Ч.Гантулга: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 36 секунд
Ч.Гантулга: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага байна

Ч.Гантулга: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага байна

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн нэгжийн Зохицуулагч Ч.Гантулгатай ярилцлаа.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах болсон урьдчилсан шалтгаан нөхцөлийг та юу гэж үзэж байна вэ?

-Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн чиг хандлага, цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ, цэвэр усны нөөцийг бий болгох, ашиглах үүднээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулж ашиглалтад оруулах шаардлага тулгарч байна. Үүнд:

1.Баруун бүсийн эрчим хүчний сүлжээн дэх эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ буюу 2008-2020 онд 8-10% өссөн үзүүлэлттэй;

2. Бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

3.Үндэсний татварын орлогыг нэмэгдүүлэх, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих

4.Баруун бүс нь эрчим хүчний хэрэглээний 72%-ийг ОХУ болон БНХАУ-аас импортоор өндөр үнээр авч байгаа;

5.Баруун бүсийн эрчим хүчний системд жилд улсын төсвөөс 8-16 тэрбум төгрөг зарцуулж байгаа зэрэг үндэслэлүүд нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах нэн шаардлагатайг илтгэж байгаа юм.

-Төслийн ТЭЗҮ хэд хэдэн удаа шинэчлэгдсэн. Энэ талаар тодруулбал?

-1964-1965 онд хуучин ЗХУ-ын Цахилгаан шугам сүлжээ, зураг төслийн институтээс Ховд гол дээр барих усан цахилгаан станцын урьдчилсан ТЭЗҮ хийж, Шижигтийн хавцлын боомтыг урьдчилсан байдлаар тооцож хамгийн дээд өндөр нь 75 м, урт нь 300 м, суурилагдсан хүчин чадал нь 95 МВт гэж тогтоосон, 2008 онд Монгол Улсын ЭХЯ-ны харьяа Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн захиалгаар “М-Си-Эс Интернэшнл” болон Японы Кюшу цахилгаан сүлжээ, Японы инженерийн зөвлөх компаниуд хамтарч хуучин судалгааны ажлын үр дүн, ЗХУ-ын хийсэн боомтын тооцоо, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг судалж дахин ТЭЗҮ хийсэн байна. 2018 оны эцсээр БНХАУ-ын “BIDR”компани энэ төслийн ТЭЗҮ-ийг дахин шинээр боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх болсон.

2019 оны гуравдугаар сараас зургаадугаар сар хүртэл тус компанийн техникийн ажилтнууд газар дээр нь геологи, хайгуулын судалгаа хийж ажилласан ба 2019 оны аравдугаар сард ТЭЗҮ-ийн тайланг боловсруулж ЭХЯ-ны ШУТЗХ-аар хэлэлцүүлэн дэмжигдсэн.

-Бүтээн байгуулалтын ажлыг яагаад Ховд голын Шижигтийн хавцалд хийхээр болсон бэ?

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талбай нь Монгол улсын баруун хэсэгт орших Ховд аймгийн Ховд хотоос 120 км-ийн зайд Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд оршдог. Ховд гол нь Алтай таван богдоос эх авч баруунаас зүүн тийш Баян Өлгий аймгийн Улаан-Хус, Сагсай, Өлгий аймгаар дайрч Баян Өлгий аймгийн Баяннуур сум, Ховд аймгийн Мянгад сумаар дамжин урсч Хар-Ус нуурт цутгана. Нийт урт нь 516 км, сав газрын талбай нь 60,200 км2 бүхий Ховд гол нь баруун Монголын хамгийн том дотооддоо урсгалтай Эх оронч гол юм.

-Усан цахилгаан станц баригдсанаар Баруун бүсийн эрчим хүчний системд ямар үр ашигтай гэж харж байна вэ?

-Монгол Улсын эрчим хүчний систем нь таван эрчим хүчний системээс бүрддэг бөгөөд үүнд Төвийн эрчим хүчний систем, Баруун бүсийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Өмнөд бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастай эрчим хүчний системд хуваагддаг. 12 МВт суурилагдсан хүчин чадал бүхий Дөргөний УЦС нь Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг нийлүүлж хэрэглээний тодорхой хувийг ханган ажиллана. Баруун бүсийн эрчим хүчний систем нь Баян Өлгий, Ховд, Увс аймгуудын 42,898 хэрэглэгчдийг хангадаг, оргил ачаалал нь 35 МВт байдаг. Баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэгцээний 30 орчим хувийг Дөргөний усан цахилгаан станц хангадаг ба жилд 45 сая кВт*цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Үлдсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээ буюу 70 гаруй хувийг импортлодог. 2015-2018 оны хооронд Баруун бүсийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 147 сая кВт*цаг, 150.3 сая кВт*цаг, 154.5 сая кВт*цаг, 163.2 сая кВт*цаг тус тус эзэлж, жилийн өсөлт нь өмнөх жилийнхээс 5%-6% байна.

Шинэчилсэн ТЭЗҮ-гээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн жилийн нийт үйлдвэрлэл нь 366 сая кВт*цаг бөгөөд энэ нь баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангах, их ачаалалын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.

-УЦС ашиглалтад орсноор Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд, ард иргэдэд эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ?

-УЦС ашиглалтад орсноор хүрээлэн буй орчин, бүс нутгийн эрчим хүчний хангамж сайжирч, Баруун бүсийн эрчим хүчний системийг Төвийн эрчим хүчний системтэй холбох бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. УЦС нь усны нөөцийг бий болгож Баруун хязгаарын дэд бүтцийг хөгжүүлж, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, илүү их хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний хангамжийг сайжруулах замаар орон нутагт ашигт малтмал, биологийн нөөцийг хөгжүүлэхэд түлхэц болно. Үүний зэрэгцээ усан цахилгаан станц барих, ашиглалтад оруулснаар бүс нутагт ажиллах хүчнийг татах бөгөөд боловсон хүчний урсгалыг нэмэгдүүлж бүс нутгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ тэлж, орон нутгийн аж үйлдвэрийн хөгжил, эдийн засгийн хөгжилд сайн дэмжлэг болно. Үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд томоохон хувь нэмэр оруулах болно.

-Манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс усан цахилгаан станц хамгийн тохиромжтой гэж үздэг. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль дээр нөхөн сэргээгдэж байдаг эрчим бөгөөд үүнд нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч, биомассын эрчим хүч, далайн татралт, түрэлтийн эрчим хүч, газрын гүний дулааны эрчим багтдаг. 2005- 2006 оны байдлаар Дэлхий дээр үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 18%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан байна. Үүний 13%-ийг уламжлалт түлш болох модноос, 3%-ийг уснаас, 1.3%-ийг нарны эрчим хүчнээс, үлдэх 0.8% орчмыг нь газрын гүний дулаан, салхи, нар, далайн эрчим хүчийг ашиглан гарган авч байна. Сэргээгдэх эрчим хүч нь хүлэмжийн хийг бууруулах, бүс нутгийн сэргэлт, онцгой байдлын үед эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зэрэг давуу талтай.

Усан цахилгаан станц нь өндөр газраас нам дор газарт усыг унагах замаар турбинийг эргүүлж шууд холбогддог генератороор цахилгаан үйлдвэрлэдэг. Дэлхийн олон оронд эрчим хүчээ усан цахилгаан станцаас гарган авдаг. 2006 оны байдлаар дэлхийн нийт эрчим хүчний бараг 20, сэргээгдэх эрчим хүчний ойролцоогоор 88, 2008 онд дэлхийн нийт сэргээгдэх эрчим хүчний 50-иас илүү хувийг усны эрчим хүч эзэлж байна. Бразил, Канад, Шинэ Зеланд, Норвеги, Парагвай зэрэг орон эрчим хүчнийхээ дийлэнхийг усан цахилгаан станцаасаа гаргаж авдаг байна. Норвегид л гэхэд эрчим хүчнийхээ 96 хувийг усан цахилгаан станцаас хангадаг гэсэн тооцоо бий. Манай улс “Эрчим хүчний тухай” хууль “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хууль, төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан заалтын дагуу эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хөдөө орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд том болон дунд чадлын усан цахилгаан станц байгуулах шаардлагатай юм.

-Бүтээн байгуулалтын ажлыг хэзээ эхлэхээр төлөвлөж байна вэ?

-2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж, хүлээлгэн өгөх гэрээг БНХАУ-ын Power China-Power China Chengdu түншлэлтэй байгуулсан. Тус гүйцэтгэгч нь судалгаа болон бэлтгэл ажлаа эхлээд явж байгаа ба барилга угсралтын үндсэн ажлаа 2022 оны 4 сараас эхэлж нийт 61 сарын хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 90МВт-ын хүчин чадалтай бөгөөд жилд дунджаар 366 сая кВт*цаг цахилгаан үйлдвэрлэнэ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 271,5 сая ам.доллар. Үүний зэрэгцээ, цахилгаан станц ашиглалтад орсны дараа жил бүр их хэмжээний орлогын албан татвар төлнө. Энэ нь үндэсний санхүүгийн орлогыг үр дүнтэй нэмэгдүүлэх, улмаар оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломжийг бүрдүүлнэ.

УЦС барих нь тухайн бүс нутагт шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэндийн урт хугацааны хөгжлийг бий болгож, ажил эрхлэх боломжийг тасралтгүй нэмэгдүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд түлхэц болно. Ажил эрхлэлт, хүн амын өсөлт нь зах зээлийн биржийн цар хүрээг өргөжүүлэхээс гадна бараа бүтээгдэхүүний худалдааны эргэлт, ложистикийн урсгал, мэдээлэл солилцоо зэрэгт нөлөөлж, бүс нутгийн эдийн засгийг өргөжүүлэхэд нөлөөлж эдийн засгийн хөгжлийн хурдыг сайжруулна.

Дээрх дүгнэлтээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах нь чухал шаардлагатай юм

Б.Сүндэръяа: Үндэсний баялгийн сан алдсан боломжийг таван жилд нөхнө
Б.Сүндэръяа: Үндэсний баялгийн сан алдсан боломжийг таван жилд нөхнө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.