй хатуу хариуцлага тооцъё!

 

нийтлэсэн Admin

tsuglan

Хатуухан хэлбэл өнөөдөр Монгол Улсад ардчилал, эрх чөлөө гэсэн том тунхаглал, урианы доор хариуцлага, хяналт, сахилга бат, зохион байгуулалт гэдэг ойлголтууд жирийн ард иргэд байтугай, төрийн бүх шатны байгууллагууд, төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдийн дунд жинхэнэ утгаараа мартагдаад 20 гаруй жил болжээ. Уг нь ардчилсан байна уу, капиталист байна уу, социалист ч байна уу ямар ч нийгэмд дээрхи дөрвөн  чухал хүчин зүйл хөрсөнд бууж, амьдралд дадал хэвшил болсны дараа тухайн нийгэм өөрийн онцлогт таарсан хөгжлийн замыг сонгосноор улс орон нь илүү дархлаатай, тусгаар тогтносон, эв нэгдэлтэй оршин тогтнож байдаг байна.

Харамсалтай нь улстөрчдийн хариуцлагагүй үйлдэл, хэлсэн үг, шийдвэр, тушаалууд улмаар тэдний өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж баталсан хуулиудаас болж ард түмэн, жирийн иргэд,хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж байгаа   төрийн албан хаагчид хохирч үлдээд харин ч эсрэгээрээ хамгийн гол буруутан нь болох улс төрчид хариуцлага хүлээдэггүй явдал Монгол Улсад жирийн үзэгдэл болжээ. Энэ бол аймшиг. Энэ бол хэдхэн улс төрчдийн бүлэглэл , нам дамжсан олигархуудын  хувийн эрх ашгийн золиосонд   хэдэн арван хүнийг бус  бүхэл бүтэн ард түмнийг хэлмэгдүүлж байгаа оюун санааны, улс төрийн их хэлмэгдүүлэлт юм.

Шулуухан хэлэхэд монголчууд бид сүүлийн хорин жилд хувиа бодсон, албан тушаал , эрх мэдэл , мөнгөний төлөө ард иргэдийнхээ эрх ашгаас урвасан өөрсдийгөө эх орончид, жинхэнэ улстөрчид хэмээн цоллох дуртай намаар овоглосон хэдэн  нөхдүүдэд итгэж, уучилж, өршөөж, сонгож байсны хар гайгаар 3 саяулаа ядуу зүдүү, өртэй ширтэй амьдарч байгаа нь гашуун үнэн.

2008 оны долдугаар сарын 1-ний өдөр улстөрчдийн хариуцлагагүй үг, өдөөн хатгалтаас үүссэн эмх замбараагүй байдлыг шууд нэвтрүүлгээр үйл явдлыг үзэнгүүтээ   иргэн миний бие   АН-ын байрны  гадаа очиход тус намын удирдлагууд  ард иргэдийг зориудаар өөрсдийн өрсөлдөгчдийн эсрэг турхирч байсныг харж, тэдэнд дургүй хүрэхдээ чулуу атган   зогсож байсан амьд гэрчийн  хувьд, одоо хүртэл АН-ын удирдлагуудын хууль бус үйлдлийг  эсэргүүцэн, жигшиж явдаг юм.

Нарийн яривал тухайн үед засаг барьж байсан МАХН ч тэр , сөрөг  хүчин байсан АН нь ч тэр УИХ-ын сонгуулиар  хоёул адилхан мөнгө тарааж, сонгуулийн хуулийг зөрчиж байсныг сонгогчид мэдэж, мэдэрч байсан хэдий ч олонхийн сэтгэлд МАХН-ын ялалт нийцэж байсан нь гарцаагүй бодит үнэн байсан юм шүү!

2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэрэг явдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг тухайн үед УИХ-ын удирдлагууд, ажлын хэсгийн гишүүд “Нууцын зэрэглэлтэй” гээд олон нийтэд дэлгээгүй байсныг  2011 оны дөрөвдүгээр сарын 5-ны №087 дугаарын “Өдрийн сонин”-д бүрэн эхээр нь бүрэн эхээр нь, ямар нэгэн тайлбар, цензургүйгээр нийтэлснийг  гол үндэслэл, эх сурвалж болгон  өөрийн бодол, санаагаа иргэн хүний хувиар ил тод шүүн, дүгнэх гэж оролдсныг доор сийрүүлэн бичлээ.

2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш бүтэн жилийн  дараа 2008 оны долдугаар сарын 5-ны өдрийн 17/18 тоот зөвлөмжийг үндэслэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2009 оны долдугаар сарын 24-ний өдөр 126 дугаар захирамж гаргаж, УИХ-ын Гишүүн Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж, нийтдээ 12 удаа хуралдаж, нилээд хугацаа өнгөрсний дараа 2010 оны гуравдугаар сарын 15-нд УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарсан байдаг.

Ажлын хэсгийн гол зорилго нь 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад онц байдал тогтооход хүргэсэн үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан, тэдгээрийн харилцан үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөд чиглэж байсан байна. Үүнийг сайтар ухаж бодвол ажлын хэсгийнхэнд 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн, самууныг ямар улс төрийн намын удирдлагууд, зохион байгуулалтайгаар, яаж анх өдөөн турхирсныг  илрүүлж, тогтоох зорилгоо болгоогүй нь тодорхой бөгөөд үүний цаана яалт ч үгүй  улс төрийн тохиролцоо, будлиан нуугдсан байх сэжиг төрүүлж байгааг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу.

Ажлын хэсэг эмх замбараагүй жагсаал цуглааны үеэр мөн 2008 оны долдугаар сарын 1-ний орой 23 цагаас хойш нийслэл Улаанбаатар хотод онцгой байдал зарласны дараа ТЕГ, ЦЕГ, ЗХЖШ, Хилийн цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар, ШШБЕГ, МҮОНРТ ямар үүрэг, хариуцлагатай ажиллаж байсан болон тус байгууллагуудын зүгээс гарсан алдаа, дутагдлын гадаад, дотоод хүчин зүйлүүдэд дүн шинжилгээ өгчээ. Долдугаар сарын 1-ний үйл явдалд нийт 8000 гаруй хүн оролцсон байдаг ба энэ үймээн самуун урдаас зохион байгуулалттайгаар, МУ-ын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудыг зориуд санаатайгаар зөрчсөн үйлдэл байсан гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцад ил тодорхой болсон, зайлшгүй анхаарч нягтлан шалгах шаардлагатай дараахь нотолгоо, баримтуудыг тоочвол …

1.    Долдугаар сарын 1-ний өдөр гэхэд цагдаагийн байгууллага жагсаал, цуглааныг зохион байгууллагчид, оролцогчдод  хандан хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг 12 удаа бичгээр шаардаж байжээ.

2.    “Уг үйл явдал цаг хугацааны хувьд сонгуультай давхцаж байгаагаараа, зохион байгуулж, турхирсан хүмүүсийн олонхи нь нэр дэвшээд өвдөг шороодсон улс төрчид байснаараа, гол тавьсан шаардлага нь сонгуулиар олонхи болсон хүчний эсрэг шууд чиглэж байснаараа УИХ-ын сонгуультай аргагүй холбогдож байна.Гэхдээ сонгуулийн үр дүнг сонсоод дургүйцэж, бухимдсан олон түмний шууд төлөөлөл болсон хүмүүсийн үйл ажиллагаа байжээ гэж үзэх баримт нотолгоо алга байна…” гэжээ.

3.     Үймээний үеэр гол идэвхитэй хэсэг болсон 998 хүн  баривчлагдан саатуулагдсанаас 715 нь сонгуульд саналаа өгөөгүй иргэд, 91 нь давтан хэрэг үйлдсэн, 282 нь саатуулагдах үедээ согтуу байсан зэрэг нь тогтоогджээ. Ингэхээр нийслэлийн төвд цугларсан 8000 шахам хүн өөрийн итгэл, үнэмшлээр сайн дураар  цугларч, нэгдэж тэмцсэн гэхээсээ илүү гадны турхиралт, өдөөн хатгалтаар  зохион байгуулалттай хийгдсэн үймээн самуун байсан нь тодорхой байна.

4.    ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд тус тусын байгууллагуудад гүйцэтгэх ажлын шугамаар авсан нэлээд материал байдаг тухай ярьсан боловч тэдгээртэй танилцах эрх ажлын хэсэгт байгаагүй нь ажлын хэсгийн дүгнэлт бодитой гарах нөхцөлийг хаасан.

5.    Шуурхай штабын хурал дээр Цагдаагийн удирдлага УИХ-ын зарим гишүүн саатуулагдсан хүмүүстэй уулзахдаа мөрдөн байцаах ажлын үр дүнд хөндлөнгөөс нөлөөлөхүйц хандлага гаргасныг зориуд анхааруулж, онцлон тэмдэглэсэн байдаг.

6.    ТЕГ-ын дарга Р.Болдын ҮАБЗ-ийн хурал дээр өгсөн нууцын зэрэглэлийн материалуудаас зарим нэгтэй нь танилцахад:

“Сонгуулийн дараа тайван бус, жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал үүсч болзошгүй гэсэн мэдээллийг гадаадын зарим тусгай албадын зүгээс өгч байсан тал бий” гэж хэлж байжээ.

7.    “Сонгуулийн дүнтэй холбогдуулж хэсэг бүлэг хүн жагсаал, цуглаан зохион байгуулна, өөрсдөд нь нааштай бус дүн гарвал хүчтэй     эсэргүүцэл үзүүлнэ” гэдэг мэдээллийг цагдаа, тагнуулын байгууллагууд      тодорхой хэмжээгээр авч байсан талаар “ҮАБЗ”-ийн нарийн бичгийн  даргаар ажиллаж байсан хурандаа Ганболд ажлын хэсгийнхэнд ярьсан  байна.

8.    Нийслэлийн Цагдаагийн Газрын хэв журам сахиулах хэлтсийн дарга асан хурандаа Г.Ганбаатар “Энэ удаагийн жагсаал цуглааны зорилго нь тодорхой, зохион байгуулалтанд орчихсон байжээ.Тэнд тараагаадбайсан бензин, будаг, чулуу гээд бүх зүйл зохион байгуулалтын шинжтэй байв.Тооцоолж байгаагүй хэмжээний зохион байгуулалттай байсан” гэж аргагүй бодит байдлыг тодорхойлж хэлсэн байдаг.

Нэмж тайлбарлахад Ц.Элбэгдорж /одоогийн Ерөнхийлөгч/  тэргүүтэй Ж.Батзандан /Иргэний Хөдөлгөөний намын дарга/, О.Магнай / Иргэний Хөдөлгөөний намын/, Б.Жаргалсайхан  /БНН-ын дарга/ ,Д.Энхбат /Ногоон намын дарга/ нарын таван хүн долдугаар сарын 1-ний үймээн самууныг эртнээс зохион байгуулж, сонгуулийн дүн гараагүй байхад жирийн хүмүүсийг зориуд өдөөн турхирч, нарийн учир, шалтгааныг бүрэн ойлгож амжаагүй олон залуусыг Сүхбаатарын талбайд микро автобусаар зөөн авчирч, цагдаа, хүчний байгууллагуудын эсрэг шидэх чулуу, мод, шатамхай бодис, материалуудаар хангаж байсан нь шууд ба шууд бус баримтуудаар нотлогдсон байдаг.

Харин АН-ын удирдлагууд зөвхөн өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө ард түмний сонголтыг үл хүндэтгэн бусад нам, иргэний хөдөлгөөний удирдлагуудыг  ар талдаа дэмжигч фон болгон харагдуулж, энгийн иргэдийг дэврээн, үймээн самууныг өдөөн турхирч, Монгол Улсын хууль тогтоомжийг санаатайгаар зөрчин, эмх замбараагүй байдал гарах нөхцөл, эхлэлийг нь бүрдүүлж тавьчихаад, өөрсдөө мөрөө буруулан алга болсныг  зурагтын шууд нэвтрүүлгээр  үзсэн хүн болгон мэдэж байгаа. Өнөөдөр тэд ямар ч хариуцлага хүлээгээгүй. Харин ч эсрэгээрээ хариуцлага үүрээд, дээлээ нөмрөөд аавынд ялаа эдлээд сууж байх ёстой зандалчин нөхдүүд  дэвшээд, дэвжээд бүр байтлаа Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд дарга болчихсон гялалзаж яваа нь шударга ёсонд нийцэх үү! Хэрэг хуучирдаггүй гэж үг байдгийг тэр нөхдүүдэд сануулах цаг нь болсон шүү!

Олон зуун хүн тэр дундаа ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн болон цагдаа, хүчний байууллагын албан хаагчид шархдаж гэмтэж, улмаар таван иргэний амь хохирчихоод байхад одоог хүртэл яагаад цаад эзэдтэй нь, тодруулж хэлбэл, Ц.Элбэгдорж, Б.Жаргалсайхан, Д.Энхбат, Ж.Батзандан, О.Магнай гэсэн таван нөхөртэй  хатуу хариуцлага тооцож чадахгүй байна аа! Одоо л нэг хуулиа сайжруулна, засна, залруулна гээд дүрдээ итгэчихсэн 76 нөхрийн ая аашийг хараад суудаг цаг мөн үү!

Гэтэл харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон улс төрчдийн үүрэх ёстой ялыг эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байхаа андгайлж, зөвхөн  дээрээс өгсөн тушаалаар ажил, үүргээ  гүйцэтгэдэг  ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт оноолоо. Энэ бол цэвэр хэлмэгдүүлэлт байсан юм шүү.

“Монгол Улс ардчилсан , шударга, хүмүүнлэг нийгэм байгуулж байна” гэж дэлхий даяар зарлаад байгаа явдал үнэнд хэр нийцэх вэ!

Ажлын хэсгийн 2010 оны гуравдугаар сарын 15-нд гарсан дүгнэлтийн “Цаашид юу хийвэл зүйтэй вэ” гэсэн 8-р хэсэгт:

– Эмх замбараагүй байдлыг үүсгэж, зохион байгуулсан хүмүүст оногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлэж, аливаа өршөөлд хамруулдгийг зогсоох, энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулах.

–  Гэмт хэрэг, эмх замбараагүй байдалд хүргэсэн нам, тэдгээрийн удирдлага, нэр дэвшсэн болон сонгогдсон, томилогдсон улс төрчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, Эрүүгийн хэрэг үүсэхээргүй бол эгүүлэн татах, дахин өрсөлдөх болмжийг хаах, нам хүчнийг татан буулгах хүртэл арга хэмжээ авахаар зохих хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах гэж заажээ.

Ниргэсний дараа хашгирав гэгч болж байна уу даа. Тэгээд ч энэ хуулийг баталсан ч юм уу бүү мэд, баталсан ч гэсэн мөрдөж ажиллах ч юм уу, үгүй юм уу? бас бүү мэд! Эзэнтэй мөртлөө эзэнгүй хэрэг нэгээр нэмэгдлээ!

Нэг зүйлийг тодруулахад ажлын хэсэгт орж ажилласан 14 хүний дотор үймээн самуунд ард иргэдийг турхирч, өдөөн хатгахад оролцсон УИХ-ын гишүүн Д.Энхбат(Ногоон намын дарга) цохиж яваа нь бодит мэдэллийг нуун дарагдуулж, гуйвуулах замаар гэмт этгээдүүдийг хаацайлж, хариуцлагаас мултарч үлдэх гэсэн арга зам байсныг үгүйсгэх аргагүй шүү дээ!

Харамсалтай нь ажлын хэсгийн дүгнэлт гарах гэж бүтэн нэг жил 8 сар дүлж байх хооронд үймээний үеэр байраа шатаалгасан МАХН, байрыг нь шатаах үйлдэлд ард, иргэдийг турхирсан АН-ын удирдлагууд төрөл арилжсан юм шиг өөр хоорондоо сүжрэн, “МАНАН”-ын хамтарсан Засгийн Газар байгуулагдаж, монголынард түмний эрх ашгиг бүдүүлгээр зөрчигдсөн “Оюу-толгой”-н Хөрөнгө Оруулалтын Гэрээ (ХОГ)  зурагдаж, МАХН, АН-ынудирдлагуудын далд тохиролцоо, дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж сонгогдож тун удалгүй  Улсын Ерөнхий Прокурорын Газрын даргаар  Д.Дорлигжав, Авлигатай Тэмцэх Газрын даргаар Н.Ганболд, Б.Хурц нар томилогдсон зэрэг нь тохиолдлын хэрэг  биш байлаа!!!

2012 оны дөрөвдүгээ сарын 12-ны өдөр Монгол Улсын  гурав дахь ерөнхийлөгч (2005-2009) , МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордон дахь албан өрөөндөө сэтгүүлчдийг урьж, ҮАБЗ-ийн даргын хувьд “2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой ҮАБЗ-ийн хурлын тэмдэглэлийг ард иргэдэд ил болгох хэрэгтэй…” гээд улс төрийн намуудын удирдлагуудтай 2008 оны долдугаар сарын 4, 5-ны өдөр  хийсэн зөвлөлдөх уулзалтын 200 гаруй хуудас протоколуудыг дэлгэж тавьсан нь олон нийтийн телевиз, мэдээллийн хэрэгслийн шууд нэвтрүүлгээр  цацагдсанаас болж “МАНАН”-ын эрх баригчид хууль тогтоомж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчин Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны үүрээр 06:00 цагийн орчим бүрэн зэвсэглэсэн 500  гаруй цагдаагийн хүчээр гэрээс нь баривчилсан явдал бас нэг амьд гэрчийг боломж нь гарвал устгах гэсэн далд санаа байсан уу?

Монголд улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлт ил, далд хэлбэрээр өнөөдрийг хүртэл амь бөхтэй, оршин тогтоносоор байх юм уу?

Миний Монголын ард түмний их хувь заяагаар хэдхэн нөхдүүд сүүлийн 20 жил тоглолоо. Одоо болсон!  Тэр болгон хэнд ч заяагдаагүй асар их байгалийн баялагтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, олон сайн эрдэмтэн, мэргэд, бэлтгэгдсэн мэргэжилтэн,боловсон хүчинтэй Чингисийн хөх монголчууд ядрах, ядуурах ёсон хэрхэвч үгүй билээ. Өнөөдрөөс эхлээд, энэ  цаг минутаас эхлээд хуучирсан гэлтгүй  урьд өмнө, хойно нь улс төрчдийн үйлдсэн бүх хулгай, нүгэл, хариуцлагагүй үйлдлүүдийг олон түмэнд ил болгож, нэн даруй хатуу хариуцлага тооцъё, хатуу цээрлэл үзүүлье!

Харагчууд овогт Б.Батболд

 

 

 

МУГЖ Дуучин Т.Ариунаагийн хөлийг Солонгос фэн нь эмчилнэ гэх мэдээлэл
МУГЖ Дуучин Т.Ариунаагийн хөлийг Солонгос фэн нь эмчилнэ гэх мэдээлэл "ташаа"
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.