Монголын ардчилал мөхөөгүй, Ардчилсан нам л мөхсөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 18 секунд
Монголын ардчилал мөхөөгүй, Ардчилсан нам л мөхсөн

Монголын ардчилал мөхөөгүй, Ардчилсан нам л мөхсөн

Ард түмнээс сонгогдсон АН-ын гишүүд ард түмнээ зүдэрч байхад тэдний төлөө өлсөөгүй байж өчүүхэн эрх ашгийнхаа төлөө өлсгөлөн зарлаж нийгэмд үймээн самуун бий болгож байна. Өдрөөс өдөрт цар тахлын дэгдэлт ихэсч аюулт өвчнөөр хүмүүс нас барж байхад тэмцээгүй байж эрх мэдлийн төлөө өлсөж чадаж байна. Тэр тусмаа хатуу хорионы дэглэмд байгаа энэ үед УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор дураараа дургиж байгаа гишүүдийг шүүмжилж эхлээд байна. Уг нь тэд Хууль тогтоох хамгийн дээд байгууллагын гишүүд хэдий ч өөрсдөө хууль ёсоо уландаа гишгиж, эрх мэдлийн төлөө улайрав.

Тэдний ярьж байгаагаас харахад нэг намын дарангуйлал тогтлоо, ардчилал мөхлөө. С.Эрдэнийг хууль бусаар хүчинтэй тамгатай дарга болголоо гэх мэт зүйл ярьж байгаа ч цаанаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнхөө хүнийг нэр дэвшүүлэх гэсэн тэмцэл гэдгийг ард түмэн бултаараа мэднэ. Энэ нь тэд хууль бус үйлдлээ зөвшөөрүүлэх гэсэн муйхарлал юм. Үүгээр ч зогсохгүй АН-ын бүлгийн гэх 13 гишүүн улс төр намын дотоод асуудлаа төрд нялзааж, нийгмийн асуудал болгохыг зорьж байна. Ард түмнийг ч үймээн самуунд уриалан дуудсан өнгө аяс цухалзаж байгааг нуух юун.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ хоёр талцан тодруулж, Сонгуулийн ерөнхий хорооноос дотоод асуудлаа шийдчихээд хүрээд ир хэмээн цаг өгсөн ч тэд тохиролцоонд хүрч чадаагүй. Өчигдөр гэхэд Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар очиж, тэдэнд хууль ёсны анхааруулга өгч зүй бус энэ явдлаа зогсоохыг шаардсан ч АН-ын гишүүд тал талаас нь улстөржүүлэх замаар давшлан дайрч байв. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар тэдэн дээр хүрэлцэн очсон. Тэрээр “Би МАН-ын гишүүний хувьд биш УИХ-ын даргын хувьд ирж байна. АН дотроо учраа ололц. УИХ-ын гишүүдийнхээ эрүүл мэндийг анхаараад энэ асуудлыг хэлэлцээд шийдье гээд Н.Алтанхуяг, Д.Ганбат гишүүнтэй ярьж байхад та нар ингэж болохгүй. Үйл ажиллагаагаа зогсоо. Хэрвээ зогсоохгүй бол би өөрөө энд ирж суулт зарлана. Намын дотоод асуудлыг төрийн асуудал битгий болгоод бай" хэмээсэн. Харин  Энэ үеэр мөн л УИХ-ын гишүүн Ж.Батсуурь УИХ-ын дарга Г.Занданшатарыг энд ирж жүжиг тавилаа гэх зэргээр аанай л улстөржүүлсэн. УИХ-ын даргыг явсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга ирсэн. Тэрээр АН-ын гишүүдээс АТГ, Улсын бүртгэлийн газарт өгсөн бичгийн хариуг сурч, албан ёсоор өлсгөлөн зарлаад байгаа хүн хэд байгааг лавлав. Х.Баттулга өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй хамтран эрх баригчдаа тал талаас нь муулав. Эцэст нь“Өнөөдөр өглөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид энэ талаар хандсан нааштай хариу өгнө гэж найдаж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гэр орон барих асуудал шийдэх ёстой. Г.Занданшатар дарга ч та бүхэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх ёстой” хэмээсэн юм.

Түүний хариуд Ж.Батсуурь, Б.Бейсен нар “Нэг намын дарангуйлал тогтлоо, төрөөс явуулж байгаа ажил хангалтгүй байна. Хуулийг илтэд зөрчөөд байна. Ард түмэнд үгээ хүргэх гэхээр хэвлэл мэдээллийнхэнг оруулахгүй байна. УИХ-д орохоор хоёрхон минут өгч байна” гэх зэргээр улстөржүүлсэн гомдол тал талаас мэдүүлэв.

Тэд өнгөрөгч сонгуулиар 11 суудал авсан ч Ерөнхийлөгчийн сонгууль угтан 13 суудалтай болоод байгаа. Тодотгож хэлбэл өдгөө тав дахь намдаа элсэн ороод буй золбин С.Ганбаатар, АН-аа хоёр хуваахад түүчээлэн зүтгэсэн Н.Алтанхуяг нар эрх ашиг хайж АН-ын бүлэгт албан ёсоор нэгдсэн ч тэдний нэгдэн орсон нам нь албан ёсны тамга тэмдэггүй учраас Ерөнхийлөгчийн сонгулуьд өрсөлдөх эрхгүй болсон. Тиймээс С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар эртнээсээ л өлсөж, шантааж хийж смурсан замаараа талбай дээр гарч ирсэн. Улмаар ард түмнийг энэхүү хууль бус тэмцэлдээ уриалан дуудах санаархал тээн сууж байгаа юм.

Уг нь АН анх үүссэн цагаасаа асар их итгэл үнэмшил дээр тулгуурласан улс төрийн хүчин. Гэвч энэ зун болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө талцан бутарч нэг чигт зэрэг харж чадахгүй байдалтай болчихоод байна. Хоёр тамга, хоёр даргатай болчихсон тэдний аль аль нь “Бид хуваагдаагүй. Нэг хэсэг нөхөд үймээн тариад байна” гэж ярьж байгаагаас харахад ирэх нэг сарын хугацаанд эвлэлдэн нэгдэх гэхээсээ нэг нэгэндээ дэгээ тавьсаар таарах шинжтэй харагдана.

Хуваагдсан намын нэг тал нь төв талбайд өлсгөлөн зарлахаар явж байхад СЕХ нөгөө талынх нь нэр дэвшигч С.Эрдэнийг нь бүртгээд авчихаж байгаа юм. Нэгдүгээрт, С.Эрдэнэ өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуульд намаа удирдаж ороод УИХ-д 11 суудалтай авсан. Энэ бол АН-ын хувьд бараг арчуулсан гэсэн үг. Үүнийхээ хариуцлагыг хүлээгээд намын даргаа өгөөд улс төрөөс зайгаа авах ёстой хүн нэр дэвшигч болоод явж байгааг намынх нь нөхөд ямраар хүлээж авах вэ. Эхнээсээ мөр зэрэгцэж явсан Ерөнхий сайд асан Р.Амаржаргалаас эхлээд элдвээр хэлээд эхэллээ. Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн УИХ дахь АН-ын бүлгийнхэн бол бүр ч чадахыг л бодно.

Тэгвэл АН-ыг өнөөдөр хэн ийм байдалд хүргэв. Үүнийг АН-ын жирийн гишүүдээс асуувал Ерөнхийлөгч Х.Баттулга л гэж нэрлэдэг. Учир нь Ерөнхийлөгч  тус намаас нэр дэвшихийн тулд хувьчилж авах гэж оролдсон нь өнөөдрийн ийм эмгэнэлтэй үр дүнд хүргэчихээд байгаа гэх хүн олон бий.  Эргэн сануулахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын тамгыг Ц.Туваанд шилжүүлсэн. Тухайн үед ялагдсан намын дарга ажлаа өгөөд улс төрөөс хөндийрч байна гэж бүгдээрээ харж байлаа. Гэвч намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн албан бус түшмэлүүд болж хувирсан л даа. Ядаж л байгуулагдаад даргаараа хэнийг тавьж байснаас нь харах хэрэгтэй. Х.Баттулгын халаасны хүн гэгдтэлээ цоллогдсон Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар тавьж байв. Тэр цагаас хойш УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн улс төрийн акцуудыг дэмждэг бүлэглэл л болж хувирсан юм.

Харин нөхцөл байдал тэр хүрээгээр хязгаарлагдаагүй юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан намын хурлуудаа хуралдуулж дүрмийн шинэчлэл хийсэн. Сонгуульд ялагдсан намын хувьд хийдэг л үйлдэл. Өнөөг хүртэл тэр өөрчлөлтийг нь Улсын Дээд шүүх бүртгэж аваагүй байгааг ч алгасъя. Хамгийн анхаарал татсан нь тухайн дүрмийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуульд ганцхан Ерөнхийлөгч Х.Баттулгыг явуулахад зориулсан заалт оруулах гэсэн оролдлого нь юм. Тодруулбал, АН-ын дүрмийн 5.12.4.1.2-т “АН-аас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлтийг гаргасан тохиолдолд шууд Их хурал руу орно” гэсэн заалт 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл хүчинтэйгээр оруулсан. Энэ нь АН-ын гишүүдийн дургүйцлийг хүргэсэн. Энэ мэт асар том эрх ашгийн төлөөх асуудал нь тэднийг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болгож, эцэст нь дотоод асуудлаа өрсөлдөгч МАН-ын буруу мэтээр тайлбарлаж, нийгэмд үймээн дэгдээж байгаа нь даанч харамсалтай.

Б.Болор 

Түмэн.мн

Н.Төмөрхүү сайд Нарийнсухайтаас БНХАУ-д нүүрс тээвэрлэх тушаал гаргав -
Н.Төмөрхүү сайд Нарийнсухайтаас БНХАУ-д нүүрс тээвэрлэх тушаал гаргав -
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.